Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 00526

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: А.Н-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Ж.Д” ХХК-д холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Чингэс, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хишигдэлгэр нар оролцов.  

                   ТОДОРХОЙЛОХ нь:

                                                   

  Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.Н миний бие анх 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдөр “Ж.Д” ХХК-д няраваар ажил орж, улмаар компанийн захиргаанаас 2017 онд ахлах няраваар томилон ажиллуулсан.

Миний бие тус компанид ажил орсноосоо ямар нэгэн ээлжийн амралт авч байгаагүй бөгөөд 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр компанийнхаа удирдлагад 10 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн ээлжийн амралтыг хуульд заасан хугацаагаар авч, амралт дууссаны дараагийн хоногоос эхлэн урт хугацааны чөлөөг 2019 оны 01 дүгээр асрын 31-ний өдрийг хүртэл авах хүсэлтдээ байгаагаа удирдлагадаа хэлсэн. Эл хугацаанд аяллын журмаар БНСУ-руу аялаад ирэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн билээ.

Удирдлагаас энэхүү хүсэлдээ бичгээр гаргаад шийдвэрлүүл гэхэд миний бие Хүний нөөцийн албанд өргөдөл гаргаж, захирлаас “А.Нгийн хүсэлтийг үндэслэн журмын дагуу ажил хүлээлцэхийг ...” үүргийг Хүний нөөцөд даалгасан.

Миний бие 2018 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүртэл ажиллаж байгаад 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр БНСУ-руу ниссэн. Гэтэл 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Захирлын №18/02/60 тушаалаар: “...Адъяа овогтой Нг 2018 оны 11 дүгээр сарын 8-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 2-ны өдрийг хүртэл ажлын 47 /дөчин долоон/ хоногийн цалингүй чөлөө...”-г олгохоор тушаасан байна. Компаниас захиргаанаас энэхүү тушаалыг надад танилцуулаагүй 47 хоногийн чөлөө олголоо, 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр ажилдаа эргэж opox ёстой гэсэн ямар нэгэн тушаал, шийдвэр гарсанаа мэдэгдээгүй. 2018 оны 10 дугаар сарын 14-ний өдөр би Хүний нөөцөөс хүсэлтийг шийдвэрлэсэн захирлын тушаал гарсан эсэхийг асуухад тушаал гараагүй байгаа та маргаашнаас амралтаа аваад явж болно гэсэн.

Ингээд би 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр БНСУ-руу яваад 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр буцаж ирчээд 14 өдөр ажил дээрээ очиход Таныг ажлаас чөлөөлсөн гээд “Хөдөлмөрийн гэрээг цуцлан, ажлаас халах тухай” захирлын тушаалыг “Урт хугацааны чөлөө олгох тухай” захирлын тушаалын хамт надад гардуулсан.

Иймд, намайг урьд нь эрхлэж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагчид даалгаж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

  

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч А.Н нь “Ж.Д” ХХК-ийн Захиргаа, хүний нөөцийн албанд 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр бичгээр гарган өргөдөлдөө “... БНСУ-руу 3 сарын аялалын виз гарсан байна. Иймд 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн ээлжийн амралтаа авч, 2019 оны 01 дүгээр cap хүртэл чөлөө авах хүсэлтэй байгаа тул хүсэлтийг хүлээн авна уу” гэж хүссэний дагуу 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн ажлын 18 хоногийн ээлжийн амралт буюу 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл биеэр эдэлж, уг хугацаанаас хойш 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл ажлын 47 хоногийн урт хугацааны чөлөөг цалингүй байхаар шийдвэрлэсэн ба уг урт хугацааны чөлөөг олгохдоо “Ж.Д” ХХК-ийн Гүйцэтгэх захиралын 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 18/02/60 тоот тушаал гарсан байдаг. Уг тушаалыг танилцуулах гэтэл Нэхэмжлэгч А.Нтэй холбоо барих ямар ч боломжгүй байсан ба Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 16-р хороо, тайнь 5 гудамж, 142-46 тоот хаягт очиход эзгүй байсан тул тушаалыг танилцуулах боломжгүй байсан. Мөн нэхэмжлэгч А.Нд ажлын 47 хоногийн урт хугацааны чөлөө нь 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр дуусах ёстой байсан боловч уг хугацаанд “Ж.Д” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 18/02/138 тоот “Шинэ жилийн баярын өдрүүдэд ажиллах, амрах тухай” тушаалаар нэхэмжлэгчийн харьяа алба болох Бараа бэлтгэлийн албаны нийт ажилчдыг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл амраахаар тушаасан байдаг. Уг 18/02/138 тоот тушаалын дагуу амраах хугацаа дуусгавар болж 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр ажилдаа орох ёстой байсан боловч 3 өдрийн ажил тасалсан гэж үзэн “Ж.Д” ХХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 3 дугаар зүйлийн 3.5.5-д заасны дагуу хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан гэж үзэн Хөдөлмөрийн гэрээг цуцлан, ажлаас халах тухай 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Гүйцэтгэх захиралын A19-04 тоот тушаалаар халсан. Гэтэл нэхэмжлэгч А.Н нь 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр ажилдаа буцаж орох тухай мэдэгдсэн нь “Ж.Д” ХХК-ийн Хөдөлмөрийн дотоод журам болон гүйцэтгэх захирлын 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 18/02/60 тоот тушаалд заасан хугацааг үндэслэлгүйгээр хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Мөн нэхэмжлэгч А.Н нь “Ж.Д” ХХК-ийн Захиргаа, хүний нөөцийн албанд 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр бичгээр гарган өргөдөлдөө аялалаар явах тухай дурьдсан боловч дээр дурьдсан чөлөөний хугацаанд Бүгд Найрамдах Солонгос Улсад гэрээт ажилтанаар ажиллаад ирсэн нь нотлогдсон байдаг.  Иймд нэхэмжлэгч А.Нгийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

             ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А.Н нь хариуцагч “Ж.Д” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах тухай гомдлын шаардлага гаргасан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т “Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь “Ж.Д” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн А19-04 дугаартай “Хөдөлмөрийн гэрээг цуцлан, ажлаас халах” тухай тушаалыг хүлээн авч, хуульд заасан хугацааны дотор шүүхэд нэхэмжлэлээ гаргасан байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлээ дэмжиж түүний ажлаас чөлөөлсөн “Ж.Д” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн А19-04 дугаартай тушаал нь хууль бус гэж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, “Ж.Д” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 18/02/60 дугаар тушаалаар ажилтанд урт хугацааны чөлөө олгосон боловч чөлөөний хугацаа өнгөрснөөс хойш хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3 хоног ажил тасалсан тул “Ж.Д” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн А19-04 дугаартай тушаал хууль зүйн үндэслэлтэй гэж мэтгэлцсэн.

Ажил олгогч нь ажилтан А.Нг тус компаний ахлах нярваар томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн хөлс төлж байсан байна. /х.х-ийн 5-7 дахь талд/

“Ж.Д” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн А19-04 дугаартай “Хөдөлмөрийн гэрээг цуцлан, ажлаас халах” тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, “Компанийн хөдөлмөрийн дотоод журам”-ын 3 дугаар зүйлийн 3.5.5, 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн гүйцэтгэх захирлын 18/02/60 тоот тушаалыг тус тус үндэслэн А.Нтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас нь халсан байх ба энэхүү үйл баримтын талаар талууд маргахгүй байна. /х.х-ийн 10 дахь талд/

Нэхэмжлэгч А.Н нь 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ажил олгогч байгуулагын удирдлагад хандан БНСУ-ын 3 сарын аяллын виз гарсан тул 2018.10.12-ноос ээлжийн амралтаа авч 2019.01 дүгээр сар хүртэл чөлөө авах тухай хүсэлт гаргасныг ажил олгогчийн зүгээс зөвшөөрсөн болох нь зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдсон.

Ажил олгогчийн зүгээс тус хүсэлтийг үндэслэн 2018 оны 10 дугаар сарын 15-ны 18/02/60 дугаар “Урт хугацааны чөлөө олгох тухай” тушаалаар А.Нд 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл ажлын 47 хоногийн цалингүй чөлөө олгожээ.

Мөн “Ж.Д” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 18/02/138 дугаар “Шинэ жилийн баярын өдрүүдэд ажиллах, амрах” тухай тушаалаар “Бараа бэлтгэлийн алба, ... нийт ажилчдыг 2019 оны 01 дүгээр сарын 1-ний өдрөөс 2019 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийг дуустал амраахаар шийдвэрлэсэн байх ба уг хугацаанд нэхэмжлэгчийн эрхлэх ажил үүрэг хамаарч байна. /х.х-ийн 22 дахь талд/

Ажил олгогч нь ажилтанд олгосон чөлөөний хугацаа уг тушаал гарсантай холбоотойгоор 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл сунгагдсан боловч тус өдрөөс хойш ажилтан нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр чөлөөний хугацааг 3 ба түүнээс дээш хоног хэтрүүлж, ажил тасалсан үндэслэлээр ажилтаныг ажлаас чөлөөлжээ.

Нэхэмжлэгч нь 2018 оны 10 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл ажлаа хийж байгаад 10 дугаар сарын 15-ны өдөр БНСУ-руу зорчиж, 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр буцаж ирээд 01 дүгээр сарын 14-ний өдөр ажилдаа орохоор очиход ажлаас халсан тушаал танилцуулсан, өмнөх чөлөө олгосон тушаалтай танилцаагүй тул 10 дугаар сарын 14-ний өдрөөс 01 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл 3 сарын чөлөө олгосон гэж ойлгосон тул тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарласан.

Хариуцагч нь ажилтан өөрийн хүсэлтдээ 2019 оны 01 дүгээр сарыг хүртэл чөлөө хүссэн тул хүсэлтийн дагуу чөлөө олгосон бөгөөд энэ талаар гарсан тушаалыг танилцуулахаар утсаар нь удаа дараа залгасан боловч холбогдож чадаагүй гэж татгалзалын үндэслэлээ тайлбарлан мэтгэлцсэн.

Хөдөлмөрийн тухай хуулийн зорилт нь хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр үүссэн хөдөлмөрийн харилцаанд оролцогч ажилтан, ажил олгогчийн эрх, үүргийг зохицуулах бөгөөд ажилтаны ажил үүрэгтэй холбоотой гаргасан тушаал шийдвэрээ мэдэгдэж, танилцуулах үүргийг ажил олгогч тал хүлээнэ

Хэдийгээр, нэхэмжлэгч хүсэлтдээ 2019 оны 01 дүгээр сарыг хүртэл чөлөө олгохыг хүссэн байх боловч уг хугацаагаар эсхүл өөр хугацаагаар чөлөө олгосон эсэх талаарх аливаа тушаал шийдвэрээ ажилтанд танилцуулж мэдэгдээгүй байх тул ажилтан өөрийн буруугаас ажил олгогчоос олгосон чөлөөний хугацааг хэтрүүлсэн гэж үзэх боломжгүй юм.

Өөрөөр хэлбэл, ажил олгогчоос гаргасан ажилтанд чөлөө олгох болон баярын өдрүүдэд амрах асуудлыг шийдвэрлэсэн тушаалтай ажилтан танилцаагүй улмаас 2018 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 3 сарын хугацааг тооцон 2019 оны 01 дүгээр сарын 14-ний ажилдаа орохоор тооцолсон гэх нэхэмжлэгчийн тайлбарыг буруутгах үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тушаал хууль зүйн үндэслэлгүй байх тул А.Нг “Ж.Д” ХХК-ийн бараа бэлтгэлийн албаны ахлах няравын үүрэгт ажил албан тушаалд эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж үзэв.

Ийнхүү нэхэмжлэгч Б.Нг ажлаас чөлөөлсөн тушаал хууль зүйн үндэслэлгүй байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар түүний ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн 8, 9, 10 дугаар сарын дундаж 864,814 төгрөгөөр нэг сарын цалинг тодорхойлон, ажилгүй байсан /2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 18-ний өдрийг дуустал/ 1 сар 2 хоногийн цалин хөлстэй тэнцэх олговорт 943,433 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар ажил олгогч болон ажилтан нь нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй тул ажил олгогч нь Б.Нд ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт төгрөгийг олгохдоо нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хасч тооцох, мөн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэв.

Хавтаст хэргийн 8-11 дэх талд авагдсан баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй боловч талууд уг үйл баримтад маргаагүй, энэ талаар ямар нэг хүсэлтийг шүүхэд гаргаагүй болохыг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

                                                                                                        ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан А.Нг “Ж.Д” ХХК-ийн бараа бэлтгэлийн албаны ахлах няравын ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт хариуцагч “Ж.Д” ХХК-иас 943,433 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А.Нд олгосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Нгийн болон хариуцагчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг Нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг харицагч “Ж.Д” ХХК -д даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс хуулийн дагуу чөлөөлөгддөг болохыг дурдаж, улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч А.Нд, хариуцагч Жавхлант дистрибюшн” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 27,192 төгрөгийг гаргуулж, улсын төсвийн орлогод оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Л.ЭНХЖАРГАЛ