Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 183/ШШ2022/01814

 

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 06 сарын 06 өдөр Дугаар 183/ШШ2022/01814 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 0 дугаар хороо, 0 хороолол, 00 байр, 000 тоот хаягт оршин суух, А овогт Дийн О /РД:000000000/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо, 000 байр, 000 тоот хаягт оршин суух, М овогт Бын А /РД:00000000/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 20 000 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 45 000 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М, нарийн бичгийн дарга Б.С нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...нэхэмжлэгч Д.Оийн хүү Б.Б нь 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдөр зуурдаар нас барсан. Талийгаач Б.Бын хууль ёсны цор ганц өв залгамжлагч нь төрсөн эх болох Д.О бөгөөд өв залгамжлалтай холбоотой баримтыг шүүхэд гаргаж өгсөн болно. Талийгаач н.Б нь Б.Аын хувийн данс руу 20 сая төгрөгийг зээл гэж шилжүүлсэн байдаг. Энэхүү хувийн данс нь компанийн үйл ажиллагаа явуулдаг данс огт биш. Хаан банкны 000000000 тоот дансаар компанийн хөрөнгө орлогын үйл ажиллагааг явуулдаг данс байсан. Өв залгамжлах эрхийн гэрчилгээг Д.О нь авсан бөгөөд зээлсэн 20 сая төгрөгийг буцаан гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү... гэв.

 

Хариуцагчийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Б.А нь Ф ХХК-ийн 40 хувийн хувьцаа эзэмшигч байсан бөгөөд 2020 оны 01 дүгээр сард БНСУ-руу компанийн ажлаар явсан байдаг. Тодруулбал манай компани нь оёдлын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Б.А нь жил бүр зохион байгуулдаг ажилчдын уулзалтад оролцохоор явсан. 2020.01.18-ны өдөр Б.Аын данс руу Б.Баас 20 сая төгрөг орж ирсэн бөгөөд тус мөнгөний зориулалт нь компанийн үйл ажиллагаанд зориулж Солонгос улсаас хуучин хувцас түрээсэлсэн тул тухайн түрээсийн төлбөрт зориулагдсан байдаг. Б.Б, Б.А нарын дунд Иргэний хуульд заасны дагуу зээлийн гэрээний харилцаа үүсээгүй. Зээлийн гэрээний харилцаа үүссэн бол зээлдүүлэгчээс буцаан шаардаж байсан талаар баримтыг өгөх ёстой. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг няцаах баримтыг гаргаж өгөх боломжгүй байсан. Учир нь Бүгд найрамдах Солонгос Улсаас түрээсээр хувцас авахдаа, бэлэн вонноор гүйлгээ хийсэн учраас баримт гаргуулж чадаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.

 

Хариуцагчийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийг итгэмжлэгдсэн төлөөлөгч дэмжин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Б.А нь Ф Монголиа ХХК-г үүсгэн байгуулж 40 хувийн хувьцааг эзэмшиж байсан бөгөөд 2020.08.28-ны өдөр хариуцагч Д.Отэй компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон компанийн эрх шилжүүлэх гэрээг тус тус байгуулж, тус хувьцаагаа нийт 60 сая төгрөгөөр худалдсан болно. Тус гэрээний 4-т заасны дагуу төлбөрийг гэрээ байгуулсан өдөр төлж барагдуулах үүргийг Д.О хүлээсэн боловч үүргээ биелүүлээгүй бөгөөд гэрээ байгуулснаас хойш 15 сая төгрөгийг төлж, үлдэх 45 сая төгрөгийн төлбөрөө төлж барагдуулаагүй. Хэрэгт авагдсан хувьцаа эзэмшигч, үүсгэн байгуулагч нарын хурлын тэмдэглэлд тусгагдсанаар Д.О нь хүүгийнхээ компанийн үйл ажиллагааг цаашид үргэлжлүүлэн ажиллаж, хувьцааг эзэмших саналтай байна, мөн Б.Аын 40 хувийн хувьцаа, н. Мийн 10 хувийн хувьцааг худалдан авч, үнийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэж тусгагдсан нь өөрийн хүсэл зоригийн илэрхийллийг тодорхойлж байна. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэхдээ Б.А нь тухайн үед тохиролцсон тохиролцоогоо зөрчиж, нэхэмжлэл гаргажээ гэж тайлбарласан нь үндэслэлгүй бөгөөд хувьцааг худалдсан, 15 сая төгрөгийг төлсөн талаар талууд маргадаггүй, гэвч 45 сая төгрөгт тооцож, үсчний тоног төхөөрөмж, Альфард машиныг өгсөн гэж тайлбарладаг. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагад 60 сая төгрөгийг бүрэн төлсөн гэх баримт авагдаагүй, үзлэг хийх явцад Б.А нь Д.Оээс удаа дараа төлбөрөө төлөхийг шаардаж байсан нь нотлогддог, эд хөрөнгө хүлээлгэж өгсөн баримтад хүлээн авсан хэсэгт гарын үсэг зурж баталгаажаагүй учраас Б.Аод шилжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй, нөхөж үйлдсэн гэж үзэж байгаа. Сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү... гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хариу тайлбартаа: ...Талуудын байгуулсан хувьцаа худалдах, худалдан авах гэрээн дээр төлбөрийг бүрэн төлж барагдуулахаар тохиролцсон ч Б.А, Д.О нарын хооронд тохиролцсон өөр асуудал байгаа. Компанийн багагүй хэмжээний мөнгийг Б.А нь хувьдаа аваад ашиглачихсан. 15 сая төгрөг өгөхөөр тохиролцоод уг мөнгөө даруйхан шилжүүлсэн байдаг. Төлсөн баримт нь хэрэгт авагдсан байгаа учраас гэрээний 4 дүгээр зүйл болон 15 сая төгрөг төлсөн баримт зэргийг үндэслээд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Хариуцагчийн тайлбараар тухайн үед санхүүгийн боломжгүй байсан гэдэг нь ор үндэслэлгүй мөн хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоно. Үсчний тоног төхөөрөмж, компанийн мөнгөөр худалдаж авсан, Альфард загварын машиныг Б.А нь өөрийн нэр дээр шилжүүлж авсан байдаг. Уг гэрээгээр 60 сая төгрөгийг өнөөдрийг хүртэл нэхээгүй байж, 20 сая төгрөг нэхэхээр буцааж нэхээд байгаа нь тухайн үед тохиролцсон байсан асуудлаа өөрчилж, үгүйсгэж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна... гэв.

 

Нэхэмжлэгчээс Ф монголиа ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2020.08.01-ний өдрийн компанийн үүсгэн байгуулагч хувьцаа эзэмшигчдийн хурлын 2 дугаартай тогтоол, мөн өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэл, 2019.07.09-ний өдрийн Худалдаа хөгжлийн банкны дотоод шилжүүлгийн маягт, 2020.01.18-ны өдрийн Худалдаа хөгжлийн банкны дотоод шилжүүлгийн маягт, 2020.08.28-ны өдрийн компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Д.О, Б.А нарын иргэний үнэмлэхийн хуулбар, Н.Мийн иргэний үнэмлэхийн лавлагаа, Б.Бын төрсний гэрчилгээ болон иргэний үнэмлэхийн хуулбар, Б.Бын нас барсны бүртгэлийн гэрчилгээ, Нийслэлийн тойргийн нотариатчийн өвлөх эрхийн гэрчилгээ, Ф монголиа ХХК-иас Б.А болон Н.М нарт хүлээлгэн өгөх эд зүйлс, материалын жагсаалт гэх баримтуудыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

 

Шүүх хариуцагчийн хүсэлтээр Улсын бүртгэлийн ерөнхий газраас хуулийн этгээдийн бүртгэлийн лавлагаа, дүрэм, үүсгэн байгуулснаас хойшхи хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолууд, эрх шилжүүлэх гэрээ болон хувьцаа худалдах, худалдан авах гэрээг нотлох баримтаар бүрдүүлж, хариуцагчийн хүсэлтээр хариуцагч Б.Аын AriunboldBuunjii нэртэй фэйсбүүк хаягаас Б.Бын Баба нэртэй фэйсбүүк хаягт 2020 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр харилцсан зурваст, Б.Аын эзэмшлийн 88883390 дугаар, Д.Оийн 99045499 дугаарын харилцсан зурваст тус тус үзлэг хийх ажиллагааг гүйцэтгэсэн болно.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг хангаж, үүргийг харилцан тооцон шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч Д.О нь шаардлагын үндэслэлээ ...өвийн гэрчилгээний дагуу хүү Б.Баас 2020 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хариуцагч Б.Аод зээлүүлсэн 20 000 000 төгрөгийн гаргуулна... тайлбарлав.

 

3. Хариуцагч нь 20 000 000 төгрөгийг зээлийн зориулалтаар бус, харин Ф монголиа ХХК-ийн үйл ажиллагаанд зориулан шилжүүлсэн мөнгө гэх үндэслэлээр нэхэмжлэлийг үгүйсгэж байна.

 

4. Хариуцагч сөрөг шаардлагын үндэслэлээ ....2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээний дагуу үлдэгдэл 45 000 000 төгрөгийн хариуцагч Д.Оээс гаргуулна... гэснийг Д.О нь эс зөвшөөрч, 15 000 000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл 45 000 000 төгрөгт Б.Аын авч явсан компанийн өмчлөлийн үсчний тоног төхөөрөмж, автомашиныг тооцохоор тохирсон... гэх үндэслэлээр няцаав.

 

5. Хэрэгт дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

Ф монголиа ХХК-ийн 50 хувийн хувьцааг Б.Б, 40 хувийн хувьцааг Б.А, 10 хувийн хувьцааг Н.М нар тус тус эзэмшин, уг компани нь гадаад худалдаа, оёдлын үйлдвэрлэл, кофе шоп, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар бүртгэгдсэн болох нь компанийн дүрэм, улсын бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.

 

Б.Б нь хариуцагч Б.Аын эзэмшлийн 5020692762 тоот дансанд 2020 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 20 000 000 төгрөгийг Б-с зээл олгов гэх утгаар шилжүүлжээ. Б.Б нь 2020 оны 6 дугаар сарын 04-ны өдөр нас барсан болох нь нас барсны бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байх ба Нийслэлийн тойргийн нотариатчийн бүртгэлийн 0002 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээгээр Д.От Б.Аод зээлсэн 20 000 000 төгрөгийг шаардах эрхийг өвлүүлэхээр гэрчилгээг олгосон байна.

Хариуцагч нь маргааны зүйл болох 20 000 000 төгрөгийг зээлийн зориулалтаар бус, Ф Монголиа ХХК-ийн үйл ажиллагаанд зарцуулсан, тодруулбал хуучин хувцас түрээслэхэд зориулан шилжүүлсэн, зориулалтын дагуу зарцуулсан гэж тайлбарлаж байх боловч тэрээр энэ талаарх баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгөөгүй. Хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр хариуцагч Б.Аын A нэртэй фэйсбүүк хаягаас Б.Бын Баба нэртэй фэйсбүүк хаягт 2020 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр харилцсан зурваст үзлэг хийсэн ба уг үзлэгээр хариуцагчийн тайлбарлаж буй үйл баримт эргэлзээгүйгээр тогтоогдоогүй.

 

Иймд 2020 оны 01 сарын 18-ны өдөр Б.Баас Б.Аод 20 000 000 төгрөгийг Б-с зээл олгов. гэх утгаар шилжүүлсэн баримтыг хариуцагч баримтаар няцааж чадаагүй тул талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэх үндэслэлтэй байна.

 

Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг тул нэхэмжлэгч Д.О нь Б.Аоос 20 000 000 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхтэй тул үндсэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй.

 

Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

 

Талуудын хооронд 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр худалдагч Б.А нь Ф монголиа ХХК-ийн өөрийн эзэмшлийн 40 хувийн хувьцааг 60 000 000 төгрөгөөр худалдан авагч Д.От худалдах, худалдан авагч нь гэрээний үнэ болох 60 000 000 төгрөгийг 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр худалдагч талд төлж төлбөрийг барагдуулахаар тохирчээ.

 

Талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээ нь эрх зүйн харилцааны хувьд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаанд хамаарах ба гэрээ хүчин төгөлдөр байна.

 

Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

 

Худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан өдөр буюу 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр талуудын хооронд эрх шилжүүлэх гэрээ байгуулагдаж, улмаар Д.О нь компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэгдсэн болох нь компанийн дүрэм, компанийн улсын бүртгэлийн лавлагаа, гэрчилгээгээр тогтоогдож байх тул худалдагч тал болох Б.А нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн гэж үзнэ.

 

Худалдан авагч болох Д.О нь гэрээний дагуу хэлэлцэн тохирсон үнийг бүрэн төлсөн эсэх нь маргааны зүйл болсон. Зохигчид хувьцааны үнэ 15 000 000 төгрөгийг өгсөн, авсан үйл баримтын талаар маргаагүй. Харин үлдэгдэл 45 000 000 төгрөгт компанийн өмчлөлийн үсчний тоног төхөөрөмж, автомашиныг Б.А авч явсан, тухайн эд хөрөнгийн үнэнд тооцохоор тохирсон гэх нэхэмжлэгчийн тайлбар баримтаар тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгчээс Ф монголиа ХХК-аас иргэн Батболдын Аод хүлээлгэн өгөх эд зүйлс, материалын жагсаалт 2020.10.10 гэх баримтыг нотлох баримтаар гаргаж өгсөн ба уг баримтад үсчний тоног төхөөрөмж ком, бүгд үнэ 10 000 000, Toyota Alphard 81-50 УАЕ машин бүгд үнэ 12 000 000 зээлийн гэрээний хамт гэх бичилт хийгдсэн боловч хүлээн авсан гэсэн хэсэгт гарын үсэг зурагдаагүй байна.

 

Түүнчлэн нэхэмжлэгч нь тухайн эд хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл 45 000 000 төгрөгт тооцохоор тохирсон гэх тайлбараа тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна.

 

Иймд Б.А нь Д.Оээс худалдах, худалдан авах гэрээний үүрэг 45 000 000 төгрөгийг шаардах эрхтэй.

 

Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 238.1, 238.4-т биелүүлэх хугацаа болсон, хоёр этгээдийн хоорондох ижил төрлийн харилцан шаардлагыг хооронд нь тооцож үүргийг дуусгавар болгож болно. Хооронд нь тооцож дуусгавар болгох шаардлагуудын хэмжээ харилцан адилгүй байвал бага хэмжээний шаардлагыг бүрэн хэмжээгээр тооцох бөгөөд их хэмжээний шаардлагын нөгөө шаардлагаар нөхөгдөөгүй хэсэг хүчин төгөлдөр хэвээр байна гэж зааснаар үндсэн нэхэмжлэлийн шаардлагын 20 000 000 төгрөгийг сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас харилцан тооцож, нэхэмжлэгчээс 25 000 000 төгрөгийг гаргуулан хариуцагчид олгох нь зүйтэй.

 

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 243 дугаар зүйлийн 243.1, 238 дугаар зүйлийн 238.1, 238.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Оээс 25 000 000 төгрөгийг гаргуулан хариуцагч Б.Аод олгосугай.

 

1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 257 950 төгрөг, хариуцагчаас төлсөн 382 950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 282 950 төгрөгийг гаргуулан хариуцагчид олгосугай.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ