Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 183/ШШ2022/01459

 

 

 

            

 

 

2022 оны 05 сарын 11 өдөр

            Дугаар 183/ШШ2022/01459

                           Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

УДИРТГАЛ ХЭСЭГ

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: С овогтой Г.А-ийн нэхэмжлэлтэй,  

           Хариуцагч: С овогтой Ц.Н-д холбогдох,

       

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээнээс учирсан хохиролд 19.188.669 төгрөг гаргуулах тухай.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.З.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Б.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т. 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ц.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Г.А  нь Ц.Н холбогдуулан гэрээнээс учирсан хохиролд 19.188.669 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд: Г.А  миний бие Ц.Н тэй 2019 оны 7дугаар сарын 02-ны өдөр “Үл хөдлөх эд хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээ” байгуулж, уг гэрээний дагуу Ц.Н ээс Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж 75 дугаар байр, 09 тоот хаягт байрлах 75.6 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 85.000.000 төгрөгөөр худалдаж авсан. Ингээд гэрээний дагуу төлбөрийг бүрэн төлж, орон сууцандаа орсон. Уг орон сууц нь ашиглалтад орсноос хойш олон жил урсгал засвар хийгдээгүй, зориулалтын дагуу ашиглах боломжгүй байсан тул Г.А  нь  орон сууцандаа засвар хийх үүднээс 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Хас банктай 1090038380 тоот “Зээлийн гэрээ”-г байгуулж, 7.000.000 төгрөгийн зээл авч, орон сууцандаа засвар хийсэн. Орон сууцанд хийлгэсэн засварын ажилд зарцуулсан зардлыг хөндлөнгийн үнэлгээний байгууллага “А ” ХХК-иар үнэлүүлэхэд 12.340.000 төгрөгийн засвар хийсэн гэсэн үнэлгээний тайлан гарсан. Ингээд орон сууцны үнийг бүрэн төлж дуусган, байрандаа засвар хийсний дараагаар Ц.Н нь энэ байрыг та нарт зарах боломжгүй, өөр хүнд өндөр үнээр зарах гэж байгаа, гэрээгээ цуцална, байраа суллаж өг гэж дарамталж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүхээс “...2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээг цуцалж, орон сууцны төлбөр 88.600.000 төгрөгөөс 85.000.000 төгрөгийг Ц.Н олгох”-оор шийдвэрлэсэн. Уг шийдвэрээр хариуцагч Г.А намайг гэрээнээс татгалзсанаас учирсан хохирлоо арилгуулахаар шүүхэд хандан шаардлага гаргахад энэхүү шийдвэр саад болохгүй гэж шийдвэрлэсэн. Иймд гэрээнээс татгалзсанаас учирсан хохиролд байрны засвар хийхэд зориулж авсан зээлийн хүүгийн төлбөрт төлсөн 2.754.709 төгрөг, байранд засвар хийсэн зардал 12.340.300 төгрөг, үнэлгээ хийлгэсний төлбөр 493.360 төгрөг, гэрээний дагуу байрны төлбөрт 88.600.000 төгрөг шилжүүлсний 85.000.000 төгрөгийг буцаан өгсөн тул үлдэх 3.600.000 төгрөг, нийт 19.188.669 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь тухайн асуудлыг өмнө нь шүүх шийдвэрлэсэн байгаа. Мөн уг орон сууцанд засвар хийх шаардлагагүй байхад Г.А  нь өөрөө дур мэдэн засвар хийсэн тул 12.340.300 төгрөгөөр түүнийг хохирсон гэж үзэхгүй. Мөн Г.А  нь банкнаас зээл авч, орон сууцанд засвар хийсэн гэх боловч тухай зээлийг ямар зориулалтаар ашигласан нь тодорхойгүй байна. Мөн зээл авсан огноо, үнэлгээ хийсэн огноо нь зөрүүтэй байгааг анхаарна уу. Мөн Г.А  нь орон сууцны төлбөрт 88.600.000 төгрөг төлсөн гэсэн нь нотлогдохгүй. Иймээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

            Нэхэмжлэгчээс Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШЗ2020/14649 дүгээр Иргэний хэрэг үүсгэх тухай захирамж, 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн “Зээлээр худалдах, худалдан авах гэрээ”, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж 75 дугаар байр, 09 тоот хаягт байрлах 75.6 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны 2008 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 000056533 дугаар гэрчилгээ, “Х ” ХХК-ийн 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 1090038380 дугаар “Зээлийн гэрээ”, Зээлийн эргэн төлөлтийн хуваарь, Хаан банкны депозит дансны хуулга, “А ” ХХК-ийн 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн ДХҮ-120/225 дугаар үнэлгээний тайлан, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 183/ШШ2021/00218 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 334 дүгээр захирамж, “Х ” ХХК-ийн дансны хуулга, зарлагын баримт гэсэн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Г.А гийн гэрээнээс учирсан хохиролд 19.188.669 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

            2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Г.А  миний бие Ц.Н тэй 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдөр “Үл хөдлөх эд хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээ” байгуулж, уг гэрээний дагуу Ц.Н ээс Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж 75 дугаар байр, 09 тоот хаягт байрлах 75.6 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 85.000.000 төгрөгөөр худалдаж авсан. Ингээд гэрээний дагуу төлбөрт 88.600.000 төгрөгийг бүрэн төлж, орон сууцандаа орсон. Уг орон сууц нь ашиглалтад орсноос хойш олон жил урсгал засвар хийгдээгүй, зориулалтын дагуу ашиглах боломжгүй байсан тул Г.А  нь орон сууцандаа засвар хийх үүднээс 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Хас банктай 1090038380 тоот “Зээлийн гэрээ”-г байгуулж, 7.000.000 төгрөгийн зээл авч, орон сууцандаа засвар хийсэн. Гэтэл Ц.Н энэ байрыг өөр хүнд өндөр үнээр зарах гэж байгаа, гэрээгээ цуцална, байраа суллаж өг гэж дарамталж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүхээс “...2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээг цуцалж, орон сууцны төлбөр 88.600.000 төгрөгөөс 85.000.000 төгрөгийг Ц.Н олгох”-оор шийдвэрлэсэн. Уг шийдвэрээр хариуцагч Г.А  намайг гэрээнээс татгалзсанаас учирсан хохирлоо арилгуулахаар шүүхэд хандан шаардлага гаргахад энэхүү шийдвэр саад болохгүй гэж шийдвэрлэсэн. Иймд гэрээнээс татгалзсанаас учирсан хохиролд байрны засвар хийхэд зориулж авсан зээлийн хүүгийн төлбөрт төлсөн 2.754.709 төгрөг, байранд засвар хийсэн зардал 12.340.300 төгрөг, үнэлгээ хийлгэсний төлбөр 493.360 төгрөг, гэрээний дагуу байрны төлбөрт 88.600.000 төгрөг шилжүүлсний 85.000.000 төгрөгийг буцаан өгсөн тул үлдэх 3.600.300 төгрөг, нийт 19.188.669 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв

 

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан. Үүнд: Уг орон сууцанд засвар хийх шаардлагагүй байхад Г.А  нь өөрөө дур мэдэн засвар хийсэн тул 12.340.300 төгрөгөөр түүнийг хохирсон гэж үзэхгүй. Мөн Г.А  нь банкнаас зээл авч, орон сууцанд засвар хийсэн гэх боловч тухай зээлийг ямар зориулалтаар ашигласан нь тодорхойгүй байна. Мөн Г.А  нь орон сууцны төлбөрт 88.600.000 төгрөг төлсөн гэсэн нь нотлогдохгүй. Иймээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШЗ2020/14649 дүгээр Иргэний хэрэг үүсгэх тухай захирамж, 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн “Зээлээр худалдах, худалдан авах гэрээ”, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж 75 дугаар байр, 09 тоот хаягт байрлах 75.6 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны 2008 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 000056533 дугаар гэрчилгээ, “Х ” ХХК-ийн 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 1090038380 дугаар “Зээлийн гэрээ”, Зээлийн эргэн төлөлтийн хуваарь, Хаан банкны депозит дансны хуулга, “А ” ХХК-ийн 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн ДХҮ-120/225 дугаар үнэлгээний тайлан, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 183/ШШ2021/00218 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 334 дүгээр захирамж, “Х ” ХХК-ийн дансны хуулга, зарлагын баримт гэсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Г.А , Ц.Н нарын хооронд байгуулагдсан 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн “Зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-ээр Ц.Н нь өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж 75 дугаар байр, 09 тоот хаягт байрлах 75.6 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 85.000.000 төгрөгөөр Г.А д худалдахаар тохиролцжээ.

 

Худалдан авагч Г.А  нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, орон сууцны үнэд 88.600.000 төгрөгийг худалдагчид шилжүүлсэн, худалдагч Ц.Н нь орон сууцыг Г.А гийн эзэмшил, ашиглалтад биет байдлаар шилжүүлсний дараагаар “...Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж 75 дугаар байр, 09 тоот хаягт байрлах 75.6 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг бусдад худалдаж, өмчлөх эрхийг шилжүүлсэн тул Г.А д уг орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэх боломжгүй болсон тул гэрээ”-нээс татгалзжээ.

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 183/ШШ2021/00218 дугаар шийдвэрээр “...Г.А , Ц.Н нарын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээг цуцлаж” шийдвэрлэжээ.

 

5. Дээрх үйл баримтаар 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн “Зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-ний худалдагч тал болох Ц.Н нь орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэх үүргээ биелүүлэх боломжгүй буюу зөрчсөнөөс гэрээ цуцлагджээ.

 

6. Иймд Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3-т зааснаар гэрээнээс учирсан хохиролд нэхэмжлэгч Г.А  нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж 75 дугаар байр, 09 тоот хаягт байрлах 75.6 м.кв талбайтай 3 өрөө орон сууцанд засвар хийлгэхэд гарсан зардалд 12.340.300 төгрөг, “А ” ХХК-иар хөрөнгийн үнэлгээний тайланг гаргуулахад ажлын хөлсөнд төлсөн 493.360 төгрөг, нийт 12.833.660 төгрөгийг хариуцагч Ц.Н ээс шаардах эрхтэй юм.

 

7. Мөн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 183/ШШ2021/00218 дугаар шийдвэрийн Үндэслэх хэсэгт “...Хэргийн баримтаас үзвэл талуудын хооронд 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байх бөгөөд тус гэрээгээр Ц.Н нь өөрийн өмчлөлийн орон сууцыг 85.000.000 төгрөгөөр Г.А д худалдахаар тохиролцсон байна. Талуудын байгуулсан дээрх хэлцэл нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний үндсэн шинжийг агуулсан байх боловч төлбөрийг хэсэгчлэн төлснөөр гэрээ зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн үнэ 3.600.000 төгрөгөөр нэмэгдсэн байх тул Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна гэж дүгнэв” гэж заажээ.

 

Иймд нэхэмжлэгчийн “...уг орон сууцны үнэ 85.000.000 төгрөг байхаар тохирсон бөгөөд гэрээний дагуу шилжүүлсэн 88.600.000 төгрөгөөс Ц.Н нь 85.000.000 төгрөгийг буцаан шилжүүлсэн тул зөрүү 3.600.000 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү” гэсэн тайлбарыг үндэслэн хариуцагч Ц.Н ээс 3.600.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.А д олгох нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д заасантай нийцэж байна.

 

8. Харин нэхэмжлэгчийн “...орон сууцанд засвар хийхэд банкнаас зээл авсан. Уг зээлийн хүүгийн төлбөрт төлсөн 2.754.709 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов. 

 

Учир нь Г.А  болон “Х ” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 1090038380 дугаар “Зээлийн гэрээ”-ээр шилжүүлсэн 7.000.000 төгрөгийг, “Х ” ХХК болон Б.Г, П.И нарын хооронд байгуулагдсан 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 10900383 дугаар “Зээлийн гэрээ”-ээр шилжүүлсэн 4.300.000 төгрөгийг нэхэмжлэгч Г.А нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж 75 дугаар байр, 09 тоот хаягт байрлах 75.6 м.кв талбайтай 3 өрөө орон сууцанд засвар хийхэд зарцуулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй болно.

 

9. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Ц.Н ээс орон сууцанд засвар хийлгэхэд гарсан зардалд 12.340.300 төгрөг, “А ” ХХК-иар хөрөнгийн үнэлгээний тайланг гаргуулахад ажлын хөлсөнд төлсөн 493.360 төгрөг, гэрээний дагуу шилжүүлсэн 88.600.000 төгрөгөөс Ц.Н ийн буцаан шилжүүлсэн 85.000.000 төгрөгийн зөрүү 3.600.000 төгрөг, нийт 16.433.660 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.А д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2.755.009 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

 

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр төлсөн 253.893 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Ц.Н ээс улсын тэмдэгтийн хураамжид 240.118 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115 дугаар зүйлийн 115.1., 115.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1, 262 дугаар зүйлийн 262.1-д заасныг баримтлан хариуцагч Ц.Н ээс гэрээнээс учирсан хохиролд 16.433.660 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.А д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2.755.009 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр төлсөн 253.893 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Ц.Н ээс улсын тэмдэгтийн хураамжид 240.118 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах  шатны шүүхэд  гомдол гаргах  эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ж.СЭМЖИД