Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 182/ШШ2022/01579

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: тоот хаягт оршин суугч овогт С.О-ийн нэхэмжлэлтэй,   

 

Хариуцагч: байранд байрлах, Н дарга- холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 15,479,640 гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч С.О-,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Хандмаа

Хариуцагчийн төлөөлөгч Б.Алтангэрэл

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Оргил нарыг оролцуулан хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.О- нь хариуцагч Н дарга- холбогдуулж урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 15,479,640 гаргуулах, нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна Үүнд:

 

1.Нэхэмжлэгч С.О- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны Засаг дарга  О- намайг үүрэгт ажлаас чөлөөлсөн. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 182/ШШ2020/01679 тоот шийдвэрээр Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2020 оны 3 сарын 18-ны өдрийн Б/24 дүгээр захирамжийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Чингэлтэй дүүргийн  хорооны Засаг даргын ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагчид даалгах тухай шүүхийн шийдвэр гаргасан. Хариуцагч талаас уг шийдвэрийг эс зөвшөөрч Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасныг тус шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 112 тоот магадлалаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр, магадлалыг 13 сар 16 хоногийн дараа биелүүлж, 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Б/16 дугаар захирамжаар нэхэмжлэгч С.О- намайг тус дүүргийн 4 р хорооны Засаг дарга албан үүргийг орлон гүйцэтгэгчээр 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр томилсон. 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Б/17 тоот захирамжаар тус дүүргийн 4 дүгээр хорооны Засаг даргын түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлөх тухай хууль бус захирамжийг дахин гаргасан. Иймд 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл хугацаанд ажилгүй байсан хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 15,479,640 төгрөг гаргуулах, уг хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, дэвтэрт зохих бичилт хийхийг даалгаж өгнө үү гэв.  

 

2.Хариуцагч Нийслэлийн Чингэлтэй Дүүргийн Засаг даргын төлөөлөгч Б.Алтангэрэл шүүхэд хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Татгалзсан үндэслэлээ тайлбарлаж хэлэх зүйл алга гэв.

 

3.Хариуцагч Нийслэлийн Чингэлтэй Дүүргийн Засаг дарга шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: С.О-г 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны Иргэдийн Нийтийн Хурлын Анхдугаар хуралдаанаас тус хорооны Засаг даргад нэр дэвшүүлж, мөн өдрөөс Засаг даргын захирамжаар томилсон. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.“Засаг даргын бүрэн эрхийн хугацаа 4 жил байна” гэж, 56 дугаар зүйл 56.2.Засаг даргыг томилуулахаар тухайн иргэдийн төлөөлөгчдийн хурал болон иргэдийн Нийтийн хурал нэр дэвшүүлнэ” 56.5.1-т түүнчлэн иргэдийн Нийтийн хуралд оролцогч дангаараа буюу хамтарч энэ хуулийн 56.3, 56.4-т заасан шаардлага хангасан хүнийг засаг даргад нэр дэвшүүлэхээр санал гаргана” гэж заасны дагуу С.О-гийн бүрэн эрхийн хугацаа нь 2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр дууссан бөгөөд дүүргийн Засаг даргаас хорооны Засаг даргыг томилох хууль зүйн үндэслэл нь хуулийн шаардлага хангасан хүнийг хорооны Иргэдийн нийтийн хурлын санал болгосноор үүсэх юм. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

 4.Нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн  2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2020/0765 шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 112 дугаар магадлал, Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2021/4854 дугаар шүүгчийн захирамж, Гүйцэтгэх хуудас, Нийслэлийн Чингэлтэй Дүүргийн Засаг даргын Б/16, Б/17, Б/24, Б/18 дугаар захирамж, Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай 22/01-83 тогтоол, Цалингийн карт зэрэг баримтыг, хариуцагчаас хариу тайлбар ирүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэгч С.О-гийн нэхэмжлэлээс 15,123,223 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, үлдэх 356,417 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.

5.Нэхэмжлэгч С.О- нь хариуцагч Н дарга- холбогдуулж Урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 15,192,494 гаргуулах, нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлага 287,146 төгрөгөөр нэмэгдүүлж, дараах үндэслэлээр  шаардах эрхээ тодорхойлсон.  Үүнд: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан ажилгүй байсан бүх хугацааны цалингаа шаардах эрхтэй гэж тайлбарлав.

6.Хариуцагч Нийслэлийн Чингэлтэй Дүүргийн Засаг даргын төлөөлөгч Б.Алтангэрэл шүүх хуралдаанд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Татгалзсан үндэслэлээ тайлбарлаж хэлэх зүйл алга гэх тайлбар гаргаж байна.

7.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн  2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2020/0765 шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 112 дугаар магадлал, Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн128/ШШ2021/4854 дугаар шүүгчийн захирамж, Гүйцэтгэх хуудас, Нийслэлийн Чингэлтэй Дүүргийн Засаг даргын Б/16, Б/17, Б/24, Б/18 дугаар захирамж, Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай 22/01-83 тогтоол, зохигчдын тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар дараах үйл баримт  тогтоогдож байна.

8.Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны Засаг даргын ажил, албан тушаал нь сонгуульт албан тушаал байх бөгөөд эрх зүйн байдлыг хуулиар тогтоохоор зохицуулжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Хандмаа нь 2020 оны орон нутгийн ээлжит сонгуулийн дараа Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны Засаг даргад томилуулахаар тухайн иргэдийн төлөөлөгчдийн хурал нэр дэвшүүлж уламжлаагүй, нэхэмжлэгч С.О-г ажлаас чөлөөлснөөс хойш Засаг даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Б.Батцэцэг томилогдон одоог хүртэл ажиллаж байгаа, иргэдийн төлөөлөгчдийн хурал хуралдаагүй байна гэж мэтгэлцэж байгааг хариуцагч зөвшөөрч, маргаагүй тул энэ үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт заасны дагуу тогтоогдсон гэж үзнэ.

9.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн  2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2020/0765 дугаар шийдвэрээр “...Нийслэлийн Чингэлтэй Дүүргийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн С.О-г ажлаас чөлөөлөх тухай Б/24 тоот захирамжийг хүчингүй болгож, С.О-г Нийслэлийн Чингэлтэй Дүүргийн 4 дүгээр хорооны Засаг даргын албан тушаалд эгүүлэн тогтоохыг хариуцагч Н дарга- даалгасугай. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчид /С.О-/ 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүртэл ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгож, Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалыг суутгаж, зохих бичилт хийхийг Нийслэлийн Чингэлтэй Дүүргийн Засаг дарга /Засаг даргын тамгын газарт/ даалгасугай” гэж шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 112 дугаар  магадлалаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2020/0765 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсэн магадлал хуулийн хүчин төгөлдөр болжээ.

 

Хариуцагч Нийслэлийн Чингэлтэй Дүүргийн Засаг дарга нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлээгүй учир 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс тушаал гарах хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговор шаардаж, 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэгч шүүхэд хандсан байна.

 

Ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар олгох үндэстэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд сайн дураар биелүүлээгүй тохиолдолд хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэдэг. Дээрх шийдвэрийг хариуцагч 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Б/18 тоот захирамжаар  Албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилж шүүхийн шийдвэрийг биелүүлсэн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.  

 

Ажилтан ажлаас чөлөөлөгдөж, ажилгүй болох, шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлэх, шүүх уг нэхэмжлэлийн дагуу үүсгэсэн иргэний хэргийг хянан шийдвэрлэх нь ажил олгогчийн хууль бус шийдвэр гаргаснаас үүсэх эрх зүйн үр дагавар мөн тул ажилтны ажлаас халагдсанаас хойш ажилд эгүүлэн тогтоох тухай шүүхийн хүчин төгөлдөр болсон шийдвэрийг ажил олгогчоос биелүүлэх хүртэлх хугацаа Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан ажилгүй байсан бүх хугацаанд хамаарах тул ажил олгогч шүүхийн шийдвэрийг биелүүлэх хүртэлх хугацааны цалинтай тэнцэх олговор олгох үүргээс чөлөөлөх үндэслэлд хамаарахгүй.

 

Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргахаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх естой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлд заасны дагуу гомдлоо гаргана гэж зохицуулсан.

 

Хариуцагч нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2020/0765 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 112 дугаар магадлалын заалтыг биелүүлээгүй буюу 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Б/18 тоот захирамжаар Албан тушаалд томилох хүртэл ажилтны эрх зөрчигдсөн хэвээр байсан тул нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуульд заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлээгүй гэж үзнэ.

 

 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн  2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2020/0765 дугаар шийдвэрээр нэхэмжлэгчид 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүртэл ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгож, Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалыг суутгаж, зохих бичилт хийхийг Н дарга- даалгаж шийдвэрлэсэн байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар дахин нотлох шаардлагагүй.

 

 Иймд 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт Нийгмийн даатгалын дэвтрийн сүүлийн 3 сараар буюу 2019 оны 12 дугаар сард 1,127,738 төгрөг, 2020 оны 01 дүгээр сард 1,102,117 төгрөг, 2020 оны 02 дугаар сард 1,157,117 төгрөгөөс сарын дундаж цалинг 1,128,990 төгрөгөөр тооцож  /нэг өдрийн цалинг 52,111 төгрөг х 288 өдөр/ нийт 15,123,223 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгон, илүү нэхэмжилсэн 356,417 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэстэй. /хавтаст хэргийн 26 дахь тал/

 

10.Хөдөлмөрийн тухай хууль 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр шинэчлэн батлагдаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн байх боловч энэхүү маргаан нь 1999 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалтад хамаарч, уг хууль хүчин төгөлдөр үйлчилж байх цаг хугацаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байсан тул хуучин хуулийг баримтлан хэрэг маргааныг эцэслэн шийдвэрлэсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

11.Хариуцагч Нийслэлийн Чингэлтэй Дүүргийн Засаг дарга /Засаг даргын тамгын газар/-аас   улсын тэмдэгтийн хураамжид 233,566 төгрөгийг гаргуулж Улсын орлого болгох үндэслэлтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай /1999 оны/ хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн Чингэлтэй Дүүргийн Засаг дарга /Засаг даргын тамгын газар/-аас 15,123,223 /арван таван сая нэг зуун хорин гурван мянга хоёр зуун хорин гурав/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.О-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 356,417 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Хөдөлмөрийн тухай /1999 оны/ хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан дээрх олговроос Нийгмийн даатгал болон Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр суутган зохих байгууллагад шилжүүлэн, Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт ажилгүй байсан хугацааны шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагч Нийслэлийн Чингэлтэй Дүүргийн Засаг дарга /Засаг даргын тамгын газар/-т  даалгасугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтанд заасан нэхэмжлэл Улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтанд зааснаар хариуцагч Нийслэлийн Чингэлтэй Дүүргийн Засаг дарга /Засаг даргын тамгын газар/-аас   улсын тэмдэгтийн хураамжид 233,566 төгрөгийг гаргуулж Улсын орлого болгосугай

 

4.Хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.