Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 182/ШШ2022/01819

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: тоот хаягт байрлах, Б  УТҮГ-ын нэхэмжлэлтэй                                

                                          

Хариуцагч: тоот хаягт байрлах, И ХХК -д холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, 6 дугаар хороолол, Тусгаар тогтнолын талбай 1 тоот хаягт байрлах, Б н хууль ёсны эзэмшлийн 4,712 м.кв талбай бүхий газраас И ХХК-ийн хууль бусаар эзэмшиж буй 311.2 м.кв талбай бүхий газрыг албадан чөлөөлүүлэхийг даалгах тухай.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Отгонцэцэг

Хариуцагчийн төлөөлөгч Д.Энхбулаг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Оргил нарыг оролцуулан хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б  УТҮГ нь хариуцагч И ХХК-д холбогдуулан Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, 6 дугаар хороолол, Тусгаар тогтнолын талбай 1 тоот хаягт байрлах, Б н хууль ёсны эзэмшлийн 4,712 м.кв талбай бүхий газраас И ХХК-ийн хууль бусаар эзэмшиж буй 311.2 м.кв талбай бүхий газрыг албадан чөлөөлөхийг хариуцагч И ХХК-д даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.Нэхэмжлэгч Б  УТҮГ шүүхэд болон төлөөлөгч      А.Отгонцэцэг шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Монгол улсын Засгийн газрын 2013 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 11 дүгээр тогтоолоор анх Үлэг гүрвэлийн төв музейг байгуулснаар маргаан бүхий Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо 6 дугаар хороолол, Тусгаар тогтнолын талбай 1 тоот хаягт байрлах Лениний музейн барилгын маргаан үүсч Чингэлтэй дүүргийн 2013 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 869 дугаар шийдвэр, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 645 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 689 дүгээр тогтоолоор дээрх хаягт байрлах В.И.Лениний музейн барилгыг төрийн өмч мөн болохыг эцэслэн тогтоосноор НШШГГ-ын 2014 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 153/01 дүгээр тогтоол, Төрийн өмчийн хорооны 2014 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 280 дугаар тогтоолоор Үлэг гүрвэлийн төв музейд уг барилга байгууламжийг шилжүүлснээр 2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 2402 дугаар шийдвэрээр Чингэлтэй дүүргийн бүртгэлийн хэлтэс нь МАН-ын 000133314 дугаар бүхий гэрчилгээг хүчингүй болгож, Үлэг Гүрвэлийн төв музейн өмчлөлд бүртгэсэн. Дээрх шүүхийн шийдвэрийг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/742 дугаар захирамжаар газар эзэмших эрхийг МАН-аас Үлэг гүрвэлийн төв музейд шилжүүлснээр маргаан бүхий 4,712 м.кв талбай бүхий газар эзэмших эрхийн хугацааг 2014 оны А/938 дугаар, 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн Нийслэлийн Засаг даргын А/351 дүгээр захирамжаар газар эзэмших эрхийн хугацааг сунгаж, Үлэг гүрвэлийн төв музейд 4,712 м.кв талбай бүхий газрыг 15 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр баталгаажуулсан. Монгол улсын Засгийн газрын 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн “Музей нэгтгэн зохион байгуулах тухай” 281 дүгээр тогтоол, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 621 дүгээр тогтоолоор Үлэг гүрвэлийн төв музейг татан буулгаж, эргэлтийн болон үндсэн хөрөнгийг Б д балансаас балансад шилжүүлэн өгсөн байдаг. Гэтэл И ХХК нь 311.2 м.кв талбай бүхий газрыг эзэмшүүлэхийг даалгах шаардлагыг гаргаж Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 128/ШШ2020/0033 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 183 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 187 дугаар тогтоолоор нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болсон. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1.өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” 30 дугаар зүйлийн 30.1.газрыг Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад 15-60 жил хүртэл хугацаатайгаар эзэмшүүлж болно” гэж заасан. Иймд Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, 6 дугаар хороолол, Тусгаар тогтнолын талбай 1 тоот хаягт байрлах, Б н хууль ёсны эзэмшлийн 4,712 м.кв талбай бүхий газраас хариуцагч И ХХК-ийн хууль бусаар эзэмшиж буй 311.2 м.кв талбай бүхий газрыг албадан чөлөөлүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү  гэв.

 

2.Хариуцагч И ХХК шүүхэд болон төлөөлөгч Д.Энхбулаг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байгууллага нь 2005 онд тухайн үеийн барилгын хууль ёсны өмчлөгч болох МАХН буюу одоогийн МАН-тай харилцан тохиролцож, газрыг хязгаартайгаар эзэмших ашиглах гэрээ байгуулж өөрийн хөрөнгөөр 364,5 м/кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг барьж ашиглалтад оруулан ажиллаж байсан. 2010 онд Монгол Улсын засгийн газраас тус барилгыг төрийн өмчид буцаан шилжүүлэх тухай шийдвэр гарч тухайн барилгыг төр өмчлөлдөө авсан. 2015 онд Төрийн өмчийн хороонд хүсэлт гаргаж гэрээг төрийн өмчийн хороотой үргэлжлүүлэн байгуулах тухай хүсэлтийг тавьсны дагуу тухайн үл хөдлөх хөрөнгө буюу Ленины музейн барилгатай холбоотой шүүхийн маргаан явж эцэслэгдэн шийдвэрлэгдээгүй байх тул зохих гэрээг байгуулан үйл ажиллагаа явуулах боломжоор хангаж өгөхийг тухайн үеийн Үлэг гүрвэлийн музейн удирдлагуудад даалгасан шийдвэр гарсан. Манай байгууллага нь газрын түрээсийн төлбөрийг сар бүр төлж үйл ажиллагаа явуулж байсан. Нийслэлийн засаг даргад холбогдуулан газар олгож өгөхийг хүссэн нэхэмжлэл гаргасан боловч бусдын газартай давхцуулж газар олгохгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Бидний хувьд тухайн үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой маргаан шүүхээр эцэслэгдэн шийдвэрлэгдэж дуусмагц газрыг хязгаартайгаар эзэмших ашиглах гэрээ байгуулж цаашид ажиллах боломжоор хангаж өгнө гэж ойлгосон тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

3.Нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 689 дугаар тогтоол, Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 187 дугаар тогтоол, Монгол улсын Засгийн газрын 2013 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 11 дугаар тогтоол, Монгол улсын Төрийн өмчийн хорооны 2014 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 280 дугаар тогтоол, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн бүртгэлийн хэлтсийн 2402 тоот албан бичиг, Монгол улсын Засгийн газрын 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Музей  нэгтгэн зохион байгуулах тухай 281 дүгээр тогтоол, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 621 дүгээр тогтоол, Мэдэгдэл, Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 03-11/6083 тоот албан бичиг, Газар эзэмших эрхийн 000014963 дугаар гэрчилгээ, Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 128/ШШ2022/0323 дугаар шийдвэр зэрэг баримтуудыг, хариуцагчаас Улсын бүртгэлийн гэрчилгээ, Итгэмжлэл, хариу тайлбар зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийг хангах үндэстэй гэж үзлээ.

 

4.Нэхэмжлэгч Б  УТҮГ нь хариуцагч И ХХК-нд холбогдуулан Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, 6 дугаар хороолол, Тусгаар тогтнолын талбай 1 тоот хаягт байрлах, Б н хууль ёсны эзэмшлийн 4,712 м.кв талбай бүхий газраас И ХХК-ийн хууль бусаар эзэмшиж буй 311.2 м.кв талбай бүхий газрыг албадан чөлөөлөхийг хариуцагч И ХХК-д даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон байна. Үүнд: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт зааснаар бусдын хууль бус эзэмшлээс газраа шаардах эрхтэй гэж тайлбарлав.

 

5.Хариуцагч И ХХК нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Дээр дурдсан 311,2 м кв газрыг хязгаартайгаар эзэмших ашиглах гэрээг байгуулж, цаашид ажиллах боломжтой гэж ойлгосон гэх тайлбар гарган  маргажээ.

 

6.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 187 дугаар тогтоол, Монгол улсын Засгийн газрын 2013 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 11 дугаар тогтоол, Монгол улсын Төрийн өмчийн хорооны 2014 оны 05 сарын 08-ны өдрийн 280 дугаар тогтоол, Монгол улсын Засгийн газрын 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Музей  нэгтгэн зохион байгуулах тухай 281 дүгээр тогтоол, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 621 дүгээр тогтоол, Мэдэгдэл, Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 03-11/6083 тоот албан бичиг, Газар эзэмших эрхийн 000014963 дугаар гэрчилгээ, Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, зохигчдын тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

7.Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж тайлбарлаж, үндэслэлээ Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дүгээр сарын 13-ны өдрийн 128/ШШ2020/0033 дугаар шийдвэрээр үйл баримт тогтоогдсон гэж тайлбарлан мэтгэлцэв.

 

8.Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны  хэргийн шүүх хуралдааны 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 187 дугаар тогтоолын хянавал хэсэгт “...19.Нийслэлийн Засаг даргын 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай А/351 дүгээр захирамжаар Үлэг гүрвэлийн төв музейд ...музейн зориулалтаар 4,712 м.кв газар эзэмших эрхийг 15 жилийн хугацаатай баталгаажуулсан ба нэхэмжлэгч И ХХК-иас А/351 дүгээр захирамжид өөрчлөлт оруулж, манай байгууллагын үл хөдлөх хөрөнгө оршиж буй 311.2 м.кв талбайг манай байгууллагад эзэмшүүлэх шийдвэр гаргахыг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “...2005 онд өөрийн хөрөнгөөр Чандмань төвийн баруун урд буланд 311.2 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө барьж ашиглалтад оруулсан, ...тухайн газар дээр байрлаж буй үл хөдлөх хөрөнгийг судлалгүй, гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдөх эсэхэд дүгнэлт өгөлгүй захирамж гаргасан, “...өмчлөлийн эд хөрөнгийг захиран зарцуулах эрхэд саад учруулсан” гэж тодорхойлжээ. 20.Хэрэг авагдсан, Төрийн өмчийн хорооны 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн Санал хүргүүлэх тухай 1в/1778 дугаартай албан бичгээс үзвэл И ХХК-иас Чандмань төв /Лениний музей/-ийн баруун урд өнцөгт байрлах Медуза кафег түрээслэх хүсэлт ирүүлснийг судлан үзээд, Жинсолон ХХК-иас 2015 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Эд хөрөнгө болон эрх шилжүүлэх гэрээгээр Медуза кафег шилжүүлэн авсан И ХХК-д тус кафег түрээсээр ашиглуулахыг Үлэг гүрвэлийн төв музейн захиргаанд мэдэгдэхдээ “...шүүхийн шийдвэрээр төрийн өмч болох нь тогтоогдсон Ленины музейн барилгыг газрын хамт барьцаалсан асуудлаар шүүхэд хандсан, шүүх маргааныг эцэслэн шийдвэрлэх хүртэл Жинсолон ХХК-ийн, Монгол Ардын Намтай хийж байсан гэрээг И ХХК-тай үргэлжлүүлэхэд татгалзахгүй” гэж дурдсан байна. 21.Мөн шүүхийн шийдвэрээр төрийн өмч болохыг тогтоосон Лениний музейн барилгыг Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 11 дүгээр тогтоолоор байгуулсан Үлэг гүрвэлийн төв музейд ашиглуулахаар балансад нь шилжүүлсэн, үүнтэй холбоотойгоор газар эзэмшүүлэх эрхийг шилжүүлж, нийслэлийн Засаг даргын 2014 оны А/742 дугаар захирамжаар Үлэг гүрвэлийн төв музейд 4,712 м.кв газрыг музейн зориулалтаар эзэмшүүлж, үүний дараа 2015 оны А/938, 2017 оны А/351 дүгээр захирамжуудаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг тус тус сунгасан, уг газар дээр музейн барилга сууриараа, музейн барилгад наалдуулан баригдсан өргөтгөлийн хэсэг буюу кафе байрлаж буй хэсэг мөн орж байгаа нь тогтоодсон, уг үйл баримтуудтай нэхэмжлэгч маргаагүй байна. 22.Эдгээрээс үзэхэд, Лениний музейн /хуучнаар/ баримлын өмчлөлийг дагаж, газар эзэмшигч өөрчлөгдсөнөөр тус барилгын баруун урд хэсэгт барилгын хананд наалдуулан барьсан өргөтгөлийн хэсэгт хамаарах газар эзэмших эрх нэхэмжлэгчид үүсэхгүй бөгөөд анхнаасаа үүсээгүй байсан эрхийг хамгаалах боломжгүй, энэ талаар хоёр шатны шүүх зөв дүгнэжээ. 23.Түүнчлэн нэхэмжлэгч нь Үлэг гүрвэлийн төв музейд газар эзэмшүүлэх талаарх Нийслэлийн Засаг даргын 2014 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн А/742, 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А/998 дугаар захирамжуудтай маргаагүй, маргаж буй 311.2 м.кв газрыг эзэмших талаар нийслэлийн Засаг даргад хандаж байгаагүй зэргээс үзвэл, тухайн газрын харилцаанд нэхэмжлэгчийг оролцогч гэж үзэхгүй тул 2017 оны А/351 дүгээр захирамжаар Үлэг гүрвэлийн төв музейн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгаж шийдвэрлэхэд “...сонсох ажиллагаа хийгээгүй” гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хүлээж авах боломжгүй. 24.Мөн, нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ өөрөө тодорхойлох нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д заасан түүний бүрэн эрх байхад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан “...маргаан бүхий акт нь Захиргааны ерөнхий хуулийн 47.1.6-д заасан илт хууль бус акт болж болохоор байгааг шүүх харгалзан үзээгүй, ...нэхэмжлэлийн шаардлагын явцуу хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн” гэх гомдол үндэслэлгүй байна. 25.Иймд шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч И ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Үлэмжийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй” гэж дүгнэж шийдвэрлэсэн байна. /хавтаст хэргийн 24-25 тал/

 

9.Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дүгээр сарын 13-ны өдрийн 128/ШШ2020/0033 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 183 дугаар магадлал, Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 187 дугаар тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасан.

 

10.Хариуцагчийн төлөөлөгч дээрх 311,2 м кв газрыг хязгаартайгаар эзэмших ашиглах гэрээг байгуулж, цаашид ажиллах боломжтой гэж ойлгосон гэх тайлбар гаргаж, маргаж байгаа нь үндэслэлгүй  байна. Учир нь: Хэрэгт авагдсан баримтаар Газар эзэмших эрхийн 000014963 дугаар гэрчилгээ, Монгол улсын Засгийн газрын 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Музей нэгтгэн зохион байгуулах тухай 281 дүгээр тогтоол, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 621 дүгээр тогтоолоор Үлэг гүрвэлийн музейг татан буулгаж  эргэлтийн болон  үндсэн хөрөнгийг Б д балансаас балансад шилжүүлсэнтэй  холбоотойгоор маргаан бүхий обьект, газар эзэмших эрхийн хамт Б д шилжүүлсэн үйл баримт тогтоогджээ.

 

11.Мөн Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Чандмань төв (Лениний  музей)-н баруун урд өнцөгт байрлах 311,2 м кв талбайг тухайн үеийн эзэмшигчээс түрээслэн эзэмшиж байсантай зохигчдын хэн аль нь маргаагүй бөгөөд хариуцагч үл хөдлөх хөрөнгийг барьж ашиглалтад оруулахдаа Газрын тухай хуульд заасны дагуу эрх бүхий байгуулагад хүсэлт гаргаагүй, бусдын өмчлөлийн обьектийн газартай давхцуулан барьсан нь хуульд нийцээгүй. Тодруулбал, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт зааснаар газар эзэмших, ашиглах талаар хүсэлт гаргах, газар эзэмших, ашиглах эрх үүсэх харилцааг нарийвчлан зохицуулсан хуульд заасан үндэслэлээр газрыг эзэмшиж, ашиглаагүй аливаа этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэхгүй.

12.Иймд хариуцагч И ХХК-д холбогдох Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, 6 дугаар хороолол, Тусгаар тогтнолын талбай 1 тоот хаягт байрлах, Б н хууль ёсны эзэмшлийн 4,712 м.кв талбай бүхий газраас Б н барилгын баруун урд өнцөгт байрлах И ХХК-ийн хууль бусаар эзэмшиж буй 311.2 м.кв талбай бүхий газрыг албадан чөлөөлэхийг хариуцагч И ХХК-д даалгаж, нэхэмжлэгч Б  УТҮГ-ын нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй.

 

13.Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 128/ШШ2022/0323 дугаар шийдвэрээр И ХХК-ийн нэхэмжлэлтэй Нийслэлийн засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/250тоот захирамжтай холбогдуулан үүссэн газар чөлөөлөхтэй холбоотой маргааныг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн гэж мэтгэлцэж байгаа боловч дээрх шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон эсэх нь тодорхой бус байх тул нотлох баритмаар үнэлээгүй болно.

 

14.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтад заасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч И ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж Улсын орлого болгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан И ХХК-д холбогдох Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, 6 дугаар хороолол, Тусгаар тогтнолын талбай 1 тоот хаягт байрлах, Б н хууль ёсны эзэмшлийн 4,712 м.кв талбай бүхий газраас Б н барилгын баруун урд өнцөгт байрлах И ХХК-ийн хууль бусаар эзэмшиж буй 311.2 м.кв талбай бүхий газрыг албадан чөлөөлөхийг хариуцагч И ХХК-д даалгах тухай нэхэмжлэгч Б  УТҮГ-ын  нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, газрыг албадан чөлөөлсүгэй.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1,  56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтад зааснаар хариуцагч И ХХК-иас улсын тэмдэгтийн  хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж  Улсын орлого болгосугай.

 

3.Хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Н.НАРАНГЭРЭЛ