Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 105

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч А.Цэрэнханд даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Алтансүх

Улсын яллагч Э.Болор

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Энхзул нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн

шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Баруун Урт сумын  харъяат, 1993 оны 10 сарын 29-нд төрсөн, эрэгтэй, 24 настай, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт амьдрах, Замын-Үүд сумын 1-р баг, 66-48 тоотод оршин суудаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, Зээрднүүд овогт Лхагвасүрэнгийн Зоригтод /РД:ЛЮ93102915/ холбогдох эрүүгийн 201710010081 тоот хэргийг хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтэнд авагдсанаар/

Шүүгдэгч Л.Зоригт нь 2017 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 21 цагийн орчим Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас хойш 44 км-т Замын-Үүдээс Улаанбаатар чиглэлийн хатуу хучилттай замд 20-35 УНЦ улсын дугаартай хьюндай граундер маркын тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын-Хөдөлгөөний дүрмийн 2 дугаар зүйлийн 2.5а, 2.5в, 9 дүгээр зүйлийн 9.2 дахь заалтыг зөрчсөний улмаас Замын-Үүд сумын малчин У.Буяндэлгэрийн эзэмшлийн хонгор халзан болон хээр зүсмийн хоёр адууг дайрч, зам тээврийн осол гаргаж 1,050,000 төгрөгийн хохирол учруулан зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Л.Зоригтийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ” 2017 оны 03 дугаар сарын 19 орой 20.00 цаг өнгөрч байхад би Замын-Үүд сумын вокзал дээрээс 4 хүнийг тус бүрийг нь 60.000 төгрөгөөр суулган Улаанбаатар хот явсан юм. Замын-Үүд сумаас гараад 40 гаруй км явж байтал зам дээр гэнэт адуу тулж гарч ирсэн болохоор тойрч эсрэг чиглэлийн урсгалд ортол нөгөө талаар мөн адил 3-4 тооны адуу гарч ирээд би хоёр тооны адууг мөргөж осол гаргасан, адууг мөргөсний дараа машинаас буугаад харахад машины урд салхины шил хагарч копуд керлан , ардиатер, гүпер гэрэл, толь зэрэгт эвдрэл гэмтэл үүссэн байсан. Адуунуудыг машины хөдөлгөөнд саад болох юм боловуу гэж бодоод зам дээрээс чирч замын хоёр талд 2 метр орчим зайд шороон хэсэг дээр гаргасан.Тухайн осол болох үед айж сандарсан байсан болохоор цагдаагийн байгууллагад мэдэгдэлгүй ослын газрыг санаатай орхиж явсан юм . Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү. Хохирогчид 1,050,000 төгрөг төлж барагдуулсан. УНЦ 20-35  улсын дугаартай машин нь уг нь миний өмчлөлийн машин бөгөөд би барьцаалан зээлдүүлэх газраас 2,000,000 төгрөг авахын тулд ээж Шагдарсүрэнгийн Өнөртуяагийн нэр дээр шилжүүлсэн, зээлээ төлөөд нэрээ шилжүүлж авах юм.”  гэсэн мэдүүлэг,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 02/

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 04/

Осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /5-7/

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-12/

Цагаан өнгийн тээврийн хэрэгслийн хугарсан толь, автомашины цагаан, хар өнгийн хуванцар хэлтэрхий зэргийг эд мөрийн баримтаар хэрэгт тооцсон тогтоол /хх-ийн 12/

Хохирогч У.Буяндэлгэрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “ Би 2017 оны 03 дугаар сарын 19-ний өдөр адуугаа услаад бэлчээрт явуулсан, ингээд 21-ний өдрийн 08 цаг 30 минутын  орчим адуугаа хураахаар Замын-Үүд сумаас хойш 42 км-ийн зайд явж байтал Нартын хошуу өртөөний хажууд буюу засмал  замын хоёр талд миний  өмчлөлийн  7 настай угшилгүй хээр зүсмийн бүдүүн морь,  2 настай хонгор халзан зүсмийн угшилгүй үржлийн охин адуунуудыг машин мөргөөд зам руу чирж гаргасан байсан. Тухайн үед  замын ойр орчмоор мөр хайж үзэхэд  мөргөсөн машины эд анги бололтой цагаан өнгийн толь 1 ширхэг, урд талын хагарч  бутарсан цагаан өнгийн хуванцар эд зүйлүүд үлдсэн байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17/

Иргэний нэхэмжлэгч М.Мөнх-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “ Иргэн Шагдарсүрэнгийн  Өнөртуяа нь уг УНЦ 20-35  улсын дугаартай хьюндай граундеур  маркын машиныг барьцаалж 2016 оны 11 сарын 29-ний өдөр 2,000,000  төгрөгийн зээлийг  авсан. Зээлийн гэрээний нөхцөл нь угаасаа  уг машинаа манай компаний нэр дээр  шилжүүлээд  өөрсдөө унаж явах нөхцөлтэй юм. Мөн зээлийн гэрээний 3.2.8 дахь хэсэгт  “зээлдэгч нь автомашинаа унаж явахаар  барьцаалсан бол гэрээний хугацаанд гарсан зөрчил торгуулийг бүрэн хариуцах болно. “ 4.1.0 дахь хэсэгт “ зээлдэгч нь барьцаалагдсан хөрөнгийн чанар тоо хэмжээг бүрэн бүтэн байлгана” гэж заасан байгаа. Тэгэхээр автомашинд учирсан эвдрэл гэмтлийг засаж  янзлах зээлдэгч тал хариуцна  гэсэн. Манай компаний зүгээс энэ зам тээврийн  осолтой холбоотой автомашины гэмтлийг  засаж  янзлах асуудлыг хариуцаагүй учраас нэхэмжлэх зүйлгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 76-77/

Гэрч Ш.Отгонтуяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 21-22 цагийн үед манай үеэл дүү Л.Зоригт өөрийнхөө 89138646 дугаарын утаснаас миний 96625580 дугаарын утас руу залгаад “эгчээ миний машин замд эвдэрчихлээ, машинтайгаа ирээд чирээд өгөөч, би одоо тэмээтэй хаалганы хажууд байна” гэж хэлсэн. Тэгээд би өөрийн 47-34 ДГО улсын дугаарын Чайзер маркийн тээврийн хэрэгсэлтэй Улаанбаатар хот руу явдаг тэмээтэй хөшөөн дээр очиход Л.Зоригтын машины урд талын копуд хунирч, салхиний шил нь хагарсан юм мөргөсөн байдалтай байсан ба юу болсон талаар асуухад нэлээн айж сандарсан байдалтай “зам дээр байсан хэдэн адууг мөргөсөн” гэснээс өөр зүйл яриагүй ээ. Ингээд машиныг нь чирээд өөрийнхөө гэрийн гражид хийсэн бөгөөд 2-3 хоногийн цагдаагийн байгууллагаас хүмүүс ирээд машиныг нь авч явсан. Осол гарсан өдөр би дүүдээ хандаж “цагдаагийн байгууллагад осол болсон талаар хэлсэн үү” гэхэд “би өөрөө хэлчихнээ, түр танай гражид оруулаад тавчихъя” гэж ярьсан. Тухайн үед Л.Зоригт архи согтууруулах ундаа хэрэглээгүй, эрүүл саруул ухаантай байсан. Л.Зоригт нь Сүхбаатар аймаг төгсөн бөгөөд эцэг эхээс 2 лаа, доороо нэг эмэгтэй дүү айлын ууган хүү байгаа юм аа, бага насаа Замын-Үүд суманд өнгөрүүлсэн ба дунд ангийн боловсролоо Замын-Үүд суманд эзэмшсэн. Үүнээс хойш тодорхой эрхэлсэн ажилгүй, хувиараа хөдөлмөр эрхлэн, эцэг эх, дүүгийн хамт амьдарч байна, миний мэдэхийн эхнэр хүүхэдтэй гэж сураг гарснаас хамт байхыг нь хараагүй ээ, одоо ганц бие, хот хооронд суудлын автомашинтай хүн тээвэрт явдаг. Хувийн зан байдлын хувьд төлөв даруу зантай, үг дуу цөөтэй, ажилч хичээнгүй, хөдөлмөрч, гэр бүлдээ халамжтай, элдэв хорт муу зуршилгүй, хүний үгээр мөрөөрөө, хүнд тусархаг сайн залуу шиг санагддаг.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-21/

Гэрч Б.Лхагвасүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн ”...Надад болсон хэргийн талаар тодорхой мэдэх зүйл байхгүй ээ... Хувийн зан байдлын хувьд төлөв томоотой, үг дуу цөөтэй, үгэнд сайн ордог, эхэлсэн ажлаа дуусгадаг хөдөлмөрч зантай, хүнд тусархаг, гэр бүлдээ халамжтай, элдэв хорт муу зуршилгүй сайн хүү гэж эцгийн зүгээс дүгнэдэг. Миний хувьд өнөөдрийн байдлаар нурууны гэмтлээс болж хөдөлмөр эрхлэх боломжгүй болсон ба энэ айл гэрийн амьдрал ахуйг миний том хүү Л.Зоригтын хүчээр авч явж байна.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24/

Гэрч Ч.Батзааны мөрдөн байцаалтын шатанд өгсөн “2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 10 цаг 40 минутын орчим жижүүрийн шуурхай албанаас “Замын-Үүд сумаас хойш 50 км-т Нартын хошуу зөрлөгийн ойролцоо засмал зам дээр 2 тооны адууг машин мөргөөд зугтаасан байна” гэх дуудлага ирүүлсэн. Ингээд жижүүрийн бүрэлдэхүүний хамт хэргийн газар дээр очиж үзлэг хийхэд зорчих хэсгийн замын хоёр талд буюу хөвөөнөөс доош хүрэн зүсмийн хоёр адууг машин мөргөж амьгүй болгосон, замаас чирж гаргасан байдалтай байсан бөгөөд замын баруун талд цагаан өнгийн Huуndai маркийн автомашины толь угаараа салж хугарсан, ойр орчим нь цагаан өнгийн тээврийн хэрэгслийн хуванцар эд зүйлсүүд тарж бутарсан байсан. Тэгээд хэргийн газрын үзлэгийг хийж, шаардлагатай эд зүйлс буюу 2 адууг мөргөсөн байж болзошгүй автомашины эвдэрсэн эд ангиудыг цуглуулан авч, гэрэл зургийн аргаар бэхжүүлсэн. Уг осол болсноос хойш хэргийн газраас олдсон толийг ач холбогдолтой гэж үзээд хот хооронд явдаг тээврийн хэрэгслүүдийн тольтой харьцуулж үзэхэд Нuуndai Grandeur маркийн автомашины тольтой тохирч байсан ба уг машинуудын жолооч нарыг шалгахад Л.Зоригт нь тухайн өдөр Улаанбаатар хот руу тээвэрт явсан болохыг олж мэдсэн. Ингээд маргааш өдөр нь Л.Зоригтыг цагдаагийн хэлтэс дээр дуудан ирүүлж болсон зүйлийн талаар асуухад “би 2017.03.19-ний өдрийн 22 цагийн орчим өөрийн 20-35 УНЦ улсын дугаартай Huуndai Grandeur маркийн тээврийн хэрэгсэлтэй Улаанбаатар хот руу тээвэр хийж яваад зам дээр зогсож байсан 2 тооны адууг xаралгүй мөргөсөн нь үнэн, тэгээд энэ талаар зохих байгууллага, албан тушаалтанд мэдэгдээгүй, танил эгчийнхээ гаражинд хийчихсэн юм” гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26/

Гэрч П.Цогтсайханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... замын цагдаа Батзаан манай гэрийн гадаа ирчихсэн, юм хайгаад бололтой байсан. Тэгээд би Батзаан цагдаагаас юу болсон талаар тодруулж асуухад “танай гэрийн гражид байгаа машины эзэмшигч хэн вэ” гэхээр нь би нэг их юм бодолгүй “би байна” гэж хэлсэн, тэгсэн “та бичиг баримтаа гаргаад ир, яагаад тээврийн хэрэгслээ нуун дарагдуулаад байна аа” гэхээр нь “юун тээврийн хэрэгсэл хаана нууж дарагдуулсан юм вэ” гээд үл ойлголцоод зогсож байтал манай гэрийн гражаас Л.Зоригтын өмчлөлийн 20-35 УНЦ улсын дугаартай Huуndai Grandeur маркийн тээврийн хэрэгслийг чирж гаргасан, тэгсэн уг машины урд гупер болон салхины шил хагарсан юм мөргөсөн байдалтай байхаар нь юу ч хэлэлгүй өөрийнхөө ажлыг хийсэн. Тухайн үед би манай гражид хэний ямар машин байгаа болохыг мэдээгүй бөгөөд цагдааг явсаны дараа эхнэр Отгонтуяагаас юу болсон талаар асуухад “ 19-ний өдөр Л.Зоригт зам тээврийн осол гаргаад надаар машинаа чирүүлээд манай гэрийн гражид машинаа хийчихсэн юм аа, тухайн үед нь би цагдаагийн байгууллагад хэлээрэй гэж сануулсан чинь хэлээгүй байсан юм байна” гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27/

Гэрч Б.Агваандоржийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... 2017 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 23 цаг өнгөрч байхад үл таних хүн над руу 9901-тэй дугаараас залгаад Улаанбаатар ЗамынҮүдийн чиглэлийн дагуу хатуу хучилттай засмал зам буюу нартын хошуу зөрлөгийн харалдаа ирээд хот явах 4 хүн авах уу гэж асуухаар нь би 1 хүнтэй 3 хүн л авч явна гэж хэлтэл чи юу ч гэсэн хүрээд ирээч гэж хэлэхээр нь очсон чинь таксинд явдаг Зоригт гэх залуу өөрийн эзэмшлийн улсын дугаарыг нь мэдэхгүй байна, цагаан өнгийн грандеур маркийн автомашинтай зогсож байсан. Тухайн үед машины урд талын кобуданд эвдрэл үүсч, урд талын салхины шил хагарсан байсан ба Зоригт надтай уулзаад хот руу явах 4 хүнийг Замын-Үүд суманд хүргээд өгөөч дахиж машинаар явахгүй гээд байна миний машины тосол гойжоод машин халахгүй байна гэж хэлсэн, тэгэхээр нь би Зоригтоос машиныхаа шилийг яагаад хагалчихсан юм бэ гэтэл чамд ямар хамаатай юм гээд уурлаад байсан..” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28/

Шинжээчийн 2017 оны 03 сарын 24-ний өдрийн “1. Малчин У.Буяндэлгэр нь ЗХДүрмийн 23.7. Суурин газрын гаднах засмал замаар малыг зорчих хэсгийн дагуу тууж явахыг хориглоно. Засмал замд 50 метрээс дотогш хариулгагүй мал байлгахыг хориглоно. Малыг зам хөндлөн буюу гүүрээр аль болох түргэн, бөөнөөр нь гаргах бөгөөд энэ үед ойртон ирж яваа тээврийн хэрэгсэл зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн байна

2. 20-35 УНЦ улсын дугаартай Hyudai Grandeur маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Л.Зоригт нь МУ-ын ЗХД-ийн 2.5. Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ:

а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх

в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага /ажилтан/-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх

9.2. Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг зөрчсөн байна.

Автомашины тоормосны мөр хэргийн газарт байгаа эсэх нь тодорхойгүй байна.

3. Хурдыг тодорхойлох боломжгүй байна.

4. Хариулт 2 бүрэн хариулагдсан гэж үзэх боломжтой байна.

 5. Малчин У.Буяндэлгэр нь ЗХДүрмийн 23.7. заалт, 20-35 УНЦ улсын  дугаартай Hyudai Grandeur маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Л.Зоригт нь МУ-ын ЗХД-ийн 2.5. a, в, 9.2. заалтуудыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй байна” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 32-33/

2017 оны 05 сарын 15-ны өдрийн 52 тоот “ 7 настай угшилгүй, хээр зүсмийн бүдүүн морь 1 ширхэг 600,000 төгрөг,  2 настай угшилгүй, хонгор халзан зүсмийн үржлийн охин адуу  1 ширхэг  450,000 төгрөг гэсэн “09 тоот дүгнэлт /хх-ийн 37/

Шүүгдэгч Л.Зоригт нь урьд ял шийтгэлгүй гэсэн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас  /хх-ийн 52/

Хохирогч У.Буяндэлгэрийн “ хохиролд 2017 оны 06 сарын 21-ний өдөр 1,050,000 төгрөгийг авсан. Одоо энэ хүнд  ямар нэгэн гомдол, санал байхгүй” гэсэн өргөдөл  зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Л.Зоригт нь 2017 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 21 цагийн орчим Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас хойш 44 км-т Замын-Үүдээс Улаанбаатар чиглэлийн хатуу хучилттай замд 20-35 УНЦ улсын дугаартай Хьюндай граундер маркын тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын-Хөдөлгөөний дүрмийн 2 дугаар зүйлийн 2.5а, 2.5в, 9 дүгээр зүйлийн 9.2 дахь заалтыг зөрчсөний улмаас Замын-Үүд сумын малчин У.Буяндэлгэрийн эзэмшлийн хонгор халзан болон хээр зүсмийн хоёр адууг дайрч, зам тээврийн осол гаргаж 1,050,000 төгрөгийн хохирол учруулан зам тээврийн осол гарган, тухайн газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогдсон байна.

Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т заасан гэмт хэргийг шинжийг агуулсан байх тул түүнийг уг гэмт хэрэгт гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн тухайн гэмт хэрэгт гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 4/, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /5-7/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-12/, эд мөрийн баримт хурааж, хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 13/,  хохирогч У.Буяндэлгэрийн мэдүүлэг /хх-ийн 17/ гэрч Ш.Отгонтуяа /хх-ийн 20-21/, Б.Лхагвасүрэн, Ч.Батзаан, П.Цогтбаатар, Б.Агваандорж нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг, 2017 оны 03 сарын 24-ний өдрийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 32-33/, 2017 оны 05 сарын 15-ны 52 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 37/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас шүүгдэгч Л.Зоригтын үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар зүйлчилж ирүүлсэн нь түүний үйлдэлд тохирсон байна.

Шүүх 2015 оны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1-т зааснаар “ ... оногдуулах ялыг хөнгөрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн  хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасан журмыг хэрэглэж, шүүгдэгчийн үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй  байна. Учир нь шүүгдэгчийн үйлдлийг  2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар зүйлчилсэн нь хүндэвтэр гэмт хэргийн ангилалд багтаж байгаа бөгөөд эрүүгийн хариуцлагын хувьд 2015 оны Эрүүгийн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргээс хүнд ялтай байна.

Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох  бөгөөд  түүний хувийн  байдал, мөн хохирогчид хохирол төлбөрийг сайн дураар төлж барагдуулсан, хохирогч нь гомдол саналгүй гэсэн нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь хувиараа хөдөлмөр эрхэлдэг талаар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг бөгөөд энэ талаар хавтаст хэрэгт гэрч Ш.Отгонтуяа, Б.Лхагвасүрэн нар мэдүүлдэг болно. Иймд түүнд торгуулийн ялыг сонгон хэрэглэж, уг ялыг 6 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цагаан өнгийн тээврийн хэрэгслийн хугарсан толь, автомашины цагаан, хар өнгийн хуванцар хэлтэрхийг устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй болохыг дурдаж, шүүгдэгчийн 889788 дугаартай жолоочийн үнэмлэхийг буцаан олгох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас шүүгдэгч Лхагвасүрэнгийн Зоригтод холбогдох хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар зүйлчилж ирүүлсэнийг 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан мөн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.           

2.Шүүгдэгч Зээрднүүд овогт Лхагвасүрэнгийн Зоригтыг авто тээврийн гэмт хэргийг үйлдэж, хэргийн газрыг зориуд  орхиж зугатаасан  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3.Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Лхагвасүрэнгийн Зоригтыг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

4.Шүүгдэгч Л.Зоригт нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй болохыг дурдаж, шүүгдэгчийн 889788 дугаартай жолоочийн үнэмлэхийг буцаан олгосугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 6 дах хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цагаан өнгийн тээврийн хэрэгслийн хугарсан толь, автомашины цагаан, хар өнгийн хуванцар хэлтэрхийг утсгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

6. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Л.Зоригтод оногдуулсан 450,000 төгрөгийн торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

7.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч Л.Зоригт  нь торгох ялыг биелүүлээгүй бол ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг  нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хуулийн хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Зоригтод урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ     А.ЦЭРЭНХАНД