Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2022/01421

 

 

 

 

 

 

 

 

2022 07 29 210/МА2022/01421

 

ТБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч М.Баясгалан, шүүгч Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 08ы өдрийн 102/ШШ2022/02138 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч ТБ ХХК-ийн хариуцагч Г.БЭд холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 16,267,198.77 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхбаатар, хариуцагч Г.БЭ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Г.БЭ нь манай банкнаас 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 2017/31 тоот цалингийн зээлийн гэрээ байгуулан 15,000,000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай жилийн 14,4 хувийн хүүтэйгээр олгосон. Г.БЭ нь зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж огт төлөлт хийхээ больсон. Иймд хариуцагч Г.БЭэс цалингийн зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ болох үндсэн зээлийн төлбөрийн үлдэгдэл 10,057,965.30 төгрөг, үндсэн хүүний өр 5,545,320.64 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 663,912.83 төгрөг, нийт 16,267,198.77 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Г.БЭ би 2017 онд Төрийн банкинд ажиллаж байхдаа тус банкнаас цалингийн зээлийн 15,000,000 төгрөг авсан. Ажиллаж байх хугацаандаа асуудалгүй төлж байсан боловч ажлаас халагдсанаас хойш төлөлт хийж чадаагүйн улмаас хүү алданги маш их нэмэгдсэн байна. Одоо ажилтай болж зээлээ төлөх боломжтой болсон тул энэ хугацаанд өссөн хүүг хасч үндсэн зээлээ төлж дуусгах боломж олгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ганбатын Бат-Эрдэнээс 14,538,704.53 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ТБХХК-д олгож, нэхэмжлэлээс 1,728,494.24 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 239,286 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Г.БЭэс улсын тэмдэгтийн хураамжид 230,644 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ТБХХК-д олгож шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүх асуудлыг шийдвэрлэхдээ хавтаст хэрэгт авагдсан үйл баримтыг дутуу үнэлсэн, мөн хуулийн зүйл заалтыг буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй. Нэхэмжлэлийн шаардлагаас 1,728,494.24 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

4.а. Анхан шатны шүүхэд зээлийн гэрээний үүргээ шаардахаар хандсан боловч хариуцагчийн хаяг тодорхойгүй шалтгаанаар хэргийг хэрэгсэхгүй болгосон. Мөн хариуцагчыг эрэн сурвалжлуулахад уг хаягтаа бүртгэлтэй байсныг үнэлээгүй. Өөрөөр хэлбэл банк шаардах эрхээ хэрэгжүүлэн 2018 оны 10 дугаар сард шүүхэд хандсанаар зээлийн гэрээ цуцлагдаж, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү хуримтлагдах асуудал үгүй болох боломж хариуцагчаас шалтгаалж хэрэгжээгүй.

4.б. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль /1995 оны/-ийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө. гэж зааснаас үзвэл банк илүү тооцоолж ямар нэгэн хүү нэхэмжлээгүй зээлийн гэрээгээр харилцан тохирсон хүүгийн хэмжээ, хүрээнд шаардах эрхээ хэрэгжүүлсэн байна. Зээлийн үндсэн хүү маань уг зээлийг бүрэн төлж дуусах хүртэл, шаардах эрхээ ашиглах хүртэл бодогдохоор байгаа юм.

Монгол Улсын Дээд Шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 53 дугаар тогтоолын 2.4-т Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д заасан зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү...төлөх үүрэгтэй гэдэг нь зээлдэгч гэрээний дагуу авсан зээлээ гэрээнд заасан хугацаандаа буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд зээлийн төлөгдөөгүй үлдсэн хэмжээнд ногдох хүүг түүний төлөх хүртэл хугацаанд нөхөн төлөхийг хэлнэ. Харин төлөх хугацаа болсон зээлийн өрийг Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т заасан дарааллын дагуу буюу эхний ээлжинд үндсэн зээл, дараа нь хүүг төлүүлнэ гэж тайлбарласан байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харвал зээлдэгч Г.БЭ нь зээл авсан, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, нэхэмжлэлээ гардаж аваагүйгээс эрэн сурвалжлагдсан, нотлох баримтгүй хүндрэл өчсөн нь харагддаг ба шүүх нотлох баримт, нэхэмжлэлийн шаардлага, хариу тайлбар зэргийг дутуу, буруу үнэлсэн гэж үзхээр байгаа юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн нэг дахь заалтыг өөрчилж уг шийдвэрээр хэрэгсэхгүй болгосон 1,728,494.24 төгрөгийг хариуцагч талаас гаргуулж ТБХХК-д олгуулж өгнө үү гэжээ.

5. Хариуцагчийн давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүхэд үндсэн зээлийг төлөх талаар хүсэлт гаргаж байсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан гэж үзэж байгаа тул нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч ТБХХК нь хариуцагч Г.БЭд холбогдуулан үндсэн төлбөр 10,057,965.30 төгрөг, хүү 5,545,320.64 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 663,912.83 төгрөг, нийт 16,267,198.77 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч үндсэн зээлийг төлөхийг хүлээн зөвшөөрч, хүүг эс зөвшөөрч маргажээ.

 

3. ТБХХК болон Г.БЭ нар нь 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 2017/31 тоот цалингийн зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр 15,000,000 төгрөгийг жилийн 14.40 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, нэмэгдүүлсэн хүү зээлийн хүүгийн 20 хувь байхаар тохиролцсон байна. /хх 8-10/

 

Талууд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т зааснаар хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан байх бөгөөд зохигчид зээлийн болон барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй. Анхан шатны шүүх талуудын хооронд банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт нийцжээ.

 

4. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд зээлдэгч Г.БЭ нь 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 2017/31 тоот зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг зөрчин зээлээ хугацаанд нь төлөөгүй үйл баримт тогтоогдсон байна.

 

5. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн /1995 оны/ 22 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй, 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө гэж тус тус хуульчилсан тул анхан шатны шүүхээс талуудын байгуулсан гэрээнд хэтэрсэн хугацааны хүүгийн хэмжээг тохиролцоогүй хэмээн дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагаас 1,728,494.24 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь буруу. Энэ талаарх нэхэмжлэгч талын давж заалдах гомдол үндэслэлтэй.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт холбогдох өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 08ы өдрийн 102/ШШ2022/02138 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 451.1 гэсний дараа 452 дугаар зүйлийн 452.1 гэж нэмж, 14,538,704.53 гэснийг 16,267,198.77 гэж, олгож гэснийг олгосугай гэж, 2 дахь заалтын 56.2 гэснийг 56.1 гэж, 230,644 гэснийг 239,286 гэж тус тус өөрчилж, нэхэмжлэлээс 1,728,494.24 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэснийг хасч, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 42,606 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

Д.БЯМБАСҮРЭН