Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 678

 

 

 

 

 

 

 

 

 

                                        Т.Н-ийн нэхэмжлэлтэй

                                                иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2019/00468 дугаар шийдвэртэй

                         

Нэхэмжлэгч Т.Н-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “И Ө” ХХК-д холбогдох

 

Учирсан хохирол 10 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч                                                       Т.Н-

Хариуцагчийн өмгөөлөгч                                  С.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга        Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч Т.Н- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Т.Н- нь Баянзүрх дүүргийн 00 дүгээр хороо, С хотхон Амины орон сууц 5а тоотод орших Улсын бүртгэлийн Ү-2204015903 дугаартай 50 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг өмчилдөг байсан. Нийслэлийн Засаг даргын 2014 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн А/337 тоот захирамжид “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн удирдах хорооны 2014 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 11 дүгээр тогтоолын дагуу Нийслэлийн Баянзүрх дүүргийн 00 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр “И Ө” ХХК-ийн шалгаруулан батламж олгосон. Үүний дагуу 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдөр “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт 116 тоот гэрээ, 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван талт 116 тоот гэрээг тус тус байгуулан өөрийн өмчлөлийн дээрх эд хөрөнгөө хөрөнгө оруулалт болгон өгч “И Ө” ХХК-ийн Баянзүрх дүүргийн 00 дүгээр хороо Сансар хотхоны оронд баригдах шинэ орон сууцнаас 5 дугаар давхрын 00 тоот, 27,11 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууц, 5 дугаар давхрын 00 тоот 30,9 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцнуудыг тус тус авахаар тохиролцсон. Төсөл хэрэгжүүлэх хугацаа буюу “И Ө” ХХК-ийн мэдэгдлийн дагуу газар чөлөөлсөн өдрөөс эхлэн сард 500 000 төгрөг, жилд 6 000 000 төгрөгийг нөхөн олговор хэлбэрээр Хаан банк 5037482372 тоот дансанд шилжүүлэхээр тохиролцсон.

Уг төлбөрөөс 2014 онд 6 000 000 төгрөг, 2015 онд 5 000 000 төгрөг тус тус авсан үүнээс хойш нөхөн олговор огт аваагүй.

“И Ө” ХХК нь 2014 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/135 тоот албан мэдэгдэл өгч нөхөн олговрыг үргэлжлүүлэн олгох тухай мэдэгдсэн.

Гэтэл Нийслэлийн Засаг даргын 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн А/424 тоот захирамжаар “И Ө” ХХК нь гэр хорооллын газрын дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан.

“И Ө” ХХК нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүйн улмаас төсөл хэрэгжүүлэх боломжгүй болсон тул 2016 оны 10 дугаар сараас 2017 оны 10 дугаар сар хүртэл хугацааны нөхөн төлбөрт 6 000 000 төгрөг, 2017 оны 10 дугаар сараас 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хүртэл хугацааны нөхөн төлбөрт 3 500 000 төгрөг, 2015 онд дутуу олгосон 1 000 000 төгрөг нийт 10 500 000 төгрөгийг “И Ө” ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Бид нар нэхэмжлэлийн шаардлагаас 9 500 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Манайд Гэр хороолол дахин төлөвлөлтийн газраас мэдэгдэл өгч, эдгээр айлуудын гэрээг цуцал гээд бүх 3 талт гэрээг цуцал гээд эдгээр айлуудын барилгын ордерийг хүлээж авсан. Барилгын гэрээг 2018 оны 4 дүгээр сарын 11-ний албан тоотоор цуцалсан. Тус төсөл нь 2015 оны 10 дугаар сараас 2016 оны 10 дугаар сарыг хүртэл бүх 85 айлуудтай сарын 500 000 төгрөгөөр гэрээ хийж, 1 200 000 000 сая төгрөг өгчихсөн. Бид нар цааш барих гэсэн боловч Гэр хорооллын дахин төлөвлөлтөөс зээл өгнө, дэд бүтцийг шийдэж өгнө гээд бүх компаниудад зардал мөнгийг тавьж өгсөн хэдий ч ганцхан манайх дэд бүтцийн 9 тэрбум төлбөрийг аваагүй ч өөрийн хөрөнгөөр хийж байсан. Ингээд улсаас бидний төслийг зогсоосон. Бид нар дэд бүтцийн ажлын хөлсийг өнөөдрийг хүртэл аваагүй. Эдгээр айлуудад үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй, газрын гэрчилгээ байгаагүй. Тендер зарлахдаа 1,1 га газарт 85 айл багтаахаар төсөл оруулж, уг төсөлд манайх ялсан. Бид нар 85 айлаас 60-ыг нь оруулчихсан байгаа гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 261 дүгээр зүйлийн 261.1-д заасныг тус тус баримтлан “И Ө” ХХК-аас 9 500 000 төгрөг гаргуулж Т.Н-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 000 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 182 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 166 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Жаргал давж заалдах гомдолдоо:

... “И Ө” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Жаргал миний бие Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2019/00468 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Учир нь нэхэмжлэгч Т.Н- нь “И Ө” ХХК-тай гэрээ байгуулан нөхөн олговрын мөнгө авахдаа нийт 27 501 500 төгрөг авчээ. Энэхүү мөнгийг авахдаа гэрээнд гарын үсэг зурсан нөхөр н.Нямдорж, охин Н.Ганцэцэг, хүү Н.Ганзориг нар тус тусдаа авч компанийг хохиролд оруулжээ. Дээрх байдал шүүх хуралдааны явцад мэдэгдсэн билээ.

Бид компанийн архиваас дахин баримт олсон. Нэхэмжлэгч шүүхэд шударга мэдүүлэг өгөх. нотлох баримтаа бүрэн өгсөн байдаг. Гэтэл Т.Н- бусад хүмүүсийн мөнгөн баримтыг тооцолгүй мөнгө нэхэмжилсэн байна. Шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ дээрх хүмүүсийн нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах итгэмжлэлээ авч ирээгүй байхад шүүх хэргийг шийдсэн тул шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүх рүү буцааж өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн хуулийн шаардлагыг хангасан байна.

 

            Нэхэмжлэгч Т.Н- нь хариуцагч “И Ө” ХХК-д холбогдуулан хохиролд 10 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас хариуцагч 9 500 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 1 000 000 төгрөгийг эс зөвшөөрч маргажээ.

 

            Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд “И Ө” ХХК нь иргэн Т.Н-тэй 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдөр “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээ”, мөн иргэн Т.Н-, “И Ө” ХХК, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдөр “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээ”-нүүдийг тус тус байгуулсан байна.                                  

/хэргийн 6-10 дугаар тал/

 

            Хоёр талт гэрээгээр Т.Н- нь Н.Ганчимэг, Н.Ганзориг нарын өөрийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204015903 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, Сансар хотхоны 5а тоотод байрлах 50 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл”-ийн хүрээнд “Сансар хотхон”-ы 5 давхрын нэг өрөө 2 ширхэг нийт 91 м.кв талбай бүхий орон сууцаар солихоор тохиролцож, Т.Н-, Н.Ганчимэг, Н.Ганзориг нар газар, орон сууцаа чөлөөлөх үүргийг хүлээж, “И Ө” ХХК хоёр ширхэг 91 м.кв орон сууцыг 2015 оны 3 дугаар улиралд ашиглалтад оруулан хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцжээ. / хэргийн 6-7 дугаар тал/

 

            Гэрээнд иргэн Т.Н-т “И Ө” ХХК-аас газар чөлөөлөх өдрөөс эхлэн нэг жилийн хугацаанд /12 сарЧ500 000=6 000 000 төгрөг/ нийт 6 000 000 төгрөгийн нөхөн олговор хэлбэрээр олгоно гэж заасан байна. Нэхэмжлэгч Т.Н-т “И Ө” ХХК-аас 11 000 000 төгрөг өгсөн үйл баримтыг талууд няцаан маргаагүй байна.

 

            Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй байдаг тул нэхэмжлэгч Т.Н- нь хариуцагчийн зүгээс орон сууц шилжүүлэх үүргээ зөрчсөнтэй холбоотой учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй.

 

            Хариуцагч “И Ө” ХХК нь Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 10 дугаар хуралдаанаас “... “И Ө” ХХК-ийн дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан” гэж тайлбарлаж байгаа бөгөөд нэхэмжлэгч талаас уг төсөл цаашид үргэлжилсэн болохыг нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй, уг байдал нь хэргийн баримтаар тогтоогдоогүй. Иймд анхан шатны шүүх 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрөөр гэрээ цуцлагдсан гэж дүгнэж, уг хугацааг хүртэл хариуцагчийн хүлээн зөвшөөрсөн хэмжээ болох 9 500 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үлдэх 1 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон нь буруу биш байна.

 

Иргэний хуулийн 241 дүгээр зүйлийн 241.1 дэх хэсэгт “Хэд хэдэн этгээд үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгчээс шаардах эрхтэй бөгөөд үүрэг гүйцэтгэгч үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх үүрэгтэй бол тэдгээрийг бүрэн эрх бүхий хамтран үүрэг гүйцэтгүүлэгчид гэнэ” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Т.Н- нь талуудын хооронд байгуулсан дээрх гэрээнүүдэд хамтран үүрэг гүйцэтгүүлэгчийн нэгээр оролцсон байна. Иймд Т.Н- нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт зааснаар өөрийн үзэмжээр үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй юм. Анхан шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.  

 

            Иймд хариуцагч “И Ө” ХХК-аас 9 500 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.Н-т олгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2019/00468 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 166 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                         ШҮҮГЧИД                                      А.ОТГОНЦЭЦЭГ

 

Ц.ИЧИНХОРЛОО