Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 2017/ДШм/59

 

 

 

 

 

 

 

 

 

 

     Б.Ц-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай                                                                                               

              Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Сайнтөгс даргалж, шүүгч Г.Тэгшсуурь, Ерөнхий шүүгч Н.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд цахим хэлбэрээр хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

            Прокурор: Г.Мөнхтүвшин,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч: С.Энхзул,  

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Баярмаа нарыг оролцуулан,

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 103 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Б.Цд холбогдох, эрүүгийн 201710010100 дугаартай, 1 хавтас, 140 хуудас бүхий хэргийг прокурор Г.Мөнхтүвшингийн эсэргүүцлийг үндэслэн 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Замын-Үүд дэх Сум дундын Прокурорын газраас;

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Эрдэнэ сумын харъяат, 1982 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн, 35 настай, эмэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, ам бүл 3, 2 хүүхдүүдийн хамт амьдрах, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2-р баг, Мобиком гудамжны 02-23 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, Равжаа овогт Б.Ц /РД:ЕН82011907/-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

Шүүгдэгч Б.Ц нь согтуугаар 2017 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт Хараа дэлгүүрийн урд талын уулзвар дээр “Ниссан Тиана” маркийн 74-32 ДГО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7.а, г, 8.2, 9.2 дахь хэсэгт заасныг тус тус зөрчсөний улмаас Б.Бат-Өлзийгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Равжаа овогт Б.Цг согтуугаар авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч Б.Цг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасч, 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.Цд оногдуулсан 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,

Б.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг дурдаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар шүүгдэгч Б.Цг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасах, 6 сарын хорих ялаас тус тус чөлөөлж, ... шийтгэх тогтоолыг улсын яллагч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, шүүгдэгч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Прокурор Г.Мөнхтүвшин шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан эсэргүүцэл, тайлбар, дүгнэлтдээ: ...Эрүүгийн хуулийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй...” гэсэн нь “Б.Цг драгер багаж үлээлгэн шалгахад 0,92 хувьтай гарч согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдов” гэсэн согтуурал шалгасан магадлагаа /хх-58/, мөн хохирогч Б.Бат-Өлзийгийн “...жолооч нь эмэгтэй хүн байсан бөгөөд архи согтууруулах ундааны хэрэглэчихсэн юм шиг та яаж байгаа юм бэ гээд болсон зүйлийг мэдэхгүй өөдөөс юм яриад гуйваад байсан...” гэсэн  мэдүүлэг /хх 20-21/, шүүгдэгч Б.Цгийн “тухайн үед би ганцаараа талын хар нэртэй архинаас 50 грамм уучихаад ...утсаар яриад Хараа дэлгүүрийн уулзвараар чигээрээ явж байтал ..хааз, тормос хоёроороо зэрэг гишгээд урдаас нь очоод мөргөчихсөн...” гэсэн мэдүүлэг /хх 52-55/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Цг согтуугаар гэмт хэрэг үйлдсэн нь тодорхой байхад шүүх Эрүүгийн хуулийг буруу ойлгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 удгаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар ялаас чөлөөлж шийдвэрлэсэн нь буруу байх тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Энхзул давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан тул эсэргүүцлийг хүлээн зөвшөөрөхгүй. Б.Ц нь тухайн хэргийг болгоомжгүйгээр үйлдсэн байдаг. Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож байгаа боловч Цгийн өрх толгойлсон эмэгтэй зэрэг түүний хувийн байдлыг харгалзан үзээд анхан шатны шүүх ялаас чөлөөлсөн байдаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлд зааснаар эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэнэ гэсний дагуу хуулийг хэрэглэсэн тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлийг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу хэргийн бүх ажиллагаа болон шийдвэрийг бүхэлд нь хянан үзвэл:

1. Шүүгдэгч Б.Ц нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн /2015 оны/  27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг согтуурсан, мансуурсан үедээ үйлдсэн буюу 2017 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт Хараа дэлгүүрийн урд талын уулзвар дээр “Ниссан Тиана” маркийн 74-32 ДГО улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7.а, г, 8.2, 9.2 дахь хэсэгт заасныг тус тус зөрчсөний улмаас Б.Бат-Өлзийгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтууд болох хэрэг учралын газарт үзлэг хйисэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, зэм тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-5-11/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-12-15/, хохирогч Б.Бат-Өлзийгийн мэдүүлэг /хх-20-21/, гэрч Т.Батхүүгийн мэдүүлэг /хх-32/, шинжээчийн дүгнэлт 2017.04.05 №119 /хх-37/, шинжээчийн дүгнэлт 2017.04.06 №12 /хх-41/, 2017.06.13 №18 /хх-43/, жолоочийн согтуурал шалгасан магадлагаа /хх-58/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй болжээ.

2. Мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

 

Харин анхан шатны шүүх шүүгдэгч Б.Цд Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж, түүний үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт нийцүүлэн шийдвэрлэсэн нь зөв боловч шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасч, 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1, 1.1-т зааснаар чөлөөлсөн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болов.

Учир нь шүүгдэгч Б.Ц нь согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан жолоочийн согтуурал шалгасан магадлагаа /хх-58/, хохирогч Б.Бат-Өлзийгийн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдсон байхад анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж заасныг буруу тайлбарлан шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэнэ гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна.

Тодруулбал дээрх хуулийн заалтын зорилго, агуулга нь тодорхой, хоёрдмол салаа утга агуулаагүй буюу хуулийг хэрэглэхэд ямар нэг эргэлзээтэй нөхцөл байдал үүсээгүй байх ба хуульд зааснаар гэм буруутай этгээд согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдвэл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхгүй гэсэн утгыг тодорхой агуулсанаас үзэхэд энэхүү хуулийн зохицуулалтыг хэрэглэхгүй байх, улмаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх үндэслэл болохгүй юм.

Мөн согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдвэл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхгүй байх тухай хуулийн агуулга зарчим хуучин 2002 оны Эрүүгийн хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт тусгагдсан байсны гадна Эрүүгийн хуулийн /2015 оны/  6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болон 6.7 дугаар зүйлийн 1, 1.1 дэх хэсэгт заасан зохицуулалтууд хоорондоо зөрчилдсөн утга санааг агуулаагүй байна.

Иймд дээр дурдсанаар прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах бөгөөд энэ нь шүүгдэгч Б.Ц нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн, бусдад төлөх төлбөргүй зэрэг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1, 1.1, 1.2 дахь хэсэгт заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цд Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэхээр давж заалдах шатны шүүхээс шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 4, 39.5 дугаар зүйлийн 1, 1.2, 39.7 дугаар зүйлийн 1, 1.2, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4,  2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 103  дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дүгээр заалтын “Шүүгдэгч ...” гэсний өмнө “Эрүүгийн хуулийн /2015 оны/ Ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан” гэж, “...Бат-Өлзийгийн Цг ...” гэсний дараа “Эрүүгийн хуулийн /2015 оны/  Тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан” гэж нэмж,

2 дугаар заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч Б.Цг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасч, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэснийг

“Эрүүгийн хуулийн /2015 оны/ Тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч Б.Цг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасч, Эрүүгийн хуулийн /2015 оны/ 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цд хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.” гэж, 

3 дугаар заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.Цд оногдуулсан 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэснийг

“Эрүүгийн хуулийн  /2015 оны/ 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц нь тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах учрыг анхааруулсугай.” гэж тус тус өөрчилж, 5 дугаар заалтыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 3, 3.1, 3.2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурьдаж, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

                

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   А.САЙНТӨГС

                                     ШҮҮГЧИД                                  Г.ТЭГШСУУРЬ

                                                                                        Н.БАТЧИМЭГ