Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2022/01478

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2022 08 10 210/МА2022/01478

 

 

 

С.Огийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Ч.Цэнд, шүүгч Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 182/ШШ2022/01579 дугаар шийдвэртэй

С.Огийн нэхэмжлэлтэй

ЧДЗДд холбогдуулан

Урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 15,479,640 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Хурцбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: ЧДЗД 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны Засаг дарга С.О намайг үүрэгт ажлаас чөлөөлсөн. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 182/ШШ2020/01679 тоот шийдвэрээр Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн Б/24 дүгээр захирамжийг хүчингүй болгож, намайг урьд эрхэлж байсан Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны Засаг даргын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагчид даалгах тухай шүүхийн шийдвэр гаргасан. Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 112 тоот магадлалаар 1679 тоот шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр, магадлалыг хариуцагч 13 сар 16 хоногийн дараа биелүүлж, 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Б/16 дугаар захирамжаар намайг тус дүүргийн 4 дүгээр хорооны Засаг даргын албан үүргийг орлон гүйцэтгэгчээр 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр томилж, 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Б/17 тоот захирамжаар тус дүүргийн 4 дүгээр хорооны Засаг даргын түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлөх тухай хууль бус захирамжийг дахин гаргасан. Иймд 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл хугацаанд ажилгүй байсан хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 15,479,640 төгрөг гаргуулж, уг хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, дэвтэрт зохих бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Татгалзсан үндэслэлээ тайлбарлаж хэлэх зүйл алга гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай /1999 оны/ хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн ЧДЗД /Засаг даргын тамгын газар/-аас 15,123,223 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Од олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 356,417 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож. Хөдөлмөрийн тухай /1999 оны/ хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан дээрх олговроос нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр суутган зохих байгууллагад шилжүүлэн, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт ажилгүй байсан хугацааны шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагч Нийслэлийн ЧДЗД /Засаг даргын тамгын газар/-т даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтанд заасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтанд зааснаар хариуцагч Нийслэлийн ЧДЗД /Засаг даргын тамгын газар/-аас улсын тэмдэгтийн хураамжид 233,566 төгрөгийг гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд, зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ гэрчийн мэдүүлэг авахуулж нотлох байсан боловч Б.Батцэцэгийг гэрчээр оролцуулах хүсэлтийг шүүх хангаагүй. Мөн шүүхийн шийдвэрт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч татгалзах үндэслэлээ тайлбарлаж хэлэх зүйл алга гэж хэлсэн мэтээр буруу бичсэн байна. Процессийн алдаатай анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдол гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга: н.Батцэцэгийг гэрчээр оролцуулах шаардлагагүй. Миний бие ажилласан хугацааны цалинг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Иймд Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны Засаг даргын үүрэг гүйцэтгэгч н.Батцэцэг гэрчээр оролцох шаардлагагүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч С.О нь хариуцагч ЧДЗДд холбогдуулан урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 15,479,640 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. С.О нь Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Б/18 дугаар захирамжаар тус дүүргийн 4 дүгээр хорооны Засаг даргаар томилогдон ажиллаж байсан бөгөөд 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн Б/24 дүгээр захирамжаар Засаг даргын албан үүргээс чөлөөлөгдсөн. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 11ий өдрийн 128/ШШ2020/0765 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 112 дугаар магадлалаар ажил олгогчийн Б/24 дүгээр захирамжийг хүчингүй болгож, С.Ог Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны Засаг даргын албан тушаалд эгүүлэн тогтоосон, Улсын дээд шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 40 дугаар тогтоолоор хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр, магадлал, тогтоол зэрэг баримтуудаар тус тус тогтоогджээ. /хх 1-17/

 

4. Дээрх шийдвэрийг үндэслэн Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Б/16 дугаар захирамжаар С.Ог тус дүүргийн 4 дүгээр хорооны Засаг даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон байна. /Хх 23/

 

5. Анхан шатны шүүх хариуцагч Нийслэлийн ЧДЗДас ажилгүй байсан хугацааны олговорт 15,123,223 төгрөгийг гаргуулж С.Од олгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

Гэхдээ Хөдөлмөрийн тухай хууль шинээр батлагдан мөрдөгдөх хугацаанд хамаарах олговорыг гаргуулахдаа холбогдох хуулийг хэрэглээгүй алдаа гаргасныг залруулах боломжтой байна. Нэхэмжлэгч С.Од олгох 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд хамаарах олговорыг олгох үндэслэл Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 он/ 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэг, 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд хамаарах олговор олгох үндэслэл Хөдөлмөрийн тухай хуулийн /2021 он/ 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт тус тус хамаарч байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт энэ үндэслэлээр хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

6. Мөн анхан шатны шүүх нэхэмжлэлийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөхдөө Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасан төсвийн байгууллагын нэхэмжлэлд хамааруулсан нь буруу тул гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамжийг чөлөөлж мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг баримталсан өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

7. Анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гэрч оролцуулах хүсэлт гаргаагүй байна. Иймд гэрч оролцуулах хүсэлтийг хангаагүй гэх агуулгаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болжээ.

Түүнчлэн, анхан шатны шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт бичигдсэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, татгалзсан үндэслэлээ тайлбарлаж хэлэх зүйл алга гэх тайлбар шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байх ба хариуцагч тал шүүх хуралдааны тэмдэглэл алдаатай бичигдсэн гэж үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.3 дахь хэсэгт зааснаар санал гаргаж залруулах боломжтой байсан. Энэ талаар санал хүсэлт гаргаагүй тул шүүх хуралдааны тэмдэглэл зөв, тэмдэглэлийн агуулгатай шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэг зөрөөгүй байна.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 182/ШШ2022/01579 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад 69.1 гэсний дараа Хөдөлмөрийн тухай хуулийн /2021он/ 127 дугаар зүйлийн 127.1 гэж, 2 дахь заалтад 46.2 гэсний дараа Хөдөлмөрийн тухай хуулийн /2021он/ 43 дугаар зүйлийн 43.2.7 гэж тус тус нэмж, 3 дахь заалтын 41.1.3 гэснийг 41.1.5 гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар гомдлыг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлснийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

Д.БЯМБАСҮРЭН