Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2022/01500

 

 

 

 

 

 

 

 

 

 

Н.С ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 сарын 25-ны өдрийн 183/ШШ2022/01232 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Н.С ын нэхэмжлэлтэй, хариуцагч А ХХК-д холбогдох, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэлийн агуулга: Н.С нь А ХХК-д 2014 оноос хойш тасралтгүй ажилласан. Банкны теллерээс эхлээд тусгай активын зээлийн мэргэжилтэн хүртэлх албан тушаалуудыг хашиж ирсэн. 2021 оны 06 сарын 30-ны өдрөөс 2021 оны 07 сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд ээлжийн амралтаа авсан. Энэ хугацаанд А ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийх шийдвэр гарч миний ажлын байрыг өөр хүнд шилжүүлэх зохион байгуулалт, нөхцөлүүдийг бүрдүүлсэн байсан. Улмаар ажилдаа орсны дараа 2021 оны 08 сарын 04-ний өдөр хүний нөөцийн газрын захирал Н.О нь банкны бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт орж, щ ажиллаж байсан орон тоо хасагдсан учир хөдөлмөрийн гэрээг цуцлах талаар мэдэгдлийг надад хэлсэн. Тухайн үед хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлээд ажлын байрыг үндэслэлгүйгээр хассан гэж өргөдөл бичиж өгсөн. Мөн 2021 оны 08 сарын 13-ны өдөр хүний нөөцийн газрын захирал дуудаад харилцагчийн үйлчилгээний ажилтан буюу ресепшний албан тушаалд 1 сарын 940,000 төгрөгийн цалинтай ажил байна. Яагаад гэвэл мэргэжил эзэмшсэн байдал банкны бусад албан тушаал дээр томилох боломжгүй, та бол нийгмийн ажилтан юм байна гээд эрх зүйн байдлыг дордуулж, албан тушаалыг бууруулах байдлаар мэдэгдэл өгсөн. Энэхүү саналыг тухайн үедээ хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мөн илэрхийлсэн бөгөөд өмнөх албан тушаалд томилж өгнө үү гэх хүсэлтэд хариу өгөхгүй байж байгаад 2021 оны 09 сарын 21-ний өдөр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож цуцалсан тухай захирлын тушаал гарсан. Бүтэц орон тоо өөрчлөгдөж байгаа боловч өөрийн харьяалагдаж байгаа нэгж буюу Тусгай активын алба, Эрсдэлийн удирдлагын газар хэвээрээ байгаа. Орон тоо хасагдсан гэх боловч шинээр ажилтнууд авсан асуудлууд байдаг. Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн гэрээ, дотоод журмын аль зүйл, заалтаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож байгааг дурдах ёстой. Мөн 2021 оны 08 сарын 04-ний өдрийн мэдэгдэлд Төлөөлөн удирдах зөвлөл хуралдаж 2021 оны 06 сарын 15-ны өдрийн 0/00 тоот тушаал, 2021 оны 06 сарын 30-ны өдрийн 000 тоот тушаалыг тус тус үндэслээгүй боловч хариу тайлбартаа дурдсан. Тушаалыг баталж байгаа хэсэг дээр гүйцэтгэх захирал Б.А гэх нэр байгаа атлаа Б.Б гэх хүн гарын үсэг зурсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тодорхой болсон. Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Б.А өөрөө Улсын бүртгэлд бүртгүүлсэн байхад Б.Б гэх хүн гүйцэтгэх захирлын тушаалыг гаргах эрхгүй байсан. Иймд гүйцэтгэх захирлын тушаал хуулийн шаардлага хангахгүй гэж үзэж байна. Монгол банкнаас тавьсан шаардлагыг хангахын тулд Төлөөлөн удирдах зөвлөлөөс тогтоол гаргаад орон тоог хасах болсон гэж тайлбарлаад байдаг. Монгол банк нь Банкны тухай хуульд зааснаар банкны дотоод үйл ажиллагаанд оролцох эрхгүй учир уг шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Улсын Дээд шүүхийн 2012 оны зөвлөмжид ажилтанд 45 хоногийн өмнө мэдэгдэх ёстой учир уг хуулийн заалтыг мөн зөрчсөн. Орон тоо хасагдсан асуудлын хувьд Н.С нь 3 үндсэн чиг үүргийг гүйцэтгэж байсан. Одоо байгаа ажлын байрны тодорхойлолтод чиг үүрэг нь задарч орсноос биш огт байхгүй болсон зүйл байхгүй. Зээлийн мэргэжилтэн нь Тусгай активын албаны үйл ажиллагааг хариуцдаг мэргэжилтэн. Шинжээчийн мэргэжилтэн нь мөн тусгай активын газарт харьяалагдаж байгаа. Хариуцагчийн төлөөлөгч нь Тусгай активын баг гэх нэр томьёо байхгүй учраас зээлийн мэргэжилтэн гэх албан тушаал байхгүй болсон гэж тайлбарлаад байна. Тусгай активын баг гэх нэр томьёог өөрчлөөд Тусгай активын алба болсныг уг ажлын байр байхгүй болсон гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.

 

2.   Хариу тайлбарын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Банкны тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйл, Банкны тухай хуулийн хэрэгжилтийг хангах шаардлагын дагуу бүх арилжааны банкууд хувьцаат компани болох төлөвлөгөөний дагуу А ХХК нь дотоод газар нэгж, бүтцийн өөрчлөлт хийх шаардлагатай тулгарсан. Үүний дагуу Төлөөлөн удирдах зөвлөл хуралдаж 2021 оны 06 сарын 15-ны өдрийн 0/00 тоот Банкны бүтэц, орон тоог батлах тухай тогтоол гарсан. Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчийн хувьд Банкны дүрэм, холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрийн биелэлтийг дотооддоо хангуулах үүднээс 2021 оны 06 сарын 30-ны өдрийн 000 тоот Бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай тушаалыг гаргасан. Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол батлагдсаны дагуу Эрсдэлийн удирдлагын газрын Зээлийн мэргэжилтний албан тушаалын орон тоо хасагдсан бөгөөд Банкны үйл ажиллагааны газар, Бизнес удирдлагын газар, Тогтвортой хөгжлийн газар гэх орон тоонууд мөн хасагдаж, өөр газартай нэгдэж тухайн ажилтан бүрд боломжит ажлын байр санал болгосноор ажилтнууд хүлээн зөвшөөрч ажиллаж байгаа. Банк нь Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг үндэслэн 2021 оны 08 сарын 04-ний өдөр иргэн Н.С д хуулийн дагуу 30 хоногийн өмнө мэдэгдэл хүргүүлсэнтэй танилцаад гарын үсэг зурсан байдаг. Н.С нь нийгмийн ажилтан мэргэжилтэй бөгөөд А ХХК-ийн зүгээс Эрсдэлийн удирдлагын газрын Зээлийн мэргэжилтний албан тушаалын орон тоо хасагдсан хэдий ч 2021 оны 08 сарын 13-ны өдөр боломжит ажлын байрны санал тавьсан боловч хүлээн зөвшөөрөөгүй. Иймд банк нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1 дэх заалтад нийцүүлэн хууль тогтоомжийн хүрээнд ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2021 оны 09 сарын 06-ны өдрөөр тасалбар болгон цуцалсан нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гэж үзэж байгаа. Нэхэмжлэгч ажлаас халагдсан гэж яриад байдаг. Банкны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт ...Банк төлөөлөн удирдах зөвлөлтэй байна гэж заасан А ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл нь Монгол банкны Тэргүүн дэд ерөнхийлөгчийн зөвшөөрлөөр баталгаажсан хууль ёсны Төлөөлөн удирдах зөвлөл бөгөөд тус зөвшөөрлийн үндсэн дээр хууль, дүрмийн дагуу шийдвэр гаргах эрхээ хэрэгжүүлэн ажиллаж байгаа. Ажлын байранд ялгаварлан гадуурхах болон хувийн зан байдалд тулгуурлан тушаал гаргаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3.   Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч Н.С ыг А ХХК-ийн Зээлийн эрсдэлийн шинжээчийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч А ХХК-аас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 7,848,106 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.С д олгож, энэ хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагч А ХХК-д даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 210,720 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэсэн.

 

4.   Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээс эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

4.а. Банкны тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйл, Банкны тухай хуулийн хэрэгжилтийг хангах шаардлагын дагуу А ХХК нь хувьцаат компани болох төлөвлөгөөний дагуу дотоод газар, нэгж, хэлтэст бүтцийн өөрчлөлт хийх шаардлага гарсан тул Төлөөлөн удирдах зөвлөл хуралдаж 2021 оны 06 сарын 15-ны өдрийн 0/00 тоот Банкны бүтэц, орон тоог батлах тухай тогтоол гаргасан. Уг тогтоолын дагуу Эрсдэлийн удирдлагын газрын Зээлийн мэргэжилтний албан тушаалын орон тоо хасагдсан бөгөөд /Мөн банкны Үйл ажиллагааны газар, Бизнес удирдлагын газар, Тогтвортой хөгжлийн газар гэх мэт газрууд байхгүй болж, тэдгээрт харьяалагдаж байсан орон тоо хасагдаж зарим нь өөр газартай нэгдэж тухайн ажилтан бүрд, боломжит ажлын байр санал болгосон бөгөөд ажилтнууд хүлээн зөвшөөрч одоогоор шинэчилсэн бүтцийн дагуу ажиллаж байна. Банк нь Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг үндэслэн 2021 оны 08 сарын 04-ний өдөр иргэн Н.С д хуулийн дагуу 30 хоногийн өмнө мэдэгдэл хүргүүлж, тус мэдэгдлийг хүлээн авч танилцаад гарын үсэг зурсан байдаг.

4.б. А ХХК-ийн зүгээс Эрсдэлийн удирдлагын газрын Зээлийн мэргэжилтний албан тушаалын орон тоо хасагдсан хэдий ч боломжит ажлын байрыг /Н.С ын үндсэн эзэмшсэн мэргэжил нь нийгмийн ажилтан байсан/ 2021 оны 08 сарын 13-ны өдөр албан бичгээр Н.С д санал тавьж мэдэгдсэн боловч хүлээн зөвшөөрөөгүй буюу тус ажлын байранд ажиллахаас татгалзаж ямар нэгэн тайлбар хүсэлт өгөөгүй тул банкны зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1 дэх заалтад нийцүүлэн хууль тогтоомжийн хүрээнд ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2021 оны 09 сарын 06-ны өдрөөр тасалбар болгон цуцалсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн зүгээс шинээр батлагдсан бүтэц, орон тооны Зээлийн эрсдэлийн шинжээчийн ажлын байрны тодорхойлолт, тавигдах шаардлагыг Орон тоо хасагдсан /байхгүй болсон/ Зээлийн мэргэжилтэн ажлын байрны тодорхойлолтын хамт нотлох баримтын шаардлага хангуулан гаргаж өгсөн. Зээлийн эрсдэлийн шинжээчийн ажлын байрны тодорхойлолт, ажил үүрэг 5 хуудас бүхий банкны өнөөгийн болон ирээдүйд учирч болох эрсдэлийг тооцоолох, салбарын зээлийн болон бусад үйл ажиллагаанд биечлэн хяналт тавих, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх, түүнийг бууруулахад чиглэсэн зорилготой албан тушаал байсан. Харин орон тоо хасагдсан буюу Зээлийн мэргэжилтний ажлын байрны тодорхойлолт, ажил үүрэг нь 2 хуудас бүхий банкны ажиллагсдын зээлийг судлах, олгох, тусгай активыг төлүүлэхтэй холбоотой зээлийн судалгаа хийх, хөрөнгө борлуулах зорилготой, ажил үүргийн хувьд тусдаа, илт өөр, мэргэжил ур чадвар шаардагдах, өөр асуудал хариуцдаг албан тушаал байсаар байхад анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ...уг албан тушаалуудын ажлын байрны чиг, үүрэг адил байна, иймд нэхэмжлэгчийн ажиллаж байсан Зээлийн мэргэжилтэн албан тушаал зөвхөн нэршлийн хувьд өөрчлөгдсөн байна... гэж дүгнэсэн нь хэт нэг талыг барьж, нотлох баримтыг буруу үнэлж дүгнэж шийдвэр гаргасан гэж хариуцагчийн зүгээс гомдолтой байна.

4.в. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт шүүгч хариуцагч талаас ...зээлийн эрсдэлийн шинжээч нь банк, санхүү эдийн засгийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш боловсрол эзэмшсэн байх шаардлагыг нэхэмжлэгч хангаагүй гэж тайлбарлаж байх боловч уг үндэслэлээр нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлаагүй байна... гэж хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаалын үндэслэлд огт хамааралгүй асуудалд үнэлэлт, дүгнэлт өгч буруу тайлбарлан тусгасан. Гэвч банкны Зээлийн эрсдэлийн шинжээч нь ажил, үүрэг, ажлын байрны зорилгын хувьд мэргэжлийн, мэргэшсэн эрсдэлийн шинжээч байх ёстой байтал Зээлийн мэргэжилтэн буюу зөвхөн ажилчдын зээл, тусгай активын хөрөнгө борлуулах ажил албан тушаалд ажиллаж байсан хүнийг Зээлийн эрсдэлийн шинжээчээр ажиллуулах боломжгүй, тусдаа тавигдах шаардлагатай, тусдаа ажил үүрэгтэй гэж тайлбарласаар байхад хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн.

4.г. Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ...Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасныг баримтлан ажлаас халсан нь үндэслэлгүй байна. Орон тоо хасагдсан, эсхүл тоог цөөрүүлсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байна... гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Учир нь хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх явцад нотлох баримтын шаардлага хангуулан Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 06 сарын 15-ны өдрийн 0/00 тоот Банкны бүтэц, орон тоог батлах тухай тогтоол болон Гүйцэтгэх удирдлагын 2021 оны 06 сарын 30-ны өдрийн 000 тоот Бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай тушаал зэргийг гаргаж өгсөн. Тус тогтоолд Зээлийн мэргэжилтэн гэх албан тушаал байхгүй болсны зэрэгцээ нэршил өөрчлөгдсөн ажлын байрны нэрсэд мөн Зээлийн мэргэжилтэн гэх албан тушаалын ажлын байр байхгүй. Харин Зээлийн эрсдэлийн шинжээч гэх албан тушаал өмнө нь болон одоо ч байсаар байгаа юм.

4.д. Шүүгч хэрэгт цугларсан нотлох баримтыг өөрийн дотоод итгэл үнэмшлээр үнэлж дүгнэн шийдвэр гаргах эрхтэй хэдий ч ийнхүү үнэлэхдээ хэт нэг талыг барьсан, банкны дотоод бүтэц зохион байгуулалтын хүрээнд шаардлагатай орон тоог үлдээж, шаардлагагүй ажлын байрыг хасах, ажил үүргийн зохион байгуулалтыг дахин хуваарилах гэх мэт бодит нөхцөл байдлыг шүүх хуралдааны явцад тайлбарлаж, хариуцагчийн зүгээс асуулт хариултын шатанд мөн нөгөө талаас үүнтэй холбоотой асуултыг асуусаар байтал ...орон тоо хасагдаагүй байна... гэж дүгнэсэн нь шударга ёсонд нийцэхгүй. Шүүх ажилтан, ажил олгогч гэж ялгалгүй олон талаас нь бодит нөхцөл байдлыг тогтоож, үнэлж дүгнээгүйд гомдолтой байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.

 

5.   Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан хариу тайлбарын агуулга: А ХХК-аас анх нэхэмжлэлд өгсөн хариу тайлбар, Н.С ыг ажлаас халсан буюу хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаалд тодорхой асуудлыг бүрэн гүйцэт оруулж, хууль зүйн ач холбогдол бүхий үр дагавар үүсгэсэн тушаал гаргаж чадаагүй. Тухайлбал, А ХХК-ийн бүтэц орон тоог шинэчилж, баталсантай холбоотой асуудал нь тухайн ажилтныг ажлаас халах үндэслэл болохгүй. Хариуцагчийн зүгээс Н.С ын ажиллаж байсан орон байхгүй болсон тул хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэж тайлбарладаг. Энэ талаар тушаалд дурдаагүй. Мөн тушаалд гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Б.А гэх нэртэй атлаа дэд захирал Б.Б гарын үсэг зурсан болох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон. Шүүх хуралдааны явцад А ХХК-ийн төлөөлөгчдийн зүгээс орон тоо хасагдсан гэж тайлбарласан атлаа нөгөө талаас Н.С нь Зээлийн эрсдэлийн шинжээч гэх албан тушаалд тэнцэхгүй, учир нь мэргэжлийн ур чадвар шаарддаг албан тушаал бөгөөд нийгмийн ажилтан мэргэжилтэй хүн Зээлийн эрсдэлийн шинжээч хийж чадахгүй гэж тайлбарладаг. Энэ талаар хариуцагч давж заалдах гомдолд мөн дурдсан. Н.С ын ажил, албан тушаалыг хүлээлцэхдээ 2 хүнд хүлээлцүүлж, ажлыг хүлээж авсан үйл баримт байдаг. Шинээр байгуулагдсан тусгай активын хэлтсийн шинжээч Г.Б өд өмчлөхөөс бусад хөрөнгийг борлуулах, тусгай активын чиг үүрэгтэй холбоотой ажил үүргийг хүлээлгэж өгсөн. Мөн эрсдэлийн удирдлагын хэлтсийн шинжээч Б.О д ажилчдын зээлтэй холбоотой зээлийн эрсдэлд хяналт тавих ажлыг хүлээлгэсэн. Н.С ын гүйцэтгэж байсан чиг үүрэг нь ажилчдын зээлийг олгохоос гадна банкинд хураагдаж ирсэн хөрөнгийг хэрхэн худалдан борлуулах, хөрөнгийн шилжилт хөдөлгөөн болон зээлийн судалгаа зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэдэг. Энэ талаар ажлын байрны чиг үүргийн үндсэн тодорхойлолтод байдаг. Бидний зүгээс Н.С ыг ажлаас халсан гол шалтгаан нь нийгмийн ажилтны мэргэжилтэй тул цаашид ажиллуулахгүй гэж ойлгосон. Нэхэмжлэлд өгсөн хариу тайлбар нь хоорондоо зөрсөн. Зээлийн эрсдэлийн шинжээч гэх албан тушаал өмнө байгаагүй бөгөөд шинээр бий болсон албан тушаал юм. Иймд Н.С ыг тухайн ажил, албан тушаалаас үндэслэлгүй халсан. Энэ талаар анхан шатны шүүх үнэн, зөв дүгнэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан тул хэвээр үлдээв.

 

2.   Нэхэмжлэгч Н.С нь хариуцагч А ХХК-д холбогдуулан урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, ...компанийн бүтэц, орон тоо шинэчлэн батлагдаж, Эрсдэлийн удирдлагын газрын Зээлийн мэргэжилтний орон тоо хасагдсан, нэхэмжлэгчид боломжит ажлын байр санал болгосон боловч саналыг хүлээн аваагүй... гэх үндэслэл заан маргажээ.

 

3.   Талууд 2019 оны 12 сарын 10-ны өдөр 0000/000 тоот Хөдөлмөрийн гэрээ байгуулж, Н.С ыг банкны Тусгай активын багийн Зээлийн мэргэжилтнээр ажиллуулах, нэг сарын хөдөлмөрийн хөлс 1,200,000 төгрөг байхаар харилцан тохиролцжээ. /хх 9-10/

Улмаар А ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 09 сарын 06-ны өдрийн 298 тоот Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгох тухай тушаалаар Н.С тай байгуулсан Хөдөлмөрийн гэрээ-г 2021 оны 09 сарын 06-ны өдрөөр тасалбар болгон дуусгавар болгосон байна. Уг тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8, 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1, А ХХК-ийн дүрмийн 10 дугаар зүйлийн 10.3, мөн Н.С д 2021 оны 08 сарын 04-ний өдөр танилцуулсан мэдэгдлийг үндэслэж байгаа тухай тус тус дурджээ. /хх 21/

Дээрх тушаалд Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Б.А гэж гарын үсэг зурсан этгээд Б.А бус, харин дэд захирал Б.Б болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон. А ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 08 сарын 31-ний өдрийн Т/24 тоот Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчид чөлөө олгох тухай тогтоолоор гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчийг чөлөөтэй байх хугацаанд түүнийг дэд захирал орлон ажиллахаар шийдвэрлэсэн байх тул эрх бүхий этгээд тушаалд гарын үсэг зурсан гэж үзэхгүй гэх нэхэмжлэгч талын тайлбарыг үндэслэлгүй гэж үзнэ. /хх 44/

 

4.   Хариуцагч тал өөрийн татгалзлын үндэслэлээ нотлох зорилгоор А ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 06 сарын 15-ны өдрийн 0/00 тоот Банкны бүтэц, орон тоог батлах тухай тогтоол, А ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 06 сарын 30-ны өдрийн 000 тоот Бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай тушаал, Зээлийн эрсдэлийн хэлтсийн Зээлийн эрсдэлийн шинжээчийн ажлын байрны тодорхойлолт зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгчээ. /хх 52-54, 70-73, 74-76/

Дээр дурдсан тогтоол, тушаал, тэдгээрийн хавсралтууд, ажлын байрны тодорхойлолт зэрэг нотлох баримтуудыг нэхэмжлэгч талаас шүүхэд гаргаж өгсөн Тусгай активын багийн Зээлийн мэргэжилтний ажлын байрны тодорхойлолттой харьцуулан үзэхэд Эрсдэлийн удирдлагын газрын Зээлийн мэргэжилтний орон тоог хасагдсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхээс хийсэн ...нэхэмжлэгчийн ажиллаж байсан Зээлийн мэргэжилтэн албан тушаал зөвхөн нэршлийн хувьд өөрчлөгдсөн, орон тоо хасагдсан гэх үндэслэл тогтоогдохгүй байна... гэх дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй. /хх 52-54, 70-73, 74-76, 13/

 

5. Тодруулбал, А ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2021 оны 06 сарын 30-ны өдрийн 000 тоот Бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай тушаалын Хавсралт 03-т Шинэ болон Хуучин албан тушаалын нэршил тусгагдсан байна. /хх 73/

5.а. Хариуцагч тал Зээлийн эрсдэлийн мэргэжилтэн, Зээлийн мэргэжилтэн хоёр өөр албан тушаал гэж тайлбарлаж байх боловч тус Хавсралт 03-ын Хуучин гэсэн баганад Зээлийн мэргэжилтэн гэх албан тушаалын нэршил бичигдээгүй байна. Өөрөөр хэлбэл, Зээлийн мэргэжилтэн гэх албан тушаал нь компанийн өмнөх бүтцэд байхгүй, харин Зээлийн эрсдэлийн мэргэжилтэн гэсэн нэршил байх тул хариуцагчийн тайлбар няцаагдаж байна. /хх 73/

5.б. Хавсралт 03-ын 34 дугаарын Хуучин, Шинэ гэх баганад бичигдсэн мэдээллээс үзвэл хуучнаар Зээлийн эрсдэлийн мэргэжилтэн гэх албан тушаалын нэршил шинээр Зээлийн эрсдэлийн шинжээч болж өөрчлөгдсөн болох нь тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл, А ХХК-ийн 2021 оны 08 сарын 04-ний өдрийн мэдэгдэлд дурдагдсан Зээлийн мэргэжилтний орон тоо хасагдсан гэх үндэслэл нотлогдохгүй байна. /хх 7, 73/

5.в. Ажлын байрны тодорхойлолтод Зээлийн эрсдэлийн хэлтсийн Зээлийн эрсдэлийн шинжээчийн гүйцэтгэх чиг үүрэг Тусгай активын багийн Зээлийн мэргэжилтний гүйцэтгэх чиг үүргээс өргөн цар хүрээтэй байх боловч компанийн хувьд тэдгээр албан тушаалыг Хуучин, Шинэ гэх баганад дүйцүүлж буюу адилтган авч үзсэн байх тул энэ талаарх хариуцагч талын татгалзал, давж заалдах гомдол үндэслэлгүй. /хх 13, 73/

5.г. Н.С нь нийгмийн ажилтан мэргэжилтэй тул тухайн албан тушаалд тэнцэхгүй гэх агуулгатай тайлбарыг хариуцагч тал гаргаж байгаа боловч хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгож буй тушаалаа ажилтан мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй гэх үндэслэлээр гаргаагүй учир хариуцагчийн уг тайлбар, татгалзал ач холбогдолгүй.

 

6.   Иймд нэхэмжлэгч Н.С ыг А ХХК-ийн Зээлийн эрсдэлийн шинжээчийн ажилд эгүүлэн тогтоосон анхан шатны шүүхийн шийдэл хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Түүнчлэн, анхан шатны шүүх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг зөв тооцож, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосон, холбогдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсгийн зохицуулалтад тус тус нийцсэн байна.

 

7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удиртгал болгон ТОГТООХ нь:

 

1.   Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 сарын 25-ны өдрийн 183/ШШ2022/01232 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 06 сарын 03-ны өдөр урьдчилан төлсөн 140,590 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

 

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

 

 

Д.НЯМБАЗАР