Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2022/01020

 

 

 

 

 

2022 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2022/01020

 

Ц ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Э.Золзаяа, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 183/ШШ2022/01020 дугаар шийдвэртэй

Ц ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Ө ХХК-д холбогдох

Гүйцэтгээгүй ажлын санхүүжилт 14,581,255 төгрөг, алданги 26,904,496 төгрөг нийт 41,485,751 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.аө, хариуцагчийн өмгөөлөгч Л.Ононбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.аөгийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, үндэслэлийн агуулга: Манай компани 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Ө ХХК-тай Ы аймгийн Б суманд төмөр бетон баганатай, бут бетон шугаман суурьтай, машин засварын нүхэн тоноглолын хэсэгтэй 15*36*4 метрийн харьцаатай барилга бариулахаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Гэрээний хугацаанд ажлын хөлсөнд бараа материал болон мөнгөөр нийт 58,450,000 төгрөгийг хариуцагчид өгсөн. Гэтэл барилгын ажлыг гүйцэтгэж дуусаагүй орхин явсан. Манай компани дахин хөрөнгө гарган барьж дуусгасан байдаг. Анх шүүхэд 81,732,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээчийн дүгнэлт гарсантай холбоотойгоор нэхэмжлэлийн шаардлагаа 40,246,249 төгрөгөөр багасгаж, гүйцэтгээгүй ажлын санхүүжилт 14,581,255 төгрөг, алданги 26,904,496 төгрөг, нийт 41,485,751 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардаж байгаа. Шинжээч Дельта-Мон ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр гаргасан дүгнэлтийн дагуу нэхэмжлэлийн үнийн дүнг шинэчлэн тооцож, үүнтэй холбогдох зарим тайлбарыг гаргаж байна. Үүнд өмнөх шинжээч С.Оюунчимэг нарын ажлын гүйцэтгэлийн Төсөвт өртгийн нэгдсэн товчоо-ны нийт дүн 55,693,496 төгрөгийн өртөг бүхий бүрэн төсөв хийснийг тооцох нь зүйтэй гэж үзсэн байх тул өмнөх шинжээчийн тогтоосон үнэлгээнд тулгуурлаж, үндэслэж нэхэмжлэлийн шаардлага тодорхойлж байна. Гэтэл шүүгчийн захирамжид 5 төрлийн ажилбарын материалын үнэ, тээврийн зардал, ажлын хөлс зэргийн шууд зардал буюу түүний үнэлгээг тогтоох тухай тусгасан ба харин бүрэн хэмжээний өртгийн төсөв зохиох тухай заагаагүй байна. Төсөвт өртгийн нэгдсэн товчооны 1-4 дугаарын буюу шүүгчийн захирамжид заасан 5 төрлийн ажилбарын материалын үнэ, тээврийн зардал, ажлын хөлс, шинжээч нэмэлтээр холбогдох машин ашиглалт зэрэг шууд зардлын дүн 41,113,269 төгрөгөөр үнэлж тогтоосон байна. Эндээс 5-13 дугаарын буюу бусад 9 төрлийн зардлыг тооцохыг захирамжид заагаагүй байх тул эдгээр төрлийн зардлын дүн 14,580,227 төгрөг нь өртгийн төсвийн бусад зардлын бүрэлдэхүүн хэсэг байх тул хасагдах журамтай гэж үзэж байна. Ажил гүйцэтгэх 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн гэрээнд тооцооны шууд зардлаас бусад буюу өртгийн төсвийн бүрэлдэхүүн хэсэг 9 төрлийн зардлыг бүхэлд нь гэрээний нийт дүн 92,000,000 төгрөгт оруулан тооцож гэрээ байгуулсан байгаа. Нэхэмжлэлийн үнийн дүнг шинэчлэн тооцвол захиалагч Ц ХХК-иас гүйцэтгэгч Ө ХХК-д олгосон санхүүжилт урьдчилгаа 20,000,000 төгрөг, явц дундаа олгосон 28,450,000 төгрөг, тээврийн зардал 1,400,000 төгрөг, тээврийн зардал 2,922,262 төгрөг, нийт 52,772,262 төгрөг, шинжээчийн үнэлгээний суурийн ажлын 1-4025 дугаарын цементийн үнэ 1,232,082 төгрөг, тээврийн зардал 2,922,262 төгрөг тус тус бүгд 4,153,344 төгрөг байна. Эндээс тээврийн зардал 2,922,262 төгрөг нь шинжээчийн дүгнэлтийн шууд зардлын тооцооны дүн 41,113,269 төгрөгөөс хасагдах журамтай бөгөөд шууд зардлын бодит дүн 38,191,007 төгрөг байна. Эндээс бүгд санхүүжилт 52,772,262 төгрөг, шинжээчийн төсөвт өртгийн нэгдсэн товчооны 1-4 дугаарын буюу шүүгчийн захирамжид заасан материалын үнэ, тээврийн зардал, ажлын хөлс, шинжээч нэмэлтээр холбогдох машин ашиглалт зэрэг 5 төрлийн ажилбарын тогтоосон үнэлгээ бөгөөд шууд зардлын бодит дүн 38,191,007 төгрөг гэвэл эндээс үлдсэн санхүүжилт 14,581,255 төгрөгийн ажил хийгдээгүй бөгөөд энэ нь гүйцэтгээгүй ажлын буюу гэрээний үүргийн санхүүжилт байна. Гэрээний 3 дугаар зүйлийн 3.2 дэх заалтыг үндэслэн 2018 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн гэрээний шинэчилсэн нэмэлтэд тусгасан гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 53,808,993 төгрөг буюу 100% гэвэл үүний 0,5% нь ажлыг 147 хоног хожимдуулсан ба 39,549,468 төгрөгийн алданги болж байна. Мөн тус шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 12995 дугаар шүүгчийн захирамжийн дагуу шинжээчийн үйл ажиллагааны зайлшгүй зардлыг нэхэмжлэгч урьдчилан төлсөн учраас тус холбогдох зардлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Батдэлгэр, түүний өмгөөлөгч Л.Ононбаяр нарын шүүхэд гаргасан тайлбар, татгалзлын агуулга: Манай компани гэрээний дагуу сууриа тавиад, шал, яамк цутгаад, карказаа угсраад, цутгаад, блокоо өрөөд сэндвичээ угсрахаас бусад бүх ажлыг 100 хувь дуусгаад бүх багажуудаа үлдээгээд 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр буцаж ирцгээсэн. 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Ы аймаг ороод 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр гэхэд ачаагаа буулгаад сууриа тавих үед анхны 20,000,000 төгрөгийг өгсөн. Улаанбаатарт байхад 30,000,000 төгрөг өгнө гэсэн боловч очсоны дараа 20,000,000 төгрөгийг өгсөн. Үүнээс хойш 20 хоногийн дотор аяган суурь, шугаман суурь, хаалгануудыг босгож, карказуудын мөн босгосон. Нийт 48,000,000 төгрөгийг аваад 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр би Улаанбаатарт буцаж ирсний дараа ажлыг зогсоосон. Яагаад гэвэл мөнгөгүй болоод сэндвичээ аваачиж өгч чадаагүй. 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдөр А.Асылбектэй уулзаад нэмэлт гэрээ хийхдээ надад мөнгө алга манай байрыг барьцаалаад сэндвичээ авчих тэгээд очоод угсраад өгье гэтэл үгүй гэхээр нь больё гээд бүр орхисон. Шалыг нэхэмжлэгч компани хийсэн гэдэг би 4 машин хайрга 250,000 төгрөгөөр авсан, 1 хово хайрга 500,000 төгрөгөөр тус тус аваад хайрганы 3,500,000 төгрөгийг төлсөн. Манай 5 ажилчин өөрсдөө тэргээр шороо зөөсөн. Шавар зуурах машиныг А.Асылбек 3 хоногийн дараа авчирч өгсөн. Манай үлдээсэн багажуудыг одоо болтол өгөөгүй байгаа. Ажлыг дутуу үлдээсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа боловч надаас 60,000,000 төгрөгийн зардал гарсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.5, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Ц ХХК-ийн хариуцагч Ө ХХК-д холбогдуулан гаргасан 41,485,751 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 566,610 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.аөгийн давж заалдах гомдлын агуулга: ... Шинжээч Дельта-Мон ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр гаргасан дүгнэлтэд ...нийт дүн 55,693,496 төгрөгийн өртөг бүхий бүрэн төсөв хийснийг тооцох нь зүйтэй гэж үзсэн сүүлчийн буюу 3 дахь удаагийн томилсон шинжээчийн дүгнэлтийг хэрэглээгүй. Ш.Батдэлгэрийн Грашын барилгын гүйцэтгэл 60,377,500 төгрөг-ийг нотлох баримтын шаардлага хангаагүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэж нотлох баримтад тооцоогүй мөртлөө эргэж үндэслэх хэсгийн 3-д нэхэмжлэлийг үгүйсгэсэн гэж нотлох баримтаар тооцож, үнэлсэн байна. Захирамжлах хэсгийн 5-д нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн шинжээчийн зардлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг үндэслэн шүүхээс зохигчид хувь тэнцүүлэн хуваарилахаар шийдвэрлэсэн хэдий ч биелэгдээгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар гүйцэтгэсэн шинжээчийн ажлын хөлсийг хүсэлт гаргасан хариуцагч Ө ХХК-аар урьдчилан төлүүлэхээр шийдвэрлэсэн ч нэхэмжлэгчийн гаргасан шинжээчийн 1,901,700 төгрөгийн хөлсийг хариуцагчаас нөхөн гаргаж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлээгүй. Мөн шүүх хуралдаанд Ш.Батдэлгэр өөрийн утсанд байгаа блокон хананы өрлөг, засварын яам нүх болон бетон шалны цутгалтын зурганд үзлэг хийлгэх тухай гаргасан хүсэлтийг шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 183/Ш32020/14130 дугаар шүүгчийн захирамжийн тодорхойлох хэсгийн 2-т Үзлэг хийлгэх хүсэлтийг хангахгүй орхисугай гэж шийдвэрлэсэн байх тул шинжээч Дельта-Мон ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 28-ний өдрийн үнэлгээний тайлангийн нэмэлт тайлбарт дурдсан Ханны 1,679,142 төгрөг, яам, шалны бетон цутгалтын 928,872 тус тус бүгд 2,605,014 төгрөг-ийг тооцох боломжгүй гэж үзэж байна. Шийдвэрийн үндэслэх хэсэгт Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1, 221.2, 355 дугаар зүйлийн 355.5 дахь хэсэгт заасныг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Ш.Батдэлгэр гэм буруугүй, эсхүл хүндэтгэн үзэх үндэслэл, мөн хүндэтгэн үзэх онцгой нөхцөл байдал бий болсон байдлаа нотлоогүй бөгөөд анх цахим сүлжээнд зар тавихдаа, гэрээ хийхдээ надад бэлэн карказ төмөр байгаа учраас ажлын санхүүжилт урьдчилгаа 30,000,000 төгрөг, явц дундаа 20,000,000 төгрөг ажил дуусаад 42,000,000 төгрөг тус тус бүгд 92,000,000 төгрөгөөр гэрээ хийсэн байна. Гүйцэтгэгчид урьдчилгаа, явцын гэж бүгд 48,450,000 төгрөгийн санхүүжилтийг гэрээний дагуу олгосон байна. Тиймээс хариуцагч Ш.Батдэлгэрийн санхүүжилт хүрэлцээгүйн улмаас ажлаа орхиж явсан учраас гэрээ цуцлагдах нөхцөл, байдал үүсээгүй бөгөөд энэ талаарх тайлбар үндэслэлгүй байна. Шүүх хуралдаанд гаргасан бичгийн хэлбэрийн нэхэмжлэгчийн дэлгэрэнгүй 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 20/03 дугаарын тайлбарыг шүүхийн шийдвэрт бүрэн эхээр нь тусгаагүй хагасыг нь бичсэний улмаас тайлбарыг дутуу үнэлэх, шүүхийн шийдвэр гарах, дүгнэх, түүний бичилтийг ойлгоход сөрөг нөлөө үзүүлж, тодорхой бус үл ойлгогдох зэргээр будлиулахад хүргэсэн байна. Хариуцагчаас дахин шинжээч томилуулах тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн тус шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 14130 дугаар шүүгчийн захирамжаар томилсон Дельта-Мон ХХК-ийн шинжээчээс шүүхэд гаргаж өгсөнтэй адилтган үзэж зөвшөөрсөн шинжээч С.Оюунчимэг нарын ажлын тоо, хэмжээ, төрөл зүйл болон гаргасан дүгнэлтийг хэвээр нь хадгалсан зэргийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд огт хамруулаагүй орхигдуулсан зэргээр шүүх өөрийнхөө гаргасан удаа дараагийн захирамжуудаа өөрөө эс биелүүлж, өөрөөр хэлбэл захирамжуудынхаа эсрэг, тэдгээрийг үгүйсгэж шүүхийн шийдвэр гаргасан гэж үзэж байна. Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримт, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай баримтат мэдээллийг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзээгүй, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37, 40 дүгээр зүйлийг зөрчсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5. дэх заалтын дагуу гаргасан 41,485,751 төгрөгийн нэхэмжлэлийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5. Хариуцагчийн өмгөөлөгч Л.Ононбаярын давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбарын агуулга: ... Анхан шатны шүүх нь нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож зөв шийдвэрлэсэн, хариуцагч Ө ХХК нь дурьдсан бүх ажлаа хийж гүйцэтгэсэн үр дүнгээ захиалагч болох Ц ХХК-ний өмчлөлд шилжүүлсэн нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурьдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянав.

2. Анхан шатны шүүхийн шийдвэрийг шийдлийн хувьд хэвээр үлдээж, хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

3. Нэхэмжлэгч Ц ХХК нь хариуцагч Ө ХХК-д холбогдуулан гүйцэтгээгүй ажлын санхүүжилт 14,581,255 төгрөг, алданги 26,904,496 төгрөг нийт 41,485,751 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч байгууллага эс зөвшөөрч маргажээ.

 

4. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Ц ХХК нь Ө ХХК-тай 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр Ө ХХК нь Ц ХХК-ийн эзэмшлийн газар дээр 15*36-тай 4 метрийн өндөртэй сэндвичэн барилгыг иж бүрнээр нь барих ажлыг 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн хооронд хийж гүйцэтгэхээр, ажлын хөлс 92,000,000 төгрөг байхаар тохиролцсон байна.

 

5. Зохигчид Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т зааснаар хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан хүчин төгөлдөр гэрээ байх бөгөөд дээрх гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зохигчид маргаагүй. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэжээ.

 

6. Талууд 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан Гэрээний нэмэлт тодотгол-оор ...Ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажил гүйцэтгэсэн ...үлдэгдэл ажлыг хийж дуусгахад сэндвич хавтан худалдан авах тээвэрлэх хүртэл ажилд нийт 40,000,000 хэрэгтэй талаар болон дутуу ажлаа 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдөр дуусгаж хүлээлгэн өгөөд үлдэгдэл төлбөрөө хүлээж авна. Хугацаандаа хийж дуусгаагүй тохиолдолд үнийн дүнгийн 0,5%-иар /өдрийн/ алданги төлнө гэж тусгажээ.

 

7. Хэрэгт авагдсан Г.Бгийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаас үзэхэд 48,450,000 төгрөгийг шилжүүлсэн, мөн хариуцагч тал тээврийн зардал 4,322,262 төгрөгийг ажлын хөлсөнд тооцон шилжүүлсэн гэх тайлбарыг няцааж маргаагүй байх тул нэхэмжлэгч талыг ажлын хөлсөнд 52,772,262 төгрөг шилжүүлж авсан гэж шүүх дүгнэсэн нь буруу биш байна.

 

8. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид хийж гүйцэтгэсэн ажлын үнэлгээний талаар маргаж шүүх 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 183/ШЗ2020/12995 дугаар захирамжаар хангаж Барилгын төсөвчдийн холбоо-г, 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 183/ШЗ23020/14130 дугаар захирамжаар Р ХХК-ийг тус тус шинжээчээр томилжээ.

 

Барилгын төсөвчдийн холбооны 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн дүгнэлтээр ...ажлын гүйцэтгэлийн төсөл хийхэд нийт дүн нь 58,693,496 төгрөг болж байна гэж дүгнэж, Р ХХК-ийн дүгнэлтээр ...ажлын гүйцэтгэлийг 60 739 368 төгрөг болж байна гэсэн байна.

 

9. Анхан шатны шүүх 60,739,368 төгрөг болох нь 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Дельтамон ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэж дүгнэж хариуцагчаас 14,581,255 төгрөгийг буцаан гаргуулах нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

10. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасан.

 

11. Анхан шатны шүүх зохигчдын хооронд байгуулагдсан 2018 оны 03 дугаар сарын 04-ний Гэрээний нэмэлт тодотгол-оор ...хугацаандаа хийж дуусаагүй тохиолдолд үнийн дүнгийн 0,5%-иар /өдрийн/ алданги төлнө. /авсан мөнгөний / гэрээ хийсэн өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс тооцно гэсэн тохиролцоо нь хуулийн дээрх заалттай нийцээгүйгээс гадна анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан гэрээ цуцлагдсан тул алдангийн талаарх гэрээний тохиролцоо мөн адил цуцлагдана гэж дүгнэснийг буруутгах боломжгүй юм.

 

12. Иймд анхан шатны шүүх Ц ХХК-ийн хариуцагч Ө ХХК-д холбогдуулан гаргасан 41,485,751 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

13. Харин анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцаанд хамаарагдах хуулийн заалтыг оновчтой баримтлаагүй байх тул уг заалтыг хассан өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...нэхэмжлэлийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлүүлэх-ээр гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 183/ШШ2022/01020 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...355 дугаар зүйлийн 355.5, гэснийг хасч, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 365,378 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Ц.ИЧИНХОРЛОО