Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 182/ШШ2022/01859

 

                                                                                                           

 

 

 

 

 

 

 

                                       2022        06        16

             182/ШШ2022/01859

   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

       

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Буд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: “БЗ“ХХК

 

Хариуцагч: ЗХГ, (хуучин нэрээр А ЗХГ)

1,555,065,771.99 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Э,

нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Э,

хариуцагчийн төлөөлөгч Ч.Б, Б.Б,

хариуцагчийн өмгөөлөгч Р.Б

шинжээч Ц.Ц, О.Э

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Нийслэлийн ЗХГ /хуучин нэрээр Нийслэлийн А замын газар/ нь 2010 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 22-ын товчоо чиглэлийн 10.6 км А замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг гүйцэтгүүлэхээр “ЧЧХАХХТ инженеринг" ХХК-тай АЗБ/ӨХ-2010/171/12 тоот “*** барилгын ажлын гэрээ”-г байгуулсан билээ. “ЧЧХАХХТ инженеринг” ХХК-тай нэхэмжлэгч “БЗ” ХХК нь 2011 оны 05 дугаар сарын 06-ны өдөр “Түншлэлийн гэрээ” байгуулсан юм.

Уг “Түншлэлийн гэрээ”-ний “1.1 ...санхүүгийн чиглэлээр болон урьдчилгаа төлбөрийг авах, татвар хариуцлагыг “БЗ” ХХК хариуцна.” , “2.1. Энэхүү гэрээний 1.1-д заасан чиглэл хэлбэрийн хамтын ажиллагаатай холбоотой үйл ажиллагааг ...Б тал дангаар төлөөлөх” буюу “БЗ” ХХК дангаар төлөөлөх, “4.1.Түншлэлийн үр дүн ...-г Б тал бүрэн хариуцана.” буюу “БЗ” ХХК бүрэн хариуцах тухай зааж өгсөн байдаг. Өөрөөр хэлбэл “ЧЧХАХХТ инженеринг” ХХК-тай байгуулсан “Түншлэлийн гэрээ”-ээр манай “БЗ” ХХК-д урьдчилгаа төлбөр авах болон санхүүгийн аливаа шаардах эрхийг шилжүүлсэн юм.

“*** барилгын ажлын гэрээ”-ний Ерөнхий нөхцөлийн 16 дугаар зүйлд “Гүйцэтгэгч нь ажлыг техникийн тодорхойлолт болон зургийн дагуу хийж гүйцэтгэнэ.” гэж заасан байдаг. Гэтэл энэхүү замын ажлыг гүйцэтгэх явцад ажлын зураг 4 удаа өөрчлөгдсөн бөгөөд 2012 оны 07 дугаар сарын 10-ны өдөр албан ёсоор батлагдаж нэхэмжлэгч компанид ирсэн юм.

Ийнхүү 4 удаа өөрчлөгдөхдөө:

1.         ПКОО-ээс ПК0+100 хэсэг буюу Дархан, Сэлэнгэ рүү салдаг уулзварыг 3 замын уулзвар хийх байсныг өөрчилж, аюулгүйн тойрог хийхээр болсон. Ингэснээр ажлын зурагт нийт замын урт 10,4 км байсан бол аюулгүйн тойрог хийх болсноор замын урт 10,6 км болж өөрчлөгдсөн.

2.         Нийт 10,6 км хуучин замын хучилтан дээр давхарлан асфальтбетон хучилт хийх байсныг өөрчилж, хуучин хучилтыг хуулан шинээр асфальтбетон хучилт хийхээр болсон.

3.         Азамын хашлагыг 12x15 см хэмжээтэй байсныг өөрчилж, 15x18 см болгосон. Ингэснээр манай компанийн суурилуулахаар худалдан авсан байсан замын хашлагууд хэрэггүй болж, нэмж 15x18 см хэмжээтэй замын хашлага суурилуулах шаардлагатай болсон.

4.         ПК31+86,28 хэсэг дээрх 2x1,5 м диаметртэй дугуй хоолойг дөрвөлжин хоолой болгон өөрчилсөн. Дугуй хоолой буюу кольцог суурилуулахад хялбар, хугацаа бага зарцуулагддаг төдийгүй үнэ өртгийн хувьд дөрвөлжин хоолойг суурилуулахаас харьцангуй хямд байдаг. Харин дөрвөлжин хоолойг суурилуулахад суурь ухах, арматур зангидах, бетон цутгах гэх мэт ажлуудыг нэмж хийдгээс гадна бэлэн бэлдэц байхгүйн улмаас ихээхэн хүндрэл учруулсан.

5.         ПКОО+ООО - ПК 3+650 хүртэлх хэсэг буюу Дархан, Сэлэнгийн уулзвараас хуучин 22-ын товчооны пост хүртэлх 4,2 км замын голоор нэмж тусгаарлах зурвас шинээр байгуулахаар болгож өөрчилсөн. Ингэснээр тус хэсгийн замд нэмж хашлага суурилуулах шаардлагатай болсон ба тусгаарлах зурвасын хэсэгт зүлэгжүүлэлтийн ажил нэмж хийгдсэн.

6.         ПК40+97,83 хэсэг дээрх 2x1,5 м диаметртэй дугуй хоолойг гүүр болгон өөрчилсөн. Шинээр гүүр барихаар болсон нь цаг хугацаа алдах нэгэн том хүчин зүйл болж өгсөн.

Захиалагч талаас гэрээний ерөнхий нөхцөлийн 21.1-т зааснаар “Захиалагч барилга барих эдэлбэр газрын болон барилгын талбайд орсон барилга, байгууламж, инженерийн шугам сүлжээ, А болон төмөр замыг буулгах, зөөх, шилжүүлэх, хөдөлгөөнийг зогсоох зөвшөөрөл, уг барилгын цахилгаан, дулаан, цэвэр, бохир усан хангамж, уур, телефон, радио холбооны инженерийн шугам сүлжээнд холбох эх үүсвэрийг тодорхойлсон техникийн нөхцөл, зураг төсөл, барилгын ажил эрхлэх зөвшөөрөл, улаан шугам тавьсан акт, бусад холбогдох баримт бичгийг хүлээлгэн өгч ажлын талбайн бүх хэсгийг гүйцэтгэгчид ашиглуулна.” гэсэн үүргийг хүлээсэн байдаг.

Мөн гэрээний ерөнхий нөхцөлийн 21.2-т “Хэрэв аль нэг хэсгийг гэрээний тусгай нөхцөлд заасан хугацаанд ашиглуулж эхлээгүй бол захиалагчийн зүгээс холбогдох ажлыг эхлэхэд саад болсонд тооцож, энэ нь нөхөн төлбөр хийх нөхцөл болно” гэж заасан байдаг.

Гэтэл биднийг А зам барих ажлыг эхлүүлснээс хойш захиалагч нь замын барилгын ажлын трасст орсон сурталчилгааны самбар болон кабел шугамын байгууламжууд, түүхий эд борлуулдаг цэгүүдийг нүүлгээгүй, албан байгууллагуудын талбайг чөлөөлж өгөөгүй гэх мэтээр дээр дурдсан үүргээ биелүүлээгүй юм. Бидний зүгээс хуучин нэрээр Нийслэлийн А замын газарт 2010 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 10/131 тоот, 2011 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 11/145 тоот, 2011 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 11/139 тоот, 2012 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 12/118 тоот, 2012 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 12/145 тоот албан тоотуудыг явуулж шаардлагыг хүргүүлж байсан билээ.

Ийнхүү 5,6 км А замыг барих явцад Захиалагч үүргээ биелүүлээгүйгээс ажлын талбайн бүх хэсгийг ашиглах боломж хязгаарлагдаж, ажлын зураг 4 удаа өөрчлөгдөж, түүнтэй дагалдаж нэмэлт ажлууд хийгдэх болсон нь биднийг А замаа барьж дуусгаж хүлээлгэж өгөх үйл ажиллагаа хугацаа хэтрэхэд шууд нөлөөлсөн юм. Бидний зүгээс 22-ын товчоо чиглэлийн 10,6 км А замын өргөтөл, шинэчлэлтийн ажлаас 5,6 км А замын ажлыг 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдөр барьж дуусгаж, 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдөр улсын комисс хүлээн авч ашиглалтад оруулахаар шийдвэрлэсэн билээ. Өөрөөр хэлбэл захиалагч тал ажлын үр дүнг хүлээн авсан юм.“Барилгын ажлын гэрээ”-ний 2 дугаар зүйлд гэрээний нийт дүн 12,095,140,840 төгрөг байхаар заасан бөгөөд ажлыг өөрийн хөрөнгөөр эхэлж гүйцэтгэж, хөрөнгө оруулалтыг улсын төсөвт батлагдсан тухайн жилд олгохоор заасан байдаг.

Ажлын зураг хэд хэдэн удаа өөрчлөгдсөн, захиалагч тал замын трассыг чөлөөлж өгөөгүй гэх мэт шалтгаануудын улмаас биднийг 22-ын товчоо чиглэлийн 5,6 км А замын ажлыг барьж гүйцэтгэх ажлын хугацаа хэтэрсэн бөгөөд бид өнөөдрийн байдлаар нийт 8,425,741,499.99 төгрөгийн зардал гаргасан байгаа билээ. Үүний 6,870,675,728 төгрөгийг захиалагч талаас санхүүжилтэд авсан болно. Иймд захиалагч Нийслэлийн А замын хөгжлийн газраас манай зүгээс гарсан зардал болох 1,555,065,771.99 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өөрийн хөрөнгөөр эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр 2010 оны 10 сарын 04-ний өдөр Нийслэлийн А замын газартай 12,095,140,840 төсөвт өртөгтэй АЗБ/ӨХ-201/171/12 дугаартай “Сонгинохайрхан дүүрэг, 18-р хороо, 22-ын товчоо чиглэлийн 10.6 км А замын өргөтгөл шинэчлэлтийн барилгын ажлын” гэрээг 1 жилийн хугацаатайгаар “ЧЧХАХХТ инженеринг” ХХК-тай байгуулсан.

Энэхүү гэрээ байгуулан ажиллах явцад нэхэмжлэлд дурдагдсан газар чөлөөлөлт болон шугам сүлжээ, зургийн өөрчлөлтийн асуудлуудыг түргэн шуурхай шийдвэрлэхийн тулд манай газраас холбогдох байгууллага албан тушаалтнуудад албан шаардлага, албан бичиг, хүсэлт, хамтран ажиллах гэрээ хийх мэтээр асуудлуудыг тухай бүрт нь шийдвэрлэх арга хэмжээг авч ирсэн байдаг.

Тиймээс ч дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж ажил гүйцэтгэх гэрээг 2011 оны 12 сарын 15-ы өдрөөс 2012 оны 10 сарын 01-ний өдөр хүртэл сунгасан. Ийнхүү зам барилгын ажлын явцад ажпыг эрчимжүүлэх чанаргүй хийгдсэн ажлыг засаж сайжруулах гэрээний хариуцлага тооцох чиглэлээр захиалагчийн зүгээс ерөнхий гүйцэтгэгч “ЧЧХАХХТ” ХХК түншлэл “БЗ” ХХК-ийн удирдлагатай олон удаагийн уулзалт, ярилцлага хийх, тодорхой хугацаатай үүрэг даалгавар чиглэлийг өгч байсан. Гэтэл гүйцэтгэгч нь гэрээний үүргийг хангалтгүй биелүүлж, ажлын уялдаа холбоо зохион байгуулалт муу байсан зэргээс үүдэн энэхүү замыг 2015 оны 06 сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20-р хороо 22-ын товчоо чиглэлийн 5,6 км А замын өргөтгөл шинэчлэлтийн ажлыг Улсын комисс байнгын ашиглалтад хүлээн авсан.

Тухайн үед буюу баяр наадмын өмнө нэг талын замын хөдөлгөөнийг нээхийн тулд НИТХ-ын 2013.07.04-ний өдрийн 11/41 тогтоолын 2-р хавсралтаар Моносын уулзвараас 22-ын товчоо хүртэлх 5,0 км А замын ажлын нэмэлт хөрөнгө 647.500.000 төгрөг, хуучин 22-ын товчооноос Баруун аймаг, Дархан чиглэлд салдаг уулзвар хүртэл Азамын суурь хучилт асфальт бетоны ажилд /4.3км/ 650,000,000 төгрөгийг тус тус төсвийн нэмэлт тодотголоор 1 тэрбум 297 сая 500 мянган төгрөгийн нэмэгдэл хөрөнгийг Нийслэлийн төсвөөс гаргасан.

2010 оноос 2015 он хүртэл хугацаанд Баруун аймгууд руу явдаг гол зам бүрэн ашиглалтад ороогүй зэрэг нь ерөнхий гүйцэтгэгч “ЧЧХАХХТ инженеринг” ХХК, түншлэл “БЗ” ХХК-тай шууд холбоотой болно.

Иймд тус газраас нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

АЗБ/ӨХ-201/171/12 дугаартай “Барилгын ажлын” гэрээний тусгай нөхцлийн 41.0 Дараах тохиолдолд нь мөн нөхөн төлбөр нөхцөлд тооцогдоно: /шаардлагагүй/ гэсэн байна.

Гэрээний ерөнхий нөхцөлийн 44 дүгээр зүйлийн дагуу гэрээнд үнийн тохируулга хийж болохгүй гэсэн байна.

“ЧЧХАХХТ инженеринг” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2013 оны 03 сарын 05-ны өдрийн 13/03 дугаартай Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл танаа гэсэн албан хүсэлт дээр 4,2 км замын ажлыг өөрийн хөрөнгөөр ямар нэг хүндрэл гарахгүйгээр 2013 оны 04 сарын 15-ны өдрөөс 2013 оны 07 сарын 10-ны өдрийн дотор бүрэн дуусгаж Улсад хүлээлгэж өгнө гэсэн албан бичгийг ирүүлсэн.

Мөн Улсаас ямар нэгэн нэмэлт санхүүжилт хүсэхгүйгээр 100 хувь өөрийн хөрөнгөөр хийж гүйцэтгэж, үлдсэн 5.0 км замын барилгыг захиалагч талаас гэрээг цуцалж сонгон шалгаруулалт явуулахад ерөнхий гүйцэтгэгчийн зүгээс ямар нэгэн татгалзах зүйлгүй болохыг мэдэгдэж байна гэсэн албан хүсэлтийг тус газарт итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Бат-Эрдэнэ /одоогийн нэхэмжлэгч/ ирүүлж байсан. Иймд дээрх тайлбар болон үндэслэлүүдээр нэхэмжлэгч “БЗ” ХХК нь тус газраас илүү гарсан зардал гэх 1.555.065.771,99 төгрөгийг нэхэмжлэх хууль зүйн үндэслэлгүй болно.

Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг тус газар нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

3. Шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр шүүх хуралдаанд шинжээч О., Ц.Цыг оролцуулж, асуусан нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан болно.

 

4. Шүүх нэхэмжлэгчээс ирүүлсэн нэхэмжлэл, компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Барилгын ажлын гэрээ, барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт, замын өргөтгөлийн ажлын гүйцэтгэлийн аудитын дүгнэлт, А замын санхүүжилтийн тайлан, шинжээчийн ажил гүйцэтгэх гэрээ, хамтран ажиллах гэрээ, ажил гүйцэтгэх гэрээ, засварын ажил гүйцэтгэх гэрээ, зарлагын падаан, кассын орлогын ордер, мөнгө шилжүүлсэн баримтууд, Нийслэлийн А замын газарт хүргүүлж байсан албан бичгүүд, хариуцагчаас ирүүлсэн хариу тайлбар, “ЧЧХАХХТ инженеринг” ХХК-иас А замын газар, хотын захирагчид ирүүлсэн албан бичгүүд, Ажил эрчимжүүлэх тухай Нийслэлийн засаг даргын захирамж, шүүхээс бүрдүүлсэн “Эрдэнэ зам” ХХК, “Тэгш плант” ХХК-тай байгуулсан түншлэлийн гэрээ болон энэ компаниуд руу мөнгө шилжүүлсэн баримтууд, *** чиглэлийн 10,6 км А замын өргөтгөл, шинэчлэлтийн барилгын ажлын үндсэн экспертизээр баталгаажсан замын зураг, барилга угсралтын ажлын явцад оруулсан өөрчлөлтийг тусгасан зургууд, Мэргэжлийн хяналтын байцаагчийн дүгнэлт, зам барилгын ажлын анхны төсөвт өртгийн товчоо, шинжээчдийн дүгнэлт зэрэг бичгийн баримт, гэрч Э, Ж.Д, Т.О нарын мэдүүлгийг шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

  1. Хариуцагч Нийслэлийн ЗХГ (хуучнаар А ЗХГ) нь 2010 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 22-ын товчоо чиглэлийн 10.6 км А замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг гүйцэтгүүлэхээр “ЧЧХАХХТ инженеринг" ХХК-тай “Сонгинохайрхан дүүрэг, 18-р хороо, 22-ын товчоо чиглэлийн 10.6 км А замын өргөтгөл шинэчлэлтийн барилгын ажлын гэрээ”-г байгуулж, гүйцэтгэгч ажлыг 2010 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 2011 оны 10 дугаар сарын 1-ний өдөр өдөр хүртэл хугацаанд барьж ашиглалтанд оруулах,  ажлын үнэ 12,095,140,840 төгрөгийн санхүүжилтийг захиалагч улсын төсөвт батлагдсан тухайн жилд олгохоор тохиролцсон байна.

 

2.         “ЧЧХАХХТ инженеринг” ХХК нь “БЗ” ХХК-тай 2011 оны 05 дугаар сарын 06-ны өдөр “Түншлэлийн гэрээ” байгуулсан байх ба “Түншлэлийн гэрээ”-ний “1.1 Гэрээний А тал-“ЧЧХАХХТ инженеринг” ХХК, Б тал-“БЗ” ХХК талууд Сонгинохайрхан дүүргийн 5 шараас 22-ын товчоо хүртэлх бүх замын ажлыг хийж гүйцэтгэх, санхүүгийн чиглэлээр болон урьдчилгаа төлбөрийг авах, татвар хариуцлагыг “БЗ” ХХК хариуцах хэлбэрээр хамтран ажиллана” , “2.1. Энэхүү гэрээний 1.1-д заасан чиглэл хэлбэрийн хамтын ажиллагаатай холбоотой үйл ажиллагааг ...Б тал дангаар төлөөлөх”, “4.1.Түншлэлийн үр дүн, алдагдал хохирол, бусад этгээдийн өмнө үүссэн хариуцлагыг Б тал бүрэн хариуцна.” гэж заажээ. “Түншлэлийн гэрээ”-ний дагуу “БЗ” ХХК-д дээрх ажил гүйцэтгэх гэрээний гүйцэтгэгчийн эрх үүрэг, аливаа шаардах эрхийг шилжүүлсэн байх бөгөөд “БЗ” ХХК-ийг ажлын хөлсний үлдэгдлийг хариуцагчаас шаардах этгээд мөн гэж үзнэ.

 

              3.БЗ” ХХК 22-ын товчоо чиглэлийн 10,6 км замын 5.6 км замын ажлыг гүйцэтгэж 2015 оны зургаадугаар сарын 5-ны өдөр улсын комисст ашиглалтанд хүлээлгэж өгсөн байх ба үлдсэн замын ажлыг Тэгш плант, Эрдэнэ зам компаниуд хийж гүйцэтгэсэн баримтууд хэрэгт авагдсан.

 

              4.БЗ” ХХК ажлын санхүүжилтанд захиалагчаас 2011 оны 6 дугаар сарын 13-ны өдөр 4.109.529.101 төгрөг, 8 дугаар сарын 5-ны өдөр 335.687.199 төгрөг, 12 дугаар сарын 28-ны өдөр 2.425.459.428 төгрөг, нийт 6.870.675.728 төгрөг авсан байна.

              Нэхэмжлэгч БЗХХК нь 5.6 км замын ажлын гүйцэтгэлд 8.425.741.499,99 төгрөг зарцуулсан, захиалагчаас авсан санхүүжилтээ хасаж зөрүү 1.555.065.771,99 төгрөгийг нэхэмжилж байх бөгөөд тэрээр нэхэмжлэлээ үндэслэхдээ ажлын зурагт хэд хэдэн удаа өөрчлөлт орсон, нэмэлт ажил хийж нэмэлт зардал гарсан, мөн замын ажил удааширснаас материалын үнэ өссөн гэж, замын ажил удааширсныг газар чөлөөлөх асуудал сунжирсан, цаг агаарын тааламжгүй нөхцөл байдал байсан, ажлын зурагт өөрчлөлт орж нэмэлт ажлууд хийгдсэн гэж тайлбарлаж байна. Ажлын зурагт тусгагдаагүй ажлуудаас 3 замын уулзварыг аюулгүй тойрог болгосон, хуучин хучилтыг хуулах болсон, Азамын хашлагыг 12-15 см байсныг өөрчилж 15-18 см болгосон, дугуй хоолойг дөрвөлжин хоолой болгосон, замын голоор нэмж тусгаарлах зурвас шинээр байгуулах болсон, дугуй хоолойг гүүр болгон өөрчилж гүйцэтгэсэн зэрэг нь гүйцэтгэлийн аудитын тайланд тусгагдсан байна.

 

              5.Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй маргахдаа ажил удааширч материалын үнэ нэмэгдсэн нь нэхэмжлэгчийн өөрийн үйл ажиллагаатай холбоотой, газар чөлөөлөөгүй үед өөр ажил хийж цаг ашиглах боломжтой байсан, нэхэмжлэгчид инженер техникийн ажилтнууд дутмаг, нэмэлт санхүүжилтын асуудлыг шийдэж өгч байсан, гэрээнд үнэд тохируулга хийхгүй гэж заасан, мөн нэхэмжлэгч ажлаа нэмэлт санхүүжилт хүсэхгүйгээр хийнэ гэж албан бичиг ирүүлсэн гэж тайлбарлаж байна.

АЗБ/ӨХ-201/171/12 дугаартай “Барилгын ажлын гэрээ”-ний тусгай нөхцлийн 41.0 Дараах тохиолдол нь нөхөн төлбөр нөхцөлд тооцогдоно:  /шаардлагагүй/ гэж, 44.0 ерөнхий нөхцөлийн 44 дүгээр зүйлийн дагуу гэрээнд үнийн тохируулга хийж болохгүй гэж тус тус заажээ.

 

              6. Замын ажил удааширсан асуудалд захиалагч гүйцэтгэгчийг, гүйцэтгэгч захиалагчийг буруутгаж байна. Ажил гүйцэтгэх явцад хуучин нэрээр А замын хөгжлийн газраас “ЧЧХАХХТ инженеринг” ХХК, “БЗ” ХХК-иудад дараахь асуудлаар, тухайлбал, туршлагатай, гэрээнд заасан инженер, техникийн ажилтнуудыг ажиллуулах, чөлөөтэй талбай дээр ажил хийгдэхгүй байгаа тухай, ажлын хугацаа хоцорч байгаа, шаардлага зөвлөмжүүдийг мөрдөх, хүн хүч нэмэх, технологийн горим сахих, ажил зогссонд төлбөр алданги тооцох, ажлын чанар хангалтгүй байгаа тухай, нэгдсэн төсвөө батлуулах, санаачилга гаргахгүй уулзалт хийхгүй байгаа тухай, гэрээ цуцлах тухай тус тус 2011 оны 3 дугаар сарын 15, 4 дүгээр сарын 15, 20, 5 дугаар сарын 2, 6 дугаарын сарын 7, 7 дугаар сарын 21, 9 дүгээр сарын 7, 2012 оны 1 дүгээр сарын 10, 6 дугаар сарын 4, 7 дугаар сарын 25, 8 дугаар сарын 3, 2013 оны 2 дугаар сарын 28, 3 дугаар сарны 4-ний өдрүүдэд албан бичгүүдийг хүргүүлж байсан, БЗХХК-иас А ЗХГт газар чөлөөлүүлэх тухай, материалын шинжилгээний хариу хугацаандаа гарахгүй байгаа, ажлын зурагт өөрчлөлт орох эсэхийг шийдвэрлэх, түр зам ба замын гарцын асуудал, нэмэгдэж хасагдсан ажлын тоо хэмжээг гаргаж зургийг баталгаажуулж өгөх, замын хуучин асфалт бетон хучилтын зардлыг хэрхэх, өдрийн цагаар ажиллуулах, анхны зураг төсөвт ороогүй ажлыг гүйцэтгэх боломжгүй тухай, гэрээний хугацааг сунгах, асфалтын үнэ нэмэгдсэн зөрүүг тооцож олгох тухай 2010 оны 10 дугаар сарын 11, 2011 оны 6 дугаар сарын 13, 30, 7 дугаар сарын 5, 8 дугаар сарын 1, 4, 9 дүгээр сарын 30, 2012 оны 2 дугаар сарын 15, 5 дугаар сарын 28, 6 дугаар сарын 6, 7, 2014 оны 2 дугаар сарын 28-ны өдрүүдэд албан бичгүүдийг тус тус хүргүүлж байжээ.

 

              7.Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр ажлын гүйцэтгэлийн хэмжээ, зардлын дүн, нэмж хийсэн ажил, нэмэгдэж гарсан зардлыг тодорхойлуулах, нэмэгдэл зардлыг нэмж хийсэн ажлынх болон ажил удааширснаас материалын нэмэгдсэн үнэ гэж ялгаж зааглуулахаар шинжээч томилж ажиллуулсан ба шинжээч нь нийт хийсэн ажил, гаргасан зардлын тооцоог гаргасан боловч нэмэгдсэн гэх зардлыг нэмж хийсэн ажлынх, ажил удааширснаас материалын үнэ өссөн гэж ялгах боломжгүй гэж дүгнэсэн байна.

              Шинжээчийн дүгнэлтээс харахад гэрээгээр гүйцэтгэгчийн хийвэл зохих ажил, хийсэн ажил гэж ялгаж гаргасан ба зарим ажил нэмэгдсэн, ажлын зарим хэсэг хийгдээгүй дутуу харагдаж байна. Гүйцэтгэгч 10.6 км замаас 5.6 км замын ажлыг хийсэн тул ажил дутуу харагдах нь зүйн хэрэг ба гүйцэтгэсэн ажлыг ашиглалтанд оруулсан 5.6 км замд харьцуулж гаргаагүй, мөн зардлыг тооцохдоо нэмж хийсэн ажлынх, ажил удааширснаас материалын үнэ нэмэгдсэн гэж ялгаж зааглаагүй тул шинжээчийн дүгнэлтийг ажлын хөлсийг тооцоход үндэслэх боломжгүй байна. Харин гүйцэтгэгчийн хийсэн ажлын хэмжээг тодорхойлсныг ашиглаж тооцох боломжтой байна.

 

              8.Ажил гүйцэтгэгчийн хийсэн ажлуудыг дүгнэж үзэхэд гэрээний дагуу нийт хийх ёстой ажлын 67 хувь нь нэхэмжлэгчээр хийгдсэн байна.

              Нийт ажлын санхүүжилт 12.095.140.840 төгрөг ба түүнийг 67 хувь нь 8,103744362 төгрөг болж байх ба үүнээс захиалагчаас гүйцэтгэгчид өгсөн санхүүжилт 6.870.675.728 төгрөгийг хасахад 1,233,068,634 төгрөг санхүүжигдээгүй үлджээ. Гэхдээ ажил сайжруулах зорилгоор Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэж 650,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид олгосныг дээрх үнийн дүнгээс хасах нь зүйтэй бөгөөд үлдэх 583,068,634 төгрөгийг

 хариуцагчаас нэхэмжлэгчид гаргуулж олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон  

 

ТОГТООХ НЬ:

 

  1. Иргэний хуулийн 343 дүгээр зүйлийн 343.1-ийг баримтлан Нийслэлийн ЗХГ (хуучин нэрээр А ЗХГ)-аас  583,068,634    төгрөгийг гаргуулж “БЗ” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн 971,997,137.99 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.2-т зааснаар тэмдэгтийн хураамжид хариуцагч ЗХГ (хуучин нэрээр А ЗХГ)-аас 5,017,936   төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “БЗ” ХХК-д олгон, нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 7,933,280 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.2, 120-р зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногт бэлэн болох шийдвэрийг 14 хоногт гардан авах үүрэгтэй, гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

            

 

                        ДАРГАЛАГЧ                                         С. БУД