Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2022/01723

 

 

 

 

 

2022 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2022/01723

 

С.Бын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч С.Энхбаяр, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШШ2022/01328 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: С.Б

Хариуцагч: Ц ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: гэрээний үүргээ зөрчсөний улмаас учирсан хохиролд 10,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Оюун-Эрдэнэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Н.Ариунболд /аэхэжх/ маркийн 0000ОЧ улсын дугаартай ачааны машины чиргүүлийг нийт 35,000,000 төгрөгөөр ДӨгээс худалдан авахаар харилцан тохиролцсон. Урьдчилгаа төлбөр 10,500,000 төгрөгийг ДӨд шилжүүлсэн. Үлдэх 24,500,000 төгрөгийг С.Б нь Ц ХХК-иас 24 сарын хугацаатай, нэг сарын 2,5 хувийн хүүтэйгээр зээлэхээр харилцан тохиролцож, 2021 оны 05 дугаар сарын 30-ны өдөр ЗБ1007210502 дугаартай зээлийн гэрээ болон фидуцийн гэрээ байгуулсан. Үндсэн зээлдэгчээр Э.Ариунболд, хамтран зээлдэгчээр С.Б гэрээнд оролцож, талууд гарын үсэг зурсан бөгөөд Э.Ариунболд нь уг зээлийг төлөхөөр тохирсон.

1.1. Гэтэл зээлийн мөнгийг Э.Ариунболд, С.Б нарт шилжүүлээгүй. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар банк бус санхүүгийн байгууллагаас зээл олгохдоо зээлдэгчид бодитоор шилжүүлэх хуулийн зохицуулалттай. Гэтэл Ц ХХК нь зээлийн мөнгийг бодитоор шилжүүлээгүй атлаа зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар байгуулсан фидуцийн гэрээний дагуу шилжүүлсэн хөрөнгийг захиран зарцуулсан нь хууль бус.

1.2. Хариуцагч Ц ХХК нь 35,000,000 төгрөгийн үнэтэй хөрөнгийг 24,500,000 төгрөгийн зээлийн үүргийн гүйцэтгэлд захиран зарцуулсан тул зөрүү 10,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэгч болон Э.Ариунболд нартай 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр ЗБ1007210502 дугаартай зээлийн гэрээ болон фидуцийн гэрээг байгуулж, зээлийг олгосон. Зээлийг олгоход Э.Ариунболд нь уг тээврийн хэрэгслийг гуравдагч этгээдээс худалдах-худалдан авах гэрээгээр худалдан авсан тул түүний хүсэлтийн дагуу зээлийн мөнгөн хөрөнгийг тухайн этгээдэд шилжүүлсэн.

2.1. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргээ удаа дараа зөрчсөн тул хариуцагчаас фидуцийн гэрээний дагуу фидуцийн зүйлийг хураан авч, худалдан борлуулсан.

2.2. Фидуцийн гэрээ нь заавал барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхэд хандаж гэрээг цуцалдаг гэрээ биш. Үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэг арга тул график буюу гэрээгээр тохирсон үүргүүд зөрчигдсөн тохиолдолд нэхэмжлэгчид мэдэгдэж, өмчлөлийн зүйлийг хураан авч фидуцийн гэрээг дуусгавар болгосон тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1, 235.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Бын хариуцагч Ц ХХК-д холбогдуулан гаргасан 10,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 182 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлын агуулга: Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл 0000 ОЧ улсын дугаартай цистерн нь анхнаасаа С.Бын нэр дээр бүртгэгдэж байгаагүй. Харин хариуцагч компанийн болон Л.Пүрэвдоржийн эзэмшилд бүртгэгдэж байсан болох нь харагддаг. Гэвч уг хөрөнгийг хэдэн төгрөгөөр үнэлж, худалдан борлуулсан нь бодитой тогтоогддоггүй.

4.1. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын зүгээс энэ нөхцөл байдлыг буюу хариуцагч нь тухайн эд хөрөнгийг бусдад хэдэн төгрөгөөр худалдан борлуулсан талаар тодруулах зорилгоор 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн шүүх хуралдаан дээр фидуцийн гэрээний зүйлийг Л.Пүрэвдоржид хэдэн төгрөгөөр худалдан борлуулсан талаарх Ц ХХК-ийн харилцагч банкны дансны хуулга, Автотээврийн үндэсний төвөөс маргааны зүйл болсон хөрөнгийн эзэмшигчийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг шүүхийн журмаар бүрдүүлэх тухай хүсэлтийг гаргасан. Уг баримтууд нь хэрэг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт бөгөөд төр, байгууллагын нууцтай холбоотой учир өмгөөлөгч нарын зүгээс өөрсдөө олж авах боломжгүй байсан.

4.2. Нэхэмжлэгч нь 0000 ОЧ улсын дугаартай цистернийг 35,000,000 төгрөгөөр худалдан авахаар болж ДӨгийн дансанд урьдчилгаа 10,500,000 төгрөгийг шилжүүлсэн. Харин үлдэгдэл 24,500,000 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хариуцагчтай фидуцийн гэрээ байгуулсан. Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.3 дахь хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч нь гэрээний дагуу шилжүүлсэн эд хөрөнгийг үндсэн үүргийг гүйцэтгэх хугацаа болохоос өмнө зарцуулсан бол үүрэг хүлээгч учирсан хохирлоо шаардах эрхтэй. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь фидуцийн зүйлийг хэдэн төгрөгөөр бусдад худалдан борлуулсан талаарх баримт нь хэрэг хянан шийдвэрлэхэд зайлшгүй ач холбогдолтой.

4.3. Дээрх худалдах-худалдан авах гэрээ нь дангаараа 0000 ОЧ дугаартай цистернийг 24,500,00 төгрөгөөр шилжүүлсэн эсэх нөхцөл байдлыг нотлох боломжгүй. Учир нь, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах-худалдан авах гэрээний гол нөхцөл нь түүний үнэ байдаг бөгөөд гэрээний зүйлийн үнийг хэрхэн төлөх талаар гэрээндээ тохиролцсон байх шаардлагатай. Хариуцагчаас шүүхэд гаргаж өгсөн 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн тээврийн хэрэгсэл худалдах-худалдан авах гэрээнд үнийг заасан боловч төлбөрийг хэрхэн төлөх талаар зохицуулаагүй, холбогдох баримтыг хавсаргаагүй. Энэ нь хариуцагч нь уг хөрөнгийг үнэхээр 24,500,00 төгрөгөөр худалдан борлуулсан эсэхэд үндэслэл бүхий эргэлзээ төрүүлж байна. Гэтэл шүүх нэхэмжлэгч талаас шаардлага үндэслэлээ нотлох зорилгоор хүсэлт гаргаж байхад хангахаас татгалзаж, зөвхөн хариуцагчийн гаргасан нотлох баримтыг үнэн зөв мэтээр тайлбарлаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт заасныг зөрчиж байна.

4.4. Шүүх хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримтууд хангалттай бүрдээгүй байхад хэргийн оролцогчоос гаргасан нотлох баримтыг шүүхийн журмаар бүрдүүлэх тухай хүсэлтийг хангахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж мэтгэлцэх зарчмыг зөрчсөн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчид нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26, 38 дугаар зүйлд тус тус заасан эрхийг эдэлдэг бөгөөд өмгөөлөгч нь шүүхэд хүсэлт гаргах замаар энэ эрхээ хэрэгжүүлэх хууль зүйн боломжтой юм. Үүний дагуу нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3.3-т заасан эрхийн хүрээнд хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой баримт бичиг болох 0000 ОЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч өөрчлөгдсөн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Автотээврийн үндэсний төвөөс гаргуулан авахаар шүүхэд гаргасан хүсэлтийг шүүх хангахаас татгалзаж, нэхэмжлэгч талын өөрийн эрхээ хэрэгжүүлэх боломж, нөхцөлийг хязгаарласан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу оролцогчид анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө хүсэлт, нотлох баримтаа гаргаж өгөх эрхтэй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1,6.3 дахь хэсэгт тус тус зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжих ёстой бөгөөд талууд тэгш эрхтэй байдаг. Шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгч нараас гаргасан хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэхдээ хэргийн оролцогчдын эрхийг хязгаарлаж, мэтгэлцэх зарчим зөрчигдөх эсэхийг анхаарч үзээгүйд гомдолтой байна.

4.5. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр дуусахаар байсан бөгөөд гэрээний хугацаа дуусахаас өмнө зээлдүүлэгч нь нэг талын санаачлагаар гэрээг цуцалж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор шилжүүлсэн хөрөнгийг захиран зарцуулсан нь хууль бус. Гэтэл шүүх зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байхад нэхэмжлэгч зээлийг буцаан төлөх үүргээ гүйцэтгээгүй байна, иймээс фидуцийн гэрээний дагуу шилжүүлсэн хөрөнгийг хариуцагч захиран зарцуулсан нь хуульд нийцсэн гэж үзэж Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.3 дах заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн.

4.6. Хариуцагч Ц ХХК нь зээлийн гэрээний хугацаа дуусахаас өмнө гэрээг цуцлах талаар саналаа гэрээний нөгөө талдаа мэдэгдэхгүйгээр фидуцийн гэрээний дагуу шилжүүлсэн хөрөнгийг захиран зарцуулсан. Үүний улмаас нэхэмжлэгч нь уг хөрөнгийг худалдан авахаар урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 10,500,000 төгрөгөөр хохирсон. Гэтэл шүүх нэхэмжлэгчийг хохирол шаардах эрхгүй гэсэн дүгнэсэн нь хэт нэг талыг барьсан үндэслэлгүй шийдвэр болсон.

4.7. Шүүх хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчсөн. Шүүх хэргийн оролцогчид эдлэх эрх, хүлээх үүргийг заавал тайлбарлаж өгөх үүрэгтэй. Гэтэл энэ үүргээ огт хэрэгжүүлээгүй нэхэмжлэгчид эрх, үүргийг нь тайлбарлаж өгөөгүй, хэргийн материалтай огт танилцуулаагүй нь хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн. Шүүхийн дээрх хууль зөрчсөн ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхол хөндөгдсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбарын агуулга: Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй бөгөөд зээлээ нэг ч удаа төлөөгүй тул Ц ХХК нь зээлийн гэрээ болон фидуцийн гэрээнд заасны дагуу үүргээ гүйцэтгээгүй ноцтой зөрчил гаргасны улмаас барьцаа хөрөнгийг хурааж авсан. Гэрээнд заасан заалт нь Иргэний хуулийн 235 дугаар зүйлд заасан үндэслэл буюу С.Б нь гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд Ц ХХК-аас барьцаа хөрөнгийг хурааж авсан нь үндэслэлтэй.

5.1. Талуудын хооронд фидуцийн гэрээ байгуулагдсан. Гэтэл нэхэмжлэгч талаас Иргэний хуулийн 453 дугаар зүйлд зааснаар барьцааны гэрээ байгуулагдсан гэж маргасан. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 235 дугаар зүйл нь үүргийн гүйцэтгэлийн хангах арга буюу барьцааны гэрээнээс өөр зохицуулалттай учраас Иргэний хуулийн 453 дугаар зүйлийг зөрчсөн гэж үзсэн нь үндэслэлгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасны дагуу хэрэгтэй танилцах эрх нь нэхэмжлэгч талд нээлттэй байсан. Тухайн эрхээ нэхэмжлэгч тал хэрэгжүүлээгүй. Шүүх хуралдааны товыг хуралдаан эхлэхээс өмнө мэдэгдсэн учраас нэхэмжлэгч талаас эрхээ хэрэгжүүлээд хэргийн материалтай танилцах үүргээ биелүүлэх ёстой байсан боловч биелүүлээгүй. Иймд давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч С.Б нь хариуцагч Ц ХХК-д холбогдуулан гэрээний үүргээ зөрчсөний улмаас учирсан хохиролд 10,500,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Талууд 2021 оны 05 дугаар сарын 30-ны өдөр ЗГ1007210502 дугаартай зээлийн гэрээ байгуулж, Ц ХХК нь 24,500,000 төгрөгийг, сарын 2,5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлдүүлэх, С.Б нь зээлийн мөнгөн хөрөнгийг гэрээгээр тохиролцсон хүүгийн хамт буцаан төлж барагдуулахаар харилцан тохиролцсон байна. /хх 7-8/

Мөн өдрөө ЗБ1007210502 дугаартай Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/-г байгуулж, ЗГ1007210502 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 0000 ОЧ улсын дугаартай, /аэхэжх/ маркийн ачааны машины чиргүүлийг үүрэг гүйцэтгүүлэгч Ц ХХК-ийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг гүйцэтгэгч С.Б зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн тохиолдолд уг тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг түүнд буцаан шилжүүлэх нөхцөлийг тус тус харилцан тохиролцжээ. /хх 10-11/

4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 183/ШЗ2022/05354 дугаар захирамжаар /аэхэжх/ маркийн йэхэж арлын дугаартай, 0000 ОЧ улсын дугаартай ачааны машины чиргүүлийн өмчлөгчийн дэлгэрэнгүй лавлагааг нотлох баримтаар ирүүлэхийг Автотээврийн үндэсний төвд даалгаж шийдвэрлэсэн. Автотээврийн үндэсний төвийн 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 312 дугаар лавлагаагаар дээрх чиргүүл Л.Пүрэвдоржийн өмчлөлд бүртгэлтэй талаарх баримтыг ирүүлсэн байна. /хх 46-47/

2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн шүүх хуралдаанд ...хариуцагчаас 0000 ОЧ улсын дугаартай ачааны машины чиргүүлийг гуравдагч этгээдэд хэдэн төгрөгөөр худалдан борлуулсан талаарх дансны хуулгыг гаргуулах, тээврийн хэрэгслийг Л.Пүрэвдоржид шилжүүлсэн дэлгэрэнгүй мэдээллийг Автотээврийн үндэсний төвөөс ирүүлээгүй тул хэдэн онд, хэнээс хэнд шилжсэнийг тодруулах тухай хүсэлт нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс гаргасан. Анхан шатны шүүх ...хэрэгт гуравдагч этгээдтэй байгуулсан худалдах-худалдан авах гэрээ авагдсан байх боловч төлбөрийг ямар хэлбэрээр төлсөн болох нь тодорхойгүй байх тул хариуцагчаас дансны хуулгыг албадан гаргуулах боломжгүй гэх үндэслэлээр хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт нийцээгүй байна.

Учир нь, уг хуульд зааснаар хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлдэг. Фидуцийн зүйлийг хариуцагч хэдэн төгрөгөөр бусдад худалдсан болох нь хэрэгт хамааралтай байна.

5. Түүнчлэн, шүүгчийн захирамжийн дагуу Автотээврийн үндэсний төвөөс ирүүлсэн баримтыг дэлгэрэнгүй лавлагаа гэж үзэх боломжгүй байна. Өөрөөр хэлбэл, /аэхэжх/ маркийн йэхэж арлын дугаартай, 0000 ОЧ улсын дугаартай ачааны машины чиргүүл Л.Пүрэвдоржийн өмчлөлд хэрхэн шилжсэнтэй холбоотой баримтыг ирүүлээгүй байхад шүүгчийн захирамж биелэгдсэн гэж үзэхгүй. Иймд энэ талаарх нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын гомдлыг хангана.

6. Харин нэхэмжлэгчийн ...эрх үүрэг танилцуулаагүй, хэргийн материалтай танилцуулаагүй талаарх гомдол үндэслэлгүй. Шүүх 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр нэхэмжлэгчид хурлын тов мэдэгдсэн байна.

Давж заалдах шатны шүүхээс нотлох баримтыг нөхөн бүрдүүлэх, хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд маргааны үйл баримтад эрх зүйн дүгнэлт өгч хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШШ2022/01328 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч талаас төлсөн 182,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

М.БАЯСГАЛАН