Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 183/ШШ2022/01232

 

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 04 сарын 25 өдөр Дугаар 183/ШШ2022/01232 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Цагааннуур сум, 0 баг, Хуурч 0 гудамж, 00 тоот хаягт оршин суух, М овогт Н С /РД:000000000/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, өөрийн байранд байрлах, АХХК /РД:2111683/-д холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С, Б.Онарийн бичгийн дарга Б.Сарантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Н.С нь АХХК-нд 2014 оноос хойш тасралтгүй ажилласан. Банкны теллерээс эхлээд тусгай активын зээлийн мэргэжилтэн хүртэлх албан тушаалуудыг хашиж ирсэн. Уг хугацаанд удирдлагаас болон бусад хуульд заасан хариуцлага тооцуулж, сахилгын шийтгэл хүлээж байгаагүй. АХХК-д Монгол банкнаас нөхцөлт удирдлагын арга хэмжээг хэрэгжүүлснээр 2020 оны 01 дүгээр сараас 2021 оны 01 дүгээр сар хүртэл бүрэн эрхт төлөөлөгч томилогдон банкны нэг хувьцаа эзэмшигч болох УХХК-ийн гүйцэтгэх захирал байсан Б.А банкны гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж эхэлсэн. Миний бие тухайн ондоо ээлжийн амралт эдэлж байгаагүй. Ээлжийн амралт эдлэх хүсэлт тавьсан боловч Эрсдэлийн удирдлагын газрын удирдлагаас ээлжийн амралт олгохгүй байж байгаад 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд ээлжийн амралтаа авсан. Энэ хугацаанд АХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлөөс бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийх шийдвэр гарч миний ажлын байрыг өөр хүнд шилжүүлэх зохион байгуулалт, нөхцөлүүдийг бүрдүүлсэн байсан. Улмаар ажилдаа орсны дараа 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдөр хүний нөөцийн газрын захирал Н.О нь банкны бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт орж, таны ажиллаж байсан орон тоо хасагдсан учир хөдөлмөрийн гэрээг цуцлах талаар мэдэгдлийг хэлсэн. Тухайн үед хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлээд ажлын байрыг үндэслэлгүйгээр хассан гэх өргөдлөө өгсөн. Мөн 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдөр хүний нөөцийн газрын захирал дуудаад харилцагчийн үйлчилгээний ажилтан буюу ресепшнгийн албан тушаалд 1 сарын 940 000 төгрөгийн цалинтай ажил байна. Яагаад гэвэл мэргэжил эзэмшсэн байдал банкны бусад албан тушаал дээр томилох боломжгүй, та бол нийгмийн ажилтан юм байна гээд эрх зүйн байдлыг дордуулж, албан тушаалыг бууруулах байдлаар мэдэгдэл өгсөн. Энэхүү саналыг тухайн үедээ хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мөн илэрхийлсэн бөгөөд өмнөх албан тушаал дээр тавьж өгнө үү гэх хүсэлтэд хариу өгөхгүй байж байгаад 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож цуцалсан талаарх захирлын тушаал гарсан. Бүтэц орон тоо өөрчлөгдөж байгаа боловч тухайн өөрийн харьяалагдаж байгаа нэгж буюу тусгай активын алба, Эрсдэлийн удирдлагын газар нь хэвээрээ байгаа. Орон тоо хасагдсан гэх боловч шинээр ажилтнууд авсан асуудлууд байдаг учир өөрийн эрх ашгийг хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хөдөлмөрийн гэрээ нь талуудын эрх тэгш байдлын үндсэн дээр байгуулагддаг гэрээ. Гэтэл аль зүйл заалтанд үндэслэж байгаа заалт байхгүй. Мөн Хөдөлмөрийн аль зүйл заалтаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгоод байгааг дурдах ёстой. Хөдөлмөрийн дотоод журам гэдэг нь тухайн байгууллагын үндсэн хууль байдаг. Тэгэхээр гол үндсэн баримт бичгийн гол заалтыг иш үндэс болголгүйгээр яаж хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож байгаа нь ойлгомжгүй. Хөдөлмөрийн дотоод журмын 3 дугаар зүйл дээр ажилтныг туршилтын хугацаанд ажиллуулж болох боловч цаашид жинхлэн ажиллуулах шаардлагыг хангаагүй нөхцөл байдал харагдаж байгаа. Мөн 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн мэдэгдэлд төлөөлөн удирдах зөвлөл хуралдаж 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн Т/00тоот тушаал, 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 000 тоот тус тус тушаалыг үндэслээгүй боловч хариу тайлбартаа дурдаад байдаг. Уг мэдэгдэл дээр заавал дурдах ёстой. Тушаалыг баталж байгаа хэсэг дээр гүйцэтгэх захирал Б.А гэх нэр байгаа атлаа н.Б гэх хүн гарын үсэг зурсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тодорхой болсон. н.Б гэх хүн тушаал гаргах эрхтэй эсэх асуудал үгүйсгэгдэж байна. Яагаад гэвэл гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Б.А өөрөө Улсын бүртгэлд бүртгүүлсэн байхад н.Б гэх хүн гүйцэтгэх захирлын тушаалыг гаргах эрхгүй байсан. Иймд гүйцэтгэх захирлын тушаал хуулийн шаардлага хангахгүй гэж үзэж байна. Монгол банкнаас тавьсан шаардлагыг хангахын тулд Төлөөлөн удирдах зөвлөлөөс тогтоол гаргаад орон тоог хасах болсон гэж тайлбарлаад байдаг. Монгол банк нь банкны тухай хуульд зааснаар банкны дотоод үйл ажиллагаанд оролцох эрхгүй учир уг шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Улсын дээр шүүхийн 2012 оны зөвлөмж дээр ажилтанд 45 хоногийн өмнө мэдэгдэх ёстой учир уг хуулийн заалтын мөн зөрчсөн. Орон тоо хасагдсан асуудлын хувьд Н.С нь 3 үндсэн чиг үүргийг гүйцэтгэж байсан. Одоо байгаа ажлын байрны тодорхойлолтод чиг үүрэг нь задарч орсноос биш огт байхгүй болсон зүйл байхгүй. Зээлийн мэргэжилтэн нь тусгай активын албаны үйл ажиллагааг хариуцдаг мэргэжилтэн. Шинжээчийн мэргэжилтэн нь мөн тусгай активын газарт харьяалагдаж байгаа. Хариуцагчийн төлөөлөгч нь тусгай активын баг гэх нэр томьёо байхгүй учраас зээлийн мэргэжилтэн гэх албан тушаал байхгүй болсон гэж тайлбарлаад байна. Тусгай активын баг гэх нэр томьёог өөрчлөөд тусгай активын алба болж л өөрчлөгдсөн нь уг ажлын байр байхгүй болсон гэсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Банкны тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйл, Банкны тухай хуулийн хэрэгжилтийг хангах шаардлагын дагуу бүх арилжааны банкнууд хувьцаат компани болох төлөвлөгөөний дагуу АХХК нь дотоод газар нэгж, бүтцийн өөрчлөлт хийх шаардлага тулгарсан. Үүний дагуу төлөөлөн удирдах зөвлөл хуралдаж 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн Т/00тоот Банкны бүтэц, орон тоог батлах тухай тогтоол гарсан. Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчийн хувьд Банкны дүрэм, холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрийн биелэлтийг дотооддоо хангуулах үүднээс 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 000 тоот Бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай тушаалыг гаргасан. Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол батлагдсаны дагуу Эрсдэлийн удирдлагын газрын зээлийн мэргэжилтний албан тушаалын орон тоо хасагдсан бөгөөд банкны үйл ажиллагааны газар, Бизнес удирдлагын газар, Тогтвортой хөгжлийн газар гэх орон тоонууд мөн хасагдаж, өөр газартай нэгдэж тухайн ажилтан бүрт боломжит ажлын байр санал болгосноор ажилтнууд хүлээн зөвшөөрч ажиллаж байгаа. Банк нь Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтуудыг үндэслэн 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдөр иргэн Н.Сд хуулийн дагуу 30 хоногийн өмнө мэдэгдэл хүргүүлсэн. Тус мэдэгдлийг хүлээн авч танилцаад гарын үсэг зурсан байдаг. Н.С нь нийгмийн ажилтан үндсэн мэргэжилтэй бөгөөд АХХК-ийн зүгээс Эрсдэлийн удирдлагын газрын Зээлийн мэргэжилтний албан тушаалын орон тоо хасагдсан хэдий ч 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдөр боломжит ажлын байрын санал тавьсан боловч хүлээн зөвшөөрөөгүй. Иймд банк нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.12.1, 42.1 дэх заалтад нийцүүлэн хууль тогтоомжийн хүрээнд ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2021 оны 9 дүгээр сарын 6-ны өдрөөр тасалбар болгон цуцалсан нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гэж үзэж байгаа. Нэхэмжлэгч ажлаас халагдсан гэж яриад байдаг. Банкны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт зааснаар Банк төлөөлөн удирдах зөвлөлтэй байна гэж заасан АХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөл нь Монгол банкны Тэргүүн дэд ерөнхийлөгчийн зөвшөөрлөөр баталгаажсан хууль ёсны Төлөөлөн удирдах зөвлөл бөгөөд тус зөвшөөрлийн үндсэн дээр хууль, дүрмийн дагуу шийдвэр гаргах эрхээ хэрэгжүүлэн ажиллаж байгаа. Ажлын байранд ялгаварлан гадуурхах болон хувийн зан байдалд тулгуурлан тушаал гаргаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.

 

Нэхэмжлэгчээс 2021.08.04-ны өдрийн мэдэгдэл, 2021.08.13-ны өдрийн санал гаргах тухай албан бичиг, 2019.12.10-ны өдрийн 0000000 дугаартай хөдөлмөрийн гэрээ, мөн өдрийн нууц хадгалах гэрээ, ажлын байрны тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, Ахур цахим лавлагааны системээс 2021.09.02-ны өдөр хэвлэгдсэн 00000 лавлагааны дугаартай нийгмийн даатгалын мэдээлэл, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, 2021.09.06-ны өдрийн 298 дугаар хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгох тухай гүйцэтгэх захирлын тушаал, Хариуцагчаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, АХХК-ийн ТУЗ-ийн дарга М.Мөнх-Эрдэнэд Б.Ааас гаргасан чөлөө хүсэх тухай өргөдөл, 2021.08.31-ны өдрийн Т/24 дугаар ТУЗ-ийн тогтоол, 2021.05.03-ны өдрийн 108 дугаар хөдөлмөрийн гэрээний хугацаа сунгах тухай гүйцэтгэх захирлын тушаал, ТУЗ-ийн 2021.06.15-ны өдрийн Т/00дугаар банкны бүтэц орон тоог батлах тухай тогтоол, 2021.09.16-ны өдрийн 000дугаар ажилд томилох тухай гүйцэтгэх захирлын тушаал, 2021.09.16-ны өдрийн 000 дугаар ажлаас чөлөөлөх тухай гүйцэтгэх захирлын тушаал, 2019.01.29-ны өдрийн 33 дугаартай Эрх мэдлийн матрикс шинэчлэн батлах тухай манлай дэмжигчийн тушаал, 2021.06.30-ны өдрийн 000 дугаар Бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай гүйцэтгэх захирлын тушаал, зээлийн эрсдэлийн шинжээч ажлын байрны тодорхойлолт, ажилд орохыг хүсэгчийн анкет, хөдөлмөрийн дотоод журам, эдгээр баримтуудыг тус тус нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.   Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй.

 

2. Нэхэмжлэгч Н.С нь хариуцагч АХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, орон тоо хасагдсан тул ажлаас чөлөөлсөн тушаал Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн, үндэслэлтэй гэж маргажээ.

 

3. Ажил олгогч АХХК нь ажилтан Н.Стай 2019 он 12 дугаар сарын 10-ны өдөр 0000000 дугаартай хөдөлмөрийн гэрээ байгуулан, уг гэрээгээр Н.С нь тусгай активын багт зээлийн мэргэжилтнээр сарын цалин хөлс 1 200 000 төгрөг байхаар харилцан тохиролцож, зохигчийн хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн талаар зохигчид маргаагүй. /хх-ийн 6-7/

 

4. АХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 298 дугаар Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгох тухай тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8, 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1, АХХК-ийн дүрмийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь заалтыг тус тус үндэслэн зээлийн мэргэжилтэн ажилтай Нэргүйн Сд 2021 оны 8 сарын 04-ний өдөр танилцуулсан мэдэгдлийн дагуу түүнтэй байгуулсан 2019 оны 12 сарын 10-ны өдрийн 0000000 тоот хөдөлмөрийн гэрээг 2021 оны 09 сарын 06-ны өдрөөр тасалбар болгон дуусгавар болгож, 1 сарын үндсэн цалинтай тэнцэх мөнгөн тэтгэмжийг олгохоор шийдвэрлэжээ.

 

5. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т аж ахуй нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн тохиолдолд ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээгээ цуцлах санаачилгыг бие даан гаргах эрхтэй ба энэ тохиолдолд мөн зүйлийн 40.5-д заасан журмыг баримталбал зохино. Өөрөөр хэлбэл ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох гэж байгаа болохоо ажилтанд нэг сарын өмнө урьдчилан мэдүүлснээ бичгийн хэлбэрээр баталгаажуулсан байх учиртай бөгөөд ажилтанд 2021 оны 8 сарын 04-ний өдөр АХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн Т/00тоот Банкны бүтэц, орон тоог батлах тухай тогтоол, Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 000 тоот Бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай тушаалын дагуу Эрсдэлийн удирдлагын газрын Зээлийн мэргэжилтний албан тушаалын орон тоо хасагдсан талаар, мөн хөдөлмөрийн гэрээг цуцлах болсноо ажил олгогчоос мэдэгджээ.

 

6. Нэхэмжлэгч нь АХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 298 дугаар Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгох тухай тушаалыг эс зөвшөөрч, нэхэмжлэлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дах хэсэгт заасан хугацаанд буюу 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр шүүхэд гаргасан байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа нөхцөлд аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн байх шаардлагатай.

 

АХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн Т/00тоот Банкны бүтэц, орон тоог батлах тухай тогтоол, Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2021 оны 06 сарын 30-ны өдрийн 000 тоот Бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай тушаалаар бүтэц, орон тоог шинэчлэн баталжээ.

 

Хэрэгт авагдсан Аны зээлийн мэргэжилтэн болон зээлийн эрсдэлийн шинжээчийн ажлын байрны тодорхойлолтоос үзэхэд уг албан тушаалуудын ажлын байрны чиг үүрэг адил байна. Иймд нэхэмжлэгчийн ажиллаж байсан зээлийн мэргэжилтэн албан тушаал зөвхөн нэршлийн хувьд өөрчлөгдсөн гэж үзнэ. Харин орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Нэхэмжлэгчийг орон тоо хасагдсан гэх үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42.1 дэх хэсэгт заасныг баримтлан ажлаас халсан нь хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэв.

 

Хариуцагч талаас зээлийн эрсдэлийн шинжээч нь банк санхүү, эдийн засгийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш боловсрол эзэмшсэн байх шаардлагыг нэхэмжлэгч хангаагүй гэж тайлбарлаж байх боловч уг үндэслэлээр нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлаагүй байна.

 

Иймд нэхэмжлэгч Н.Сыг АХХК-ийн зээлийн эрсдэлийн шинжээчийн ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүний ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгоно гэж заасан ба нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааг тушаал гарсан өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэл тооцоход 161 ажлын хоног байна. Нэхэмжлэгчийн дундаж цалин хөлсийг хур цахим лавлагааны системээс 2021 оны 09 сарын 02-ны өдөр хэвлэсэн лавлагааны 00000 дугаартай иргэний нийгмийн даатгалын мэдээллээс үндэслэн Нийгмийн Хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7 дахь хэсгийн а-д заасны дагуу тооцоход 7 848 267 төгрөгийг хариуцагч АХХК-иас гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна. /2021 оны 5, 6, 7 дугаар сарын дундаж цалин хөлсөөр тооцоход нэг сарын цалинтай тэнцэх олговор 1 048 043 төгрөг, нэг өдрийн цалинтай тэнцэх олговор 48 747 төгрөг, ажилгүй байсан хугацаа 161 хоног, /1 048 043:21,5=48 747x161 хоног =7 848 267//

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй, ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй гэж заасан тул нэхэмжлэгч Н.Сын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагч АХХК-д үүрэг болгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд нэхэмжлэгч хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагчаас ажилд эгүүлэн тогтоолгох шаардлага буюу үнэлэх боломжгүй шаардлагын улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж 140 520 төгрөг, нийт 210 720 төгрөгийг хариуцагчаас гаргуулж улсын орлогод оруулах нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1-т заасныг удирдлага болгон,

ТОГТООХ НЬ:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.Сыг АХХК-ийн зээлийн эрсдэлийн шинжээчийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч АХХК-иас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 7 848 106 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Сд олгож, энэ хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагч АХХК-д даалгасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 210 720 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ