Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 2380

 

 

Г.З нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 102/ШШ2018/02896 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Г.З нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Т” ХХК -д холбогдох

 

21 489 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Г.З,

Нэхэмжлэгч Б.О-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М,

Нэхэмжлэгч З.Х, З.Х нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.З

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Би гэр бүлийн хамтаар 2013 оны 10 дугаар сарын 28-ны өдөр “Т” ХХК -ийн барьсан Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны Алтай хотхоны 18 дугаар байрны 137 тоотод 106,7 метр квадрат талбай бүхий 3 өрөө байр худалдаж авах гэрээ байгуулж, урьдчилгаа мөнгө тушаасан боловч “Т” ХХК-ийн ерөнхий нягтлан бодогч байрны метр квадрат дутах тухай хэлсэн. Ингээд би тухайн метр квадрат дутах тухай сонсоод урьдчилгаа мөнгөө банкнаас татан авах тухай хэлсэн. Гэтэл анх надад гэрээ хийхдээ гэрээний эрх үүргийн танилцуулаагүй. Мөнгө тушаасны дараа надад гэрээний эрх үүрэг танилцуулж компанийн данснаас мөнгө авах бол 5 хувийн шимтгэл авна гэж хэлсэн. Тэгээд би өөрийн эрхгүй “Т” ХХК-ийн шантаачинд орж тухайн орон сууцыг албан шаардлагаар худалдаж авахаас өөр аргагүй байдалд орсон. Ингээд тухайн компанид 2013 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор үлдэгдэл мөнгөө тушааж байрны ордер авах нэр шилжүүлэх гэрээ хийсэн. Гэрээнд заасны дагуу би 12 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө буюу 10 дугаар сарын 28-ны өдөр, 11 дүгээр сарын 27-ны өдөр үлдэгдэл мөнгөө тушааж орон сууцны ордер гаргаж авсан. Тэгэхэд ордер дээр бичсэн 106,6 метр квадратад хүрэхгүй 95,39 метр квадрат гарсан. Гэрээ хийснээс 10 гаруй метр квадратаар дутсан байдаг. Үүнийг тухайн үед хэмжилт хийх тусгай зөвшөөрөлтэй компаниар хийлгүүлсэн. 2014 оны 2, 3, 4, 5 сар гээд удаа дараа хүсэлт гаргаад шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт хүсэлт гаргасан. Тэгэхэд “Т” ХХК гомдлыг хүлээж аваагүй заасан хугацаандаа хариу өгөөгүй. Захирал удирдлагуудтайгаа уулзуулахгүй АНУ-д яваа, хөдөө яваа,барилгын талбай дээр ажиллаж байгаа гэх мэтчилэн намайг уулзуулаагүй. Ингээд “Т” ХХК -ийн оффис байсан Чингэлтэй дүүргийн Энхтайван найрамдлын ордон буюу Пийс товарт компанийх нь захирлынх нь өрөө рүү би ороход ерөнхий захирал н.Содномцэрэн гэдэг хүн өрөөндөө байсан. Эдний захирал хэлэхэд MNS6058 гэдэг хууль бус стандартын хэмжилтийг хийж өгөх боломжгүй. Та нараас орцны халаалтын мөнгө авдагггүй. Тагтны халаалтын мөнгө гэж авдаггүй. Та нар өөрсдөө СӨХ-гоо байгуулахгүй байна. Бид СӨХ-ны ажлыг хийж байгаа гэж хэлсэн. Орон сууцны гэрээний асуудлыг тэр шүүхдээ ханд. MNS6058 бол хүчингүй стандарт наадхыг чинь хүлээж авах боломжгүй. Хаалгаа цаанаас нь хаагаад гар гэсэн. Хэрвээ төлбөрийг чинь барагдуулна гэвэл манай инженер хэмжилт хийнэ. Хэмжилт хийсэн хэмжээний 101,6 хасаад дутсаных нь талын талыг өгнө гэж авсан. Ингээд би шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар хандсан. “Т” ХХК -д ч бас удаа дараа хандсан. Түүний дараа 2014 оны 12 сард шүүхэд хандсан. Тийм учраас одоо “Т” ХХК  надаас илүү авсан 21 489 000 төгрөгийг нэхэмжилж байна...гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...2013 оны 10 дугаар сарын 21-ний өдөр талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан. Энэ гэрээнд заагдсан нийт талбайн хэмжээ 106,7 метр квадрат MNS6058 тухайн үед мөрдөгдөж байсан стандарт 101,6 метр квадрат гэдгийг тохиролцоод талууд гэрээгээ байгуулсан. Энэ бол бэлэн болсон орон сууцнаас худалдах худалдан авах гэрээ хийсэн. ...талууд 2013 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр албан ёсоор орон сууцныхаа түлхүүрийг гардаж хүлээн аваад нүүж орсон. Нүүж орсноос хойш 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хэмжилт хийлгэсэн. Энэ хэмжилтээр 95,39 метр квадрат байна гэсэн дүгнэлтийг гаргаж өгсөн. “Т” ХХК  нь энэ хэрэгт хариуцагчаар татагдснаас хойш энэ дүгнэлтийг хүлээн зөвшөөрөөгүй, 95.39 м.кв байх ёсгүй гэж маргасан. Дахин шинжээч томилуулахад MNS6058 стандартаар дахин хэмжсэн. Тухайн үед энэ стандартаар хэмжүүлэхгүй гээд маргаантай байсан. Яагаад гэхээр айлын дундын өмчлөлийн талбайд зориулсан хэмжилт хийх аргачлал байсан учраас энэ стандартаар хэмжээд байгаа нь буруу талаар Захиргааны хэргийн шүүхэд хандаж маргаж байсан. 2014 он гарснаас хойш хожим шүүхэд анх удаа хандсан. Энэ хугацаанд “Т” ХХК  гомдол гаргаж байсан. Мөн дээрээс нь захиралтай нь уулзаж байсан тухай баримт байхгүй. Тэгэхээр тухайн үед уулзаж байсан гэдэг асуудал өнөөдрийн байдлаар нотлогдоогүй. Өмнөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөн адил хандсан тухайгаа ярьж байгаа нь нотлогдоогүй. Анх удаа нэхэмжлэл гаргаж хандсан гэж байгаа нь Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-т зааснаар гомдлын шаардлага гаргах хугацаа хэтрүүлэн нэхэмжлэл гаргаж байгаа нь шүүхэд гомдол гаргах эрхээ алдсан гэдгээр хэрэгсэхгүй болгох үндэслэл болно гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.4 дэхь хэсэгт зааснаар хариуцагч “Т” ХХК -аас 11.31 метр квадрат орон сууцны талбайн зөрүүд илүү төлсөн 21 489 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.З нар т олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 266 722 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 266 722 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д зааснаар хариуцагч “Т” ХХК -аас 189 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.З-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн маргаантай харилцааг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн ч гэрээний талаар худалдан авагч Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1 дэх хэсэгт заасан шаардлага гаргах эрхээ алдсан байхад зөвхөн нэхэмжлэгчийн тайлбараар хуульд заасан хугацааны дотор худалдагч талд гомдлын шаардлага гаргаж байсан гэж үзнэ гэсэн нь нотлох баримтгүйн дээр хуулийг буруу тайлбарлэж хэрэглэсэн. “Т” ХХК -ийн ерөнхий захирал Ц.Содномцэрэн танаа гэсэн өргөдлийг “Т” ХХК  өмнө нь хүлээн авч байгаагүй, түүгээр манай компанид хандаж байсан гэж үзэх ямар ч боломжгүй, мөн өргөдөл гомдол хяналтын карт гэх зэрэг баримт нь Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт хандсан баримтууд тул түүнийг худалдагчаас худалдан авагчид эд хөрөнгийн доголдлын талаар гомдлын шаардлага гаргасан байна гэж үзэх үндэслэл болохгүй юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд нийцүүлэн дүгнэж чадаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

 

            Нэхэмжлэгч Г.З нар нь хариуцагч “Т” ХХК -д холбогдуулан орон сууцны талбайн зөрүүд илүү төлсөн 21 489 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч Г.З нь хариуцагч “Т” ХХК -тай 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдөр орон сууц захиалгаар барих гэрээ байгуулж, Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 18 дугаар байр орон сууцны 10 давхарт 106.7 м.кв, MNS 6058:2009 стандартаар 101.6 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг 202 730 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, тэрээр орон сууны үнэд 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 58 000 000 төгрөг, 83 000 000 төгрөг, 2013 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 61 730 000 төгрөг, нийт 202 730 000 төгрөгийг төлсөн болох нь хэргийн 6-8, 14, 16 дахь талд авагдсан орон сууц захиалгаар барих гэрээ, Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт болон талуудын тайлбараар тогтоогдож байна.                                                                   /хх-6-8, 16 дугаар тал/

 

Талууд хүсэл зоригоо илэрхийлэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан тохиолдолд тэдгээрийг Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар бичгээр хэлцэл хийсэн гэж үзэх ба анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн талаар зөв дүгнэжээ.

 

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг тодорхойлох эрхтэй гэж заасан байх ба талууд энэхүү гэрээний эрх чөлөөний зарчмын хүрээнд гэрээгээр хүлээх үүргээ хүсэл зоригийн үндсэн дээр тохиролцон тогтоосон байна.

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүйгээс шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй тул шийдвэрийг дараах байдлаар залруулах боломжтой.

 

Хэрэгт авагдсан 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн орон сууц захиалгаар барих гэрээ, 2013 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр “Т” ХХК -иас Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт явуулсан албан бичигт орон сууцны талбайн хэмжээг 101,6 гэж бичсэн байгаагаас үзвэл нэхэмжлэгчийн хувьд 101,6 м.кв талбай бүхий орон сууц худалдан авч байгаа талаар мэдэх боломжтой байсан гэж үзнэ.         /хх-6-8, 18 дугаар тал/

 

Нэхэмжлэгч нь орон сууцны талбайн хэмжээ зөрүүтэй байгаа талаар 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдөр “Тоонто гранд” ХХК-иар хэмжилт хийлгэхэд орон сууцны талбайн хэмжээ 95,39 м.кв гэсэн дүгнэлт гаргасан байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр шүүх “Уран-Асар” ХХК-ийг шүүх шинжээчээр томилж хэмжилт хийлгэхэд 94,46 м.кв талбайтай гэсэн дүгнэлт гаргасныг хариуцагчийн итгэмлэгдсэн төлөөлөгч эс зөвшөөрч, дахин шинжээч томилуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч “Эй Ди Интернэшнл” ХХК-иар хэмжилт хийлгэхэд 95.97 м.кв талбайтай гэсэн дүгнэлт гаргасан болох нь хэргийн 9-11, 40, 80-82, 88, 121-123 дугаар талд авагдсан сууцны өрөө, тасалгааны хэмжилт хийж, түүний талбайг тооцсон тэмдэглэлээр тогтоогдсон.

 

Түүнчлэн, тэрээр худалдаж авсан орон сууцны талбайн хэмжээ нь гэрээнд заасан талбайн хэмжээнд хүрэхгүй зөрүүтэй байсан тул эрх бүхий байгууллагуудад хандаж гомдол гаргаж байсан нөхцөл байдал хэргийн 69-76 дугаар тал дахь шүүхийн шийдвэрүүд, хэргийн 190-193 дугаар тал дахь нэхэмжлэгч Г.Золбоогийн хариуцагч “Т” ХХК -д гаргаж байсан өргөдөл 194-197 дугаар тал дахь Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт иргэн Г.З-ийн гаргасан өргөдөл зэрэг бичгийн баримтаар тогтоогдсон тул Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсэгт заасан үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэн авснаас хойш 6 сарын дотор гомдлоо гаргасан гэж үзнэ.

 

Иймд нэхэмжлэгч нь орон сууцны талбайн хэмжээ дутуу байгаатай холбоотойгоор илүү төлсөн орон сууцны үнийг Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.4 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй. Талууд гэрээндээ орон сууцны 1 м.кв-ын үнийг тусгайлан тохиролцоогүй боловч зохигчдын хэн алины анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргаж байгаа тайлбараас үзэхэд орон сууцны талбайн үнийг м.кв-аар тогтоосон гэсэн тайлбарыг гаргасан тул орон сууцны нийт үнэ болох 202 730 000 төгрөгийг 101,6 м.кв-д хувааж үзэхэд 1 м.кв-ын үнэ 1 995 374 төгрөг болж байх тул талууд орон сууцны 1 м.кв-ыг 1 995 374 төгрөгөөр худалдсан гэж үзнэ.

 

Иймд дутуу олгогдсон 5.63 м.кв-ын үнэ 11 235 982 төгрөгийг хариуцагч “Т” ХХК -иас гаргуулж нэхэмжлэгч Г.З нар т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 10 253 018 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 102/ШШ2018/02896 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Т” ХХК -иас 11 235 982 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.З нар т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 10 253 018 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “266 722” гэснийг “194 726” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Т” ХХК -иас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 266 722 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                      ШҮҮГЧИД                                     Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                                           Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ