Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 00499

 

 

 

 

 

2019 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 102/ШШ2019/00499

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар 

            Нэхэмжлэгч:Э.А.И.С.М.ББСБ, ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:Д.Ц-д холбогдох

            14 106 209 төгрөг гаргуулах, Д.Цгийн өмчлөлийн Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 24 дүгээр байрны 23 тоот 2 өрөө орон сууцны барьцаалагч нь Э.А.И.С.М.К ББСБ,ХХК болох, барьцааны гэрээ барьцаалбараар гэрчлэгдсэн болохыг тогтоолгох тухай шаардлагатай хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ууганзул, хариуцагч Д.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Саруулмандах нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э.А.И.С.М.К ББСБ,ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Манай байгууллага Д.Цтэй зээлийн гэрээ, барьцааны гэрээ, барьцаалбар үйлдэн зээл олгосон.Зээл төлөх боломжгүй байна барьцаа хөрөнгөө өгье гэсний дагуу гэрээ байгуулан Баянгол дүүргийн бүртгэлийн хэлтэст материалаа бүрдүүлж өгтөл заавал шүүхийн шийдвэр авч ир гэсэн.Ингээд шүүхэд хандсан, шүүх 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдөр зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба Д.Ц 44 788 041 төгрөгийг 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулахаар заасан.Хариуцагч Д.Ц дээрх төлбөрийг Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 24 дүгээр байрны 23 тоотод байршилтай хөрөнгөөр хангуулахаар харилцан тохиролцсон.Д.Цтэй эвлэрлийн гэрээ байгуулснаас хойш 2 жил гаруй хугацаа өнгөрч байна.Д.Ц биднээс зээлсэн мөнгөө буцаан төлөхгүй ашигласаар байна.Тиймээс манайх Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 222 дугаар зүйлийн 222.5, 227 дугаар зүйлийн 227.3-т заасны дагуу Д.Цгээс 14 106 209 төгрөгийн хохирол нэхэмжилж байна.Үндэслэл нь Д.Ц ББСБ-тай 2016 оны 8 дугаар сарын 4-ний өдөр эвлэрлийн гэрээ байгуулан 44 788 041 төгрөгийг 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөрт багтаан төлөхөөр үүрэг хүлээсэн, энэ үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй байна.Хэрэв Д.Ц гэрээнд заасан хугацаандаа гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн бол бид Хас банкинд нээлгэсэн хадгаламжийн дансандаа тухайн мөнгөн хөрөнгийг байршуулж байсан бол сарын 1 хувийн хүү тооцогдож өнөөдрийг хүртэл 14 106 209 төгрөгийн хадгаламжийн хүүгийн орлого олох байсан.Энэ бол Д.Ц гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлсэн бол бидний олох байсан хамгийн бага орлого юм.Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс учруулсан хохирлын 14 106 209 төгрөгийг Д.Цгээс гаргуулна.

Мөн Э.А.И.С.М.К ББСБ,ХХК нь Д.Цтэй зээлийн гэрээ, барьцааны гэрээ, барьцаалбар үйлдэн зээл олгосон, зээл төлж чадахгүй байна гэсэн тул Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдөр манайх Д.Ц болон Д.Бат-Эрдэнэ нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл шаардсан нэхэмжлэлийг гарган 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2016/04839 дугаартай шийдвэрээр зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба энэхүү шийдвэрийн захирамжлах хэсэгт Д.Ц нь 44 788 041 төгрөгийг төлөх үүрэг хүлээж, талууд эвлэрлийн гэрээндээ хэрвээ гэрээнд заасан өдөр төлбөрөө төлөхгүй бол барьцаа хөрөнгөөр хангуулахаар харилцан тохиролцсон.Үүний дараа зээлдэгч нь эвлэрлийн гэрээгээр хүлээсэн үүргээ сайн дураар биелүүлж 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдөр төлбөрт тооцон барьцаа хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээ байгуулан барьцаа хөрөнгийг зээлдүүлэгчийн нэр дээр шилжүүлсэн боловч суллаж өгөөгүй, буцаан худалдаж авна гэсэн санал тавьсаныг зээлдүүлэгч зөвшөөрсөн боловч худалдан аваагүй.Манайх аргаа бараад албадан суллуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.Д.Ц нь төлбөрт тооцон барьцаа хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөрт бусд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан. Гэтэл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5-д заасныг үндэслэн төлбөрт тооцон барьцаа хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, Д.Цгийн Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 24 дүгээр байрны 23 тоот орон сууц өмчлөх эрхийг сэргээж шийдвэрлэснийг хяналтын шатны шүүх хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Зээлдэгч нь анхнаасаа зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх хүсэлгүй байсныг бид мэдсэн учраас хяналтын шатны шүүхийн шийдвэр гарсны дараа 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2016/04839 дугаартай шийдвэрийг албадан биелүүлэхээр гүйцэтгэх хуудас бичүүлэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг эхэлүүлсэн боловч Д.Ц нь өөрийн нэр дээр шилжсэн хөрөнгийг өөр этгээдэд шилжүүлэх оролдлого гаргасан бөгөөд шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй хэмээн гомдол гаргасаар байгаа.Тиймээс хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцогдсон бол уг хэлцлээр шилжүүлсэн зүйлээ талууд харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэсний дагуу тус байрны өмчлөл Д.Цгийн нэр дээр шилжсэн, Д.Ц нь зээлийг төлөх хүсэлгүй байгааг харгалзан үзэж Э.А.И.С.М.К ББСБ,ХХКйг барьцаалагч бөгөөд барьцааны гэрээ барьцаалбараар гэрчлэгдсэн болохыг тогтоолгох хүсэлтэй байна гэв.

            Хариуцагч Д.Ц шүүхэд гаргасан тайлбартаа:Нэхэмжлэгч байгууллагаас 2014 оны 11 дүгээр сарын 14-нд тухайн өдрийн ханш 1807 төгрөг байхад 20 000 ам доллар, 35 730 000 төгрөгийг, 1 жил 6 сарын хугацаатай, 3,5 хувийн хүүтэй зээлсэн.Графикийн дагуу төлсөөр 2016 оны 5 сар гэхэд 31 315 726 төгрөг буюу 17 000 ам доллар төлж долларын ханш өдрөөс өдөрт өсөөд байхад эдийн засагч Насанжаргал ирж та энэ зээлээ монгол төгрөгөөр төл тэгэхгүй бол байраа алдана, манайд монгол төгрөгийн зээл байгаа гэсэн.Байраа алдах, дээр нь эдийн засгийн байдал өр улам өсгөөд байхаар нь амьдралын аргагүй байдлаас болоод Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 24 дүгээр байрны 23 тоотын өмчлөх эрхийг шилжүүлж, 44 000 000 төгрөгийн зээл авч, үүнээсээ 31 315 726 төгрөгийг хасуулж, 13 000 000 төгрөгийг сар бүр төлж барагдуулна, зээлээс үлдсэнээ бизнестээ зориулана гэж бодсон, гэтэл 2 өрөө байрыг шилжүүлж аваад байрнаас хөөсөн, 31 732 120 төгрөг дээр нь 44 000 000 төгрөг болгочихоод нийт 91 762 000 төгрөг болгож авахаар улайрч байна.Иймд уг компанийн хүү, алдангийн хохирол 16 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй, би тус шүүхэд 44 000 000 төгрөгийн барьцаа төлбөрт гомдол гаргасан тул энэ 2 асуудлыг нэгтгэж шийдэж өгнө үү.Мөн нэхэмжлэгч байгууллагын нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна.Уг нэхэмжлэлтэй холбоотой асуудлыг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, Нийслэлийн давж заалдах шатны шүүх, Дээд шүүхийн шийдвэрүүдээр төгс шийдвэрлэж дууссан тул 3 шатны шүүхийн шийдвэрийг хүндэтгэж үзэх ёстой.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын журмын дагуу 44 сая төгрөгийг би төлж барагдуулна, иймд нэхэмжлэлийг бүхэлд нь үгүйсгэж байна гэжээ.

Хариуцагч Д.Ц шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Би нэхэмжлэгч байгууллагаас 2014 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр 20 000 ам долларыг, сарын 3,5 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай зээлсэн, энэ хугацаанд зээлийн төлбөрийг сар бүр төлж явтал долларын ханш 2015 оны 4 дүгээр сараас 1700-2300 төгрөг болж өссөн тул би алдагдалд орсон, нэхэмжлэгч байгууллагад 31 000 000 төгрөг төлсөн.Би ахлах эдийн засагч Насанжаргалтай уулзаж долларын зээлийг төгрөгийн зээл рүү шилжүүлэх санал тавихад захиралтай ярилцана гэж хэлээд би гэрээ байгуулсан. Би 44 000 000 төгрөгийг төлнө гэв.

            Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Э.А.И.С.М.К ББСБ,ХХК хариуцагч Д.Цд холбогдуулан 14 106 209 төгрөг гаргуулах, Д.Цгийн өмчлөлийн Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 24 дүгээр байрны 23 тоот 2 өрөө орон сууцны барьцаалагч нь Э.А.И.С.М.К ББСБ,ХХК болох, барьцааны гэрээ барьцаалбараар гэрчлэгдсэн болохыг тогтоолгох тухай шаардлагыг шүүхэд гаргажээ.

            Шүүх дараах үндэлэлээр нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хэрэв Д.Ц 44 788 041 төгрөгийг 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөрт багтаан төлсөн бол манайх Хас банкинд нээлгэсэн хадгаламжийн дансандаа тухайн мөнгөн хөрөнгийг байршуулж, сарын 1 хувийн хүү тооцогдож 14 106 209 төгрөгийн хадгаламжийн хүүгийн орлого олох байсан гэх нэхэмжлэгч байгууллагын шаардлагын үндэслэл нь бодитоор болоогүй, хийсвэр үйл баримтыг дурдсан байна.

            Нэхэмжлэгч байгууллага нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-т зааснаар хохирол шаардах эрхтэй боловч уг хохирол нь бодитоор учирсан эсэх, тухайн хохирлын хэмжээ болон дүнг тооцсон хугацаа зэрэг нөхцөл байдал тодорхой бөгөөд хуульд заасан журмын дагуу нотлогдсон байх учиртай.

            Нөгөө талаар Э.А.И.С.М.К ББСБ,ХХК нь 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүртэл 6 сарын хугацаатай, 100 000 000 төгрөгийг, 6 сарын хугацаатай, хуримтлах хугацаатай хадгаламжийн гэрээг Хас банктай байгуулсан атлаа Д.Цгийн төлөх төлбөрт 14 106 209 төгрөгийн хүүгийн орлого тооцсон үндэслэл нь тодорхойгүй байна.

            Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5-д Мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү төлөх үүрэгтэй гэж заасан байдаг боловч 44 788 041 төгрөгийг хариуцагч Д.Ц 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Э.А.И.С.М.К ББСБ,ХХКд төлөхгүй бол Д.Ц хүү төлнө гэж талууд тохироогүй байна.

Мөн Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-д зааснаар нэхэмжлэгч байгууллагаас гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлого зэргийг хуульд заасан үндэслэл журмын дагуу баримтаар нотлоогүй байх тул Д.Цгээс 14 106 209 төгрөгийг гаргуулах боломжгүй байна.

            Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 24 дүгээр байрны 23 тоот 2 өрөө орон сууцны барьцаалагч нь Э.А.И.С.М.К ББСБ,ХХК болох, барьцааны гэрээ барьцаалбараар гэрчлэгдсэн болохыг тогтоолгох тухай шаардлагын үндэслэлээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56 дугаар зүйлийн 56.5-д заасан зохицуулалтаар тайлбарлаж байна.

Зохигч талуудын хооронд 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр БГ.2014/11/04 дугаартай барьцааны гэрээ байгуулагдаж, орон сууцны зориулалттай, Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 24 дүгээр байрны 23 тоотод байршилтай үл хөдлөх хөрөнгийг барьцаалж, уг гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.

Э.А.И.С.М.К ББСБ,ХХКйн 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 109 тоот хүсэлтээр дээрх барьцааны гэрээг дуусгавар болгож, нэхэмжлэгч байгууллагын 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн мэдүүлэг, төлбөрт тооцон барьцаа хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээ зэргийг үндэслэн Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 24 дүгээр байрны 23 тоот орон сууцны өмчлөх эрх Э.А.И.С.М.К ББСБ,ХХКйн өмчлөлд шилжин бүртгэгдсэн байна.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 779 дүгээр магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 102/ШШ2018/00239 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 24 дүгээр байрны 23 тоот орон сууцнаас Д.Цг албадан гаргуулах тухай Э.А.И.С.М.К ББСБ,ХХКйн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5-т зааснаар талуудын хооронд 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдөр хийгдсэн Төлбөрт тооцон барьцаа хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, Д.Цгийн Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 24 дүгээр байрны 23 тоот орон сууцны өмчлөх эрхийг сэргээж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 779 дүгээр магадлалыг Хяналтын шатны шүүх нэхэмжлэгч байгууллагын гомдлоор хянаад 779 дүгээр магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн тогтоол хүчин төгөлдөр байна.

Дээрх Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүхийн тогтоолд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 102/ШШ2016/04839 дугаартай захирамж, түүний биелэгдэх нөхцлийн талаар тодорхой дүгнэсэн байхад энэхүү шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 222 дугаар зүйлийн 222.5, 227 дугаар зүйлийн 227.3-т заасныг баримтлан Д.Цгээс 14 106 209 /арван дөрвөн сая нэг зуун зургаан мянга хоёр зуун есөн/ төгрөг гаргуулах, Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 24 дүгээр байрны 23 тоот 2 өрөө орон сууцны барьцаалагч нь Э.А.И.С.М.К ББСБ,ХХК болох, барьцааны гэрээ барьцаалбараар гэрчлэгдсэн болохыг тогтоолгох тухай Э.А.И.С.М.К ББСБ,ХХКйн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.,1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 298 682 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид, тэдний төлөөлөгч нар гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ         З.ДОРЖНАМЖИН