Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2022/01495

 

2022.08.12 МАГАДЛАЛ №1495

/ТӨСӨЛ/

 

Г.А гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, шүүгч Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2022/01459 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Г.А гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.Н т холбогдуулан гаргасан гэрээнээс учирсан хохиролд 19,188,669 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Золжаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Тамир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Г.А нь Ц.Н тэй байгуулсан 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээ-ний дагуу шилжүүлэн авсан улсын бүртгэлийн Ү-2206006568 дугаарт бүртгэлтэй, 75.6 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны төлбөрийг бүрэн төлж, зориулалтынх нь дагуу ашиглах зорилгоор Хас банк ХХК-аас 7,000,000 төгрөгийн зээл авч, засвар хийсэн. Үүний дараа Ц.Н нь орон сууцаа бидэнд зарахгүй, бусдад өндөр үнээр зарна гэснээр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гэрээг цуцалж, орон сууцаа буцаан авах тухай нэхэмжлэл гаргаж, гэрээний үнэ 85,000,000 төгрөгийг тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад надруу шилжүүлсэн. Энэхүү маргааныг хянан шийдвэрлэсэн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 183/ШШ2021/00 дугаар шийдвэрээр Г.А гаас Ц.Н т шилжүүлсэн 88,600,000 төгрөгөөс 85,000,000 төгрөгийг буцаан өгснийг дурдсан бөгөөд тус шийдвэрт Г.А нь Ц.Н гэрээнээс татгалзсанаас учирсан хохирлоо арилгуулахаар шүүхэд хандан шаардлага гаргахад тухайн шийдвэр саад болохгүй гэсэн. Ингээд орон сууцанд хийлгэсэн засварын ажилд зарцуулсан зардлыг хөндлөнгийн үнэлгээний байгууллага Ашид Билгүүн ХХК-аар үнэлүүлэхэд 12,340,000 төгрөгийн засвар хийсэн гэсэн Үнэлгээний тайлан гарсан. Иймд гэрээнээс татгалзсанаас учирсан хохиролд байрны засвар хийхэд зориулж авсан зээлийн хүүгийн төлбөрт төлсөн 2,754,709 төгрөг, байранд засвар хийсэн зардал 12,340,300 төгрөг, үнэлгээ хийлгэсний төлбөр 493,360 төгрөг, гэрээний дагуу байрны төлбөрт 88,600,000 төгрөг шилжүүлсний 85,000,000 төгрөгийг буцаан өгсөн тул үлдэх 3,600,000 төгрөг, нийт 19,188,669 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагчийн хариу тайлбарын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь тухайн асуудлыг өмнө нь шүүх шийдвэрлэсэн. Мөн уг орон сууцанд засвар хийх шаардлагагүй байхад Г.А нь өөрөө дур мэдэн засвар хийсэн, мөн орон сууцны төлбөрт 88,600,000 төгрөг төлсөн гэсэн нь нотлогдоогүй. Банкнаас авсан зээлийг ямар зориулалтаар ашигласан нь тодорхойгүй байдаг. Мөн зээл авсан огноо, үнэлгээ хийсэн огноо нь зөрүүтэй байгааг анхаарна уу. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1, 262 дугаар зүйлийн 262.1-д заасныг баримтлан хариуцагч Ц.Н ээс гэрээнээс учирсан хохиролд 16.433.660 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.А д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2.755.009 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр төлсөн 253.893 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Ц.Н ээс улсын тэмдэгтийн хураамжид 240.118 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч талаас гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.

4.а. Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухайд,

Гэрээний дагуу хүлээн авсан 85,000,000 төгрөгийг худалдан авагч Г.А д буцаан өгч, Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 205.7-д зааснаар гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь харилцан буцаан өгөх үүрэгтэй бөгөөд үүргийг гэрээний талууд биечлэн, нэгэн зэрэг гүйцэтгэх үүрэгтэй гэж заасны дагуу Г.А нь орон сууцыг чөлөөлж өгөхгүй өнөөдрийг хүртэл эзэмшиж ашиглаж байна. Мөн тус орон сууц засвартай, гал тогооны тавилгатай байсан бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийн худалдах, худалдан авах гэрээ нь Г.А гийн зүй бус үйлдлээс цуцлагдсан болно.

4.б. Анхан шатны шүүх санхүүгийн баримт сэлтэд бүрэн дүгнэлт хийгээгүй тухайд,

Нэхэмжлэгчээс гарсан бүхий л санхүүгийн зардлууд нь зөвхөн орон сууцны засварт зарцуулагдсан болох нь бүрэн дүүрэн нотлогдохгүй эргэлзээ бүхий байгааг дүгнэж үзээгүй нь хуульд нийцэхгүй байна. Анхан шатны шүүх дээрхи бодит байдал болон гэрээ цуцалсан шүүхийн шийдвэр болон бусад үндэслэл бүхий нотлох баримтыг цаг хугацаа, үйл баримтад тулгуурлан үнэлэх хуулийн зохицуулалттай байхад хэт нэг талыг баримтлан орхигдуулж шийдвэрлэж байгаа нь хуульд нийцэхгүй байна гэжээ.

 

5.Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талаас гаргасан тайлбарын агуулга: Нэхэмжлэгч талаас гаргасан баримтууд нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд зааснаар анхан шатны санхүүгийн тамга, тэмдэгтэй, гарын үсэг зурагдсан хүчин төгөлдөр баримтууд. Анхан шатны шүүх ямар хуулийг хэрхэн буруу тайлбарлан хэрэглэсэн талаар давж заалдах гомдолдоо тодорхой дурдаагүй байна. Хариуцагч талын давж заалдах гомдолд дурдсан үндэслэл нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэлд хамаарахгүй юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх хариуцагч талын давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянахад гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

2.а.Нэхэмжлэгч Г.А зээлээр худалдах-худалдан авах гэрээ цуцлагдсантай холбогдуулан гэрээгээр шилжүүлсэн мөнгөн хөрөнгийн үлдэгдэл 3,600,000 төгрөг болон орон сууцанд засвар хийсэн зардал 16,433,660 төгрөг, үнэлгээ хийлгэсэн хөлс 493,360 төгрөг, банкны зээлийн хүү 2,754,709 төгрөг зэргийг хохиролд тооцон хариуцагч Ц.Н ээс 19,188,699 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн. Тэрээр үндэслэлээ гэрээний дагуу төлбөрийг бүрэн төлж орон сууцандаа орсон, банкнаас зээл авч засвар хийсэн, хариуцагч нь өөр этгээдэд өндөр үнээр зарна гээд гэрээг цуцлахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, шийдвэрлэсэн гэх агуулгаар тайлбарлажээ.

2.б.Хариуцагч Ц.Н нэхэмжлэлийг эс зөвшөөрч тухайн асуудлыг өмнө шүүхээр шийдвэрлэсэн, орон сууцанд засвар хийх шаардлагагүй байсан учир хохиролд тооцохгүй, орон сууцны төлбөрт 88,600,000 төлсөн нь баримтаар нотлогдоогүй гэж тайлбарлан маргажээ.

3.Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсгийг зөв хэрэглэсэн байна.

3.а.Талуудын хооронд 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулагдаж, худалдагч Ц.Н нь өөрийн өмчлөлийн орон сууцыг 85,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авагч Г.А орон сууцны үнэд 85,000,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцжээ. Гэрээний дагуу Г.А нь орон сууцны үнийг гэрээгээр тохирсон хүүгийн хамт тодорхой цаг хугацаанд хэсэгчлэн төлж гүйцэтгэсэн, мөн Г.А нь орон сууцанд засвар хийж, эзэмшиж байсан байна. /хх 25-43/

3.б.Ц.Н гэрээний зүйлийг өмчлөлд шилжүүлэх үүргээ зөрчиж өөр этгээдэд худалдан борлуулж, Г.А д 85,000,000 төгрөгийг буцаан шилжүүлжээ. Үүнтэй холбоотой талуудын хооронд маргаан үүсч, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн шүүх хуралдаанаар хэргийн хянан шийдвэрлэсэн 183/ШШ2021/00218 дугаартай хүчин төгөлдөр шийдвэр хэрэгт авагджээ. /хх-51-56/

Дээрх үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар дахин нотлохгүй үйл баримт гэж үзнэ.

4.Талуудын хооронд байгуулагдсан зээлээр худалдах-худалдан авах гэрээ цуцлагдсантай холбогдон Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээгээр шилжүүлсэн зүйлээ хэн аль нь нөгөө талдаа буцааж өгөх үр дагавар үүсчээ.

4.а.Зохигчид гэрээгээр гэрээний үнэ 85,000,000 төгрөгөөс урьдчилгаа 55,000,000 төгрөг, үлдэх 30,000,000 төгрөгийг 15 сарын хугацаанд хүү тооцон хэсэгчлэн төлөхөөр харилцан тохиролцсон байна. /хх10-11/

Нэхэмжлэгч Г.А нь гэрээний дагуу орон сууцны урьдчилгаа төлбөрт 55,000,000 төгрөг, талуудын тохирсон хуваарийн дагуу 33,600,000 төгрөг, нийт 88,600,000 төгрөг төлсөн болох нь зээлээр худалдах-худалдан авах гэрээ, түүний хавсралт, ХААН банкны дансны хуулга, зохигчдын тайлбар зэргээр тогтоогджээ. /хх9-11,25-43, 106-107/ Анхан шатны шүүх дээрх үйл баримтыг зөв тогтоож, хариуцагчаас 3,600,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

 

4.б.Нэхэмжлэгчээс орон сууцны засварын зардал, үнэлгээ хийлгэхэд төлсөн хөлс, Хас банктай байгуулсан зээлийн гэрээний дагуу төлсөн хүүгийн төлбөр зэргийг хохиролд тооцон, Ашид билгүүн ХХК-ийн үнэлгээний тайлан, ХААН банкны дансны хуулга, Хас банкнтай байгуулсан зээлийн гэрээ, тус банкны дансны хуулга зэрэг бичгийн баримтуудыг шүүхэд нотлох баримтаар цуглуулан өгчээ. /хх-45-49, 66/

Хариуцагч тал уг баримтыг өөр баримтаар үгүйсгээгүй, татгалзлын үндэслэлээ нотолсон баримтаа шүүхэд гарган өгөөгүй байна. Иймд анхан шатны шүүх уг бичгийн нотлох баримтууд болон зохигчдын тайлбар зэргийг тухайн хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн гэж үзэв. Хариуцагчаас гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохиролд 12,833,660 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс үлдэх 2,755,009 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсгийг зөв хэрэглэжээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, нотлох баримт үнэлэх журмыг зөрчсөн гэх хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2022/01459 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч талаас урьдчилан 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр төлсөн 240,118 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Ч.ЦЭНД