Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2022/01503

 

Д.Б нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч М.Баясгалан, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 182/ШШ2022/01810 дугаар шийдвэртэй,

Д.Б нэхэмжлэлтэй,

Уд-эд холбогдох,

Амь нас, эрүүл мэндийн даатгалд хамруулаагүй, даатгуулаагүйгээс учирсан гэм хорын хохиролд 471,081,458 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Зүмбэрэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: 2019 оны 6 дугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар нэр бүхий 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэхэд шүүгч Ц.А-ы бүрэн эрхийг мөн түдгэлзүүлсэн боловч 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар бүрэн эрх нь сэргээгдэж Уд-ийн шүүгчээр үргэлжлүүлэн ажилласан. Тэрээр 2019 оны 9 дүгээр сард хорт хавдартай болох нь оношлогдон 2019 оны 10 дугаар сард БНСУ-д нойр булчирхайн хорт хавдрын мэс засал хийлгэж, түүний дараах эмчилгээ сувилгаа, химийн болон туяа эмчилгээ тасралтгүй хийлгэсэн. 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс Хавдар судлалын үндэсний төвийн хөнгөвчлөх эмчилгээний тасагт эмчлүүлж байгаад 4 дүгээр сарын 01-ний өдөр Ковид-19 халдвар авч, Цэргийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдэн эмчлүүлж эхэлсэн. Гэвч өвчин хүндэрч эрчимт эмчилгээний тасагт шилжин эмчлүүлж байсан боловч 4 дүгээр сарын 26-ны өдөр нас барсан. Ц.А- нь бусад шүүгчийн адил Ард даатгал компанитай Шүүгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалтай байсан. Гэтэл уг гэрээг түүний шүүгчийн эрх түдгэлзсэн үед аудитын байгууллагын шаардлагаар цуцалсан байсан боловч шүүгчийн эрх нь сэргээгдэхэд Уд-ийн Тамгын газар, санхүүгийн алба тус гэрээг нөхөн сэргээх үүрэгтэй байтал сэргээгээгүй нь хууль бус ажиллагаа гэж үзэж байна. Ер нь даатгуулагчийн өөрийнх нь зөвшөөрөлгүй, даатгуулагчаас зөвшөөрөл авахгүйгээр хэн нэгэн гуравдагч этгээдийн аман даалгавраар даатгалын гэрээний үйлчилгээг зогсоох нь хууль бус үйлдэл юм. Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д Даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, мөн хуулийн 441.1-д Даатгуулагч өөрийн нэрийн өмнөөс бусад этгээдэд ашигтайгаар даатгалын гэрээ байгуулж болох бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр үүсэх бүхий л эрхийг ашиг сонирхол нь даатгагдсан этгээд /цаашид ашиг сонирхол бүхий этгээд гэх/ эдлэх боловч даатгалын баталгаа олгохыг гагцхүү даатгуулагч шаардах эрхтэй гэж, мөн хуулийн 443.1-д Гэм хорын даатгалаар даатгагч нь даатгуулагчийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, эд хөрөнгийн бус ашиг сонирхолд учирсан гэм хорыг даатгалын үнэлгээний хэмжээгээр мөнгөн хэлбэрээр нөхөн төлөх үүрэг хүлээнэ гэж тус тус хуульчилжээ. Гэтэл Уд-ээс зөвхөн талийгаачийг даатгалд хамруулаагүй, даатгалын гэрээний дагуу даатгалын нөхөн төлбөр авах боломжийг хязгаарласан тул дээрх нөхцөл байдал болон бидний санхүүгийн хүнд байдлыг харгалзан Ц.А- агсны Ард даатгал компанитай байгуулсан шүүгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээний дагуу болон Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.1-д зааснаар шүүгч албан үүргээ гүйцэтгэх явцад эрүүл мэндэд нь хохирол учирснаас амь насаа алдсан бол нөхөн төлбөрийг түүний авч байсан сүүлийн 15 жилийн цалинтай тэнцэх хэмжээгээр шүүгчийн гэр бүлд олгохоор байжээ.

Иймд Ц.А- шүүгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалд хамруулаагүй, даатгуулаагүй гэм хорын хохиролд сүүлийн 15 жилийн цалинтай тэнцэх буюу 471,081,458 төгрөгийг Уд-ээс гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Уд-ийн шүүгч Ц.А- өвчний учир 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр нас барсан нь бидэнд нөхөж баршгүй хүнд гарз тохиосон. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 120 дугаар зарлигаар нэр бүхий 17 шүүгч, ерөний шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн. Үүнд тус шүүхийн шүүгч Ц.А- агсан байсан. Талийгаач шүүгчийн бүрэн эрхийг 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр сэргээсэн талаар Шүүхийн ерөнхий зөвлөл болон Ерөнхийлөгчийн тамгын газраас албан ёсны мэдээлэл өгөөгүй, зарлигийн хувь ирүүлээгүй тул Ерөнхийлөгчийн тамгын газартай холбогдож сүүлд зарлигийн хуулбар хувийг авсан. Ингээд шүүгчтэй өөртэй нь утсаар ярилцаад Уд-ийн тамгын газрын даргын 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Б/17 тоот тушаалаар шүүгчийн үндсэн цалин, шүүгчээр ажилласан хугацааны цалин 104,365,942 төгрөгийг олгосон. Уд-ийн Тамгын газрын даргын 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Б/14 дүгээр тушаалаар шүүгчид 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 14-нийг дуустал цалинтай чөлөө олгосон.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.5-д шүүгчид энэ хуулийн 72.1.10-т зааснаас богино хугацааны чөлөө олгох эсэхийг шүүгчдийн зөвлөгөөнөөр хэлэлцүүлэн шийдвэрлэх, хөдөлмөрийн дотоод журамд заасан чөлөөг дангаар олгоно гэж заасны дагуу Ерөнхий шүүгчийн 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 10 дугаар захирамжаар 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн дуустал цалинтай чөлөө олгож, улмаар Уд-ийн шүүгчдийн зөвлөгөөний 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 10 тоот тогтоолоор гурван сарын хугацаагаар цалинтай чөлөө олгож шийдвэрлэсэн.

Талийгаач шүүгчийн хувьд 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн нас барах хүртэлх хугацаанд шүүн таслах ажиллагаа явуулаагүй, албан томилолт авч ажиллаагүй. Харин 2021 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд ямар нэгэн чөлөө олгогдоогүй /хүсэлт ирээгүй/ тул ажил тасалсан гэж бүртгэл үүсгэхгүйн тулд ирснээр цалин хөлсийг бодож олгосон. Уд-ийн 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 1/883 тоот албан бичгээр, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 32.2.1, 47.6, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 6-д тус тус заасны дагуу шүүгч Ц.А- нарын шүүгчээр 30, түүнээс жил ажилласан бөгөөд 55 насанд хүрч тэтгэвэр тогтоолгох үндэслэл бүрдсэн тул холбогдох хуульд заасан журмын дагуу шийдвэрлүүлэхээр Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.8, 32 дугаар зүйлийн 32.5-д зааснаар Шүүхийн ерөнхий зөвлөлд мэдэгдсэн. Энэ нь Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9-д заасан 36 сарын нэг удаагийн мөнгөн тэтгэмж авах эрхтэй шууд холбоотой байсан. Шүүгчийн бүрэн эрхийг сэргээсэн шийдвэрийн талаар холбогдох байгууллагууд нь зохих мэдээлэл өгөөгүй байснаас даатгалын хураамжийг шинээр төлөхөд ямар нэгэн байдлаар нөлөөлсөн.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3.Иргэдийн төлөөлөгч Ц.Отгонбаяр шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтийн агуулга: Мөнгө төгрөг авч өгөлцөөгүй учир нэхэмжлэгч тал хариуцагчаас мөнгө авах үндэслэлгүй.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Уд-ээс шүүгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалд хамруулаагүй, даатгуулаагүй гэм хорын хохиролд 471,081,458 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Б-д олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 200,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 2,313,357 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод оруулан, хариуцагчаас 2,513,315 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Б-д олгож шийдвэрлэжээ.

 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

5.1. Шүүхийн шийдвэрийн /үндэслэх/ 11-т “2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн гэрээний хавсралтад Ц.А- агсаны нэр бичигдээгүй”, 13-т “бүрэн эрхийг сэргээгдэхэд нөхөн даатгуулаагүй”, 14-т “Уд-ийн Тамгын газрын 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 5/4324 тоот албан бичгээр бүрэн эрх нь түдгэлзсэн шүүгчдийн даатгалын хураамжийг буцаан татсан” гэж хариуцагч талыг буруутган дүгнэлт хийсэн.

Зөвхөн даатгалд хамруулаагүй гэдэг нэг талаас бус харин даатгагдсан тохиолдолд даатгалын нөхөн төлбөр авах бодит болоод эрх зүйн үндэслэл байгаа эсэхийг шүүх хянан үзээгүй нь анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий, хууль ёсны байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

5.2. Талийгаач шүүгчийн хувьд 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн нас барах хүртэлх /бүрэн эрхийг түдгэлзүүлсэн, сэргээсэн/ хугацаанд шүүн таслах үйл ажиллагаа явуулаагүй, албан томилолт авч ажиллаагүй болно.

Уд-ийн Тамгын газрын даргын 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Б/14 тоот тушаалаар шүүгчид 01 дүгээр сарын 14-нээс 02 дугаар сарын 14-нийг дуустал цалинтай чөлөө олгож, улмаар 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн дагуу шүүгчид 1 сар хүртэл чөлөө олгох асуудлыг Ерөнхий шүүгч, 1-3 сар хүртэл чөлөө олгох асуудлыг Шүүгчдийн зөвлөгөөн шийдвэрлэхээр зохицуулсан учир Ерөнхий шүүгчийн 2021 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 10 дугаар захирамжаар 03 дугаар сарын 05-наас 04 дүгээр сарын 05-ны өдрийн дуустал цалинтай чөлөө, Уд-ийн шүүгчдийн зөвлөгөөний 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 10 тоот тогтоолоор “гурван сарын хугацаагаар цалинтай чөлөө”-г тус тус олгож шийдвэрлэсэн.

Харин 02 дугаар сарын 14-нөөс 03 дугаар сарын 05, 04 дүгээр сарын 05-наас 10-ны өдөр хүртэлх хугацаанд ямар нэгэн чөлөө олгогдоогүй /хүсэлт ирээгүй/ тул “ажил тасалсан” бүртгэл үүсгэхгүйн тулд ирснээр цалин хөлсийг бодож олгосон.

5.3. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47.2.1-д “шүүгч албан үүргээ гүйцэтгэх явцад эрүүл мэндэд нь хохирол учирснаас амь насаа алдсан..., Төрийн албаны тухай хуулийн 60.2-д “Албан үүргээ гүйцэтгэх явцад төрийн албан хаагчийн амь нас хохирсон ... гэж тус тус заасан байдаг.

Засгийн газрын 2019 оны 08 дугаар тогтоолоор баталсан “Албан үүргээ гүйцэтгэх явцад төрийн албан хаагчийн амь нас хохирсон тохиолдолд ар гэрт нь нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ын 1.4-д “Албан үүргээ гүйцэтгэх явцад” гэдэгт ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг ажлын болон ажлын бус цагаар албан ажлын байр, ажил үүрэгт хамаарах бусад байршилд гүйцэтгэх, мөн гэрээс ажлын байр, ажлын байрнаас гэртээ харих, албан томилолтоор ажиллах явцыг хамааруулна” гэсэн байдаг.

Мөн урьд гарч байсан шүүхийн практикт буюу Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 182/2017/02031/и дугаар шийдвэрт “...2017 оны 02 дугаар сарын 03-ны 5 дахь өдөр ажиллаж шүүгчийн захирамж гаргасан... гэж, Уд-ийн шүүх хуралдааны 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 596 дугаар тогтоолд “шүүгч албан үүргээ гүйцэтгэж байсан...шүүгч асан...нь нас барах үед ээлжийн амралт, захиргааны чөлөөтэй байгаагүй, албан тушаалын үүрэгт ажлаа гүйцэтгэж байсан байна" гэж тухайн үед дагаж мөрдөж байсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 24.2.1-д “шүүгч албан үүргээ гүйцэтгэх явцад... гэснийг тайлбарлажээ.

Энэхүү маргаан бүхий иргэний хэргийг шийдвэрлэхэд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47.2.1-д заасан “шүүгч албан үүргээ гүйцэтгэх явцад... гэснийг зөв тайлбарлах нь ач холбогдолтой байсан.

5.4. Уд-ийн Тамгын газар болон “Ард даатгал” ХК-ийн хооронд 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан “Уд-ийн шүүгчдийн амь нас, эрүүл мэндийн даатгалын үйлчилгээ үзүүлэх гэрээ”-ний Даатгалын эрсдэл гэсний Үндсэн эрсдэл” хэсгийн Ажил үүргээ гүйцэтгэж байх үеийн болон ээлжийн амралттай байх үеийн эрсдэл: Нэр томьёоны тодорхойлолтод 1.1.4. “даатгалын тохиолдол” гэж даатгуулсан зүйлд учирсан хохирол, тохиролцсон болзол бүрдэхийг; 1.1.8.”даатгуулагчийн албан үүрэг” гэж тогтоосон ажлын байранд болон томилолт, ажлын хэсэгт орж шүүн таслах болон бусад ажил эрхлэхийг” гэж, гэрээний 4.1. Ажил үүргээ гүйцэтгэж байх үеийн болон ээлжийн амралттай байх үеийн эрсдэл; гэрээний 12.1.2 /даатгалд хамаарахгүй нөхцөл/ даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан гэж тус тус заажээ.

Шүүхийн шийдвэр /11/-т ...нэмэлт эрсдэл 4.20 дахь заалтад “хавдар болон түүнээс үүсэх өвчлөл” гэж дүгнэлт хийсэн байна. Цэргийн төв эмнэлгийн 2021 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн 481 тоот албан бичигт ...эмчлүүлж байх үедээ коронавирусаар үүсгэгдсэн халдварт өвчний улмаас хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан” гэж нас барсан шалтгааныг тодорхойлсон.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

6. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Давж заалдах гомдол үндэслэлгүй.

6.1. Талийгаач шүүгчийг Уд-ээс яагаад даатгалд хамруулаагүй талаар тайлбар өгөөгүй, харин Ард даатгалд даатгагдсан байсан бол тэр тохиолдолд даатгалын гэрээний дагуу даатгалын эрх үүсэх эсэх талаар тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм.

6.2. Шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн хугацаанд шүүн таслах ажиллагаанд оролцох боломжгүй, харин сэргээсний дараа шүүн таслах ажиллагаа явагдсан эсэхээс үл хамааран Уд-ээс 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс нас барах хүртэлх хугацаанд цалин хөлсийг олгож, нийгмийн даатгалын шимтгэлийг төлж байсан тул түүнийг ажиллаж байсан гэж үзнэ.

6.3. Ажил тасалсан гэх нотлох баримт хэрэгт авагдаагүй тул уг шалтгаанаар даатгалд хамруулаагүй гэдгийг зөвтгөх үдэслэл болохгүй.

6.4. Талийгаач шүүгч хавдартай гэж оношлогдож, мэс засалд орж үргэжлүүлэн эмчилгээ хийлгэж байсан нь нотлох баримтаар нотлогдож байхад Цэргийн төв эмнэлгийн дүгнэлтэд Корона вирусын халдвар авч нас барсан тул даатгалын тохиолдолд орохгүй гэж даатгалын компанийн өмнөөс тайлбар хийж байгаа нь үндэслэлгүй.

Дээрх үндэслэлээр давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч Д.Б- нь хариуцагч Уд-эд холбогдуулан шүүгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалд хамруулаагүй, даатгуулаагүйн улмаас учирсан гэм хорын хохиролд 471,081,458 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Нэхэмжлэгч Д.Б- нь Ц.А-тай гэрлэж 1984 оны 08 дугаар сарын 05-ны өдөр гэрлэлтээ улсын бүртгэлд бүртгүүлжээ.

 

4. Ц.А- нь 2019 оны 8 дугаар сард эмнэлэгт хандахад хоёр төрлийн эст хорт хавдартай гэж оношлогдсон, 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр нойр булчирхайн толгойн бөглөрлийн хорт хавдар гэсэн оноштойгоор мэс засалд орж, мэс заслын дараахь цацрагийн болон химийн эмчилгээ хийлгэж, эмчийн байнгын хяналтад байж байгаад Цэргийн төв эмнэлэгт 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс DS Коронавирусаар үүсгэгдсэн халдварт өвчний улмаас хэвтэн эмчлүүлж байхдаа 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр нас баржээ. 

 

5. Талийгаач Ц.А- нь Ажилчны районы болон Улаанбаатар хотын шүүхэд нарийн бичгийн дарга, Найрамдлын районы шүүхэд шүүгч, Улаанбаатар хотын шүүхийн орлогч дарга, Нийслэлийн шүүхийн шүүгч, Уд-ийн шүүгч, Иргэний хэргийн танхимын тэргүүнээр нийт 34 жил шүүхийн байгууллагад ажилласан байна.

 

6. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 120 тоот зарлигаар нэр бүхий 17 шүүгч, ерөнхий шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэхэд шүүгч Ц.А-ы бүрэн эрх түдгэлзсэн. Улмаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн зарлигаар Уд-ийн шүүгч Ц.А-ы бүрэн эрхийг сэргээжээ.

 

7. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай /2012 оны/ хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт зааснаар шүүгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын хураамжийг улсын төсвөөс хариуцна гэжээ. Уд-ийн Тамгын газрын дарга 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр “Ард даатгал” ХК-тай Уд-ийн шүүгчдийн амь нас, эрүүл мэндийн даатгалын үйлчилгээ үзүүлэх гэрээ /цаашид “даатгалын гэрээ” гэх/-г байгуулахдаа шүүгч Ц.А-ыг орхигдуулсан талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

8. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай /2012 оны/ хуулийн 18 дугаар зүйлд заасан шүүгчийн бүрэн эрх дуусгавар болох үндэслэлд шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн үндэслэл хамаарахгүй юм. Иймд шүүгчийн бүрэн эрх хэвээр хадгалагдаж байгаа тохиолдолд төр түүний амь нас, эрүүл мэндийн даатгалыг хариуцах бөгөөд төрийн энэ үүргийг тухайн албан тушаалтны ажиллаж буй байгууллага болох Уд- биелүүлэх учиртай, хариуцагч байгууллага уг үүргээ биелүүлээгүй байна.

 

9. Шүүгч асан Ц.А-ы даатгагдах байсан даатгалын гэрээ нь 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүртэлх хугацаатай байх тул талийгаачийн нас барсан цаг хугацаа нь уг гэрээний хугацаанд хамаарч байна. Даатгалын гэрээ нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 443 дугаар зүйлийн 443.1 дэх хэсэгт заасан үүргийн үүргийн харилцаа үүсгэсэн. Шүүгч асан Ц.А- 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр нас барсан шалтгаан нь нойр булчирхайн толгойн хорт хавдрын дараахь эмчилчилгээний үед Коронавирусын халдвар авсантай холбоотой байна. Талийгаачийн онош нь 2019 оны 08 дугаар сард буюу түүний шүүгчийн бүрэн эрх хэвээр хадгалагдаж байх цаг хугацаанд хамаарч байхаас гадна нас барсан шалтгаан нь уг оноштой шалтгаант холбоотой байна. Иймд даатгалын гэрээний нэмэлт эрсдлийн 4.20 дахь заалтад “хавдар болон түүнээс үүсэх өвчлөл хамаарна” гэж тохиролцсон тул шүүгч даатгуулсан байсан бол уг даатгалын нөхөн төлбөрийг авах байжээ гэж үзнэ.

 

10. Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Б- нь Ц.А-ы  өв залгамжлагчийн хувьд даатгалын гэрээний 11.3.3.1-д Даатгуулагч нас барсан тохиолдолд тухайн шүүгчийн нийгмийн даатгалын дэвтрээр баталгаажсан сүүлийн 15 жилийн цалинтай тэнцэх хэмжээгээр буюу даатгалын үнэлгээний 100 хувиар түүний өв залгамжлагчид нөхөн төлбөрийг олгоно гэж заасны дагуу, мөн Монгол Улсын Шүүхийн тухай /2021 оны/ хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.1-т заасан үндэслэлээр даатгалын нөхөн төлбөрийг шүүгчийн авч байсан сүүлийн 15 жилийн цалинтай тэнцэх хэмжээгээр авах байжээ.

Хариуцагч байгууллагаас шүүгчийн амь нас, эрүүл мэндийг даатгалд хамруулж, гэрээ байгуулаагүйгээс нэхэмжлэгч нь даатгалын гэрээний дагуу нөхөн төлбөрийг авч чадаагүй тул Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч байгууллага гэм хорын хохирлыг хариуцах үндэслэлтэй.

 

11. “Шүүгч Ц.А- албан үүргээ гүйцэтгээгүй байх үед өвчний улмаас нас барсан тул даатгалын тохиолдолд хамаарахгүй” гэх агуулгаар гаргасан хариуцагч талын тайлбар, татгалзлыг үнэдслэлгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгахгүй. Учир нь, Монгол Улсын Шүүхийн тухай /2021 оны/ хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.1-д шүүгч ажил үүргээ гүйцэтгэх явцад эрүүл мэндэд нь хохирол учирснаас амь насаа алдсан бол түүний ар гэр нөхөн төлбөрийг авахаар зохицуулсан байх бөгөөд шүүгч ажил үүргээ гүйцэтгэж байхдаа хавдраар өвчилж, 2019 оны 08 дугаар сард хоёр төрлийн эст хорт хавдар гэж оношлогдсон байдлыг нөхөн төлбөр авах үндэслэлд хамааруулан ойлгоно.

Засгийн газрын 2019 оны 8 дугаар тогтоолоор баталсан “Албан үүргээ гүйцэтгэх явцад төрийн албан хаагчийн амь нас хохирсон тохиолдолд ар гэрт нь нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ын 1.4 дэх хэсэгт “Албан үүргээ гүйцэтгэх явцад” гэдэгт ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг ажлын болон ажлын бус цагаар албан ажлын байр, ажил үүрэгт хамаарах бусад байршилд гүйцэтгэх, мөн гэрээс ажлын байр, ажлын байрнаас гэртээ харих, албан томилолтоор ажиллах явцыг хамааруулна” гэх тайлбар Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.1-т заасан нөхцөлийг тайлбарлахгүйг дурдав.

 

Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт тухайн эрх зүйн харилцаанд хамаарахгүй байх тул харгалзан үзэх үндэслэлгүй болно.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 182/ШШ2022/01810 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Уд-эд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.     

 

 

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Д.НЯМБАЗАР

                                               

                                      ШҮҮГЧИД                                        М.БАЯСГАЛАН

                                                                                                 

                                                                                                 Э.ЗОЛЗАЯА