Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 183/ШШ2022/01826

 

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 06 сарын 07 өдөр Дугаар 183/ШШ2022/01826 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 00 дугаар хороо, 0 хэсэг, сургуулийн гудамж 0000 хаягт оршин суух, Б овогт Лийн Д/РД:0000000/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 00 дүгээр хороо, 00 байр, 00 тоот хаягт оршин суух, Б овогт Жын Б /РД:000000000/-д холбогдох

 

Худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсаны үр дагавар болох 8 100 000 төгрөгийг буцаан гаргуулах тухай шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Э, нарийн бичгийн дарга Б.С нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийг дэмжин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ....Ж.Б, Л.Днар 2019 оны 9 дүгээр сард БНСУ-д үйлдвэрлэсэн VSB E15k маркийн уурын бойлерыг 8 100 000 төгрөгөөр худалдан авахаар тохирч гэрээ байгуулсан. Ж.Бгийн найз н.М дансанд 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр 4 050 000 төгрөгийг, 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 4 050 000 төгрөгийг тус тус шилжүүлсэн байдаг. Тухайн бойлерыг худалдахдаа байгальд ээлтэй, тог цахилгааныг хэмнэж, халаах талбай сайтай гэж хэлж худалдсан байдаг. Гэтэл бодит байдал дээр халахгүй, худалдан авах хэмжээнд тохирсон халааж чадахгүй нөхцөл байдал үүсээд нэхэмжлэгчийн зүгээс бойлерыг аваа, бид нар авахаа больлоо гэж хэлсэн байдаг. Цахилгааны төлбөр маш өндөр гардаг байсан. Ж.Б хүлээж аваад тухайн гэрээний төлбөр болох 8 100 000 төгрөгийг 2019 оны 12 дугаар сарын 20-ны дотор буцаан төлөхөөр хэлцэл байгуулаад тохиролцсон байдаг. Гэтэл Ж.Б нь өнөөдрийг хүртэл мөнгийг төлөөгүй, 2020 оны 6, 7 дугаар сард нэхэмжлэгчийг төлөөлөөд Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан боловч хаяг дээрээ байхгүй үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байдаг. Үүний дагуу Ж.Бг эрэн сурвалжлуулах шийдвэр гаргуулаад цагдаагийн байгууллагаас хариуцагчийн хаягийг тогтоосны үндсэн дээр шүүхэд дахин нэхэмжлэл гаргасан. Тиймээс худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсаны үндсэн дээр Ж.Бгээс 8 100 000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байгаа. Хариуцагч нь компанитай байгуулсан гэрээгээр компани төлөх ёстой гэсэн зүйл ярьдаг. Талуудын хооронд байгуулсан гэрээг харахад гэрээний нэг тал Ж.Б нь өөрөө гарын үсэг зурж, өөрийн регистрийн дугаараа бичсэн байдаг. Худалдах, худалдан авах гэрээнд ямар нэг хуулийн этгээд оролцоогүй, 2 иргэний хооронд байгуулагдсан гэрээ байдаг. Иймд Ж.Б хариуцах үүрэгтэй байна. Мөн нэхэмжлэл гардаж авснаас хойш хуульд заасан 14 хоногийн дотор тайлбар ирүүлээгүй, шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаанаар ирээгүй байгаа учраас мөн хуулийн 72.3-т заасан нөхцөл байдал үүсч байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү... гэжээ.

 

Нэхэмжлэгчээс Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2021.06.17-ны өдрийн эрэн сурвалжлах ажиллагааг зогсоосон талаарх мэдэгдэл, 2019 он 09 дугаартай вакуум ууран бойлер худалдах, худалдан авах гэрээ, Л.Дын эзэмшлийн 0000000000 дугаар Хаан банк дахь дансны хуулга, гэрээнээс татгалзан өгсөн авсан зүйлээ харилцан буцаахаар тохиролцсон баримт /огноогүй/ эдгээр баримтуудын шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Хариуцагчаас шүүхэд хариу тайлбар, баримт гаргаж өгөөгүй байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ...хариуцагчтай байгуулсан худалдах, худалдах авах гэрээний зүйл гэрээнд заасан зориулалтад нийцээгүйгээс гэрээнээс татгалзаж, 2019 оны 11 сарын 29-ны өдөр төхөөрөмжийг буцаан хүлээлгэн өгсөн. Гэрээний дагуу төлсөн 8 100 000 төгрөгийг 2019 оны 12 сарын 30-ны өдөр надад буцаан шилжүүлэхээр тохирсон боловч өгөөгүй тул шүүхэд нэхэмжлэл гаргасан... гэж тайлбарлав.

 

3. Хариуцагч Ж.Б нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан тухай ямар нэг тайлбарыг шүүхэд ирүүлээгүй болно.

 

4. Хэрэгт авагдсан баримтаар, зохигч 2019 он сар, өдөр бичигдээгүй 09 тоот вакуум ууран бойлер худалдах, худалдан авах гэрээ байгуулан, уг гэрээгээр худалдагч Ж.Б нь БНСУ-д үйлдвэрлэсэн VSB E15k маркийн уурын бойлерыг суурилуулан бүрэн ажиллагаанд оруулж хэрэглээний зааврын хамт худалдан авагч Л.Дын өмчлөлд шилжүүлэх, Л.Днь гэрээний 2.2-т заасан Хаан банк М 5113035429 тоот дансанд хэлэлцэн тохирсон үнэ 8 100 000 төгрөгийг шилжүүлэхээр тохирсон байна.

 

Дээрх гэрээ нь эрх зүйн харилцааны хувьд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаанд хамаарах ба гэрээ хүчин төгөлдөр байна.

 

Хүчин төгөлдөр байгуулагдсан гэрээг хууль буюу гэрээнд заасны дагуу гэрээний нэг талын хүсэл зоригоор буцаахыг гэрээнээс татгалзах гэнэ. Гэрээнээс татгалзсан тохиолдолд талууд гэрээгээр өгсөн авснаа харилцан буцаах үр дагавар үүсдэг.

 

Хэрэгт 2019 оны 11 сарын 29-ны өдөр, талууд гарын үсгээ зурж баталгаажуулсан гэрээний зүйл болох тоног төхөөрөмжийг 2019 оны 11 сарын 29-ны өдөр худалдагч тал буюу Ж.Бд буцаан хүлээлгэн өгсөн, гэрээний дагуу төлсөн 8 100 000 төгрөгийг 2019 оны 12 сарын 30-ны өдөр Л.Дд буцаан олгохыг хүлээн зөвшөөрч байна гэх агуулгаар бичгийн баримт үйлдсэнээс үзэхэд Иргэний хуулийн 204 дугаар зүйлийн 204.1-д заасан журмыг баримтлан гэрээнээс татгалзсан гэж үзэхээр байна.

 

Нэхэмжлэгч нь гэрээний 2.2-т заасан Хаан банкан дахь М 00000000 тоот дансанд хэлэлцэн тохирсон үнэ 8 100 000 төгрөгийг шилжүүлсэн болох нь дансны хуулгаар тогтоогдож байх тул хариуцагчаас Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар 8 100 000 төгрөгийг буцаан шаардах эрхтэй байна.

 

Дээрх үндэслэлээр хариуцагч Ж.Бгээс 8 100 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Дд олгож шийдвэрлэлээ.

 

Шүүх, хариуцагчид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмын дагуу нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчийн эдлэх эрх хүлээх үүргийг тайлбарласан боловч хариуцагч шүүхэд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй. Мөн өдрийн шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т заасныг үндэслэн 2022.05.27-ны өдөр хариуцагчийн 88827242 дугаарын утсаар мэдэгдэж, шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүйгээс гарах үр дагаврыг тайлбарласан хэдий ч тэрээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, хүндэтгэн үзэх шалтгаан дурдсан баримт, хүсэлт ирүүлээгүй учир шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хэрэгт авагдсан баримтын хүрээнд хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчид хариуцуулах нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

                                                ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Ж.Бгээс 8 100 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Дд олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 144 550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Бгээс улсын тэмдэгтийн хураамж 144 550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ