Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2023/00695

 

D ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Д.Нямбазар, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 182/ШШ2023/00182 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Б ХХК,

Хариуцагч: З

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 863,409,073 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж., хариуцагчийн өмгөөлөгч Р., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг нар оролцов

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 Нийслэлийн З болон ХХК-ийн хооронд 2010 оны 10 дугаар сарын 04-ний өдөр АЗБ/ӨХ-2010/171/12 дугаартай гэрээ байгуулагдсан. Гэрээгээр Сонгинохайрхан дүүрэг, 18 дугаар хороо, 22-ын товчоо чиглэлийн 10,6 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн барилгын ажлыг ХХК гүйцэтгэхээр тохиролцсон.

Улмаар ХХК нь Б ХХК-тай 2011 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Түншлэлийн гэрээ-г байгуулсан. Гэрээгээр санхүүгийн чиглэлээр болон урьдчилгаа төлбөрийг авах, татвар хариуцлагыг Б ХХК хариуцах, уг хамтын ажиллагаатай холбоотой үйл ажиллагааг Б ХХК дангаар төлөөлөх, түншлэлийн үр дүнг Б ХХК бүрэн хариуцахаар заасан. Өөрөөр хэлбэл, ХХК-тай байгуулсан түншлэлийн гэрээгээр Б ХХК-д урьдчилгаа төлбөр авах болон санхүүгийн аливаа шаардах эрхийг шилжүүлсэн.

1.2 Сонгинохайрхан дүүрэг, 18 дугаар хороо, 22-ын товчоо чиглэлийн 10,6 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн барилгын ажлын гэрээгээр гүйцэтгэгч нь ажлыг техникийн тодорхойлолт болон зургийн дагуу хийж гүйцэтгэхээр заасан. Гэтэл энэхүү замын ажлыг гүйцэтгэх явцад ажлын зураг 4 удаа өөрчлөгдсөн бөгөөд 2012 оны 07 дугаар сарын 10-ны өдөр албан ёсоор батлагдсан.

1.2.1 Ийнхүү 4 удаа өөрчлөгдөхдөө ПК00-ээс ПК0+100 хэсэг буюу Дархан, Сэлэнгэ рүү салдаг уулзварыг 3 замын уулзвар хийх байсныг өөрчилж, аюулгүйн тойрог хийхээр болсон. Ингэснээр ажлын зурагт нийт замын урт 10,4 км байсан бол аюулгүйн тойрог хийх болсноор замын урт 10,6 км болж өөрчлөгдсөн.

1.2.2 Нийт 10,6 км хуучин замын хучилт дээр давхарлан асфальтбетон хучилт хийх байсныг өөрчилж, хуучин хучилтыг хуулан шинээр асфальтбетон хучилт хийхээр болсон.

1.2.3 Автозамын хашлагыг 12x15 см хэмжээтэй байсныг өөрчилж, 15x18 см болгосон. Ингэснээр манай компанийн суурилуулахаар худалдан авсан байсан замын хашлагууд хэрэггүй болж, нэмж 15x18 см хэмжээтэй замын хашлага суурилуулах шаардлагатай болсон.

1.2.4 ПК31+86,28 хэсэг дээрх 2x1,5 метрийн дугуй хоолойг дөрвөлжин хоолой болгон өөрчилсөн. Дөрвөлжин хоолойг суурилуулахад суурь ухах, арматур зангидах, бетон цутгах гэх мэт ажлуудыг нэмж хийдгээс гадна бэлэн бэлдэц байхгүйн улмаас ихээхэн хүндрэл учруулсан.

1.2.5 ПК00+000-ПК 3+650 хүртэлх хэсэг буюу Дархан, Сэлэнгийн уулзвараас хуучин 22-ын товчооны пост хүртэлх 4,2 км замын голоор нэмж тусгаарлах зурвас шинээр байгуулахаар болгож өөрчилсөн. Ингэснээр тус хэсгийн замд нэмж хашлага суурилуулах шаардлагатай болсон ба тусгаарлах зурвасын хэсэгт зүлэгжүүлэлтийн ажил нэмж хийгдсэн.

1.2.6 ПК40+97,83 хэсэг дээрх 2x1,5 метрийн диаметртэй дугуй хоолойг гүүр болгон өөрчилсөн. Шинээр гүүр барихаар болсон нь цаг хугацаа алдах нэгэн том хүчин зүйл болж өгсөн.

1.3 Захиалагч талаас гэрээний ерөнхий нөхцөлийн 21.1, 21.2-т заасан үүргээ биелүүлээгүй. Биднийг авто зам барих ажлыг эхлүүлснээс хойш захиалагч нь замын барилгын ажлын трасст орсон сурталчилгааны самбар болон кабел шугамын байгууламжууд, түүхий эд борлуулдаг цэгүүдийг нүүлгээгүй, албан байгууллагуудын талбайг чөлөөлж өгөөгүй гэх мэтээр дээр дурдсан үүргээ биелүүлээгүй. Бидний зүгээс хуучин нэрээр ӨАт 2010 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 10/131 дугаар, 2011 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 11/145 дугаар, 2011 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 11/139 дугаар, 2012 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 12/118 дугаар, 2012 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 12/145 дугаар албан бичиг, шаардлагыг хүргүүлж байсан. Ийнхүү 5,6 км авто замыг барих явцад захиалагч үүргээ биелүүлээгүйгээс ажлын талбайн бүх хэсгийг ашиглах боломж хязгаарлагдаж, ажлын зураг 4 удаа өөрчлөгдөж, түүнтэй дагалдаж нэмэлт ажлууд хийгдэх болсон нь биднийг авто замаа барьж дуусгаж хүлээлгэж өгөх үйл ажиллагаа хугацаа хэтрэхэд шууд нөлөөлсөн.

1.4 Бид 10,6 км авто замын өргөтөл, шинэчлэлтийн ажлаас 5,6 км авто замын ажлыг 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдөр барьж дуусгаж, 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдөр улсын комисс хүлээн авч ашиглалтад оруулахаар шийдвэрлэсэн. Гэрээний нийт дүн 12,095,140,840 төгрөг байхаар заасан бөгөөд ажлыг өөрийн хөрөнгөөр эхэлж гүйцэтгэж, хөрөнгө оруулалтыг улсын төсөвт батлагдсан тухайн жилд олгохоор заасан . Ажлын зураг хэд хэдэн удаа өөрчлөгдсөн, захиалагч тал замын трассыг чөлөөлж өгөөгүй гэх мэт шалтгаануудын улмаас биднийг 22-ын товчоо чиглэлийн 5,6 км авто замын ажлыг барьж гүйцэтгэх ажлын хугацаа хэтэрсэн бөгөөд өнөөдрийн байдлаар нэхэмжлэгчээс нийт 8,425,741,499.99 төгрөгийн зардал гаргасан. Үүний 6,870,675,728 төгрөгийг захиалагч талаас санхүүжилтэд авсан.

Ц. шинжээчийн төсвийг үндэслээд 8,384,084,801 төгрөгийн ажлыг нэхэмжлэгч хийж гүйцэтгэсэн. Үүнээс авсан санхүүжилт 6,870,675,720 төгрөг болон 650,000,000 төгрөгийн асфальтбетонын төлбөрийг нийлүүлээд нийт манай авсан санхүүжилт нь 7,520,675,728 төгрөг болж байна. Бид нийт гүйцэтгэсэн ажлаа Ц.ийн төсвийг дэмжээд 8,384,084,801 төгрөгөөр тооцоход авсан санхүүжилтын зөрүү 863,409,073 төгрөг болж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа 650,000,000 төгрөгөөр багасгаж, хариуцагчаас 863,409,073 төгрөг гаргуулна гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 Өөрийн хөрөнгөөр эргэн төлөгдөх нөхцөлтэй 2010 оны 10 дугаар сарын 04-ний өдөр ӨАтай ХХК нь АЗБ/ӨХ-201/171/12 дугаартай гэрээг байгуулсан. Гэрээгээр 12,095,140,840 төсөвт өртгөөр Сонгинохайрхан дүүрэг, 18 дугаар хороо, 22-ын товчоо чиглэлийн 10.6 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн барилгын ажлын гэрээг нэг жилийн хугацаанд нийж гүйцэтгэхээр тохиролцсон.

Гэрээний хугацаанд газар чөлөөлөлт болон шугам сүлжээ, зургийн өөрчлөлтийн асуудлуудыг түргэн шуурхай шийдвэрлэхийн тулд хариуцагчийн зүгээс холбогдох байгууллага албан тушаалтнуудад албан шаардлага, албан бичиг, хүсэлт, хамтран ажиллах гэрээ хийх мэтээр асуудлуудыг тухай бүрт нь шийдвэрлэх арга хэмжээг авч ирсэн. Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж ажил гүйцэтгэх гэрээг 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 2012 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл сунгасан. Ийнхүү зам барилгын ажлын явцад ажлыг эрчимжүүлэх чанаргүй хийгдсэн ажлыг засаж сайжруулах гэрээний хариуцлага тооцох чиглэлээр захиалагчийн зүгээс ерөнхий гүйцэтгэгч ХХК болон Б ХХК-ийн удирдлагатай олон удаагийн уулзалт, ярилцлага хийх, тодорхой хугацаатай үүрэг даалгавар чиглэл өгч байсан. Гэтэл гүйцэтгэгч нь гэрээний үүргийг хангалтгүй биелүүлж, ажлын уялдаа холбоо зохион байгуулалт муу байсан зэргээс үүдэн энэхүү замыг 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо 22-ын товчоо чиглэлийн 5,6 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлыг Улсын комисс байнгын ашиглалтад хүлээн авсан. Тухайн үед буюу баяр наадмын өмнө нэг талын замын хөдөлгөөнийг нээхийн тулд Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 11/41 дугаар тогтоолын 2-р хавсралтаар Моносын уулзвараас 22-ын товчоо хүртэлх 5,0 км авто замын ажлын нэмэлт хөрөнгө 647,500,000 төгрөг, хуучин 22-ын товчооноос Баруун аймаг, Дархан чиглэлд салдаг уулзвар хүртэл автозамын суурь хучилт асфальт бетоны ажилд /4,3км/ 650,000,000 төгрөгийг тус тус төсвийн нэмэлт тодотголоор 1,297,500,000,000 төгрөгийн нэмэгдэл хөрөнгийг Нийслэлийн төсвөөс гаргасан. 2010 оноос 2015 он хүртэл хугацаанд Баруун аймгууд руу явдаг гол зам бүрэн ашиглалтад ороогүй зэрэг нь ерөнхий гүйцэтгэгч ХХК-ийн түншлэл болох Б ХХК-тай шууд холбоотой.

2.2 Гэрээний тусгай нөхцлийн 44 дүгээр зүйлийн дагуу гэрээнд үнийн тохируулга хийж болохгүй гэсэн байгаа. ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2013 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 13/03 дугаартай Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл танаа гэсэн албан хүсэлтэд 4,2 км замын ажлыг өөрийн хөрөнгөөр ямар нэг хүндрэл гарахгүйгээр 2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 2013 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн дотор бүрэн дуусгаж улсад хүлээлгэж өгнө гэсэн байгаа. Мөн улсаас ямар нэгэн нэмэлт санхүүжилт хүсэхгүйгээр 100 хувь өөрийн хөрөнгөөр хийж гүйцэтгэж, үлдсэн 5,0 км замын барилгыг захиалагч талаас гэрээг цуцалж сонгон шалгаруулалт явуулахад ерөнхий гүйцэтгэгчийн зүгээс ямар нэгэн татгалзах зүйлгүй болохыг мэдэгдэж байна гэсэн албан хүсэлтийг тус газарт ирүүлж байсан. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 343 дүгээр зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Нийслэлийн Зт холбогдох 1,555,065,771.99 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч D ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч D ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7,933,280 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1 Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг бодитой тогтоож, үнэлэлт өгөөгүй, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон асуудлыг хариуцагч талаас няцаагаагүй, хүлээн зөвшөөрч байхад үүнийг зориуд орхигдуулж үндэслэлгүй дүгнэлт хийсэн.

Ажлын нийт хэмжээг МСРС GR ХХК-ийн хийсэн дүгнэлтэд үндэслэн, бараа бүтээгдэхүүний нэмэгдсэн үнийн зөрүүг тооцолгүйгээр зөвхөн нэмэлтээр хийгдсэн ажлын хөлсийг тухайн цаг хугацаанд нь тооцож гаргасан Ц. өөрийн гаргасан дүгнэлтдээ: Зөвхөн МСРС GP ХХК-ийн гаргаж өгсөн тоо хэмжээнд үндэслэн нэмэлтээр хийгдсэн ажлын төсөвт өртгийг тооцсон болно. Энэ төсвийн тооцоонд зөвхөн нэмэлтээр хийсэн 28 төрлийн нийт 1,569,429,812 төгрөгийн дүн бүхий ажлыг тооцож оруулсан. 2007 онд Миллениум Роуд ХХК-ийн гүйцэтгэсэн 08/2007 шифртэй ажлын зургаар ажлыг гүйцэтгэж байх явцад замын зорчих хэсэгт гарц гарам, машины зогсоол, гадна шугам сүлжээний ажил гэх зэрэг ажлууд шинээр нэмэгдсэний улмаас 2012 онд нэмэлтээр экспертизээр оруулж батлуулаагүй Мон Аз ХХК-ийн гүйцэтгэсэн УБ/СХД шифртэй өөрчлөлтийн ажлын зургийг гаргаж өгсөн байна. Замын өөрчлөлтийн зургийг хурдан хугацаанд батлуулж гаргаж өгөөгүйн улмаас тодорхой хэмжээний хугацаа алдсан нь харагдаж байна. Үүнээс шалтгаалан асфальт бетон, дизель түлш, арматур, битум зэрэг замын барилгын ажлын гол материалуудын үнэ нэмэгдэж байсан гэсэн байдаг. Төсөвчний гаргасан энэхүү тооцооллыг хариуцагч тал үгүйсгэж, няцаадаггүй.

Нөгөө талаас нэхэмжлэгч нь 10,6 км автозамын суурь, далангийн ажлыг бүрэн хийж дуусгасан байхад энэ ажлын 5 км замын хэсгийн асфальт бетон хучилтыг Эрдэнэзам ХК, Тэш плант ХХК-ууд 5 тэрбум төгрөгөөр хийж гүйцэтгэхээр гэрээлж, ажлыг хийж дуусгасан. Харамсалтай нь шүүх бүрэлдэхүүн энэхүү нөхцөл байдлыг бүрэн тодруулж, ойлголгүй нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хууль бус.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 210/МА2022/01569 дугаар магадлалд нэмэлт ажил хийгдсэн байна. Гагцхүү хэрхэн яаж 67 хувь гэж тооцсон болох нь ойлгомжгүй гэх үндэслэлээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн магадлал хүчинтэй байхад анхан шатны шүүх магадлалын биелэлтийг хангаж ажилласангүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбарын агуулга:

5.1 Гэрээ 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 2012 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажил хийж гүйцэтгэхээр гэрээг сунгасан. 5 жилийн хугацаанд үргэлжилсэн гэрээ. 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдөр ашиглалтанд орсон. Энэ нь гүйцэтгэгч талын буруутай үйл ажиллагаанаас болсон. Нэхэмжлэгч тал руу удаа дараа шаардлага хүргүүлсэн. Өөрөөр хэлбэл, ажил хугацаандаа гүйцэтгэхгүй байна, хяналтаа сайн тавихгүй байна, зам дээр инженерүүд байхгүй байгаа талаар албан шаардлага хүргүүлсэн.

Гэрээний хугацаа сунгасан явдал бол 70 хувь нь гүйцэтгэгч талын буруутай үйл ажиллагаанаас болсон. Улмаар валютын ханш өссөн, барилгын материалын үнэ өссөн, шатахууны үнэ өссөн гэх мэт нөхцөл байдлыг ярьдаг. Гэрээний тусгай нөхцөлд нөхөн төлбөр гаргуулахаар шаардана гэж заасан. Мөн гэрээнд үнийн дүнгийн тохируулга хийж болохгүй гэж заасан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч Б ХХК нь хариуцагч Зт холбогдуулан гэрээний үүрэгт 1,555,065,771 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 863,409,073 төгрөг болгон багасгасан.

3. ӨА болон ХХК-ийн хооронд 2010 оны 10 дугаар сарын 04-ний өдөр АЗБ/ӨХ-2010/171/12 дугаартай Сонгинохайрхан дүүрэг, 18 дугаар хороо, 22-ын товчоо чиглэлийн 10,6 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн барилгын ажлын гэрээ байгуулагдсан. Гэрээгээр гүйцэтгэгч ХХК нь 22-ын товчоо чиглэлийн 10.6 км авто замын барилгын ажлыг 2010 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр эхэлж, 2011 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ашиглалтад оруулах, захиалагч ӨА нь ажлын хөлс 12,095,140,840 төгрөгийн санхүүжилтийг улсын төсөвт батлагдсан тухайн жилд олгохоор тохиролцсон байна. /1хх 14-32/

3.1 Улмаар ХХК нь Б ХХК-тай 2011 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Түншлэлийн гэрээ-г байгуулсан. Гэрээгээр дээрх ажлыг хийж гүйцэтгэх, санхүүгийн чиглэлээр болон урьдчилгаа төлбөрийг авах, татвар, хариуцлагыг Б ХХК хариуцахаар тохиролцсон байна. /1хх 34-36/

4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж зөв тодорхойлсон.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. Өөрөөр хэлбэл, ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлын хэмжээ, үнэ өртгийг баримтаар нотлох үүрэгтэй.

4.1 Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 2015/335 дугаар актаар Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо Нийслэлийн автозамын газрын захиалгатай, 22-ын товчоо чиглэлийн 5.6 км замын барилгын өргөтгөл шинэчлэлийн ажлыг Б ХХК нь хүлээлгэж өгсөн, мөн гэрээний дагуу захиалагч буюу хариуцагч нь 2011 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 4,109,529,101 төгрөг, 08 дугаар сарын 05-ны өдөр 335,687,199 төгрөг, 12 дугаар сарын 28-ны өдөр 2,425,459,428 төгрөг, нийт 6,870,675,728 төгрөгийг ажил гүйцэтгэгч Б ХХК-д олгосон үйл баримт тогтоогдсон байна. /1хх 37-38/ Түүнчлэн, талууд гэрээнд заасан нийт 10.6 км замын барилгын ажлаас үлдэх 5.0 км замын барилгын ажлыг Эрдэнэзам ХХК, Тэгш плант ХХК хийж гүйцэтгэсэн талаар маргаагүй.

5. Нэхэмжлэгч нь өөрсдийн хийж гүйцэтгэсэн 5.6 км замын барилгын ажлын зурагт өөрчлөлт орсноор нэмэлт ажил гүйцэтгэсэн, замын ажил удааширснаас материалын үнэ өссөн буюу 863,409,073 төгрөгийн нэмэлт зардал гарсан гэх үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотолж чадаагүй байна.

Анхан шатны шүүх нэмэгдэл зардлыг нэмж хийсэн ажлынх болон ажил удааширснаас материалын нэмэгдсэн үнэ гэж ялгаж зааглуулахаар шинжээч томилсон. Шинжээч нь нийт хийсэн ажил, гаргасан зардлын тооцоог гаргасан боловч нэмэгдсэн гэх зардлыг нэмж хийсэн ажлынх, ажил удааширснаас материалын үнэ өссөн гэж ялгах боломжгүй талаар дүгнэсэн. /3хх 84/

Өөрөөр хэлбэл, хариуцагч нь нэхэмжлэгчийг нэмэлт ажил хийснийг үгүйсгээгүй байх боловч шинжээчийн дүгнэлтээр Б ХХК-аас 863,409,073 төгрөгийн нэмэлт зардал гаргасан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байх тул анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

6. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо нэхэмжлэлийн багасгасан шаардлагаар бус анхны нэхэмжлэлийн шаардлагаар үнийн дүнг бичсэнийг залруулан өөрчлөлт оруулна.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 182/ШШ2023/00182 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын 1,555,065,771.99 гэснийг 863,409,073 гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч D ХХК-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,474,996 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

М.БАЯСГАЛАН