Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 103

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг  шүүгч А.Цэрэнханд даргалж

Нарийн бичгийн дарга Т.Маралмаа

Улсын яллагч Г.Мөнхтүвшин

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Энхзул нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах үйлдэж ирүүлсэн

шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Эрдэнэ сумын харъяат, 1982 оны 01 сарын 19-ний өдөр төрсөн, 35 настай, эмэгтэй,  яс үндэс халх, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, ам бүл 3, 2 хүүхдүүдийн хамт амьдрах, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын  2-р баг Мобиком гудамжны 02-23 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, урд ял шийтгэлгүй, бие эрүүл Равжаа овогт Бат-Өлзийгийн Цэцэгсүрэнд /РД:ЕН82011907/  холбогдох эрүүгийн 201710010100 тоот хэргийг хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Цэцэгсүрэн нь согтуугаар 2017 оны  04 дүгээр сарын 02-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сум 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт Хараа дэлгүүрийн урд талын уулзвар дээр “Ниссан Тиана” маркын 74-32 ДГО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний  дүрмийн 2.7а, г, 8.2, 9.2 дахь хэсэгт заасныг тус тус зөрчсний улмаас Б.Бат-Өлзийгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Цэцэгсүрэнгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ би өөрийн 74-32 ДГО улсын дугаартай  машинаараа 2017 оны 04 сарын 02-ны өдөр 18-19 цагийн үед осол гаргасан. Тухайн үед  би ганцаараа талын хар нэртэй архинаас 50 граммыг уучихсан. Бага зэрэг сэтгэл санаа тавгүй,  ломбардны хүү нэхэгдээд, мөнгө  зээлсэн хүнээс мөнгө нэхэгдээд  утсаар яриад  Хараа дэлгүүрийн уулзвараар  чигээрээ явж байтал гэнэт миний урдаас машины гэрэл туссан, тэгэхээр нь машинтай мөргөлдөх гэж байна гэж бодоод  маш их сандраад  яах учраа олохгүй хааз, тормос хоёроо зэрэг гишгээд  урдаас нь очоод мөргөчихсөн. Тэгээд машинаас буугаад харахад эсрэг урсгал руу орчихсон, нөгөө машин  өөрийнхөө урсгалаар  чигээрээ явж баайгаад зогссон байдалтай байсан.  Би яг хэдэн км цагийн хурдтай явж байснаа санахгүй байна. Би хохирогч нарын хохирлыг төлсөн, иргэний нэхэмжлэгчид нийтдээ 300,000 төгрөг, хохирогч Б.Баттулгад 620,000 төгрөг төлсөн. Баттулгын зарим хохирлын мөнгийг өөр хүний дансруу шилжүүлсэн байгаа. Би 6-7 насны 2 хүүхэдтэйгээ хамт 100,000 төгрөгийн түрээсийн байранд амьдардаг, хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

Хэрэг учралын газар үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-8/

Осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг /хх-ийн 10/

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-14/

Хохирогч  Б.Бат-Өлзийгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Би Замын-Үүд суманд том тэрэг /ачааны автомашин/ жолоодох гэж ирээд 2-н жил болж байна, энэ хугацаанд Нисэгч гэгч хүнтэй танилцаад түүний өмчлөлийн 62-61 ДГО улсын дугаартай УАЗ 31512 маркийн тээврийн хэрэгслийг өдрийн 100 юанаар түрээслэн Эрээн-Замын-Үүд хооронд ачаа бараа зөөдөг болсон. 2017 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 19 цагийн үед Эрээн хотоос ачаа бараа ачаад Замын-Үүд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Карго руу явах гээд Хараа нэртэй хүнсний дэлгүүрийн зүүн талын уулзвараар чигээрээ явж байтал 20 орчим метрийн урдаас буюу урсгал сөрөөд 74-32 ДГО улсын дугаартай Nissan Teanа маркийн тээврийн хэрэгсэл орж ирсэн. Тэгээд би энэ машин арай урдаас ирээд мөргөчихгүй байлгүй дээ гэж бодоод хурдаа бага зэрэг хасаад явж байтал нэг зогсох гэж байснаа болиод огцом хурд аваад миний машины чанх урдаас ирж мөргөссөн. Ингээд би машинаасаа буугаад хартал жолооч нь эмэгтэй хүн байсан бөгөөд архи согтууруулах ундаа хэрэглэчихсэн юм шиг “та яаж байгаа юм вэ” гээд болсон зүйлийг мэдэхгүй өөдөөс юм яриад гуйваад байсан. Тэгсэн замын хажуугаар явж байсан хүмүүс цагдаагийн байгууллагад ослын талаар мэдэгдээд удалгүй цагда болон эмнэлгийн хүмүүс ирсэн. Осол гарахаас өмнө нь би тухайн жолоочийг урсгал сөрөөд ороод ирэхээр нь анхааруулах үүднээс гэрлэн дохиогоо хэд хэдэн удаа өгөхөд зогсолгүй явсаар байгаад урдаас ирж хүчтэй мөргөсөн. Ослын улмаас миний биеийн зүүн өвдөгний тойг яс, баруун талын 4-р хавирга хугарч, нуруу болон 2 өвдөгөнд зөөлөн эдийн гэмтэл, зулгаралтууд учирсан, мөн автомашинд ачигдсан ачаа бараануудаас эвдэрч хэмхэрсэн. 1 ш вакум цонх, 1 ш жорлонгийн суултуур, 2 ш суултуурын хуванцар таг, 2 ш хөвүүр, 1 ш угаалтуурын тосгуур зэрэг зүйлс хагарч эвдэрсэн байсан ба хэдэн төгрөгний үнэтэй бараа болохыг мэдээгүй. Би хагарах ачаа ихтэй байсан болохоор 20-30 орчим км/цагийн хурдтай удаан явж байсан. Үзэгдэх орчин чөлөөтэй, хөдөлгөөн багассан, цаг агаар тогтуун, зам хуурай, бүрэнxий болж байсан. Урсгал сөрөөд явах боломжтой байсан бөгөөд тухайн үед арай ирээд мөргөчихгүй байлгүй гэж бодоод хурдаа хасаад зогсоход өөрөө ирж мөргөсөн. Урд талын салхины шил хагарсан, бардак цоорч урагдсан, жолоодлогын механизм эвдэрсэн, баруун талын кузов дотогш чихэгдсэн, радиатор цоорсон зэрэг эвдрэл гэмтэл учирсан, одоо энэхүү эвдрэл гэмтлийг засаад замын хөдөлгөөнд оролцож байгаа, машинд учирсан хохирлыг Нисгэгч мэднэ. Нөгөө жолоочийн буруутай үйлдлийн улмаас зам тээврийн осол гарсан гэж үзэж байна, учир нь урсгал сөрөөд миний машиныг ирж мөргөсөн, уг нь би гэрлээрээ хэд хэдэн удаа дохисон. Ослын дараа миний бие өвдөөд уур хүрээд байсан болохоор түүний хэлж ярьж байгааг анхаарах сөхөөгүй байсан, миний сонссоноор “утсаар яриад явж байсан чинь та ирээд мөргөчихлөө” гэхээр нь “битгий солиороод бай” гэж хэлээд загнасан, мөн “цохицъя, тохиръя” гээд яриад байсан. Албан ёсоор жолооч болоод 11-н жил болж байна, өмнө нь хуучны хавтастай үнэмлэхээр жолоо барьдаг байсан. Эмчилгээний зардал гээд 400,000 гаруй мянган төгрөг бэлнээр авсан, өөр зардал мөнгө аваагүй. Надад одоо ямар нэг гомдол санал, нэхэмжлэx зүйл байхгүй. ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-21/

Иргэний нэхэмжлэгч С.Нисгэгчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Би 62-61 ДГО улсын дугаартай УАЗ 31512 маркийн тээврийн хэрэгслийг 5-н жилийн өмнө Улаанбаатар хотоос Д.Санданжамц гэдэг хүнээс 4 сая төгрөгөөр худалдаж авсан, үүнээс хойш өөрөө Эрээн-Замын-Үүд хооронд ачаа бараа тээвэрлэж байгаад 2-н жилийн өмнөөс Бат-Өлзий гэх залуутай танилцаад өдрийн 100 юанаар түрээслүүлдэг болсон. 2017 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 20-21 цагийн үед Бат-Өлзий над руу утсаар залгаад “карго руу ачаагаа өгөх гээд явж байсан чинь Хараагийн уулзвар дээр урдаас машин ирээд мөргөчихлөө” гэхээр нь яваад очтол 74-32 ДГО улсын дугаартай Nissan Teanа маркийн тээврийн хэрэгсэл урсгал сөрж орж ирээд БатӨлзийгийн жолоодож явсан миний өмчлөлийн машиныг мөргөж эвдрэл гэмтэл учруулсан байсан. Урд хэсгийн нүүр дотогш чихэгдсэн, жолооч талын хаалга баганаараа гажсан, урд талын салхины шил хагарсан, pулийн аппарат тэр чигтээ эвдэрсэн, брезентeн бардак урагдаж цоорсон ба одоо засвар үйлчилгээ хийгээд замын хөдөлгөөнд хэвийн оролцож байна. Осол болсоны дараа гэм буруутай этгээд буюу Цэцэгсүрэнгээс кузов засварын 200,000 төгрөг авсан бөгөөд одоо 100,000 төгрөг авах ёстой байгаа, учир нь би өөрийнхөө машинд засвар үйлчилгээ хийгээд хэвийн ажиллагаатай болгоход 300,000 төгрөг зарцуулсан, мөн ослын дараа үнэлгээний байгууллагад хандахад урдаас төлбөр нэхээд байхаар нь үнэлгээ хийлгээгүй, цаашид үнэлүүлэх шаардлагаггүй гэж үзэж байна. Осол болохоос өмнө нь зөв зүгээр хил хооронд ачаа бараа зөөгөөд болоод байдаг байсан, мөн урд талын гэрэл болон дуут дохио ажиллаж байсан. Үлдэгдэл 100 000 төгрөгөө өгчихвөл гомдол санал гэхээр зүйл байхгүй, өөрөө ч надад удаахгүй өгнө гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-28/

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны  2017 оны 04 сарын 05-ны өдрийн “ 1.Б.Бат-Өлзийгийн биед зүүн өвдөгний  тойг ясны  их бие хэсгийн цууралт, сүүл хэсгийн бүрэн бус хугарал, цээжний баруун  талд 4-р хавирганы цууралт, нуруу болон  2 өвдөг зөөлөн эдийн гэмтэл, 2 өвдөгний зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Учирсан гэмтлүүдийн зүүн өвдөгний тойг ясны их бие хэсгийн цууралт, сүүл хэсгийн бүрэн бус хугарал, цээжний баруун  талд 4-р хавирганы цууралт гэмтлүүд нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-д зааснаар  хүндэвтэр зэрэгт, нуруу болон 2 өвдөг зөөлөн эдийн гэмтэл 2 өвдөгний зулгаралт  гэмтлүүд нь  дангаараа болон нийлээд “Гэмтлийн зэрэг тогтоох журам” –ын  2.6-д зааснаар  гэмтлийн зэрэг тогтоогдохгүй болно.

3. Хүндэвтэр зэргийн гэмтэл  нь эрүүл мэндийг удаан хугацаагаар  буюу 4 долоо хоногоос дээш хугацаагаар сарниулах ба  энгийн хөдөлмөрийн чадвар  үлэмж хэмжээгээр  тогтонги байдлаар алдагдана” гэсэн шинжээчийн 119 тоот дүгнэлт /хх-ийн 37/

2017 оны 06 сарын 13-ны өдрийн “74-32 ДГО улсын дугаартай Nissan Teanа маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Б.Цэцэгсүрэн нь МУ-ын ЗХД-ийн 2.7. Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: a/ согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, г/гарны оролцоогүйгээр ашиглах боломжгүй телефон утсыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний үед хэрэглэх, мөн 8.2. эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно. 9.2. Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй байна. Уаз-31512 маркийн 62–61 ДГО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Б.Бат-Өлзий нь МУ-ын ЗХД-ийн заалт зөрчөөгүй байна. Хариулт 1 бүрэн хариулагдсан гэж үзэх боломжтой байна” гэсэн 18 тоот дүгнэлт /хх-ийн 43/

Шүүгдэгч Б.Цэцэгсүрэн нь урд ял шийтгэлгүй гэсэн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 57/

Б.Цэцэгсүрэнгийн согтуурал шалгасан магадлагаа /хх-ийн 58/

Шүүгдэгч Б.Цэцэгсүрэн нь Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар баг Мобиком 1-2 тоотод ам бүл 3 оршин суудаг гэсэн Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 59/

2011 оны 06 сарын 30-ны өдөр төрсөн Бат-Эрдэнийн Тэмүүжин, 2010 оны 05 сарын 06-ны өдөр төрсөн Бат-Эрдэнийн Анужин нарын төрсөний гэрчилгээний хуулбар /хх-ийн 61-62 шүүгдэгч Б.Цэцэгсүрэнгийн хүүхдүүд/

Шүүгдэгч Б.Цэцэгсүрэнгээс хохирогч Б.Баттулгад нийт 620,000 төгрөгийн хохирол төлсөн баримт /хх-ийн 96/

Иргэний нэхэмжлэгч С.Нисгэгчид  100,000 төгрөгийн хохирол төлсөн баримт /хх-ийн 112/

Сум дундын 9 дүгээр шүүхийн 2015 оны 03 сарын 31-ний өдрийн 83 дугаар шийдвэрийн хуулбар /хх-ийн 115-118/ зэрэг нотлох баримтуудыг шижнлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Б.Цэцэгсүрэн нь согтуугаар 2017 оны  04 дүгээр сарын 02-ны өдөр согтуугаар Дорноговь аймгийн Замын-Үүд сум 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт Хараа дэлгүүрийн урд талын уулзвар дээр “Ниссан Тиана” маркын 74-32 ДГО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний  дүрмийн 2.7а, г, 8.2, 9.2 дахь хэсэгт заасныг тус тус зөрчсөний улмаас Б.Бат-Өлзийгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Бат-Өлзий, иргэний нэхэмжлэгч С.Нисгэгч нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 27-28/, техникийн шинжээчийн 2017 оны 06 сарын 13-ны өдрийн 18 тоот дүгнэлт /хх-ийн 43/, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны  2017 оны 04 сарын 05-ны өдрийн 119 тоот дүгнэлт /хх-ийн 43/, хохирол төлсөн баримтууд  /хх-ийн 96, 112/, согтуурал шалгасан магадлагаа хх-ийн 58/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгчийн үйлдлийг Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.1-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд тэрээр хохирогч Б.Баттулгад 620,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч С.Нисгэгчид 300,000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан нь хэрэгт тогтоогдсон байх тул түүнийг бусдад төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нь  эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.

Шүүгдэгч Б.Цэцэгсүрэн нь тухайн гэмт хэргийн улмаас  учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул түүнд Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан журмыг хэрэглэж, түүнд оногдуулсан  ялаас чөлөөлөхөөр шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Цэцэгсүрэн нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Равжаа овогт Бат-Өлзийгийн Цэцэгсүрэнг согтуугаар автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам  зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч Бат-Өлзийгийн Цэцэгсүрэнг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасч, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.Цэцэгсүрэнд оногдуусан 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Б.Цэцэгсүрэн нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар шүүгдэгч Б.Цэцэгсүрэнг  тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасах, 6 /зургаа/ сарын хорих ялаас тус тус чөлөөлсүгэй.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Б.Цэцэгсүрэнд урьд авсан гадагш явж болохгүй баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

7.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, шүүгдэгч  нар өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ        А.ЦЭРЭНХАНД