Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 628

 

А.Н-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2019/00526 дугаар шийдвэртэй

                         

Нэхэмжлэгч А.Н-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “ЖД” ХХК-д холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн төлөөлөгч гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч                                                               А.Н-

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч                С.Ч

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга                Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч А.Н- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие анх “ЖД” ХХК-д 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдөр нярваар ажил орж, улмаар компанийн захиргаанаас 2017 онд ахлах нярваар томилон ажиллуулсан. Миний бие тус компанид ажил орсноосоо хойш ямар нэгэн ээлжийн амралт авч байгаагүй бөгөөд 2018 оны 10 дугаар сарын 1-ний өдөр компанийнхаа удирдлагад 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн ээлжийн амралтыг хуульд заасан хугацаагаар авч, амралт дууссаны дараагийн хоногоос эхлэн урт хугацааны чөлөөг 2019 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл авах хүсэлтдээ байгаагаа хэлсэн. Эл хугацаанд аяллын журмаар БНСУ-руу аялаад ирэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн билээ. Удирдлагаас энэхүү хүсэлдээ бичгээр гаргаад шийдвэрлүүл гэхээр нь Хүний нөөцийн албанд өргөдөл гаргаж, захирлаас “...А.Н-гийн хүсэлтийг үндэслэн журмын дагуу ажил хүлээлцэхийг ...” үүргийг хүний нөөцөд даалгасан. Би 2018 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүртэл ажиллаж байгаад 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр БНСУ-руу ниссэн. Гэтэл 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Захирлын №18/02/60 тушаалаар 2018 оны 11 дүгээр сарын 8-ны өдрөөс 2019 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийг хүртэл ажлын 47 /дөчин долоон/ хоногийн цалингүй чөлөө...”-г олгосон байна. Компанийн захиргаанаас энэхүү тушаалыг надад танилцуулаагүй бөгөөд 2019 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр ажилдаа эргэж opox ёстой гэсэн ямар нэгэн тушаал, шийдвэр гарснаа мэдэгдээгүй. Би 2018 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүний нөөцөөс хүсэлтийг шийдвэрлэсэн захирлын тушаал гарсан эсэхийг асуухад тушаал гараагүй байгаа та маргаашнаас амралтаа аваад явж болно гэсэн. Би БНСУ-аас 2019 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр буцаж ирээд 14 өдөр ажил дээрээ очиход таныг ажлаас чөлөөлсөн гээд ажлаас халах тухай захирлын тушаалыг урт хугацааны чөлөө олгох тушаалын хамт надад гардуулсан. Иймд намайг урьд нь эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагчид даалгаж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “ЖД” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Чингэс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч А.Н- нь “ЖД” ХХК-ийн Захиргаа, хүний нөөцийн албанд 2018 оны 10 дугаар сарын 1-ний өдөр бичгээр гаргасан өргөдөлдөө БНСУ-руу 3 сарын аяллын виз гарсан байна. 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн ээлжийн амралтаа авч, 2019 оны 1 дүгээр cap хүртэл чөлөө авах хүсэлт гаргасны дагуу 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн ажлын 18 хоногийн ээлжийн амралт буюу 2018 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийг хүртэл биеэр эдэлж, уг хугацаанаас хойш 2019 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийг хүртэл ажлын 47 хоногийн урт хугацааны чөлөөг цалингүй байхаар шийдвэрлэсэн. Урт хугацааны чөлөөг олгох “ЖД” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 18/02/60 тоот тушаал гарсан байдаг. Уг тушаалыг танилцуулах гэтэл Нэхэмжлэгч А.Н-тэй холбоо барих ямар ч боломжгүй байсан ба Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг, 16 дугаар хороо тайнь 5 гудамж 142-46 тоот хаягт очиход эзгүй байсан тул тушаалыг танилцуулах боломжгүй байсан. Мөн нэхэмжлэгч А.Н-д олгосон ажлын 47 хоногийн урт хугацааны чөлөө нь 2019 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр дуусах ёстой байсан боловч уг хугацаанд “ЖД” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 18/02/138 тоот шинэ жилийн баярын өдрүүдэд ажиллах, амрах тухай тушаалаар нэхэмжлэгчийн ажиллаж байсан Бараа бэлтгэлийн албаны нийт ажилчдыг 2019 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2019 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийг хүртэл амраахаар тушаасан байдаг. А.Н- 2019 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр ажилдаа орох ёстой байсан боловч 3 өдрийн ажил тасалсан. “ЖД” ХХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 3 дугаар зүйлийн 3.5.5-д заасны дагуу хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан гэж үзэн Хөдөлмөрийн гэрээг цуцлан 2019 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн Гүйцэтгэх захирлын A19-04 тоот тушаалаар ажлаас халсан. Нэхэмжлэгч А.Н- нь “ЖД” ХХК-ийн Хөдөлмөрийн дотоод журам болон гүйцэтгэх захирлын 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 18/02/60 тоот тушаалд заасан хугацааг үндэслэлгүйгээр хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Мөн нэхэмжлэгч А.Н- нь “ЖД” ХХК-ийн Захиргаа, хүний нөөцийн албанд 2018 оны 10 дугаар сарын 1-ний өдөр бичгээр гарган өргөдөлдөө аяллаар явах тухай дурдсан боловч чөлөөний хугацаанд Бүгд Найрамдах Солонгос Улсад гэрээт ажилтнаар ажиллаад ирсэн нь нотлогдсон байдаг. Иймд нэхэмжлэгч А.Н-гийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

            Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан А.Н-г “ЖД” ХХК-ийн бараа бэлтгэлийн албаны ахлах нярвын ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт хариуцагч “ЖД” ХХК-иас 943 433 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А.Н-д олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч А.Н-гийн болон хариуцагчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг Нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч “ЖД” ХХК -д даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс хуулийн дагуу чөлөөлөгддөг болохыг дурдаж, улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч А.Н-д, хариуцагч “ЖД” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 27 192 төгрөгийг гаргуулж, улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагчийн төлөөлөгч Ш.Д давж заалдах гомдолдоо:

... Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2019/00526 тоот шийдвэрийн үндэслэх хэсэгт "...Хөдөлмөрийн тухай хуулийн зорилт нь хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр үүссэн хөдөлмөрийн харилцаанд оролцогч ажилтан ажил олгогчийн эрх, үүргийг зохицуулах бөгөөд ажилтны ажил үүрэгтэй холбоотой гаргасан тушаал шийдвэрээ мэдэгдэж, танилцуулах үүргийг ажил олгогч тал хүлээнэ. Хэдийгээр, нэхэмжлэгч хүсэлтдээ 2019 оны 1 дүгээр сарыг хүртэл чөлөө олгохыг хүссэн байх боловч уг хугацаагаар эсхүл өөр хугацаагаар чөлөө олгосон эсэх талаарх аливаа тушаал шийдвэрээ ажилтанд танилцуулж мэдэгдээгүй байх тул ажилтан өөрийн буруугаас ажил олгогчоос олгосон чөлөөний хугацааг хэтрүүлсэн гэж үзэх боломжгүй юм" гэж үндэслэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 1.1-д "энэ хуулийн зорилт нь хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр хөдөлмөрийн харилцаанд оролцогч ажилтан, ажил олгогчийн нийтлэг эрх, үүрэг, хамтын гэрээ, хэлэлцээр, хөдөлмөрийн ганцаарчилсан ба хамтын маргаан, хөдөлмөрийн нөхцөл, удирдлага, хяналт болон хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлагыг тодорхойлж талуудын харилцан эрх тэгш байдлыг хангахад оршино." гэж мөн хуулийн 5.2-д "Ажил олгогч нь ажилтныг ажлаар, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагад тохирсон нөхцөлөөр хангах, хөдөлмөрийн үр дүнд нь тохирсон цалин хөлс олгох, энэ хууль болон хөдөлмөрийн ба хамтын гэрээ, хэлэлцээр, хөдөлмөрийн дотоод журамд заасан үүргээ биелүүлэх үүрэгтэй." гэж тус тус заасны дагуу ажил олгогч ажилтны өмнө хүлээсэн үүрэг хариуцлагыг тодорхой тусгасан, талуудын хоорондын эрх үүргийг эрх, тэгш байхаар хуульчилсан байдаг. Гэвч анхан шатны шүүх үндэслэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн зорилт, нэг талын хүсэл сонирхлыг үндэслэн шийдвэрлэсэн нь шүүхийн өмнө эрх тэгш байх эрхийг зөрчиж, шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Нэхэмжлэгч А.Н-гийн "ЖД" ХХК-ийн Захиргаа, хүний нөөцийн албанд 2018 оны 10 дугаар сарын 1-ний өдөр гаргасан өргөдөлдөө 2019 оны 1 дүгээр сар хүртэл аяллын журмын чөлөө хүссэн байдаг ба энэ тухай ажил олгогч урьдчилсан байдлаар зөвшөөрсөн байдаг. Гэвч нэхэмжлэгч нь БНСУ-д гэрээт ажилтнаар ажилласан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 6.2-д "Ажилтан нь үнэнчээр хөдөлмөрлөх, хуулиар тогтоосон нууцад хамаарах ажил, үүрэгтэй нь холбоотой нууцыг хадгалах, хөдөлмөрийн ба хамтын гэрээ, хөдөлмөрийн дотоод журам, аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн нийтлэг шаардлагыг сахин биелүүлэх үүрэгтэй.", ТСБ/17.09 тоот Хөдөлмөрийн гэрээний 6.8-р зүйлд заасан үүрэг, Компанид үнэнч, шударгаар ажиллах үүргээ биелүүлээгүй байхад шүүх зөвхөн ажил олгогч үүргээ биелүүлээгүй байна гэж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр талууд эрх тэгш байх зарчмыг зөрчиж, шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн хуулийн шаардлагыг хангасан байна.

 

            Нэхэмжлэгч А.Н- нь хариуцагч “ЖД” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч байгууллага эс зөвшөөрч “нэхэмжлэгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан” гэж маргажээ.

 

            Хариуцагч компанийн гүйцэтгэх захирлын 2019 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн А19-04 тоот тушаалаар бараа бэлтгэлийн албаны ахлах нярав албан тушаалтай А.Н-г ажлаас халж, уг тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Хөдөлмөрийн дотоод журмын 3.5.5-д заасныг баримталсан байна. Ажил олгогч дээрх тушаалдаа нэхэмжлэгч А.Н- нь гүйцэтгэх захирлын 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 18/02/60 тоот тушаалаар олгосон урт хугацааны чөлөөг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3 ба түүнээс дээш хоног хэтрүүлсэн гэх үндэслэл заажээ. /хавтаст хэргийн 9-10 дугаар тал/

 

            Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч А.Н- нь 2018 оны 10 дугаар сарын 1-ний өдөр ажил олгогч байгууллагын удирдлагад хандан БНСУ-ын 3 сарын аяллын виз гарсан тул 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс ээлжийн амралтаа авч 2019 оны 1 дүгээр сар хүртэл чөлөө авах тухай хүсэлт гаргасан, тус байгууллагын гүйцэтгэх захирлын 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн №18/02/60 тоот тушаалаар А.Н-д 2018 оны 11 дүгээр сарын 8-ны өдрөөс 2019 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийг дуустал 47 хоногийн цалингүй чөлөө үйл баримт тогтоогдсон олгосон байна. 

/хавтаст хэргийн 8-9 дүгээр тал/

 

            Хариуцагч компанийн Хөдөлмөрийн дотоод журмын 3.5.5-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гүйцэтгэх захиргааны чөлөөнөөс хэтрүүлсэн хугацааг ажлаас хожимдсон буюу тасалсанд тооцож цалингаас хасалт хийх болон хөдөлмөрийн гэрээнд заасан журмаар сахилгын шийтгэл ногдуулна гэж заажээ.

                                                                                    /хавтаст хэргийн 23-43 дугаар тал/

 

            Нэхэмжлэгч нь ажил олгогч урт хугацааны цалинтай чөлөө олгосон, ажилдаа 2019 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр эргэж орох талаар надад мэдэгдээгүй гэж тайлбарлаж байгаа бөгөөд уг тайлбарыг хариуцагч талаас үгүйсгээгүй боловч нэхэмжлэгчийн хаягаар тушаалыг хүргүүлэх боломжгүй байсан гэж мэтгэлцжээ.

 

Анхан шатны шүүх хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр үүссэн хөдөлмөрийн харилцаанд оролцогч ажилтан, ажил олгогчийн эрх, үүргийг зохицуулах тухайн Хөдөлмөрийн тухай хуулийн зорилтын хүрээнд ажилтны ажил үүрэгтэй холбоотой гаргасан тушаал шийдвэрээ мэдэгдэж, танилцуулах үүргийг ажил олгогч тал хүлээх талаар дүгнэснийг буруутгах үндэслэлгүй байна.

 

            Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, нэхэмжлэгч А.Н-г “ЖД” ХХК-ийн бараа бэлтгэлийн албаны ахлах нярвын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасантай нийцжээ.

 

            Шүүх Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын хавсралтын дундаж цалин хөлс тодорхойлох журмын 5-д заасныг үндэслэн нэхэмжлэгчийн дундаж цалин хөлсний хэмжээг тодорхойлж хариуцагч байгууллагаас олговорт 943 433 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь зөв болсон байна.

 

            Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2019/00526 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                         ШҮҮГЧИД                                      А.МӨНХЗУЛ

 

Ц.ИЧИНХОРЛОО