Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 931

 

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг 1 дугаар хороо  дугаар хороолол  дүгээр байр  тоотод оршин суух, онд төрсөн 3 настай, Бичээч овогт Г.З

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг 13 дугаар хороо 3 дугаар хороолол 1 дүгээр байр 5 тоотод оршин суух, онд төрсөн 3 настай, Боржигон овогт Б.О

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг 13 дугаар хороо 3 дугаар хороолол 1 дүгээр байр 5 тоотод оршин суух, онд төрсөн  настай, Бичээч овогт З.Х

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг 13 дугаар хороо 3 дугаар хороолол 1 дүгээр байр 5 тоотод оршин суух, онд төрсөн 1 настай, Бичээч овогт З.Х

Хариуцагч: Баянгол дүүрэг 1 дүгээр хороо Алтай хотхон 13 дугаар байх ТА ХХК

            21.754.395 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Золжаргал, Б.Г,  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр нар оролцов.

 

                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.З, Б.Г нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч Г.Знь ТА ХХК-тай 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Орон сууц захиалгаар барих гэрээ байгуулж Баянгол дүүрэг 1 дүгээр хороо Алтай хотхон 18 дугаар байр 147 тоот 106,7 мкв талбайтай 3 өрөө орон сууцыг шилжүүлэн авч, 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр улсын бүртгэлийн ерөнхий газраас Ү-2205051795 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ авсан. Гэрчилгээнд орон сууцны талбайг 101.6 мкв талбайтай гэж заасан байсан. Гэрээний үүргээ биелүүлж төлбөр 202.730.000 төгрөг бүрэн төлсөн. Анх ТА ХХК-тай гэрээ байгуулахаар очихдоо 106.7 мкв талбайтай 3 өрөө орон сууц захиалахаар тооцож очсон боловч тус компанийн нягтлан бодогч эхлээд мөнгөө төл дараа нь гэрээтэйгээ танилц гэсний дагуу мкв-ыг нь 1.900.000 төгрөгөөр тооцон дансанд нь 141.000.000 төгрөг шилжүүлсэн. Ингээд байрны зургийг гэрээний хамт үзсэн. Гэрээ, байрны зураг дээр талбайн хэмжээг 106.7 мкв гэж бичсэн мөртлөө гэрчилгээнд 101.6 мкв-р бичигдэнэ гэсэн. Яагаад зөрүү гарч байгаа талаар асуухад орон сууцны талбай 106.7 мкв, харин одоогийн мөрдөгдөж байгаа стандартаар уг байр 101.6 мкв болж байгаа тул та нар 106.7 мкв талбайн хэмжээгээр тооцож төлбөрөө төлнө. Стандарт нь гэрээний 1.2-т заасантай адилхан ханын гол дундаас хэмждэг юм гэсэн. Зөрүү гарч байгаа бол байр захиалахаа болилоо гэхэд манай дансанд мөнгө шилжүүлсэн тул буцаах тохиолдолд шимтгэл суутгагдана гэсэн тул гэрээ байгуулсан. Нэхэмжлэгчийн төлсөн төлбөрийг 101.6 мкв-тад тааруулан анх тохирсон үнээс өөрөөр 1.995.374 төгрөгөөр тооцсон байсан. MNS6058:2009 стандартыг үзэхэд орон сууцны барилгын доторх сууцны өрөө тасалгааны хэмжилтийн цэгийг хашлага хана, хамар ханын өнгөлгөө засал хийгдсэний дараа дотор гадаргуугаас авна гэж заасан байсан. Анх гэрээ байгуулахад байр аль хэдийн баригдаад, улсын комисс хүлээгээд авчихсан байранд орон сууц захиалгаар барих гэрээ байгуулсан. Худалдаж авсан байрны талбайн хэмжээнд эргэлзээ төрсөн тул Тоонто гранд ХХК-р хэмжилт хийлгэхэд байр 95.39 мкв талбайтай гэсэн дүгнэлт гарсан.  Анх 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч стандарттай холбоотой маргаан Захиргааны хэргийн шүүхэд хянагдаж байгаа гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Ингээд 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд дахин хандсан. Иймд хариуцагч ТА ХХК-наас 11.31 мкв талбайн зөрүү 21.489.000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн хүсэлтээр томилогдсон шинжээчийн зардал 189.000 төгрөгийг нэхэмжлэгч төлсөн байгаа гэв.

 Хариуцагч ТА ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Талуудын хооронд Ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан боловч гэрээний дагуух үйл баримт нь худалдах, худалдан авах гэрээ байгаа. Нэхэмжлэгч, хариуцагчийн хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. Орон сууцыг 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдөр улсын комисс хүлээж авсан. Улсын комисс хүлээж авахаас өмнө орон сууц ашиглалтад орсон, айлууд нүүгээд  орчихсон байсан. Улсын комиссын актын 1.6-д энэхүү барилга байгууламжийг 2011 оны 03 дугаар сараас барьж эхэлсэн, 2012 оны 12 дугаар сарын 19-ний өдөр бүрэн барьж дуусгасан талаар дурьдсан байгаа. Худалдах, худалдан авах гэрээний зүйлтэй холбоотой гомдлын шаардлага гаргах хугацааг хариуцагч хэтрүүлсэн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэгчээс шинжээчийн зардалд төлсөн 189.000 төгрөгийг хариуцагч тал нэхэмжлэгчид өгөхийг зөвшөөрнө гэв.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг  бүрчлэн шинжлэн судлаад            

                                                ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.З, Б.О, З.Х, З.ХҮ нар нь хариуцагч ТА ХХК-нд холбогдох орон сууцны талбайн бодит хэмжээ болон гэрээнд заасан хэмжээ хоорондын зөрүү 11.31 метр квадратын үнэ 21.489.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Нэхэмжлэлийг Г.З, Одтойсаран-Эрдэнэ, З.Х, З.ХҮ нар гаргасан боловч Иргэний хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т 7-гоос 14 хүртэлх насны этгээдийн хийсэн өөртөө хохиролгүй бөгөөд хиймэгц биелэх, ахуйн чанартай жижиг хэлцлээс бусад хэлцлийг тэдгээрийн нэрийн өмнөөс хууль ёсны төлөөлөгч /эцэг, эх, асран хамгаалагч/ хийнэ гэж заасан тул нэхэмжлэгч нь Г.З, Б.О байна.

Нэхэмжлэгч Г.Знь ТА ХХК-тай 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Орон сууц захиалгаар барих гэрээ байгуулж Баянгол дүүрэг 1 дүгээр хороо 18 дугаар байр 154 айлын орон сууцны 10 давхарт 101.6 мкв талбайтай 3 өрөө орон сууцыг 202.730.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож үнийг төлсөн болох нь зохигчийн тайлбар, гэрээ гэсэн баримтуудаар тогтоогджээ.

           Г.З, ТА ХХК-ийн хооронд Орон сууц захиалгаар барих гэрээ байгуулагдсан боловч гэрээ нь утга агуулгаараа Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан орон сууц худалдах, худалдан авах гэрээ байна.

         Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь тэдний хүсэл зоригийн илэрхийлэл болсон, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан, Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасан шаардлагыг хангасан байх тул  нэхэмжлэгч Г.З, хариуцагч ТА ХХК-ийн хооронд хийгдсэн гэрээ хүчин төгөлдөр хэлцэл байна.

         Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д худалдагч нь биет байдлын доголдолгүй эрхийн зөрчилгүй орон сууцыг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь гэрээгээр тохирсон үнийг төлөх үүрэгтэй.

Орон сууц 2011 оны  03 дугаар сараас эхлэн баригдаж 2012 оны 12 дугаар сарын 19-ний өдөр баригдан дуусч, улсын комисс 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээж авсан байна.

          Нэхэмжлэгч нь орон сууцны үнэд 2013 оны 10 дугаар сарын 21-нд 58.000.000 төгрөг, 83.000.000 төгрөг, 2013 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 61.730.000 төгрөг нийт 202.730.000 төгрөгийг төлж 213 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Баянгол дүүрэг 1 дүгээр хороо Алтай хотхон 18 дугаар байр 174 тоот 101.6 мкв талбайтай 3 өрөө орон сууцны өмчлөлийн гэрчилгээ олгогджээ.

Нэхэмжлэгч нь орон сууцны мкв зөрүүтэй талаар 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Тоонто гранд ХХК-р хэмжилт хийлгэн, 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр шүүхэд хандсан гэж тайлбарлан 21.489.000 төгрөг гаргуулахыг шаарджээ.

Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ, мөн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсэгт худалдагч тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш  6 сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй гэжээ.

Хариуцагч ТА ХХК нь гэрээнд заасан хэмжээнээс дутуу мкв талбай бүхий орон сууц шилжүүлсэн нь шүүхээс томилсон шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон боловч нэхэмжлэгч орон сууцыг  2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр өмчлөлдөө шилжүүлсэн авснаас хойш Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсэгт заасан хугацааны дотор гомдлын шаардлага гаргаагүй, гомдлын шаардлага гаргах хугацаа 2014 оны 05 дугаар сарын 28-ны өдөр дуусан байна.

Иймд гомдлын шаардлага гаргах хугацаа дууссан гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй тул ТА ХХК-нд холбогдох орон сууцны талбайн бодит хэмжээ болон гэрээнд заасан хэмжээ хоорондын зөрүү 11.31 метр квадратын үнэ  21.489.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Г.З, Б.О нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэв.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад томилогдсон Уран Асар ХХК-ийн шинжээчийн ажлын хөлс 189.000 төгрөгийг харицагч нь нэхэмжлэгч талд төлөхийг зөвшөөрсөн болно.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон     

                                                                  ТОГТООХ нь:                                                                                                                                                                                                                                                                                                                                 

          1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1-т зааснаар хариуцагч ТА ХХК-нд холбогдох орон сууцны талбайн бодит хэмжээ болон гэрээнд заасан хэмжээ хоорондын зөрүү 11.31 метр квадратын үнэ 21.489.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Г.З, Б.О нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 266.722 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.

          3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д зааснаар хариуцагч ТА ХХК-наас 189.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Зд олгосугай.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй  болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.                     

                            
 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Ж.КУЛЬДАНА