Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 182/ШШ2022/01810

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, шүүгч Ж.Цэнгэл, шүүгч Ж.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: тоот хаягт оршин суугч овогт Д.Б-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ш- д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Шүүгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалд хамруулаагүй, даатгуулаагүй гэм хорын хохиролд 471,081,458 төгрөг гаргуулах тухай.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Зүмбэрэл

Хариуцагчийн төлөөлөгч Т.Мөнхбаяр

Иргэдийн төлөөлөгч Ц.Отгонбаяр

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Оргил нарыг оролцуулан хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Б- нь хариуцагч Ш-эд холбогдуулан шүүгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалд хамруулаагүй, даатгуулаагүй гэм хорын хохиролд 471,081,458 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.Нэхэмжлэгч Д.Б- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон төлөөлөгч А.Зүмбэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...2019 оны 6 дугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар нэр бүхий 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэхэд шүүгч Ц.Аы бүрэн эрхийг мөн түдгэлзүүлсэн боловч 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар бүрэн эрх нь сэргээгдэж Ц.А нь Шийн шүүгчээр үргэлжлүүлэн ажилласан. Тэрээр 2019 оны 9 дүгээр сард хорт хавдартай болох нь оношлогдон 2019 оны 10 дугаар сард БНСУ-д нойр булчирхайн хорт хавдрын мэс засал хийлгэсэн. 2019, 2020, 2021 онуудад мэс засал болон түүний дараах эмчилгээ сувилгаа, химийн болон туяа эмчилгээ тасралтгүй хийлгэсэн. 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс Хавдар судлалын үндэсний төвийн хөнгөвчлөх эмчилгээний тасагт эмчлүүлж байгаад 4 дүгээр сарын 01-ний өдөр Ковид-19 халдвар авч, Цэргийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдэн эмчлүүлж эхэлсэн. Гэвч өвчин хүндэрч эрчимт эмчилгээний тасагт шилжин эмчлүүлж байсан боловч 4 дүгээр сарын 26-ны өдөр нас барсан. Ц.А нь бусад шүүгчийн адил Ард даатгал компанитай Шүүгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалтай байсан. Гэтэл уг гэрээг түүний шүүгчийн эрх түдгэлзсэн үед аудитын байгууллагын шаардлагаар цуцалсан байсан боловч шүүгчийн эрх нь сэргээгдэхэд Шийн Тамгын газар, санхүүгийн алба тус гэрээг нөхөн сэргээх үүрэгтэй байтал сэргээгээгүй нь хууль бус ажиллагаа гэж үзэж байна. Ер нь даатгуулагчийн өөрийнх нь зөвшөөрөлгүй, даатгуулагчаас зөвшөөрөл авахгүйгээр хэн нэгэн гуравдагч этгээдийн аман даалгавраар даатгалын гэрээний үйлчилгээг зогсоох нь хууль бус үйлдэл юм. Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д “Даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, мөн хуулийн 441.1-д “Даатгуулагч өөрийн нэрийн өмнөөс бусад этгээдэд ашигтайгаар даатгалын гэрээ байгуулж болох бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр үүсэх бүхий л эрхийг ашиг сонирхол нь даатгагдсан этгээд /цаашид “ашиг сонирхол бүхий этгээд”-гэх/ эдлэх боловч даатгалын баталгаа олгохыг гагцхүү даатгуулагч шаардах эрхтэй” гэж, мөн хуулийн 443.1-д “Гэм хорын даатгалаар даатгагч нь даатгуулагчийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, эд хөрөнгийн бус ашиг сонирхолд учирсан гэм хорыг даатгалын үнэлгээний хэмжээгээр мөнгөн хэлбэрээр нөхөн төлөх үүрэг хүлээнэ” гэж тус тус хуульчилжээ. Гэтэл Шээс зөвхөн талийгаачийг даатгалд хамруулаагүй, даатгалын гэрээний дагуу даатгалын нөхөн төлбөр авах боломжийг хязгаарласан тул дээрх нөхцөл байдал болон бидний санхүүгийн хүнд байдлыг харгалзан Ц.А агсны Ард даатгал компанитай байгуулсан Шүүгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээний дагуу болон 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөж эхэлсэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.1-д зааснаар шүүгч албан үүргээ гүйцэтгэх явцад эрүүл мэндэд нь хохирол учирснаас амь насаа алдсан бол нөхөн төлбөрийг түүний авч байсан сүүлийн 15 жилийн цалинтай тэнцэх хэмжээгээр шүүгчийн гэр бүлд олгохоор байжээ. Иймд Ц.А шүүгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалд хамруулаагүй, даатгуулаагүй гэм хорын хохиролд сүүлийн 15 жилийн цалинтай тэнцэх буюу 471,081,458 төгрөгийг Шээс гаргуулж өгнө үү гэв.

 

 2.Хариуцагч Ш- болон төлөөлөгч Т.Мөнхбаяр шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Шийн шүүгч Цэндийн Амарсайхан өвчний учир 2021 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр нас барсан нь бидэнд нөхөж баршгүй хүнд гарз тохиосон. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 120 дугаар зарлигаар нэр бүхий 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн. Үүнд тус шүүхийн шүүгч Ц.А агсан байсан. Ийнхүү шүүгчдийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн зарлиг тэр даруй олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацагдаж, гэм буруу нь шүүхээр тогтоогдоогүй хүмүүсийг гэм буруутай мэтээр олон нийтэд ойлгуулахад хүрч байсан нь нийтэд илэрхий үйл баримт болсон. Талийгаач шүүгчийн бүрэн эрхийг 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр сэргээсэн талаар Шүүхийн ерөнхий зөвлөл болон Ерөнхийлөгчийн Тамгын газраас албан ёсны мэдээлэл өгөөгүй, зарлигийн хувь ирүүлээгүй тул Ерөнхийлөгчийн Тамгын газартай холбогдож сүүлд зарлигийн хуулбар хувийг авсан. Ингээд шүүгчтэй өөртэй нь утсаар ярилцаад Шийн Тамгын газрын даргын 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Б/17 тоот тушаалаар шүүгчийн үндсэн цалин, шүүгчээр ажилласан хугацааны цалин 104,365,942 төгрөгийг олгосон. Шийн Тамгын газрын дарга 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Б/14 дүгээр тушаалаар шүүгчид 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 14-нийг дуустал цалинтай чөлөө олгосон.

Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/ 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн бөгөөд тус хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.5-д “шүүгчид энэ хуулийн 72.1.10-т зааснаас богино хугацааны чөлөө олгох эсэхийг Шүүгчийн зөвлөгөөнөөр хэлэлцүүлэн шийдвэрлэх, хөдөлмөрийн дотоод журамд заасан чөлөөг дангаар олгоно” гэж заасны дагуу Ерөнхий шүүгчийн 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 10 дугаар захирамжаар 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрөөс 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн дуустал цалинтай чөлөө олгож, улмаар Шийн шүүгчдийн зөвлөгөөний 2021 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 10 тоот тогтоолоор гурван сарын хугацаагаар цалинтай чөлөө олгож шийдвэрлэсэн.

Талийгаач шүүгчийн хувьд 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн нас барах хүртэл /бүрэн эрхийг түдгэлзүүлсэн, сэргээсэн/ хугацаанд шүүн таслах ажиллагаа явуулаагүй. Албан томилолт авч ажиллаагүй. Харин 2021 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд ямар нэгэн чөлөө олгогдоогүй /хүсэлт ирээгүй/ тул ажил тасалсан гэж бүртгэл үүсгэхгүйн тул ирснээр цалин хөлсийг бодож олгосон. Шийн 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 1/883 тоот албан бичгээр, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 32.2.1, 47.6, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 6-д тус тус заасны дагуу шүүгч Ц.А нарын шүүгчээр 30, түүнээс жил ажилласан бөгөөд 55 насанд хүрч тэтгэвэр тогтоолгох үндэслэл бүрдсэн тул холбогдох хуульд заасан журмын дагуу шийдвэрлүүлэхээр Шүүхийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.8, 32.5-д зааснаар Шүүхийн ерөнхий зөвлөлд мэдэгдсэн. Энэ нь Төрийн албаны тухай хуулийн 60.1, Шүүхийн тухай хуулийн 47.9-д заасан 36 сарын нэг удаагийн мөнгөн тэтгэмж авах эрхтэй шууд холбоотой байсан. Шүүгчийн бүрэн эрхийг сэргээсэн шийдвэрийн талаар холбогдох байгууллагууд нь зохих мэдээлэл өгөөгүй байснаас даатгалын хураамжийг шинээр төлөхөд ямар нэгэн байдлаар нөлөөлсөн. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3.Иргэдийн төлөөлөгч Ц.Отгонбаяр шүүх хуралдаанд “яг мөнгө төгрөг авч өгөлцөөгүй учир нэхэмжлэгч тал хариуцагчаас мөнгө авах үндэслэлгүй гэж үзэж байна” гэх дүгнэлт гаргаж байна.

4.Нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооны Засаг даргын оршин суух хаяг, ам бүлийн тодорхойлолт, Гэрлэлтийн гэрчилгээ, Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Эмчийн дүгнэлт, Нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээ, Цэргийн төв эмнэлгийн тодорхойлолт, Нас барсны гэрчилгээ, Иргэний үнэмлэхний хуулбар, Өндөр насны тэтгэвэр тогтоолтын хуудас, Ард даатгал ХК-ийн 3/21/53 тоот албан бичиг, Өв хүлээн авахаас татгалзах хүсэлт, Улсын тэмдэгтийн хураамж төлөх хугацааг хойшлуулах хүсэлт зэрэг баримтуудыг, хариуцагчаас хариу тайлбар, Монгол улсын Үндэсний аудитын газрын Санхүүгийн аудитын тайлан зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийг хангах үндэстэй гэж үзлээ.

5.Нэхэмжлэгч Д.Б- нь хариуцагч Ш-эд холбогдуулан Шүүгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалд хамруулаагүй, даатгуулаагүйн улмаас учирсан гэм хорын хохиролд 471,081,458 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Даатгалд хамруулаагүй буруутай гэж үзэж Иргэний хуулийн 497 дугаар зүйлд зааснаар шаардах эрхтэй гэж тайлбарлав.

6.Хариуцагч Ш- нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Талийгаач шүүгчийн бүрэн эрхийг 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр сэргээсэн талаар Шүүхийн ерөнхий зөвлөл болон Ерөнхийлөгчийн Тамгын газраас албан ёсны мэдээлэл өгөөгүй, зарлигийн хувь ирүүлээгүй тул Ерөнхийлөгчийн Тамгын газартай холбогдож сүүлд зарлигийн хуулбар хувийг авсан гэж маргажээ.

7.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Гэрлэлтийн гэрчилгээ, Эмчийн дүгнэлт, Цэргийн төв эмнэлгийн тодорхойлолт, Нас барсны гэрчилгээ, Ард даатгал ХК-ийн 3/21/53 тоот албан бичиг, Өв хүлээн авахаас татгалзах хүсэлт, Монгол улсын Үндэсний аудитын газрын Санхүүгийн аудитын тайлан зохигчдын тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

8.Нэхэмжлэгч Д.Б- нь Ц.Атай 1983 оны 5 дугаар сарын 01-ний өдөр гэр бүл болсныг 1984 оны 08 дугаар сарын 05-ны өдөр бүртгэж гэрлэлтийн гэрчилгээ олгогджээ. /хавтаст хэргийн 9 дэх тал/

Цэргийн төв эмнэлгийн  2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 481 тоот “Ц.А нь тус эмнэлэгт 2021.3.31-ний өдрөөс DS Коронавирусаар үүсгэгдсэн халдварт өвчний улмаас хэвтэн эмчлүүлж байгаад 2021.04.26-ны өдөр нас барсан” гэх тодорхойлолт, Нас барны гэрчилгээ хэрэгт авагдсан байна. /хавтаст хэргийн 18-19 дэх тал/

9.Талийгаач Ц.А нь Шүүхийн байгууллагад 34 жил ажиллаж  байсан болох нь Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, зохичдын тайлбар зэргээр нотлогдож байна. /хавтаст хэргийн 12-14 дэх тал/

10.Талийгаач Ц.Аы Өвчний түүх болон биед хийсэн үзлэгийн дүгнэлтээр: “Нойр булчирхайн толгойн хорт бөглөрөлтэй хорт хавдар, тунгалагийн зангилаа, /пара-гол судас/ Цөсний сувгийн хагалгааны дараах байдалд байгаа /2019/9/12, 10/1/, 2019/10/11 өдөр босоо зогсоход толгой эргэх болон чамархайн венийн хагалгаа /профессор Ким Хум Бом/ Хоёр төрлийн эст хорт хавдар, T2NI/3/25/ гэх Нойр булчирхайн хорт хавдар оноштой, Эмчлэгч эмчийн санал: 2019 оны 08 дугаар сард хоолны дуршил алдсан, ходоод гэдэсний дур алдсан гэсэн зовиуртайгаар эмнэлэгт хандсан бөгөөд дээжийн шинжилгээгээр хоёр төрлийн эст хорт хавдартай гэж оношлогдсон. Ингээд 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр нойр булчирхайн толгойн мэс засалд орсон. Мэс заслын дараа цацрагийн болон химийн эмчилгээг xeloda-тай давхар 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн хийлгэсэн. Эмчилгээ дууссаны дараа эмчийн байнгын хяналтанд байх шаардлагатай” гэх 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Эмчийн дүгнэлт, Цэргийн төв Эмнэлгийн  2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 481 дугаартай “Цэнд овогтой Амарсайхан нь /РД:ХГ64013061/ нь тус эмнэлэгт 2021.03.31-ний өдрөөс DS:Коронавирусаар үүсгэгдсэн халдварт өвчний улмаас хэвтэн эмчлүүлж байгаад 2021.04.26-ны өдөр нас барсан” гэх тодорхойлолтоор Ц.А нь Нойр булчирхайн хорт хавдар оноштой эмчлүүлж байх үедээ DS:Коронавирусаар үүсгэгдсэн халдварт өвчний улмаас 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр нас баржээ.

11.Шийн Тамгын газрын дарга 2020 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Ард даатгал ХК-тай Шийн шүүгчдийн Амь нас, эрүүл мэндийн даатгалын үйлчилгээ үзүүлэх УДШ/202012005, D2010032038529 тоот гэрээ байгуулжээ. Даатгалын гэрээний хугацаа 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 00 цагаас 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 24:00 цаг хүртэл хүчин төгөлдөр байна. Гэрээний Даатгалын эрсдэл 4.1 дэх заалтад “Ажил үүргээ гүйцэтгэж байх үеийн болон ээлжийн амралттай байх үеийн эрсдэл, Нэмэлт эрсдэл 4.20 дахь заалтад “Хавдар болон түүнээс үүсэх өвчлөл” хамаарна, мөн гэрээний 11.3.3.1 дэх заалтад “Даатгуулагч нас барсан тохиолдолд тухайн шүүгчийн нийгмийн даатгалын дэвтрээр баталгаажсан сүүлийн 15 жилийн цалинтай тэнцэх хэмжээгээр буюу даатгалын үнэлгээний 100 хувиар түүний өв залгамжлагчид нөхөн төлбөрийг олгоно” гэж заасан байх ба D2010032038529 тоот даатгалын гэрээний хавсралт 1-т Ц.Аы нэр бичигдээгүй байна. /хавтаст хэргийн 59-64 дэх тал/

12.Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 120 дугаартай зарлигаар Монгол улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.8 дахь заалт, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн саналыг тус тус үндэслэн хавсралтад дурдсан нэр бүхий 17 шүүгч, Ерөнхий шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлж, 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Шийн шүүгч Ц.Аы бүрэн эрхийг сэргэсэн үйл баримтын тухайд талууд маргаагүй.

13.Нэхэмжлэгч Д.Б-гийн төлөөлөгч А.Зүмбэрэл шүүх хуралдаанд 2019 оны 6 дугаар сард Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлж, 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр сэргээсэн. Талийгаач Ц.А нь 2019 оны 10 дугаар сард БНСУ-д нойр булчирхайн хорт хавдарын мэс засал хийлгэсэн. 2020, 2021 онд мэс засал болон түүний дараах эмчилгээ сувилгаа, химийн болон туяа эмчилгээ хийлгэж байсан. Бусад шүүгчийн адил Ард даатгал компанитай байгуулсан шүүгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалтай байсан боловч уг гэрээг Аудитын  байгууллагын шаардлагаар цуцалсан. Шүүгчийн эрх нь сэргээгдэхэд Шийн тамгын газар, санхүүгийн албанаас гэрээг нөхөн сэргээх үүрэгтэй байсан тул шүүгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалд хамруулаагүй, даатгуулаагүй гэм хорын хохиролд 471,081,458 төгрөг гаргуулна гэж тайлбарлав.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заажээ.

Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлж,  2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Шийн шүүгч Ц.Аы бүрэн эрхийг сэргээсэн тул Шийн тамгын газар, санхүүгийн алба нь Шүүгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээг нөхөн сэргээх үүрэгтэй байсан, энэ үүргээ биелүүлээгүй буруутай гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй гэж үзэхээр байна.

14.Монгол улсын Үндэсний аудитын газрын Санхүүгийн аудитын “Ш-ийн Ерөнхий шүүгчийн төсвийн 2017 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын тайланд “2017 онд Ард даатгал ХХК-тай гэрээ байгуулж Шийн Ерөнхий шүүгч болон шүүгчдийн амь нас, эрүүл мэндийг даатгуулахдаа 1 шүүгчийн даатгалын зардал 1,530,000 төгрөгийг илүү шилжүүлсэн нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1-д төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах гэж заасантай нийцээгүй байна” гэх дүгнэлтийг хариуцагчаас нотлох баримтаар ирүүлжээ. /хавтаст хэргийн 81-83 дахь тал/

Ш-ийн Тамгын газраас 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 5/4324 тоот “...Гэрээний хэрэгжилтийн явцад 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдөр  Монгол улсын Ерөнхийлөгчийн 120 дугаар зарлигаар 5 шүүгчийн, мөн оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 197 дугаар зарлигаар 1 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэнтэй холбогдуулан 2019 оны 11 дүгээр сарыг дуусталх байдлаар гэрээний төлбөрийн нөхцөлд өөрчлөлт орж, 5.91 сая төгрөгийн гэрээний төлбөрийг манайд буцаан шилжүүлж, ҮАГ-ын өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлж ажиллах хууль зүйн нөхцөл бүрдээд байна. Иймээс 6 шүүгчдийн бүрэн эрх сэргээгдэх болон шинээр шүүгч  томилогдсон тохиолдолд төлбөрийг бид буцаан шилжүүлж хамтран ажиллах болно” гэх албан бичгийг Ард даатгал ХК-д хүргүүлсэн байна.  /хавтаст хэргийн 84 дэх тал/

Хариуцагчийн төлөөлөгч Т.Мөнхбаяр шүүх хуралдаанд “Талийгаач шүүгчийн бүрэн эрхийг сэргээсэн талаар Шүүхийн ерөнхий зөвлөл болон Ерөнхийлөгчийн Тамгын газраас албан ёсны мэдээлэл өгөөгүй, зарлигийн хувь ирүүлээгүй тул Ерөнхийлөгчийн Тамгын газартай холбогдож сүүлд зарлигийн хуулбар хувийг авсан. Үндэсний аудитын газрын дүгнэлт гарсан гэж мэтгэлцэж байгаа боловч Шийн шүүгч Ц.Аы Шүүгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээг нөхөн сэргээх талаар шат дараалсан арга хэмжээ авсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дахь хэсэгт заасан гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө гэх зохицуулалттай нийцээгүй гэж үзнэ.

15.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.1-д шүүгч албан үүргээ гүйцэтгэх явцад эрүүл мэндэд нь хохирол учирснаас амь насаа алдсан бол нөхөн төлбөрийг түүний авч байсан сүүлийн 15 жилийн цалинтай тэнцэх хэмжээгээр шүүгчийн гэр бүлд олгохоор заасан тул Ц.А нь Шүүгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалтай байсан бол сүүлийн 15 жилийн цалинтай тэнцэх буюу 471,081,458 төгрөгийг даатгалаас авах байсан. Шийн тамгын газар, санхүүгийн алба нь шүүгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй буруутай эс үйлдэхүйн улмаас учруулсан гэм хорын хохиролд  471,081,458 төгрөгийг шаардсан нь үндэслэлтэй байх ба сүүлийн 15 жилийн цалин 471,081,458 төгрөг болох нь Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдож байна.

16.Иргэдийн төлөөлөгч Ц.Отгонбаяр “яг мөнгө төгрөг авч өгөлцөөгүй учир нэхэмжлэгч тал хариуцагчаас мөнгө авах ёсгүй” гэсэн дүгнэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн үндэслэлгүй гэж үзэв. Учир нь хариуцагчаас шүүгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалд хамруулаагүй, даатгалд хамруулах үүргээ биелүүлээгүй буюу даатгуулаагүйн улмаас учруулсан гэм хорын хохиролд 471,081,458 төгрөг гаргуулахаар мэтгэлцэж маргасан болно.

17.Хариуцагч Ш-ээс Шүүгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалд хамруулаагүй, даатгуулаагүйн улмаас учруулсан гэм хорын хохиролд 471,081,458 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

18.Нэхэмжлэгч Д.Б- нь нэхэмжлэлдээ улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 200,000 төгрөгийг төлсөн баримт хавсаргаж, үлдэх улсын тэмдэгтийн хураамжийг төлөх хугацааг хойшлуулах хүсэлт гаргаж тус шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 182/ШЗ2022/01990  дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн авч, улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлөх 2,513,357 төгрөгөөс үлдэх 2,313,357 төгрөгийг төлөх хугацааг анхан шатны шүүхээр хэргийг шийдвэрлэх хүртэл хойшлуулж шийдвэрлэсэн байна.

Иймд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 200,000 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 2,313,357 төгрөгийг нөхөн гаргуулж Улсын орлогод оруулан, хариуцагчаас 2,513,315 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ш-ээс шүүгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалд хамруулаагүй, даатгуулаагүй гэм хорын хохиролд 471,081,458 /дөрвөн зуун далан нэгэн сая наян нэгэн мянга дөрвөн зуун тавин найм/  төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Б-д олгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 200,000 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 2,313,357 төгрөгийг нөхөн гаргуулж Улсын орлогод оруулан, хариуцагчаас 2,513,315 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Б-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                           Н.НАРАНГЭРЭЛ

 

                     ШҮҮГЧИД                                            Ж.БАЙГАЛМАА

 

                                                        Ж.ЦЭНГЭЛ