Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 183/ШШ2022/01328

 

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 05 сарын 03 өдөр Дугаар 183/ШШ2022/01328 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, Лувсанцэвээн гудамж 0 байр, 00 тоот хаягт оршин суух, Ж овогт Сн Б /РД:0000000/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 00 дугаар хороо, Үйлдвэр, Чингисийн өргөн чөлөө 000 тоот хаягт байрлах, Ж ХХК /РД:000000/-д холбогдох,

 

Хохирол 10 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Э, Л.О, хариуцагчийн өмгөөлөгч П.Э нарийн бичгийн дарга Б.С нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ... 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдөр DOOSUNG BULK TRAILER маркийн 00000 улсын дугаартай ачааны машины чиргүүлийг нийт 35 000 000 төгрөгөөр иргэн Д.Рээс худалдан авахаар харилцан тохиролцсон. Уг чиргүүлийг худалдах, худалдан авах гэрээ нь н.А, Д.Р нарын хооронд байгуулагдсан байдаг. Уг чиргүүлийн урьдчилгаа төлбөр 10 500 000 төгрөгийг Д.Ргийн хаан банкны эзэмшлийн 0000000000 тоот данс руу шилжүүлсэн. Үлдэх 24 500 000 төгрөгийг С.Б нь Ж ХХК-ийн Сонгинохайрхан дүүгийн 00 дугаар хороо, Олон улсын худалдаа ложистикийн төвд байрлах салбарт хандан 24 сарын хугацаатай, 1 сарын 2,5 хувийн хүүтэйгээр зээлэхээр харилцан тохиролцож, 2021 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 000000000000 дугаартай зээлийн гэрээ болон фидуцийн гэрээ байгуулсан. Үндсэн зээлдэгчээр Э.А, хамтран зээлдэгчээр С.Б гэрээнд оролцож талууд гарын үсэг зурсан бөгөөд Э.А нь уг зээлийг төлөхөөр тохирсон. Гэтэл зээлийн мөнгийг Э.А, С.Б нарт шилжүүлээгүй байдаг. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар банк бус санхүүгийн байгууллагаас зээл олгохдоо зээлдэгчид бодитоор шилжүүлэх хуулийн зохицуулалттай. Гэтэл Ж ХХК нь зээлийн мөнгийг бодитоор шилжүүлээгүй атлаа зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар байгуулсан фидуцийн гэрээний дагуу шилжүүлсэн хөрөнгийг захиран зарцуулсан нь хууль бус юм. Хариуцагч Ж ХХК нь хууль зөрчин 35 000 000 төгрөгийн үнэтэй хөрөнгийг 24 500 000 төгрөгийн зээлийн үүргийн гүйцэтгэлд захиран зарцуулсан атлаа дээрх хөрөнгийн зөрүү болох 10 500 000 төгрөгийг буцаан төлөхгүй байгаа тул Ж ХХК-иас гаргаж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нотлох баримт шинжлэн судалсантай холбогдуулаад үүргийн гүйцэтгэлийг хугацаандаа биелүүлээгүй тохиолдолд фидуцийн гэрээг үүргийн гүйцэтгэлээр хангуулах талаар заалт байхгүй байна. Зээлийн төлөлтийн графикаар зээл төлөх сүүлийн хугацаа 2023 оны 5 дугаар сарын 28-ны өдөр байсан. Гэтэл уг хугацаа дуусаагүй байхад ББСБ-аас нэг талын санаачилгаар гэрээг цуцалж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгийг өөрийн өмчлөлд шилжүүлж авч, гуравдагч этгээдэд шилжүүлсэн нь гэрээг зөрчсөн. Учир гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулна, үл маргах журмаар өөрийн өмчлөлд шилжүүлж захиран зарцуулна гэж заасан боловч энэ нь гэрээний хугацаа дууссан өдрөөс эхлэн захиран зарцуулах эрх нээгдэнэ. Мөн Иргэний хуулийн 235 дугаар зүйлд фидуцийн гэрээний зохицуулалтын зохицуулж өгсөн. Тус хуулийн 235.3 дахь хэсэгт гэрээний дагуу шилжүүлсэн эд хөрөнгийг үндсэн үүргийг гүйцэтгэх хугацаа болохоос өмнө үүрэг гүйцэтгүүлэгч захиран зарцуулсан бол үүргээ гүйцэтгэсэн үүрэг хүлээгч учирсан хохирлоо шаардах эрхтэй гэж заасны дагуу 10 500 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэж байна гэв.

 

Хариуцагчийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...2021 оны 5 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэгч Э.А Ж ХХК-д хандан 24 500 000 төгрөгийн зээл олгохыг хүссэн. Үүнтэй холбоотой баримтыг бөглөж, анкетийг судалж үзээд ББСБ-ын зүгээс мөн дугаартай фидуцийн гэрээ байгуулж зээл олгосон. Хүсэлтийн дагуу ББСБ-ын зүгээс 2021 оны 5 дугаар сарын 21-ны өдөр 000000000000 дугаартай зээлийн гэрээ болон фидуцийн гэрээг байгуулж, зээлийг олгосон. Зээлийг олгоход Э.А нь уг тээврийн хэрэгслийг гуравдагч этгээдээс худалдах, худалдан авах гэрээгээр худалдан авсан тул тэр хүний данс руу шилжүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг Ж ХХК-д гаргаж өгсөн. Зээлийн гэрээний үүргийг удаа дараа зөрчсөн тул ББСБ-ын зүгээс холбогдсон утасны дугаарын тэмдэглэл, хамтран зээлдэгчээр оролцуулах хүсэлтийг ББСБ-д гаргасан нотлох баримтын шаардлага хангагдаж хэрэгт авагдсан байгаа. Зээлийн гэрээний үүрэг удаа дараа зөрчигдсөн тул ББСБ нь фидуцийн гэрээний дагуу фидуцийн зүйлийг хурааж аваад худалдан борлуулсан. Гэрээгээр хүлээсэн үүрэг, талуудын харилцан тохиролцсон үндэслэл зэрэг нь хууль зөрчөөгүй, нэхэмжлэгч талд 10 500 000 төгрөгийг төлөх нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Фидуцийн зүйл нь улсын бүртгэлийн газар, автотээврийн үндэсний төвийн бичгээр Ж ХХК-ийн өмчлөлд байна. Нэхэмжлэгчийн маргаад байгаа зүйл мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгчийн дансаар оруулаагүй гэх тайлбарыг хэлж байна. Мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг зээлийг үйл ажиллагааны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт заасны дагуу мөнгөн хөрөнгийг шилжүүлэг хийхдээ Банк эрх бүхий хуулийн этгээдийн байгуулсан гэрээ хувийн зөвшөөрлийн үндэслэж хийнэ гэж заасны дагуу хавтаст хэрэгт авагдсан. Уг нөхцөл байдлыг үзэхэд хууль зөрчсөн зүйл байхгүй. Зээлийн гэрээ болон фидуцийн гэрээ дээр гэрээг цуцлах болон гэрээг дуусгавар болгохтой холбоотой зохицуулалт байгаа. Гэрээг удаа дараа зөрчсөн гэдэг нь өөрийн бичиж өгсөн 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн ББСБ-д гаргаж өгсөн Ковидын нөхцөл байдалд байгаа ч гэсэн зээлээ төлж барагдуулна гэх тайлбар нь ББСБ-аас хандаад үүнтэй холбогдуулаад хүсэлтийг гаргаж өгч байсан гэж үзэхээр байна. Фидуцийн гэрээ нь заавал барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхэд хандаж гэрээг цуцалдаг гэрээ биш юм. Үүргийн гүйцэтгэлийг хангуулдаг нэг арга учраас график буюу гэрээгээр тохирсон үүргүүд зөрчигдсөн тохиолдолд хэд хэдэн удаа хандаж, утсаар ярьсан тэмдэглэлүүд, өөрийн хандсан хүсэлтийг нь үндэслээд Ж ХХК нь өмчлөлийн зүйлийг хураан авч фидуцийн гэрээг дуусгавар болгосон. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.

 

Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, дансны хуулга, эдгээр баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Нотлох баримтын шаардлага хангаагүй зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээг гаргаж өгсөн байна.

Хариуцагчаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, зээлдэгчтэй холбоо барьсан тэмдэглэл, Ж-д 2021.05.30-ны өдөр Э.А, С.Б нарын гаргасан хүсэлт, иргэний үнэмлэхийн хуулбар, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, 2021.05.28-ны өдрийн Д.Р, Э.А нарын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээ, гэрээний талуудын иргэний үнэмлэхийн хуулбар болон гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, авто машины зээлийн хүсэлтийн тухай мэдээлэл, зээлийн гэрээ болон үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ, С.Б, Э.А нарын 2021.05.28-ны өдөр гаргасан хүсэлт, зээлийн гүйлгээний хүсэлт, 2022.03.02-ний өдрийн тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ, эдгээр баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр 0000 ОЧ улсын дугаартай чиргүүлийн дэлгэрэнгүй лавлагааг Авто тээврийн үндэсний төвөөс нотлох баримтаар гаргуулсан.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй.

 

2. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ...зээлийн гэрээний дагуу бодитойгоор мөнгөн хөрөнгийг шилжүүлээгүй атлаа 35 000 000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг 24 500 000 төгрөгийн зээлийн үүрэгт захиран зарцуулсан тул зөрүү 10 500 000 төгрөгийн хохирлыг хариуцагчаас гаргуулна... гэж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч хууль зүйн үндэслэлээ ... Иргэний хуулийн 235.3 дахь хэсэгт гэрээний дагуу шилжүүлсэн эд хөрөнгийг үндсэн үүргийг гүйцэтгэх хугацаа болохоос өмнө үүрэг гүйцэтгүүлэгч захиран зарцуулсан бол үүргээ гүйцэтгэсэн үүрэг хүлээгч учирсан хохирлоо шаардах эрхтэй гэж заасны дагуу 10 500 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь хууль зүйн үндэслэлтэй... гэж тус тус тайлбарлав.

 

3. Хариуцагч ...зээлдэгч нар авто машин худалдан авах зорилгоор зээлийн хүсэлт гаргаж улмаар зээл болон фидуцийн гэрээг байгуулсан. Зээлдэгч Э.Аын хүсэлтээр худалдагч талын дансанд зээлийн мөнгийг шилжүүлсэн. Зээлийн төлөлт огт хийгээгүй бөгөөд фидуцийн зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар болж 2021 оны 10 сард С.Б нь чиргүүлийг авч ирж өгсөн... гэж нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн.

 

4.Хэрэгт дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:

 

2021 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Д.Рэгзэн болон Э.А нарын хооронд тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр 00000000000000 арлын дугаартай, 00000000000000000000 гаалийн мэдүүлгийн дугаартай, цистерн чиргүүлийг худалдагч Д.Р нь худалдан авагч Э.Аод 35 000 000 төгрөгөөр худалдахаар тохиролцон, төлбөрийг Ж-ын зээлээр төлж дуусгахаар тохирсон байна.

 

Зээлдүүлэгч Ж ХХК, зээлдэгч Э.А, хамтран зээлдэгч С.Б нар 2021 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 000000000000 дугаар зээлийн гэрээ байгуулан, 24 500 000 төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 2,5 хувийн хүүтэй автомашин худалдан авах зориулалтаар зээл олгохоор тохирсон, талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан. Ингэхдээ үүргийн гүйцэтгэлийн хангах зорилгоор мөн өдөр 000000000000 дугаартай фидуцийн гэрээг давхар байгуулсан байна.

Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр үүрэг хүлээгч нь мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг хүлээгч үндсэн үүргээ хугацаанд нь гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг.

 

Хариуцагч Ж ХХК нь гэрээний зүйл болох 00000000000000 арлын дугаартай, 2771 ОЧ улсын дугаартай цистерн чиргүүлийг өмчлөлдөө 2021 оны 5 дугаар сарын 30-ны өдөр бүртгүүлэн тээврийн хэрэгслийн гэрчилгээг авчээ.

 

Хэрэгт зээлийн гүйлгээний хүсэлт гэх баримт авагдсан ба уг баримтад зээлдэгч Э.А нь зээлийн мөнгөн хөрөнгө буюу 24 500 000 төгрөгийг худалдах, худалдан авах гэрээний худалдагч тал Д.Рийн Хаан банк дахь00000000000 тоот дансанд шилжүүлэх хүсэлтийг илэрхийлсэн байна.

 

Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-д үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүх, арбитрын шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэн өгнө гэж заасан бөгөөд зээлдэгчийн хүсэлтээр зээлийн мөнгөн хөрөнгийг бусад этгээдийн дансанд шилжүүлсэн нь зээлдүүлэгч Ж ХХК гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн гэж үзнэ. Нэхэмжлэгчийн зээлийн мөнгөн хөрөнгийг бодитойгоор хүлээлгэн өгөөгүй гэх тайлбар үндэслэлгүй байна.

 

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний дагуу хугацаандаа зээлдэгч нар зээл, хүүг буцаан төлөх үүргээ биелүүлээгүй үйл баримтын талаар зохигчид маргаагүй. Өөрөөр хэлбэл, зээлдэгч Э.А, С.Б нар нь зээлийн төлбөрийг хугацаандаа төлөөгүй гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн байна.

 

Фидуцийн гэрээний барьцааны гэрээнээс ялгаатай нь барьцааны гэрээгээр барьцааны эд зүйлийг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангадаг бол фидуцийн гэрээгээр эд юмсыг өмчлөлд шилжүүлэн авч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд бодитойгоор гаргуулан авснаар гэрээ дуусгавар болдог.

 

Зээлдүүлэгч буюу хариуцагч Ж ХХК нь өмчлөлд шилжүүлэн авсан 0000 ОЧ улсын дугаартай цистерн чиргүүлийг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулсан болох нь хэрэгт авагдсан 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ болон Авто тээврийн үндэсний төвөөс ирүүлсэн тээврийн хэрэгслийн лавлагаагаар тогтоогдож байна.

 

Зээлдэгч нар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйгээс зээлдүүлэгч Ж ХХК нь Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4-т заасан эрхээ хэрэгжүүлснийг буруутгах үндэслэлгүй байна.

 

Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.3-т гэрээний дагуу шилжүүлсэн эд хөрөнгийг үндсэн үүргийг гүйцэтгэх хугацаа болохоос өмнө үүрэг гүйцэтгүүлэгч захиран зарцуулсан бол үүргээ гүйцэтгэсэн үүрэг хүлээгч учирсан хохирлоо шаардах эрхтэй гэж заасан. Дээр дүгнэсэнчлэн нэхэмжлэгч зээлийн гэрээний дагуу зээлийг буцаан төлөх үүргээ гүйцэтгээгүй тул хариуцагч Ж ХХК-иас хохирол шаардах эрхгүй гэж шүүх дүгнэв.

 

Иймд нэхэмжлэгч С.Бын хариуцагч Ж ХХК-д холбогдуулан гаргасан 10 500 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1, 235.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Бын хариуцагч Ж ХХК-д холбогдуулан гаргасан 10 500 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 182 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ