Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2021/01550

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Жэнгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 182/ШШ2021/01825 дугаар шийдвэртэй, Б.Жэнгийн нэхэмжлэлтэй “Ж” УТҮГ-т холбогдох 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Б/17 тоот тушаалыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Жэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Ж УТҮГ-т 2013 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс дүүрэг хариуцсан мэргэжилтнээр хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан, энэ хугацаанд ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүй.

Төвийн дарга 2020 оны 11 дүгээр сард солигдсон ба намайг ямар нэгэн асуудалгүй ажиллаж байхад 2021 оны 3 сараас эхлээд ерөнхий менежерээр дамжуулан өргөдлөө өг, хамтран ажиллаж чадахгүй гэх болсон.

Миний бие нь Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/25 тоот захирамжийн хэрэгжилтийг хангах, Нийслэл, дүүргийн Онцгой комиссын шуурхай штабаас баталсан хуваарийн дагуу зөвлөн туслах ажлын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 02/232 албан бичгийг үндэслэн 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийг дуустал 14 хоног, 84 цаг дүүрэг хариуцсан мэргэжилтнүүд болон зохион байгуулагч, нийгмийн ажилтантай хамт хорооны нутагт үйл ажиллагаа эрхэлдэг 88243 иргэн, аж ахуй нэгжүүдээр зөвлөн туслах ажлыг мөн хязгаарлалт тогтоогоогүй бүх байгууллагууд зорчих хөдөлгөөнийг мэдээлэх QR код ашиглаж байгаа бөгөөд и-баримт ашиглаагүй иргэдийн орж, гарсан бүртгэлийг аж ахуйн нэгжүүдэд бичилтийг тогтмол хийлгэж хэвшүүлэн ажилласан.

Энэ хугацаанд аж ахуй нэгжүүд QR код ашиглаж хэвшсэн ба QR код байхгүй аж ахуй нэгжүүдийг QR кодтой болгож ажилласан.

Ж төвийн даргын 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Б/17 тоот тушаалаар нэхэмжлэгч надад QR кодтой болгох зөвлөн туслах ажлыг хийж гүйцэтгэсэн ажлын хүрээнд удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлсэн гэх үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулсан. Тухайн үед нь би Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо болон хорооны засаг дарга, хорооны зохион байгуулагч нарт зөвлөх туслах ажлыг хийж гүйцэтгэсэн талаар гомдол ирүүлээгүй байхад ажил олгогч ямар нэгэн хурал хийгээгүй гэм буруутай, буруугүй талаар надаас тайлбар аваагүй байж цалингийн хэмжээг 3 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан.

Иймд уг тушаалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Жэн нь “Ж төв” УТҮГ-т дүүрэг хариуцсан мэргэжилтнээр ажилладаг.

Коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах арга хэмжээний хүрээнд иргэдийн хөдөлгөөнд хяналт тавьж, хөдөлгөөний зураглалыг гаргах чиглэлээр нийслэлийн нутгийн захиргааны зарим байгууллагаас гаргасан саналыг үндэслэн Нийслэлийн онцгой комиссын шуурхай штабын даргаас худалдаа үйлчилгээний байгууллагуудаар үйлчлүүлж байгаа иргэдийг QR кодоор бүртгэлжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулж байгаа байдалд нийслэлийн агентлаг, харьяа байгууллагуудын хяналт тавьж ажиллах хуваарийг баталсан.

Тус тушаалын дагуу мэргэжилтэн Б.Жэн нь 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс мөн оны 02 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл Сонгинохайрхан дүүргийн худалдаа үйлчилгээний байгууллагуудаар үйлчлүүлж байгаа иргэдийг QR кодоор бүртгэлжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулж байгаа байдалд хяналт тавьж ажилласан.

Ийнхүү хяналт тавьж ажиллахдаа холбогдох үйл ажиллагааны тайланг хугацаандаа ирүүлж байгаагүй.

Б.Жэн нь “Ж төв” УТҮГ-ын Хөдөлмөрийн дотоод журмын 4.5.1, 4.5.2, 6.2.2-т заасан үүргүүдийг зөрчсөн төдийгүй, ажлыг хангалтгүй хийж гүйцэтгэн, холбогдох тайланг хугацаандаа ирүүлээгүй зөрчлийг гаргасан тул ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2, Хөдөлмөрийн дотоод журмын 8.6.2, 8.6.5.1, 8.6.5.12-т заасныг үндэслэн Б.Жэнд сахилгын шийтгэл ногдуулсан бөгөөд ийнхүү сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй байна.

Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7.-д зааснаар Ж төв УТҮГ-ын даргын 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Б/17 тоот тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Жэнгийн нэхэмжлэлийг хангаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д заасны дагуу нэхэмжлэгчийн гаргасан энэ нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулж орлого болгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Б.Жэн нь хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, Хөдөлмөрийн дотоод журамд заасан хэд хэдэн зөрчлийг гаргасан тул 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Б/17 тоот тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсан.

Ковид-19 цар тахлын цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан 2021 оны 01 дүгээр сард ажилчдыг хэсэгчилсэн байдлаар ажиллах хариуцлагатай жижүүрийн хуваарийг гаргасан. Тус хуваарийн дагуу ажилтан Б.Жэн нь 2021 оны 01 дүгээр сарын 12, 20, 25 болон 29-ний өдрүүдэд ажиллахаар байсан. Гэтэл ажилтны цаг бүртгэлийн системээс ажилтны ажлын цагийн бүртгэлийг харахад Б.Жэн нь 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 09:04 минутад ирсэн буюу 34 минутын хоцролттой, 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 08:58 минутад ирсэн буюу 28 минутын тус тус хоцролттой байдаг. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...дээрх хугацаанд хариуцлагатай жижүүрийн үүрэг гүйцэтгэх хуваарийг нэхэмжлэгчид танилцуулан гарын үсэг зуруулсан баримтгүй байна” гэж тайлбарласан байдаг.

Манай байгууллага нь дээрх хуваарийг батлан, ажилчдад нэгдсэн байдлаар танилцуулсан бөгөөд бүх ажилчид тус хариуцлагатай жижүүрийн хуваарийг мэдсэн төдийгүй дээрх ажилтны цаг бүртгэлийн системээс харахад нэхэмжлэгч Б.Жэн нь хариуцлагатай жижүүрийн хуваарийг мэдсэн болох нь харагдаж байгаа. Өөрөөр хэлбэл, шүүхээс манай байгууллагыг хариуцлагатай жижүүрийн хуваарийг танилцуулан ажилтнаар гарын үсэг зуруулах ёстой гэж буруутгасан байх бөгөөд ажилтан нь тус өдрүүдэд хоцорч ирсэн байгаагаас үзвэл тус хуваарийг мэдсэн байна.

Мөн Хөдөлмөрийн дотоод журмын 7.1.5-д заасан зохицуулалтаас үзвэл ажилтан сард 5 цагаас дээш хоцорсон тохиолдолд дангаар сахилгын шийтгэл хүлээлгэх үндэслэл болох бөгөөд тус тохиолдолд тухайн ажилтны сарын цалингаас хасч тооцох үндэслэл болно. Нэхэмжлэгч нь нэгдүгээр сард өөрийн ажиллах хариуцлагатай жижүүрийн хуваарьт өдрүүдэд нийт 62 минут буюу 01 цаг 02 минут хоцорсон.

Нийслэлийн онцгой комиссын шуурхай штабын даргаас “Худалдаа үйлчилгээний байгууллагуудаар үйлчлүүлж байгаа иргэдийг QR кодоор бүртгэлжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулж байгаа байдалд Нийслэлийн агентлаг, харьяа байгууллагуудын хяналт тавьж ажиллах хуваарь”-ийг баталж 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 04/39 дугаар албан бичгээр манай байгууллагад ирүүлсэн. Үүний дагуу нэхэмжлэгч Б.Жэн болон байгууллагын бусад дүүрэг хариуцсан 4 мэргэжилтэн, нийт 5 хүнийг томилон ажиллуулсан ба тэд 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс мөн оны 02 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл Сонгинохайрхан дүүргийн 19 болон 37 дугаар хороодод өглөөний 09 цагаас 16 цаг хүртэл ажиллахаар болсон.

Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хорооны Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 472 тоот тодорхойлолтоос үзвэл "... тус хороонд хуваарийн дагуу мэргэжилтэн Б.Жэн ажиллаагүй болно.”, мөн Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хорооны иргэд, аж ахуйн нэгж байгууллагад зөвлөмж мэдээлэл өгч хяналт тавьж ажилласан ажилчдын хуваариас үзвэл нэхэмжлэгч Б.Жэн нь тус хороонд ажиллаагүй болох нь харагддаг.

Мөн Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны Засаг даргын 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 569 тоот тодорхойлолтод “...Б.Жэн нь 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс2021 оны 02 дугаар сарын 15-ны өдрүүдэд 09:00-12:00 цагийн хооронд хяналт тавьж ажиллаж байсан” гэсэн байдаг. Уг баримтуудаас үзвэл нэхэмжлэгч нь дээд газраас ирүүлсэн үүрэгт ажлыг хангалтгүй, дутуу гүйцэтгэсэн болох нь харагдаж байна.

Нэхэмжлэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрийн гаргасан нэхэмжлэл, түүний шаардлагыг нотолж буй холбогдох баримт, түүнчлэн хариуцагчаас гаргаж өгсөн баримтуудыг үгүйсгэсэн баримтуудыг гаргаж өгөөгүй. Шүүхээс хариуцагчийн гаргаж өгсөн нотлох баримтыг үнэн зөв, хэрэгт ач холбогдол бүхий хамааралтай талаас нь үнэлээгүй байна.

Мөн нэхэмжлэгч нь хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, Хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу сар бүрийн 25-ны өдрийн дотор ажлын тайлангаа ирүүлэх ёстой. Нэхэмжлэгч нь 2020 оны 12 дугаар сар болон 2021 оны 01 дүгээр саруудад тайлангаа ирүүлж байгаагүй. Хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, Хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу ажилтан Б.Жэн нь ажлын төлөвлөгөөг боловсруулан, батлуулж, тайланг сар бүр ирүүлэх ёстой байсан боловч ийнхүү боловсруулаагүй, тайланг ирүүлж байгаагүй нь хэргийн материалд авагдсан баримтаар нотлогдоно.

Нөгөөтэйгүүр, ажилтан нь өөрөө сар бүрийн төлөвлөгөөг боловсруулан Ерөнхий менежерээр батлуулж, улмаар сар бүрийн тайланг ирүүлэх үүргийг хүлээж байхад ажил олгогчийн үүрэг мэтээр Хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, Хөдөлмөрийн журмын холбогдох зохицуулалтыг тайлбарласан нь үндэслэлгүй, буруугаар тайлбарлан хэрэглэсэн байна.

Мөн шүүхээс хариуцагчийг нэхэмжлэгчид ажлын байрны тодорхойлолтыг танилцуулаагүй гэж буруутгасан. Б.Жэнтэй 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хөдөлмөрийн гэрээг байгуулахад ажлын байрны тодорхойлолт нь гэрээний хавсралтаар хамт байсан, ажилтан хөдөлмөрийн гэрээтэй танилцан, гарын үсэг зурж, байгуулсан тохиолдолд ажлын байрны тодорхойлолттой танилцсан гэж үзнэ. Шүүхээс заавал тус ажлын байрны тодорхойлолттой танилцуулж гарын үсэг зуруулах ёстой гэж үзэж буй нь үндэслэлгүй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Б/17 тоот тушаал гаргах үндэслэлийн холбогдох нотлох баримтуудыг гаргаж өгсөн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь өөрийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл болоод хариуцагчаас гаргаж өгч буй тус нотлох баримтууд нь үндэслэлгүй гэж үзэж байгаа бол түүнийг үгүйсгэх нотлох баримтуудыг гаргаж өгөх үүрэгтэй. Гэтэл нэхэмжлэгчээс өөрийн шаардлагыг нотолсон болон хариуцагчаас гаргаж өгсөн баримтуудыг үгүйсгэсэн талаарх холбогдох баримтуудыг гаргаж өгөөгүй байхад шүүх хариуцагчаас гаргаж өгсөн баримтуудыг дангаар няцаан, үгүйсгэсэн нь талуудын мэтгэлцэх зарчмыг зөрчсөн гэж үзэхээр байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Б.Жэн нь хариуцагч Ж УТҮГ-т холбогдуулан тус газрын даргын 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Б/17 тоот тушаалыг хүчингүй болгуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Б.Жэн нь хариуцагч байгууллагад дүүрэг хариуцсан мэргэжилтнээр хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаж байгаа талаар талууд маргаагүй, тэдгээрийн хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.

 

Ж төвийн даргын 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Б/17 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1, 131.1.2, 131.2 дахь хэсэг, Ж төвийн хөдөлмөрийн дотоод журмын 8.6.2, 8.6.5.1, 8.6.5.12-т заасныг тус тус баримтлан дүүрэг хариуцсан мэргэжилтэн Б.Жэн нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүлээсэн ажил үүргээ, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлсэнтэй холбогдуулан албан тушаалын цалингийн хэмжээг 3 сарын хугацаанд 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулжээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт зааснаар ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд сахилгын шийтгэлийг ногдуулахдаа ажилтны гаргасан зөрчлийг тогтоосон байх учиртай. Б/17 тоот тушаалд заасан гэх зөрчил нь ерөнхий агуулгатай, тодорхой бус байхаас гадна хариуцагчийн тайлбарт дурдсан ажилтны гаргасан зөрчлийг 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар буюу шийтгэл хүлээлгэх үед тогтоогоогүй байна.

 

Хариуцагч байгууллагын дарга 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Ж төвөөс 2021 оны 01 дүгээр сард ажлын байранд ажиллах хариуцлагатай жижүүрийн хуваарь баталж, уг хуваарьт Б.Жэнг 1 дүгээр сарын 12, 20, 25, 29-ний өдрүүдэд ажиллуулахаар томилсон байна. /хх58/

 

Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хорооны Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 472 тоот албан бичигт “Нийслэлийн засаг даргын захирамжийн дагуу аж ахуйн нэгж байгууллагад зөвлөмж мэдээлэл өгч хяналт тавих ажлын хүрээнд тус хороонд хуваарийн дагуу мэргэжилтэн Б.Жэн ажиллаагүй болно” гэж,

Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 569 тоот албан бичигт “Б.Жэн нь 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдрүүдэд 09:00-12:00 цагийн хооронд хяналт шалгалт хийж ажиллаж байсан” гэж тус тус тодорхойлолтуудыг нотлох баримтаар хариуцагч гаргаж өгсөн боловч /хх71-72/, ажилтанд 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр сахилгын шийтгэл ногдуулах үед дээрх 2 албан бичгүүд хариуцагч байгууллагад хүргэгдээгүй байсан байна.

 

Ж төв УТҮГ-н албан хаагчдын үйл ажиллагааны тайлангийн бүртгэл гэх баримт үйлдсэн огноогүй /хх59-60/, Ж төв УТҮГ-н 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн уулзалтын тэмдэглэлд ажилтан, ажил олгогч нарын хооронд үүссэн асуудлыг тодорхойлоогүйгээс ойлгомжгүй болсон /хх64/, мэдэгдэх хуудас, 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн сахилгын шийтгэлийн төсөл танилцуулсан хуудас, хяналтын дагалдах хуудас гэх баримтуудыг Б.Жэнд танилцуулаагүй, энэ талаар тэмдэглэл үйлдээгүй /хх66-68/, цаг бүртгэлийн мэдээлэл гэх баримт нь хуулбар хувь тул нотлох баримтын шаардлага хангаагүй /хх69-70/ байна.

 

Иймд хариуцагч байгууллагын зүгээс сахилгын шийтгэл ногдуулахдаа ажилтны гаргасан зөрчлийг тогтоосон гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй байна. Өөрөөр хэлбэл, дээрх баримтуудаар Б.Жэнг хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн дотоод журамд заасан чиг үүргээ зөрчсөн гэх үйл баримтыг тогтоогдсон гэж үзэхгүй тул хариуцагчийн энэ талаарх гомдол үндэслэлгүй байна.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 182/ШШ2021/01825 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                          ШҮҮГЧИД                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                                           Э.ЗОЛЗАЯА