Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 183/ШШ2022/01020

 

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 04 сарын 12 өдөр Дугаар 183/ШШ2022/01020 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 0 дугаар багт байрлах, Ц ХХК /РД:0000000/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 00 дугаар хороо, Виктория хотхон, 000-0 тоот хаягт байрлах, Ө ХХК /РД:000000/-д холбогдох,

 

Гүйцэтгээгүй ажлын санхүүжилт 14 581 255 төгрөг, алданги 26 904 496 төгрөг нийт 41 485 751 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Б, хариуцагчийн өмгөөлөгч Л.О, нарийн бичгийн дарга Б.С нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...манай компани 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Ө ХХК-тай Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төмөр бетон баганатай, бут бетон шугаман суурьтай, машин засварын нүхэн тоноглолын хэсэгтэй 15*36*4 метрийн харьцаатай барилга бариулахаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Гэрээний хугацаанд ажлын хөлсөнд бараа материал болон мөнгөөр нийт 58 450 000 төгрөгийг хариуцагчид өгсөн. Гэтэл барилгын ажлыг гүйцэтгэж дуусаагүй орхин явсан. Манай компани дахин хөрөнгө гарган барьж дуусгасан байдаг. Анх шүүхэд 81 732 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээчийн дүгнэлт гарсантай холбоотойгоор нэхэмжлэлийн шаардлагаа 40 246 249 төгрөгөөр багасгаж, гүйцэтгээгүй ажлын санхүүжилт 14 581 255 төгрөг, алданги 26 904 496 төгрөг, нийт 41 485 751 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардаж байгаа. Шинжээч Д ХХК-ийн 2022.02.28-ны өдөр гаргасан дүгнэлтийн дагуу нэхэмжлэлийн үнийн дүнг шинэчлэн тооцож, үүнтэй холбогдох зарим тайлбарыг гаргаж байна. Үүнд өмнөх шинжээч Тэргүүлэх төсөвчин С.С нарын ажлын гүйцэтгэлийн Төсөвт өртгийн нэгдсэн товчоо-ны нийт дүн 55 693 496 төгрөгийн өртөг бүхий бүрэн төсөв хийснийг тооцох нь зүйтэй гэж үзсэн байх тул энэ өмнөх шинжээчийн тогтоосон үнэлгээнд тулгуурлаж, үндэслэж нэхэмжлэлийн шаардлага тодорхойлох нь зүйтэй гэж үзэж байна. Гэтэл шүүгчийн захирамжид 5 төрлийн ажилбарын материалын үнэ, тээврийн зардал, ажлын хөлс зэргийн шууд зардал буюу түүний үнэлгээг тогтоох тухай тусгасан ба харин бүрэн хэмжээний өртгийн төсөв зохиох тухай заагаагүй байна. Төсөвт өртгийн нэгдсэн товчооны 1-4 дугаарын буюу шүүгчийн захирамжид заасан 5 төрлийн ажилбарын материалын үнэ, тээврийн зардал, ажлын хөлс, шинжээч нэмэлтээр холбогдох машин ашиглалт зэрэг шууд зардлын дүн 41 113 269 төгрөгөөр үнэлж тогтоосон байна. Эндээс 5-13 дугаарын буюу бусад 9 төрлийн зардлыг тооцохыг захирамжид заагаагүй байх тул эдгээр төрлийн зардлын дүн 14 580 227 төгрөг нь өртгийн төсвийн бусад зардлын бүрэлдэхүүн хэсэг байх тул хасагдах журамтай гэж үзэж байна. Ажил гүйцэтгэх 2018.03.14-ний өдрийн гэрээнд тооцооны шууд зардлаас бусад буюу өртгийн төсвийн бүрэлдэхүүн хэсэг 9 төрлийн зардлыг бүхэлд нь гэрээний нийт дүн 92 000 000 төгрөгт оруулан тооцож гэрээ байгуулсан байгаа. Нэхэмжлэлийн үнийн дүнг шинэчлэн тооцвол: Захиалагч Ц ХХК-иас гүйцэтгэгч Ө ХХК-д олгосон санхүүжилт: Урьдчилгаа 20 000 000 төгрөг, явц дундаа олгосон 28 450 000 төгрөг, Тээврийн зардал 1 400 000 төгрөг, тээврийн зардал 2 922 262 төгрөг, нийт 52 772 262 төгрөг, шинжээчийн үнэлгээний суурийн ажлын 1-4025 дугаарын цементийн үнэ 1 232 082 төгрөг, тээврийн зардал 2 922 262 төгрөг тус тус бүгд 4 153 344 төгрөг байна. Эндээс тээврийн зардал 2 922 262 төгрөг нь шинжээчийн дүгнэлтийн шууд зардлын тооцооны дүн 41 113 269 төгрөгөөс хасагдах журамтай бөгөөд шууд зардлын бодит дүн 38 191 007 төгрөг байна. Учир нь цемент Баян-Өлгий аймгаас авагдсан байх тул энд Улаанбаатарын нөхцөлөөр 1636 км-ээр авч тээврийн зардлыг тооцсон байна. Эндээс бүгд санхүүжилт 52 772 262 төгрөг, шинжээчийн төсөвт өртгийн нэгдсэн товчооны 1-4 дугаарын буюу шүүгчийн захирамжид заасан материалын үнэ, тээврийн зардал, ажлын хөлс, шинжээч нэмэлтээр холбогдох машин ашиглалт зэрэг 5 төрлийн ажилбарын тогтоосон үнэлгээ бөгөөд шууд зардлын бодит дүн 38 191 007 төгрөг тус тус гэвэл эндээс үлдсэн санхүүжилт 14 581 255 төгрөгийн ажил хийгдээгүй бөгөөд энэ нь гүйцэтгээгүй ажлын буюу гэрээний үүргийн санхүүжилт байна. Гэрээний 3 дугаар зүйлийн 3.2 дэх заалтыг үндэслэн 2018.06.10-ны өдрийн гэрээний шинэчилсэн нэмэлтэд тусгасан гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 53 808 993 төгрөг буюу 100% гэвэл үүний 0,5% нь ажлыг 147 хоног хожимдуулсан ба 39 549 468 төгрөгийн алданги болж байна. Шинжээч "Д"ХХК-ны 2022.02.28-ний өдрийн үнэлгээний тайлангийн нэмэлт тайлбарт дурдсан ханны 1 679 142 төгрөг, яам, шалны бетон цутгалтын 928 872 төгрөг, нийт 2 605 014 төгрөгийг тооцох боломжгүй гэж үзэж байна. Блокон хананы өрлөг, засварын яам нүх болон бетон шалны цутгалтыг Ц ХХК-ны ажилчид өөрсдөө хийсэн ба энэ тухай фото зургийг нотлох баримтаар, мөн тайлбараа шинжээч Д" ХХК-д 2022.02.16-ны өдөр Монгол шуудан-гаар хүргүүлсэн боловч шинжээч шүүгчийн захирамжийг зөрчиж нэмэлт дүгнэлт гаргаж өгсөн. Мөн тус шүүхийн 2020.09.17-ны өдрийн 12995 дугаар шүүгчийн захирамжийн дагуу шинжээчийн үйл ажиллагааны зайлшгүй зардлыг нэхэмжлэгч урьдчилан төлсөн учраас тус холбогдох зардлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Манай компани гэрээний дагуу сууриа тавиад, шал, яамк цутгаад, карказаа угсраад, цутгаад, блокоо өрөөд сэндвичээ угсрахаас бусад бүх ажлыг 100 хувь дуусгаад бүх багажуудаа үлдээгээд 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр буцаж ирцгээсэн. 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Баян-Өлгий аймаг ороод 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр гэхэд ачаагаа буулгаад сууриа тавих үед анхны 20 000 000 төгрөгийг өгсөн. Улаанбаатарт байхад 30 000 000 төгрөг өгнө гэсэн боловч очсоны дараа 20 000 000 төгрөгийг өгсөн. Үүнээс хойш 20 хоногийн дотор аяган суурь, шугаман суурь, хаалгануудыг босгож, карказуудын мөн босгосон. Нийт 48 000 000 төгрөгийг аваад 2018 оны 4 дүгээр сарын 24-ны өдөр би Улаанбаатарт буцаж ирсний дараа ажлыг зогсоосон. Яагаад гэвэл мөнгөгүй болоод сэндвичээ аваачиж өгч чадаагүй. 2018 оны 7 дугаар сарын 01-ны өдөр А.АТэй уулзаад нэмэлт гэрээ хийхдээ надад мөнгө алга манай байрыг барьцаалаад Сэндвичээ авчих тэгээд очоод угсраад өгье гэтэл үгүй гэхээр нь больё гээд бүр орхисон. Шалыг нэхэмжлэгч компани хийсэн гэдэг би 4 машин хайрга 250 000 төгрөгөөр авсан, 1 хово хайрга 500 000 төгрөгөөр тус тус аваад хайрганы 3 500 000 төгрөгийг төлсөн. Манай 5 ажилчин өөрсдөө тэргээр шороо зөөсөн. Шавар зуурах машиныг А.А 3 хоногийн дараа авчирч өгсөн. Манай үлдээсэн багажуудыг одоо болтол өгөөгүй байгаа. Ажлыг дутуу үлдээсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа боловч надаас 60 000 000 төгрөгийн зардал гарсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч: Манай үйлчлүүлэгч өөрөөсөө гарах бүх боломжийг гаргасан. Бүр болохгүй бол өөрийнхөө байрыг барьцаалаад сэндвичний мөнгийг шийдэж өгье гэж хүсэлт гаргасан боловч хүлээж аваагүй. Мөн тооцоо нийлсэн акт байхгүй юм байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчээс хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2018.03.14-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээ, 2018.03.14-ний гэрээний нэмэлт тодотгол гэх баримт, 2018.11.29-ний өдрийн ажлын хөлсний баримт, Г овогтой Дийн Хаан банк дахь 0000000000 дансны 2 хуудас хуулга, 2018.11.23-ний 755 дугаар шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол, 2018.11.29-ний өдрийн 18/01 дугаар шинжээчийн үнэлгээ, Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт, Капитрон банкны төлбөрийн баримт, А.Аийн Хаан банк дахь 0000000000 дансны хуулга 6 хуудас баримт, гражийн барилга дээр ажилласан Ц ХХК-ийн ажилчид гэх 3 хуудас фото зураг эдгээр баримтуудыг шүүхэд нотлох баримтаар гаргасан. Ш.Бийн мэдүүлгээр гаргаж өгсөн зардлын тооцоо, Ш.Бийн иргэний үнэмлэхийн лавлагаа, хавтаст хэргийн 16-30 дугаар талд авагдсан гэрч, хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл эдгээр баримтууд нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болоогүй болно.

Хариуцагчаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, ажлын явцыг буулгасан фото зураг, эдгээр баримтын нотлох баримаар гаргаж өгсөн. Ц ХХК-ийн гаржийн барилгын гүйцэтгэл гэх баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болоогүй.

Шүүх зохигчдын хүсэлтээр шинжээч томилж, дүгнэлт гаргуулсан байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ц ХХК нь хариуцагч Ө ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 81 732 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагаа багасан 41 485 751 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хангах үндэслэлгүй байна.

 

2. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ...ажил гүйцэтгэх гэрээний дагуу хариуцагчид ажлын хөлс 52 772 262 төгрөгийг өгсөн боловч ажлаа дуусгалгүй орхин явсан. Барилгын ажлыг өөрсдөө дуусгасан. Хариуцагчаас гүйцэтгээгүй ажлын санхүүжилт болох 14 581 255 төгрөгийг, гэрээнд зааснаар алданги 26 904 496 төгрөг, нийт 41 485 751 төгрөгийг гаргуулна... гэж тайлбарлав.

 

3. Хариуцагч ...гэрээний дагуу сууриа тавиад, шал, яамк цутгаад, карказ угсрах, цутгах, блокоо өрөх ажлыг 60 000 000 төгрөгийн зардал гарган хийж гүйцэтгэсэн. Сэндвич авах мөнгөгүй байгаагаа нэхэмжлэгчид хэлсэн. Гэрээний дагуу надад өгөх мөнгөнөөсөө сэндвичээ авчих, эсхүл миний байрыг барьцаанд тавиад авчих гэж өөрт байгаа боломжуудаа хэлсэн боловч хүлээж аваагүй тул ажлыг дутуу үлдээж явсан... гэх үндэслэлээр нэхэмжлэлийг үгүйсгэсэн.

 

4. Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Талуудын хооронд 2018 оны 03 сарын 14-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр гүйцэтгэгч буюу Ө ХХК нь захиалагч Ц ХХК-ийн эзэмшлийн газар дээр түүний даалгаврын дагуу 15*36-тай 4 метрийн өндөртэй сэндвичэн барилгыг иж бүрнээр нь /2 том хаалга, цонх, голын тасалгаа, 1 ш ямка, доороо 1 метрийн өргөнтэй, цутгамал шалтай, сэндвичийн зузаан 15 см, хөөсний нягт 14 кг.см3, төмөр 04, 05 байна. Карказ төмөр байна./ барих ажлыг 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн хооронд хийж гүйцэтгэхээр, ажлын хөлс 92 000 000 төгрөгөөр тохирч, ажлын хөлсний урьдчилгаа 30 000 000 төгрөг, барилгын ажлын явцад 20 000 000 төгрөг, ажил дуусахад 42 000 000 төгрөгийг тус тус төлөхөөр харилцан тохирч, эрх бүхий этгээдүүд гарын үсэг зурж, тамга тэмдгээр баталгаажуулжээ.

 

Үүний дараа 2018 оны 6 дугаар сарын 10-ны өдөр гэрээний нэмэлт тодотгол гэх баримт үйлдэн, дээрх гэрээний хугацааг 2018 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл сунгаж, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд алданги тооцох нөхцөлийг тохирч гүйцэтгэгчийг төлөөлж Ш.Б, захиалагчийг төлөөлж Г.Д нар нарын үсэг зурсан. Захиалагч Ц ХХК-ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь А.А болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.3-т зааснаар хэлцлийг төлөөлөгчөөр дамжуулан хийж болох талаар зохицуулсан, мөн төлөөлөх бүрэн эрхгүй этгээд бусдын нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй дур мэдэн хэлцэл хийсэн гэж үзвэл Иргэний хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д төлөөлүүлсэн этгээд маргаагүй бол хүчин төгөлдөр байхаар хуульчилсан тул талуудын хооронд байгуулсан дээрх, нэмэлт тохиролцоо нь гэрээ хүчин төгөлдөр, эрх зүйн харилцааны хувьд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаанд хамаарна гэж үзэв.

 

Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг.

 

Нэхэмжлэгчээс ажлын хөлс 48 450 000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн болох нь Г.Дгийн Хаан банкны дансны хуулга болон Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт, Капитрон банкны төлбөрийн баримтаар тогтоогддог бөгөөд тээврийн зардал 4 322 262 төгрөгийг ажлын хөлсөнд тооцон шилжүүлсэн гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч үгүйсгээгүй тул хариуцагч ажлын хөлсөнд 52 772 262 төгрөгийг авсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Талууд гэрээ цуцлагдаж дуусгавар болсон үйл баримтын талаар талууд маргаагүй. Харин хариуцагчийн гүйцэтгэсэн ажлын хэмжээ, үнэлгээ нь маргааны зүйл болсон.

 

Талуудын хооронд 2018 оны 6 дугаар сарын 10-ны өдөр үйлдсэн гэрээний нэмэлт тодотгол гэх баримтад ... гүйцэтгэсэн ажил каркас төмөр угсрах суурь хийсэн, шал хийсэн, өрлөг өрсөж яамка цутгасан, сэндвичин хавтан угсрах ажил дутуу... болохыг тодорхойлж, гарын үсгээр баталгаажуулсан байна. /хх-8/

 

Дээрх баримтаар нэхэмжлэгчийн ...шал болон яамка цутгалтын ажлыг хариуцагч хийж гүйцэтгээгүй. Манай компанийн ажилчид өөрсдөө хийсэн... гэх тайлбар үгүйсгэгдэж байх ба гүйцэтгэгч буюу хариуцагч Ө ХХК нь дээрх баримтад дурдагдсан ажлуудыг хийж гүйцэтгэсэн, ажлын үр дүнг захиалагч буюу нэхэмжлэгч Ц ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн болох нь тогтоогдож байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрээт ажилд зарцуулагдсан материалын үнэ болон ажлын хөлсний зардлын үнэлгээг тогтоолгохоор Барилгын төсөвчдийн холбоог шинжээчээр томилсон ба 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдөр шинжээчийн дүгнэлтэд ...барилгын каркас төмрийн үнэ, угсарч суурилуулах ажлын үнэлгээ, тээврийн зардал, суурийн ажлыг гүйцэтгэсэн ажлын хөлс, материалын үнэлгээг 55 693 496 төгрөг болж байна... гэснийг хариуцагч үнэлгээг үндэслэлгүй, үнэн зөв болох нь эргэлзээтэй, хийж гүйцэтгэсэн шал болон яамк цутгалтын ажлын үнэлгээг оруулаагүй гэж маргаснаар шүүх дахин шинжилгээ хийлгэхээр Д ХХК-ийг шинжээчээр томилсон бөгөөд уг шинжээчийн дүгнэлтээр ...каркас төмрийн үнийг, тээврийн зардлыг, каркас төмрийг суурилуулах ажлын хөлсийг, каркас төмөр суурийн ажлыг хийхэд гарах материал болон ажлын хөлс, шал, болокон хана, засварын яамк хийсэн материалын зардал, ажлын хөлсний тооцоход нийт 60 739 368 төгрөг болж байна... гэжээ.

 

Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1, 221.2-т хүндэтгэн үзэх үндэслэл байвал урт хугацаатай гэрээг талууд гэрээ дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзаж болно. Талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүднээс гэрээний хугацааг үргэлжлүүлэх, сунгахыг шаардах боломжгүй нөхцөл байдлыг хүндэтгэн үзэх үндэслэл гэж үзнэ. гэж заасан ба талуудын хороонд байгуулагдсан гэрээ нь хариуцагч буюу гүйцэтгэгчийн санхүүгийн нөхцөл байдлаас шалтгаалан гүйцэтгээгүй үүргийн хүрээнд цуцлагдсан болох нь зохигчдын тайлбар, хэргийн үйл баримтаар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч хариуцагчаас гүйцэтгээгүй үлдсэн ажлын хөлс 14 581 255 төгрөгийг буцаан гаргуулна гэснийг Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар шаардлага гаргасан гэж үзэхээр байх хэдий ч нэхэмжлэгч нь хариуцагчийн хийж гүйцэтгэсэн ажлыг өөрт ашиггүй гэх үндэслэлээр маргаагүй, хийж гүйцэтгэсэн ажлын үр дүнг нь хийсэн хэмжээгээр нь хүлээн авсан, тухайн ажлын үнэлгээ нь 60 739 368 төгрөг болох нь 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Дельтамон ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.5-т Өөрөө гэм буруугүй, эсхүл хүндэтгэн үзэх онцгой нөхцөл байдал бий болсон бол ажил гүйцэтгэгч энэ хуулийн 355.4-т заасан нөхцөлийг харгалзахгүйгээр гэрээг хэдийд ч цуцлах эрхтэй. Энэ тохиолдолд захиалагчид учруулсан хохирлыг ажил гүйцэтгэгч нөхөн төлөх үүрэг хүлээхгүй, харин гэрээ цуцлахаас өмнө ажил гүйцэтгэгчийн гүйцэтгэсэн ажлын үр дүнд захиалагч ямар нэгэн ашиг сонирхолтой байвал ажил гүйцэтгэгч гүйцэтгэсэн ажлын хөлсөө шаардах эрхтэй. гэж заасан.

 

Иймд хариуцагчаас 14 581 255 төгрөгийг буцаан гаргуулах нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.

 

Талуудын хооронд 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдөр байгуулагдсан гэрээний нэмэлт тодотголд ...ажлаа 2018 оны 7 дугаар сарын 01-нд дуусгаж хүлээлгэн өгөөд үлдэгдэл төлбөрөө хүлээн авна. Хугацаандаа хийж дуусгаагүй тохиолдолд үнийн дүнгийн 0,5 хувиар өдрийн алданги төлнө... гэх тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасантай нийцэхгүй нь дээр талуудын хооронд байгуулагдсан гэрээ цуцлагдсан тул алдангийн талаарх гэрээний тохиролцоо мөн адил цуцлагдана. Иймээс алданги 26 904 496 төгрөг гаргуулах нэхэмжлэгчийн шаардлага үндэслэлгүй.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Ц ХХК-ийн хариуцагч Ө ХХК-д холбогдуулан гаргасан 41 485 751 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэл хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ гэж заасан бөгөөд нэхэмжлэгч шинжээчийн зардал төлсөн болохыг дурдах нь зүйтэй. Нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар улсын орлогод хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.5, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Ц ХХК-ийн хариуцагч Ө ХХК-д холбогдуулан гаргасан 41 485 751 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 566 610 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ