Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 468

 

  

 

 

 

 

                                                                

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Т.Н-н нэхэмжлэлтэй,  

 

Хариуцагч: “И Ө ” ХХК -д холбогдох,  

 

Учирсан хохирол 10.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.    

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т.Н , хариуцагчийн төлөөлөгч Д.Жаргал, өмгөөлөгч С.Мягмарсүрэн, нарийн бичгийн даргаар Н.Алтантуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: “2014 онд И Ө  компани барилга барьж өгнө гээд манай газрын гэрчилгээтэй байсан амины орон сууцыг 2014 оноос 2016 оныг хүртэл 11 сая төгрөг авсан. 2016 оноос 2017 оны хооронд нөхөн төлбөр авч чадаагүй. 2016 оны 10 дугаар сараас 2018 оны 05 дугаар сарыг хүртэлх нөхөн төлбөрийг гаргуулах хүсэлтэй байна. Сарын 600.000 төгрөгөөр тооцсон. Тиймээс 10.500.000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна” гэв.

 

Хариуцагчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Бид нар нэхэмжлэлийн шаардлагаас 9.500.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Манайд Гэр хороолол дахин төлөвлөлтийн газраас мэдэгдэл өгч, эдгээр айлуудын гэрээг цуцал гээд бүх 3 талт гэрээг цуцал гээд эдгээр айлуудын барилгын ордерийг хүлээж авсан. Барилгын гэрээг 2018 оны 04 дүгээр сарын 11-ний албан тоотоор цуцлав гэсэн. Тус төсөл нь 2015 оны 10 дугаар сараас 2016 оны 10 дугаар сарыг хүртэл бүх 85 айлуудтай сарын 500.000 төгрөгөөр гэрээ хийж, 1.200.000.000 сая төгрөг өгчихсөн. Бид нар цааш барих гэсэн боловч Гэр хорооллын дахин төлөвлөлтөөс зээл өгнө, дэд бүтэцийг шийдэж өгнө гээд бүх компаниудад зардал мөнгийн тавьж өгсөн хэдий ч ганцхан манайх дэд бүтцийн 9 тэрбум төлбөрийг аваагүй ч өөрийн хөрөнгөөр хийж байсан. Ингээд улсаас бидний төслийг зогсоосон. Бид нар дэд бүтцийн ажлын хөлсийг өнөөдрийг хүртэл аваагүй. Эдгээр айлуудад үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй, газрын гэрчилгээ байгаагүй. Тендер зарлахдаа 1,1 га газарт 85 айл багтаахаар төсөл оруулж, уг төсөлд манайх ялсан. Хуулинд хот суурин газар газарт төр мөнгөө оруулахаас хувийн компани оруулахгүй гэх хуулийн заалтыг хот мэдээд манайхыг төслөө татаж ав гээд төслөө цуцалж, бүх ордерийг хурааж авсан. Бид нар 85 айлаас 60-ыг нь оруулчихсан байгаа” гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн албан тоот буюу Нийслэлийн засаг даргын зөвлөлөөс гаргасан тэмдэглэлийг И Ө  компанид Гэр хорооллын хөгжлийн төвөөс явуулчихсан байгаа. Тус баримтыг үндэслээд 9.500.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа. Мөн хэрэгт нэхэмжлэгч гурван талт гэрээг өгсөн байгаа. Тус гэрээний дагуу тухайн төлбөрийг гуравдагч тал болох Гэр хорооллын хөгжлийн төв хариуцах ёстой байсан. Нэгэнт 2 талт гэрээ хийгдсэн, тус төлбөрийг гуравдагч тал тус мөнгийг өгөхөөр зөвшөөрсөн учир хуулинд заасны дагуу тус төлбөрийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

Шүүх зохигчдоос шаардлага, тайлбараа нотлох зорилгоор шүүхэд гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т.Н  нь хариуцагч “И Ө ” ХХК-д холбогдуулан учирсан хохирол 10.500.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 

           

 Хариуцагч И Ө  ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаас 9.500.000 төгрөгийг зөвшөөрч маргаагүй, харин Нийслэлийн засаг даргын зөвлөлийн 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 10 дугаар хуралдаанаас И Ө  ХХК-ийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан тул нөхөн олговрыг 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрөөс тасалбар болгосон учир 1.000.000 төгрөгийг зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

 Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Зохигчдын хооронд 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдөр 116 тоот “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээ”, зохигчид болон Нийслэлийн Засаг дарга нарын хооронд 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдөр 116 тоот “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээ”-нүүд тус тус байгуулагджээ.

 

Хоёр талт гэрээгээр Т.Н  нь Н.Ганчимэг, Н.Ганзориг, Т.Н  нарын өөрийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204015903 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, Сансар хотхоны 5а тоотод байрлах  50 м.кв хувийн  өрөө сууцыг “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл”-ийн хүрээнд тухайн байршилд “И Ө ” ХХК-ийн барьж ашиглалтад оруулах “Сансар хотхон”-ы 5 давхрын нэг өрөө 2 ширхэг нийт 91 м.кв талбай бүхий орон сууцаар солихоор тохиролцож, газар, орон сууцаа чөлөөлөх үүргийг Т.Н , Н.Ганчимэг, Н.Ганзориг нар нь газрыг чөлөөлж, үл хөдлөх эд хөрөнгийг буулгах, 2 ширхэг нийт 91 м.кв орон сууцыг 2015 оны 3 дугаар улиралд ашиглалтад оруулан хүлээлгэн өгөх, газар чөлөөлсөн өдрөөс эхлэн орон сууцыг барьж хүлээлгэн өгөх хүртэл сар бүр 500.000 төгрөг буюу жилд 6.000.000 төгрөгийг түр суурьшуулах зардалд нөхөн олговор хэлбэрээр олгох үүргийг “И Ө ” ХХК тус тус хүлээсэн байна.

 

Иргэний хуулийн 241 дүгээр зүйлийн 241.3-д зааснаар Т.Н  нь хамтран үүрэг гүйцэтгүүлэгч Н.Ганчимэг, Н.Ганзориг нарын өмнөөс шаардах эрхтэй байна.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан тайлбартаа “...2015 оны 3 дугаар сарын 16-ны өдөр 116 тоот “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээ”-ний дагуу “И Ө ” ХХК-д олгогдсон гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах тухай Нийслэлийн Засаг даргын 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн А/424 тоот захирамж гарч гурван талт гэрээ цуцлагдсан тул 2016 оны 10 дугаар сараас 2018 оны 5 дугаар сарыг хүртэл нийт 10.500.000 төгрөг шаардаж байгаа” гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг, хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Нийслэлийн засаг даргын зөвлөлийн 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 10 дугаар хуралдаанаас И Ө  ХХК-ийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан, энэ тухай Гэр хорооллын дэд бүтцийн газраас 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 03/266 дугаар мэдэгдлээр мэдэгдсэн тул уг хугацаанаас буюу 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрөөс нөхөн төлбөр төлөх үүрэг дуусгавар болсон” гэж нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлийг тус тус тайлбарласан.

 

Зохигчдын хооронд байгуулагдсан гэрээ нь үл хөдлөх эд хөрөнгийг үл хөдлөх эд хөрөнгөөр солих буюу үл хөдлөх эд хөрөнгийг харилцан өмчлөлд шилжүүлэх агуулга бүхий гэрээ байх тул шүүх тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1-д заасан арилжааны гэрээ байгуулагдсан гэж үзлээ.

 

Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.3-т зааснаар арилжааны гэрээнд худалдах, худалдан авах гэрээний талаарх мөн хуулийн холбогдох заалтууд нэгэн адил хамаардаг.

 

Нэхэмжлэгч Т.Н ийн хувьд хоёр талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, өөрийн өмчлөлийн орон сууцыг чөлөөлж өгсөн, орон сууц чөлөөлсөн үндэслэлээр хариуцагч “И Ө ” ХХК нь түүнд 11.000.000 төгрөг төлсөн байх боловч гэрээгээр тохирсон хугацаандаа орон сууцыг барьж ашиглалтад оруулаагүй, одоо энэ үүргийг гүйцэтгэх боломжгүй болсон болох нь талуудын тайлбар, Гэр хорооллын дэд бүтцийн газраас 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 03/266 дугаар мэдэгдлээр нотлогдож байна.

 

Төсөл хэрэгжээгүйгээс нэхэмжлэгч нь чөлөөлсөн орон сууцаа шинэ орон сууцаар сольж авч чадаагүй тул Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн хариуцагчаас гэрээ цуцлагдах хүртэлх хугацааны орон сууц хөлсөлсний зардал болох хохирлоо 2 талт гэрээний 2.7-д заасан хэмжээгээр /сарын 500.000 төгрөг/ шаардах эрхтэй гэж үзлээ.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчийн оршин суух зардал төлөхгүй гэж маргаагүй, харин 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрөөс гэрээнээс татгалзсан тул уг хугацаагаар тооцно гэж 1.000.000 төгрөгийг төлөхгүй гэх тайлбар нь үндэслэлтэй байна.

 

Нийслэлийн засаг даргын зөвлөлийн 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 10 дугаар хуралдаанаас “...И Ө  ХХК-ийн дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан”, мөн Гэр хорооллын дэд бүтцийн газраас 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 03/266 дугаар мэдэгдлээр “гэрээг цуцалсан тухай” мэдэгдсэн болох нь баримтаар нотлогдож байна.

 

Иргэний хуулийн 226 дугаар зүйлийн 226.1-т зааснаар И Ө  ХХК нь ямар нэгэн үр дүн гарахгүй нь илт болсон тул Нийслэлийн засаг даргаас И Ө  ХХК-д үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоох буюу урьдчилан сануулах шаардлагагүй гэрээг цуцалсан гэж үзэх бөгөөд Гурван талт гэрээний 6.2, 6.5-д зааснаар төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах эрхтэй, түүнчлэн төслийг хэрэгжүүлэх эрхийг цуцалсан тохиолдолд И Ө  ХХК нь бусдын өмнө цуцлагдсан гэрээнээс үүрэг хүлээхгүй.

 

Нийслэлийн засаг даргын зөвлөлийн хурлын тэмдэглэл, Гэр хорооллын дэд бүтцийн газраас ирүүлсэн албан бичигт зааснаар талуудын хооронд байгуулсан гэрээний харилцаа 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдөр дуусгавар болсон гэж үзэх тул хариуцагч “И Ө ” ХХК-аас 9.500.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.Н т олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 261 дүгээр зүйлийн 261.1-д заасныг тус тус баримтлан “И Ө ” ХХК-аас 9.500.000 төгрөг гаргуулж Т.Н т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1.000.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 182.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 166.950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.   

 

            3. Шүүхийн шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд төлбөр гаргуулах ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хуулийн этгээдээс төлбөр гаргуулах журмын дагуу гүйцэтгэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид энэхүү шийдвэрийг 7 хоногийн дараа гарснаас хойш 14 хоногийн дотор гардан авах үүрэгтэй бөгөөд хэрэв эс зөвшөөрвөл заасан хугацаанд шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            С.ЭНХБАЯР