Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 677

 

 

 

 

 

 

 

 

 

                         “Э А И С М К ББСБ” ХХК-ийн

                                  нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2019/00499 дүгээр шийдвэртэй

                         

Нэхэмжлэгч “Э А И С М К ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Д.Ц-д холбогдох

 

14 106 209 төгрөг гаргуулах, Д.Ц-гийн өмчлөлийн Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 24 дүгээр байрны 23 тоот 2 өрөө орон сууцны барьцаалагч нь “Э А И С М К ББСБ” ХХК болох, барьцааны гэрээ барьцаалбараар гэрчлэгдсэн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагч Д.Ц-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч “Э А И С М К ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, Ч.У нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай байгууллага Д.Ц-тэй зээлийн болон барьцааны гэрээ, барьцаалбар үйлдэн зээл олгосон. Зээл төлөх боломжгүй байна барьцаа хөрөнгөө өгье гэсний дагуу гэрээ байгуулан Баянгол дүүргийн бүртгэлийн хэлтэст материалаа бүрдүүлж өгтөл заавал шүүхийн шийдвэр авч ир гэсэн. Ингээд шүүхэд хандсан, шүүх 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдөр зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба Д.Ц-44 788 041 төгрөгийг 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулах болсон. Хариуцагч Д.Ц-тэй дээрх төлбөрийг Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 00 дүгээр байрны 00 тоотод байршилтай хөрөнгөөр хангуулахаар харилцан тохиролцсон юм. Д.Ц-тэй эвлэрлийн гэрээ байгуулснаас хойш 2 жил гаруй хугацаа өнгөрч байна. Д.Ц-биднээс зээлсэн мөнгөө буцаан төлөхгүй ашигласаар байна. Тиймээс манайх Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 222 дугаар зүйлийн 222.5, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасны дагуу Д.Ц-гээс 14 106 209 төгрөгийн хохирол нэхэмжилж байна. Үндэслэл нь Д.Ц-ББСБ-тай 2016 оны 8 дугаар сарын 4-ний өдөр эвлэрлийн гэрээ байгуулан 44 788 041 төгрөгийг 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөрт багтаан төлөхөөр үүрэг хүлээсэн, энэ үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй байна. Хэрэв Д.Ц-гэрээнд заасан хугацаандаа үүргээ биелүүлээд бид Хас банкинд нээлгэсэн хадгаламжийн дансандаа тухайн мөнгөн хөрөнгийг байршуулж байсан бол сарын 1 хувийн хүү тооцогдож өнөөдрийг хүртэл 14 106 209 төгрөгийн хадгаламжийн хүүгийн орлого олох байсан. Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс учруулсан хохирлын 14 106 209 төгрөгийг Д.Ц-гээс гаргуулна. Мөн зээлдэгч нь эвлэрлийн гэрээгээр хүлээсэн үүргээ сайн дураар биелүүлж 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдөр төлбөрт тооцон барьцаа хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээ байгуулан барьцаа хөрөнгийг зээлдүүлэгчийн нэр дээр шилжүүлсэн боловч суллаж өгөөгүй, буцаан худалдаж авна гэсэн санал тавьсныг зээлдүүлэгч зөвшөөрсөн. Манай байгууллага Д.Ц-гийн эзэмшлээс уг байрыг албадан суллуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Д.Ц-нь төлбөрт тооцон барьцаа хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөрт бусд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5-д заасныг үндэслэн төлбөрт тооцон барьцаа хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, Д.Ц-гийн Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 24 дүгээр байрны 23 тоот орон сууц өмчлөх эрхийг сэргээж шийдвэрлэснийг хяналтын шатны шүүх хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Зээлдэгч нь анхнаасаа зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх хүсэлгүй байсныг бид мэдсэн учраас хяналтын шатны шүүхийн шийдвэр гарсны дараа 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2016/04839 дугаартай шийдвэрийг албадан биелүүлэхээр гүйцэтгэх хуудас бичүүлэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг эхлүүлсэн боловч Д.Ц-нь өөрийн нэр дээр шилжсэн хөрөнгийг өөр этгээдэд шилжүүлэх оролдлого гаргасан бөгөөд шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй хэмээн гомдол гаргасаар байна. Д.Ц-нь зээлийг төлөх хүсэлгүй байгааг харгалзан үзэж “Э А И С М К ББСБ” ХХК-ийн барьцаалагч бөгөөд барьцааны гэрээ барьцаалбараар гэрчлэгдсэн болохыг тогтоолгох хүсэлтэй байна гэжээ.

 

Хариуцагч Д.Ц-шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Би нэхэмжлэгч байгууллагаас 2014 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр 20 000 ам долларыг сарын 3,5 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай зээлсэн, энэ хугацаанд зээлийн төлбөрийг сар бүр төлж явтал долларын ханш 2015 оны 4 дүгээр сараас 1700-2300 төгрөг болж өссөн тул би алдагдалд орсон. Нэхэмжлэгч байгууллагад 31 000 000 төгрөг төлсөн. Би ахлах эдийн засагч н.Насанжаргалтай уулзаж долларын зээлийг төгрөгийн зээл рүү шилжүүлэх санал тавихад захиралтай ярилцана гэж хэлээд би гэрээ байгуулсан. Байраа алдах, дээр нь эдийн засгийн байдал өр улам өсгөөд байхаар нь амьдралын аргагүй байдлаас болоод Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 24 дүгээр байрны 23 тоотын өмчлөх эрхийг шилжүүлж, 44 000 000 төгрөгийн зээл авч үүнээсээ 31 315 726 төгрөгийг хасуулж, 13 000 000 төгрөгийг сар бүр төлж барагдуулна зээлээс үлдсэн мөнгөө бизнестээ зориулна гэж бодсон. Гэтэл 2 өрөө байрыг шилжүүлж аваад байрнаас хөөсөн. 31 732 120 төгрөг дээр нь 44 000 000 төгрөг болгочхоод нийт 91 762 000 төгрөг болгож авахаар улайрч байна. Иймд уг компанийн хүү, алдангийн хохирол 16 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Би тус шүүхэд 44 000 000 төгрөгийн барьцаа төлбөрт гомдол гаргасан тул энэ 2 асуудлыг нэгтгэж шийдэж өгнө үү. Мөн нэхэмжлэгч байгууллагын нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын журмын дагуу 44 000 000 төгрөгийг би төлж барагдуулна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч байгууллагаас 2014 оны 11 дүгээр сарын 14-нд тухайн өдрийн ханш 1807 төгрөг байхад 20 000 ам доллар, 35 730 000 төгрөгийг 1 жил 6 сарын хугацаатай, 3,5 хувийн хүүтэй зээлсэн. Графикийн дагуу төлсөөр 2016 оны 5 сар гэхэд 31 315 726 төгрөг буюу 17 000 ам доллар төлсөн. Эдийн засагч н.Насанжаргал долларын ханш өдрөөс өдөрт өсөөд байхад та энэ зээлээ монгол төгрөгөөр төл тэгэхгүй бол байраа алдана, манайд монгол төгрөгийн зээл байгаа гэсэн. Би 44 000 000 төгрөгийг төлнө гэжээ.

 

            Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 222 дугаар зүйлийн 222.5, 227 дугаар зүйлийн 227.3-т заасныг баримтлан Д.Ц-гээс 14 106 209 /арван дөрвөн сая нэг зуун зургаан мянга хоёр зуун есөн/ төгрөг гаргуулах, Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 24 дүгээр байрны 23 тоот 2 өрөө орон сууцны барьцаалагч нь “Э А И С М К ББСБ” ХХК болох, барьцааны гэрээ барьцаалбараар гэрчлэгдсэн болохыг тогтоолгох тухай “Э А И С М К ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.,1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 298 682 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Намжил давж заалдах гомдолдоо:

... Нэхэмжлэлийн 14 106 209 төгрөг гаргуулах шаардлагын тухайд,

Анхан шатны шүүх бидний Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 222 дугаар зүйлийн 222.5, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжилсэн 14 106 209 төгрөгийг "...хийсвэр үйл баримтыг үндэслэн нэхэмжилсэн, Д.Ц-хүү төлнө гэж талууд тохиролцоогүй, ...үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогоо баримтаар нотлоогүй" гэж дүгнэн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй.

Хариуцагч Д.Ц-нь банк бус санхүүгийн байгууллагатай 2016 оны 8 дугаар сарын 4-ний өдөр Эвлэрлийн гэрээ байгуулан 44 788 041 төгрөгийг 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөрт багтаан төлөхөөр үүрэг хүлээсэн боловч энэ үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй. Хэрэв Д.Ц-гэрээнд заасан үүргээ хугацаанд нь гүйцэтгэсэн бол ББСБ Хас банкинд нээлгэсэн хадгаламжийн дансандаа тухайн мөнгөн хөрөнгийг байршуулж, нэг сарын 1 хувийн хүү тооцогдож, 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүртэл 14 106 209 төгрөгийн хүү цугларах байсан. Энэ бол бидэнд учирсан бодит хохирол юм.

Д.Ц-нь банк бус санхүүгийн байгууллагатай байгуулсан Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, Эвлэрлийн гэрээгээр тохирсон хугацаанд төлбөрөө шилжүүлэхгүй, худал хэлдэг энэхүү нөхцөл байдлын улмаас бодитой хохирлыг амсаж буй байгууллага нь нэхэмжлэгч юм.

Гэтэл шүүх үүрэг гүйцэтгэгчийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн байгаа нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгөлгүйгээр нэхэмжлэгчид бодитой хохирол заавал учирсан байхыг шаардсан дүгнэлт хийснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Мөн Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5-д заасан хүү нь талууд тухайн үүрэг үүсгэж буй гэрээгээр заавал тохирсон байхыг шаарддаг хүү биш юм.

"Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 24 дүгээр байрны 23 тоот 2 өрөө орон сууцны барьцаалагч нь “Э А И С М К ББСБ” ХХК болох, барьцааны гэрээ барьцаалбараар гэрчлэгдсэн болохыг тус тус тогтоолгох" нэхэмжлэлийн шаардлагын тухайд,

Улсын Дээд шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 1238 дугаар тогтоолоор ББСБ олон Д.Ц-нарын хооронд 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдөр байгуулагдсан Төлбөрт тооцон барьцаа хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, түүний өмчлөлийн орон сууцны өмчлөх эрхийг сэргээж шийдвэрлэсэн боловч, уг тогтоолоор талуудын хооронд 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр байгуулагдсан БГ2014/11/04 дугаартай барьцааны гэрээ мөн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай Эвлэрлийн гэрээг хэрэгжүүлэх нэхэмжлэгч “Эйр Ар И Си моргаж корпорэйшн ББСБ” ХХК-ийн эрхийг үгүйсгээгүй.

Иймд хэрэгт авагдсан баримтуудад үндэслэн дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж хэргийг шийдвэрлэсэн байна.

 

            Нэхэмжлэгч “Э А И С М К ББСБ” ХХК нь хариуцагч Д.Ц-д холбогдуулан гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол 14 106 209 төгрөг гаргуулах, Д.Ц-гийн өмчлөлийн Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол 24 дүгээр байрны 23 тоот 2 өрөө орон сууцын барьцаалагч нь “Э А И С М К ББСБ” ХХК болох, барьцааны гэрээ барьцаалбараар гэрчлэгдсэн болохыг тус тус тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрөн маргажээ.

 

            Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ тодорхойлохдоо “... хариуцагч зээлсэн мөнгөө тохиролцсон хугацаандаа төлсөн бол уг мөнгийг хадгаламжид байршуулж 14 106 209 төгрөгийн хүүгийн орлого олох боломжтой байсан” гэж тайлбарлажээ.

 

            Зохигчид 2014 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр №ЗГ2014/11/01 тоот Зээлийн гэрээ болон БГ2014/11/04 тоот барьцааны гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч “ Э А С М К ББСБ” ХХК-аас хариуцагч Д.Ц-, Д.Б нар 20 000 ам.долларыг зээлж, зээлийн барьцаанд Баянгол дүүргийн 00 дугаар хороо 00 дугаар бичил хороолол 00 дүгээр байрны 00 тоот 29 м.кв 2 өрөө орон сууцыг барьцаалсан байна.

 

Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлсэн бичгийн хэлцэл хийж, гарын үсэг зурсан хүчин төгөлдөр гэрээ байгуулсан байх бөгөөд анхан шатны шүүх зохигчдын хооронд банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох эрх зүйн харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгтэй нийцжээ.

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2016/04839 тоот шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч "Э А С М К ББСБ" ХХК, хариуцагч Д.Ц-нар эвлэрч, 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 44 788 041 төгрөгийг барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.  

/хх-ийн 16-17 дугаар тал/

 

            Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө ямар нэгэн үйлдэл хийх үүргийг хууль болон гэрээний дагуу хүлээсэн бол гүйцэтгэх учиртай. Талуудын хоорондын эвлэрлийг баталсан шүүгчийн захирамжид заасан мөнгөн төлбөрийг 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлөх үүргээ хугацаанд нь биелүүлээгүй байна. Мөн хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.2-т “үүрэг гүйцэтгэх хугацаа болсныг үүрэг гүйцэтгүүлэгч сануулснаас хойш үүргээ биелүүлээгүй бол” үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлсэн нөхцөл байдал үүссэн гэж үзнэ.

 

Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5 дахь хэсэгт зааснаар мөнгөн төлбөрийн үүрэг хэтэрсэн хугацаанд хүү төлөх хуулиар тогтоосон үүргийг хариуцагчаас шаардах боломжтой боловч хүүгийн хэмжээг нотлох баримтаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж зааснаар нотолж чадаагүй байна.

 

Нэхэмжлэгч "Э А С М К ББСБ" ХХК хариуцагч Д.Ц-гээс авах мөнгийг Хас банкинд нээлгэсэн хадгаламж байршуулсан бол сарын 1 хувийн хүү тооцогдож өнөөдрийг хүртэл 14 106 209 төгрөг болох байсан гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй.

 

            Зохигчдын хооронд байгуулсан 2014 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн БГ/2014/11/04 тоот барьцааны гэрээ хүчин төгөлдөр байгаа бөгөөд барьцаалагч нь Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1 дэх хэсэгт зааснаар Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй байдаг тул "Э А С М К ББСБ" ХХК нь Д.Ц-гээс барьцааны гэрээний дагуу үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй. Харин дуудлага худалдааг Иргэний хуулийн 175 дугаар зүйлд заасан журмын дагуу явуулна.

 

            Талуудын хооронд байгуулагдсан барьцааны гэрээ нь хүчин төгөлдөр байхад нэхэмжлэгч байгууллагыг барьцаалагч болох барьцааны гэрээ барьцаалбараар гэрчлэгдсэн болохыг тогтоох шаардлагагүй юм. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

 

            Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2019/000499 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 298 682 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                       ШҮҮГЧИД                            А.ОТГОНЦЭЦЭГ

 

Ц.ИЧИНХОРЛОО