Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2022/01454

 

 

2022 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2022/01454

 

 

Л.Д-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШШ2022/01826 дугаар шийдвэртэй,

Л.Д-ын нэхэмжлэлтэй

Ж.Б-д холбогдох,

8,100,000 төгрөг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Энхбаяр, хариуцагч Ж.Б-, хариуцагчийн өмгөөлөгч Д.Цэрэнханд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Ж.Б-, Л.Д- нар 2019 оны 9 дүгээр сард БНСУ-д үйлдвэрлэсэн VSB E15k маркийн уурын бойлерыг 8,100,000 төгрөгөөр худалдан авахаар тохирсон. Ж.Б-гийн найз н.Мөнхбилэгийн дансанд 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр 4,050,000 төгрөгийг, 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 4,050,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн.

Бойлер гэрээнд заасан шаардлага хангаагүй тул гэрээг цуцлах талаар хэлсэн. Ж.Б- гэрээний төлбөр болох 8,100,000 төгрөгийг 2019 оны 12 дугаар сарын 20-ны дотор буцаан төлөхөөр хэлцэл хийсэн. Гэтэл Ж.Б- нь өнөөдрийг хүртэл уг мөнгийг төлөөгүй.

Хариуцагч нь компанитай гэрээ байгуулсан тул компани төлөх ёстой гэж тайлбарладаг. Талуудын хооронд байгуулсан гэрээг харахад гэрээний нэг тал болох Ж.Б- нь өөрөө гарын үсэг зурж, өөрийн регистрийн дугаараа бичсэн. Худалдах, худалдан авах гэрээнд ямар нэг хуулийн этгээд оролцоогүй, гэрээ 2 иргэний хооронд байгуулагдсан.

Иймд хариуцагч Ж.Б-гээс 8,100,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагч татгалзал, тайлбар гаргаагүй.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Ж.Б-гээс 8,100,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Д-д олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 144,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Б-гээс улсын тэмдэгтийн хураамж 144,550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

Вакуум ууран бойлер худалдах, худалдан авах гэрээний ард гарын үсэг зурсан хэсэгт Ай Даблью ХХК гэсэн тамга, тэмдэг бүхий дардас дарагдсан байгаагаас харахад би иргэнээр бус, компанийг төлөөлж гэрээ байгуулсан.

Мөн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр талууд гарын үсгээ зурж баталгаажуулан, гэрээний зүйл болох тоног төхөөрөмжийг Ж.Б-д буцаан хүлээлгэн өгсөн, гэрээний дагуу төлсөн 8,100,000 төгрөгийг 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Л.Д-д буцаан олгохыг хүлээн зөвшөөрч байна гэх агуулгаар бичигдсэн гэх баримтан дээр Ай Даблью ХХК-ийг төлөөлж гээд компанийн бүртгэлийн дугаар бичиж гарын үсэг зурсан.

Иймд би хариуцагч биш бөгөөд вакуум ууран бойлер төхөөрөмжийг иргэнээр биш компанийг төлөөлж нэхэмжлэгч Л.Д-д худалдсан төдийгүй тус төхөөрөмжийн төлбөр нь компанийн нягтлан н.Мөнхбилэгийн данс руу орсон.

Мөн намайг шүүх хуралдаанд оролцуулалгүй шийдвэрлэж хуульд заасан эрхийг эдлүүлээгүйд гомдолтой байна. Иймд надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй. Л.Д- нь анх бойлерийг худалдан авахаар Ж.Б-тэй харилцаж байсан. Улмаар Ж.Б-тэй гэрээ байгуулж, тэрээр ирж бойлерийг суурилуулж өгсөн. Бойлерийг Ж.Б- буцаан авсан бөгөөд төлбөрийг төлөх талаар бичиж өгсөн. Худалдах, худалдан авах гэрээний дээд талд батлав гэсэн хэсэгт Ж.Б- гэж бичсэн ба тэрээр өөрийн регистрийн дугаарыг бичиж гэрээ байгуулсан. Төлбөрийг Ж.Б-гийн найзын дансанд хийсэн. Компанийн тамга, тэмдэг дарсныг мэдээгүй.

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч гардаж аваад хуульд заасан хугацаанд хариу тайлбараа ирүүлээгүй. Шүүх хуралдааны товыг мэдсэн ч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй. Шүүх хуралдааны танхимд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Б- рүү залгаж ярихад ...ажил дээрээ байна, мартсан байна... гэж хэлсэн. Ж.Б-г ирэхийг хүлээж 30 минут болсон. Ирээгүй учраас шүүх хуралдааныг хийсэн. Иймд давж заалдах гомдол үндэслэлгүй тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийн хүрээнд хэргийг хариуцагчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэлээ.

2. Нэхэмжлэгч Л.Д- нь хариуцагч Ж.Б-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээнээсээ татгалзаж, 8,100,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна.

 

3. Анхан шатны шүүх хариуцагч Ж.Б-д нэхэмжлэлийг 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдөр гардуулж, мөн өдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрх, хүлээх үүргийг тайлбарлажээ. Хариуцагчид тайлбар гаргах хугацааг шүүх тогтоогоогүй тул тэрээр хуульд заасан 14 хоног буюу 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн дотор тайлбар гаргах үүрэгтэй байна. Уг хугацаа дуусаагүй байхад анхан шатны шүүх 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх захирамж гаргахдаа үндэслэлийг нь хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт хангалттай бүрдсэн гэж заасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.1-д нийцээгүй байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч тал тайлбар гаргаагүй, тайлбар гаргах хуулиар тогтоосон хугацаа дуусаагүй байхад хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэх үндэслэл бүрдээгүй байжээ.

 

4. Түүнчлэн нэхэмжлэгч нэхэмжлэлдээ нотлох баримтаар хавсарган өгсөн вакуум ууран бойлер худалдах, худалдан авах гэрээ /хх 6-8/ тал, хэлцэл /хх 10/ гэх 2 баримтад Ай Даблью ХХК-ийн тамга дарагдаж, Ж.Б- гарын үсэг зурсан үйл баримтыг шүүх тодруулаагүй байна. Энэ тохиолдолд нэхэмжлэгчээс хариуцагчийг нэмж татаж оролцуулах эсэх, хариуцвал зохих этгээд мөн эсэх нөхцөл байдлыг тодруулах шаардлагатай.

 

5. Дээрх алдааг давж заалдах шатны шүүх нөхөн гүйцэтгэх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасан шүүх хууль буруу тайлбарласан гэх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

6. Харин хариуцагч нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул түүнийг шүүх хуралдаанд оролцуулаагүй гэх давж заалдах гомдол үндэслэлгүйг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1 Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШШ2022/01826 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 144,550 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Э.ЗОЛЗАЯА