Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2022/01443

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2022 08 03 210/МА2022/01443

 

 

Д.О ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Э.Золзаяа, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2022/01814 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Д.О ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.А од холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 20,000,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ-ний үүрэгт 45,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунбат, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Баярхүү нар цахимаар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Хариуцагч Б.А оос 20,00,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг Ф ХХК-ийн нэрээр гаргасан нь тухайн харилцааг бодитойгоор илэрхийлэхгүй байх тул нэхэмжлэгчийг хариуцагч Б.А од мөнгө шилжүүлсэн өвлүүлэгч Б.Б ын хууль ёсны цор ганц өв залгамжлагч Д.О ийг нэхэмжлэгчээр тогтоож, дараах шаардлагыг гаргаж байна.

Нэхэмжлэгчийн төрсөн хүү Б.Б нь 2020 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хариуцагч Б.А ын Хаан банк ХХК дахь 500000000000тоот данс руу 20,000,000 төгрөгийг Билгүүнзул-с зээл олгов гэсэн утгаар шилжүүлсэн. Энэ данс нь хариуцагчийн хувийн данс бөгөөд компанийн үйл ажиллагааг явуулдаг данс нь 5000000000 тоот данс юм. 20,000,000 төгрөгийг хариуцагчид компанийн үйл ажиллагаанд зарцуул гэж шилжүүлээгүй, түүнд зээлдүүлсэн боловч одоог хүртэл буцаан төлөөгүй байна.

Иймд хариуцагч Б.А оос 20,000,000 төгрөгийг гаргуулж, Өвлөх эрхийн гэрчилгээ-ээр өвлүүлэгч Б.Б ын өвийг хүлээн авсан Д.О т гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч талын хариу тайлбарын агуулга: Б.А нь оёдлын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Ф ХХК-ийн 40 хувийн хувьцаа эзэмшигч байсан. 2020 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Б.Б аас Б.А ын данс руу шилжүүлсэн 20,000,000 төгрөг нь компанийн үйл ажиллагаанд буюу БНСУ-д хуучин хувцас түрээслэсний төлбөрт зарцуулагдсан. Б.Б , Б.А нарын дунд Иргэний хуульд заасны дагуу зээлийн гэрээний харилцаа үүсээгүй. Зээлийн гэрээний харилцаа үүссэн бол зээлдүүлэгчээс буцаан шаардаж байсан талаар баримтаар нотлох үүрэгтэй. Солонгос Улсад хувцас түрээслэхдээ бэлэн мөнгөөр төлбөрийг төлсөн учраас баримт гаргуулж чадаагүй.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Хариуцагч талын сөрөг нэхэмжлэл, тайлбарын агуулга: Б.А нь Ф ХХК-д эзэмшиж байсан өөрийн 40 хувийн хувьцааг 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хариуцагч Д.О т 60,000,000 төгрөгөөр худалдсан. Энэ талаар мөн өдрөө Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ байгуулсан ба уг гэрээний 4-т зааснаар Д.О нь 60,000,000 төгрөгийг гэрээ байгуулсан өдөр төлөх үүрэг хүлээсэн боловч сүүлд 15,000,000 төгрөг төлж, үлдэх 45,000,000 төгрөгийг төлөөгүй. Хэрэгт авагдсан хувьцаа эзэмшигч, үүсгэн байгуулагч нарын хурлын тэмдэглэлд тусгагдсанаар Д.О нь хүүгийнхээ компанийн үйл ажиллагааг цаашид хариуцаж, хувьцааг нь эзэмших, мөн Б.А ын 40 хувийн хувьцаа, Н.Мягмардоржийн 10 хувийн хувьцааг худалдан авч, үнийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа талаар өөрийн хүсэл зоригоо илэрхийлсэн байна. Б.А ыг тухайн үед тохиролцсон тохиролцоогоо зөрчиж, нэхэмжлэл гаргасан гэх тайлбар нь үндэслэлгүй. 45,000,000 төгрөгт тооцож, үсчний тоног төхөөрөмж, Тоёота Альфард автомашин өгсөн гэж тайлбарладаг боловч эд хөрөнгө хүлээн авсан хэсэгт Б.А гарын үсэг зураагүй учраас түүнд шилжүүлсэн гэж үзэхгүй. 60,000,000 төгрөгийг бүрэн төлсөн гэх баримт хэрэгт авагдаагүй, үзлэг хийх явцад Б.А нь Д.О ээс удаа дараа төлбөрөө төлөхийг шаардаж байсан нь нотлогддог. Иймд сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

4.Сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгч талын хариу тайлбарын агуулга: Талуудын байгуулсан хувьцаа худалдах, худалдан авах гэрээнд төлбөрийг бүрэн төлж барагдуулахаар тохиролцсон ч Б.А , Д.О нарын хооронд тохиролцсон өөр асуудал байдаг. Компанийн багагүй хэмжээний мөнгийг Б.А нь хувьдаа аваад ашигласан. 15,000,000 төгрөг өгөхөөр тохиролцоод уг мөнгөө даруйхан шилжүүлсэн байдаг. Үсчний тоног төхөөрөмж, компанийн мөнгөөр худалдаж авсан Тоёота Альфард загварын автомашиныг Б.А нь өөрийн нэр дээр шилжүүлж авсан. Уг гэрээгээр 60,000,000 төгрөгийг нэхэмжилж байгаагүй гэжээ.

5.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 243 дугаар зүйлийн 243.1, 238 дугаар зүйлийн 238.1, 238.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.О ээс 25,000,000 төгрөгийг гаргуулан хариуцагч Б.А од олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257,950 төгрөг, хариуцагчаас төлсөн 382,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 282,950 төгрөгийг гаргуулан хариуцагчид олгож шийдвэрлэжээ.

6.Нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.

Шүүх сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй. Талуудын хооронд байгуулагдсан Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ-ний 4-т худалдан авагч гэрээний үнэ болох 60,000,000 төгрөгийг 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр худалдагч талд төлж, төлбөрийг барагдуулав гэж тусгасан. Хэрэгт авагдсан баримтуудаар Д.О нь гэрээний үнийн 15,000,000 төгрөгийг бэлнээр төлж, үлдэх 45,000,000 төгрөгийг компанийн хөрөнгөөр худалдан авсан автомашин, тоног төхөөрөмж зэргийг Б.А од өгч, бэлэн бусаар төлсөн. Иймд гэрээний 4-т 60,000,000 төгрөгийг төлж, барагдуулав гэж тусгасан. Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт зааснаар гэрээг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна гэж зохицуулсан. Д.О нь хувьцааны үнийг бэлэн болон бэлэн бусаар төлсөн учраас гэрээнд төлбөрийг төлж барагдуулав гэж тусгасан. Хэрэв төлөөгүй байсан бол гэрээнд ийнхүү тусгахгүй, мөн Б.А нь энэхүү мөнгөн хөрөнгөө өнгөрсөн хугацаанд шаардаж, шүүхэд нэхэмжлэл гаргах байсан. Эд хөрөнгө хүлээлгэн өгсөн баримтад хариуцагч санаатайгаар гарын үсэг зураагүй.

Шүүх хэргийн оролцогчийн эрхийг болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчсөн. Нэхэмжлэгч талыг сөрөг нэхэмжлэлийн татгалзлаа баримтаар нотлоогүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Учир нь, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс хариуцагчийн дансны хуулгыг шүүхийн журмаар гаргуулж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нотлох гэсэн хүсэлтийг шүүх хангаагүй. Мөн шүүх хуралдааны явцад гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх хүсэлтийг хүлээн авахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн гэжээ.

 

7. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Шүүх хэргийн оролцогчийн эрхийг болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

2.Нэхэмжлэгч Ф ХХК нь хариуцагч Б.А од холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 20,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийг сольж, жинхэнэ нэхэмжлэгч Д.О нь дээрх шаардлагыг дэмжин оролцжээ. /хх-1-2, 46-47/ Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, Б.Б аас мөнгө зээлээгүй, 20,000,000 төгрөг нь Ф ХХК-ийн үйл ажиллагаанд зарцуулагдсан гэх үндэслэл заан маргасан байна. /хх-22-23/

Анхан шатны шүүх, хэрэгт авагдсан өв хүлээн авах хүсэлт, Өвлөх эрхийн гэрчилгээ, Худалдаа хөгжлийн банкны дотоод шилжүүлгийн маягт /н.Б ын данснаас Б.А ын данс руу 20,000,000 төгрөг шилжүүлсэн/, зохигчдын тайлбар зэрэг нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгч Д.О ийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэжээ. /хх-10, 22, 60, 72-73, 131/ Шийдвэрийн энэ хэсэгт хариуцагч гомдол гаргаагүй учир давж заалдах шатны шүүх дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзэв.

 

3.Хариуцагч Д.А нь нэхэмжлэгч Д.О т холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 45,000,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасныг нэхэмжлэгч зөвшөөрөхгүй гэж марган, үндэслэлээ үүргээ бүрэн гүйцэтгэсэн гэж тайлбарлажээ.

Анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт заасан хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журмыг зөрчсөн байна. Давж заалдах шатны шүүх дээрх алдааг залруулан, хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд маргааны үйл баримтыг тогтоож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт нийцнэ гэж үзлээ.

Хэрэгт авагдсан 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, мөн өдрийн Эрх шилжүүлэх гэрээ, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, Ф ХХК-ийн дүрэм, тус компанийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчдийн 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн хурлын 3 дугаартай тогтоол, хурлын тэмдэглэл, зохигчдын тайлбар зэрэг нотлох баримтуудаар хариуцагч Б.А , нэхэмжлэгч Д.О нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн.

Мөн худалдагч Б.А нь Ф ХХК-ийн өөрт ногдох 40 хувийн хувьцааны эрх, үүргээ худалдан авагч Д.О т шилжүүлэх гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн гүйцэтгэсэн үйл баримт хэргийн баримтаар тогтоогдсон, талууд маргаангүй.

Хариуцагч Б.А нэхэмжлэгчээс гэрээний үнэ 60,000,000 төгрөгөөс 15,000,000 төгрөг төлсөн, үлдэх 45,000,000 төгрөг төлөөгүй гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарласан байна. Нэхэмжлэгч Д.О гэрээний 4 дүгээр зүйл болон 15,000,000 төгрөг төлсөн баримт зэргийг үндэслэн сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Талууд 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн Компанийн хувьцаа худалдах-худалдан авах гэрээний 4-т Худалдан авагч гэрээний үнэ болох 60,000,000 төгрөгийг 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр худалдагч талд төлж, төлбөрийг барагдуулав. гэж бичээд хэн аль нь гарын үсэг зурж баталгаажуулж, гэрээг нотариатаар гэрчлүүлсэн байна. /хх-11/

Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна гэж заасны дагуу гэрээг тайлбарлавал, талууд гэрээний 4 дэх заалтад худалдах-худалдан авах гэрээний үнийг төлж барагдуулсан гэсэн утгыг илэрхийлсэн гэж үзнэ.

Хэрэгт авагдсан үзлэгийн тэмдэглэлд хариуцагч Б.А худалдах-худалдан авах гэрээний үнэ төлөхийг нэхэмжлэгч Д.О ээс шаардсан, харилцан зурвас бичсэн агуулга тусгагдаагүй байна. /хх-121-124/ Мөн Б.А нь гэрээгээр үүрэг гүйцэтгэх хугацаа буюу 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс хойш шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд гэрээний үүргээ гүйцэтгэхийг Д.О ээс шаардаж байсан баримт хэрэгт авагдаагүй байна.

Худалдах-худалдан авах гэрээний үнэ төлөх үүргээ нэхэмжлэгч Д.О зөрчсөн гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй тул түүнд холбогдуулан гаргасан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 40,000,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч Б.А ын сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт заасанд нийцнэ. Иймээс энэ үндэслэлээр гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасан журмын дагуу хуваарилна.

 

4.Харин нэхэмжлэгчийн хуулиар олгосон эрхийг эдлүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

Тодруулбал, анхан шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрхийн хүрээнд шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгч талын гаргасан гомдлын энэ хэсгийг хангах боломжгүй.

 

5.Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ маргаанд хамааралгүй Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 238.1, 238.4 дэх хэсгийн зохицуулалтыг буруу хэрэглэсэн, мөн улсын тэмдэгтийг хуваарилахдаа хуулийн заалтыг буруу баримталсан байхаас гадна шийдвэрийн тогтоох хэсгийн дугаарлалтад техникийн шинжтэй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс тус тус залруулах нь зүйтэй байна.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2022/01814 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.А оос 20,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.О т олгосугай. гэж өөрчлөн найруулж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтаар Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгч Д.О ээс худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 45,000,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч Б.А ын сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай гэсэн нэмэлт өөрчлөлт,

тогтоох хэсгийн 1. гэсэн заалтыг /тогтоох хэсэгт 1 гэж дугаарласан 2 заалт байгаагийн хоёр дахийг нь/ 3. гэж, мөн заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасны нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257,950 төгрөгийг, сөрөг нэхэмжлэлийн шаардлагад хариуцагчаас төлсөн 382,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 257,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай гэж өөрчлөн найруулж, тогтоох хэсгийн 3. дахь заалтыг 4. гэж дугаарлаж, нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч тал давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 382,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Ч.ЦЭНД