Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 183/ШШ2022/01640

 

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 05 сарын 24 өдөр Дугаар 183/ШШ2022/01640 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 0 дүгээр хороо, Арцатын ам, Г хотхон, 0000 байр, 000 тоот хаягт оршин суух, Ө овогт Оын Б /РД:00000000/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 00 дүгээр хороо, 0 дүгээр хэсэг, 00, 0 тоот хаягт байрлах, С ХХК /РД:0000000/-д холбогдох,

 

Хан-Уул дүүргийн 0 дүгээр хороо, Арцатын ам, Г хотхон, 000 дугаар байрны 000 тоот хаягт байршилтай, 108.5 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг нэхэмжлэгч О.Бийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагчид даалгуулах, орон сууцны захиалгын гэрээний үүргээ хугацаандаа гүйцэтгээгүйгээс үүссэн алданги 24 152 690 төгрөг, орон сууц захиалгын гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйгээс учирсан хохирол 8 400 000 төгрөг, нийт 32 552 690 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.И, түүний өмгөөлөгч Э.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.С нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч О.Бийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгч О.Б нь 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр С ХХК-тай орон сууц захиалгын гэрээ байгуулсан. Уг гэрээгээр С ХХК нь Хан-Уул дүүргийн 0 дүгээр хороо, Арцатын ам, Г хотхон, 1000 дугаар байрны 000 тоот хаягт байршилтай, 108.5 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг захиалгаар барьж гүйцэтгэн 2019 оны 2 дугаар улиралд багтаан барилга байгууламжийг хүлээн авах улсын комисс ажиллуулан ашиглалтад оруулан захиалагчид хүлээлгэн өгөх, О.Б нь гэрээний төлбөрт нийт 294 545 000 төгрөгийг 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн дотор төлж барагдуулах үүрэг тус тус хүлээсэн. Нэхэмжлэгч нь гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ хугацаанд нь бүрэн гүйцэтгэсэн боловч өнөөдрийг хүртэл хариуцагч С ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөх үүргээ гүйцэтгээгүй тул нэхэмжлэгч нь орон сууцны өмчлөх эрхээ улсын бүртгэлд бүртгүүлж чадахгүй нөхцөл байдал үүссэн. Талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн орон сууц захиалгын гэрээний 0 дүгээр зүйлийн 4.4-т захиалагч нь энэхүү гэрээний 3.3-т заасан шаардлагыг хангасан тохиолдолд орон сууцыг өөрийн өмчлөлд шилжүүлэн авах эрхтэй гэж, 3.4-д гүйцэтгэгч нь улсын комиссын акт гарсны дараа захиалагчийн орон сууцаа өмчлөх эрхийг баталгаажуулахтай холбогдох өөрөөс хамаарах шаардлагатай бичиг баримтыг захиалагчид гаргаж өгнө гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч О.Б нь Хан-Уул дүүргийн 0 дүгээр хороо, Арцатын ам, Г хотхон, 1000 дугаар байрны 000 тоот хаягт байршилтай, 108.5 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцны өмчлөгч бөгөөд өмчлөх эрхээ улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг хариуцагч нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх үүрэгтэй байна. Мөн С ХХК нь орон сууцыг гэрээгээр тохиролцсон хугацаа болох 2019 оны 2 дугаар улирал буюу эцсийн байдлаар 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор барилга байгууламжийг хүлээн авах улсын комисс ажиллуулан ашиглалтад оруулан захиалагчид хүлээлгэн өгөх үүргээ хугацаандаа гүйцэтгэлгүй нэхэмжлэгчид 2020 оны 0 дүгээр сарын 25-ны өдөр орон сууцны түлхүүрийг хүлээлгэн өгсөн. Талуудын хооронд байгуулагдсан орон сууц захиалгын гэрээний 6.2-т гүйцэтгэгч нь орон сууцыг ашиглалтад оруулахаар гэрээнд заасан хугацаанаас 45 хоногоос дээш хугацаагаар хэтрүүлсэн тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.05 хувьтай тэнцэх алдангийг захиалагчид төлнө. Уг алдангийг захиалагчийн орон сууц хүлээлцэх үеийн төлбөрөөс суутган тооцох ба хэрэв захиалагч төлбөрөө бүрэн төлсөн бол алдангийг захиалагчид олгоно гэж, 4.10-д захиалагч нь цаг агаарын нөхцөл байдал, барилгын магадалшгүй ажил, улсын комисс бүрдээгүй болон бусад шалтгааны улмаас орон сууцны барилгыг ашиглалтад оруулахаар гэрээний 3.1-д заасан хугацаанаас 45 хоногоор хойшлогдож болохыг, мөн түүнчлэн энэ хугацаанд гүйцэтгэгчид алданги тооцохгүй гэдгийг хүлээн зөвшөөрч байна гэж тус тус зааснаар 294 545 000 төгрөгийн 0.05 хувийн алданги болох 147 272,5 төгрөгийг ашиглалтад оруулж, хүлээлгэн өгөх байсан өдөр болох 2019 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн уг орон сууцыг хүлээлгэж өгсөн өдөр болох 2020 оны 00 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл 209 хоног байх бөгөөд 45 хоногийг хасч 164 хоногоор тооцоход 24 152 690 төгрөгийг С ХХК төлөх үүрэгтэй байна. Мөн хариуцагч С ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаандаа гүйцэтгээгүйгээс шалтгаалан нэхэмжлэгч нь гэрээгээр тохиролцсон орон сууцыг ашиглалтад оруулах эцсийн хугацаа болох 2019 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс орон сууцыг хүлээлгэн өгсөн өдөр болох 2020 оны 00 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл Сүхбаатар дүүргийн 0 дүгээр хороо, Хос жүрж хотхон, 00 дүгээр байрны 00 тоот хаягт байрлах 3 өрөө орон сууцыг нэг сарын 1 200 000 төгрөгөөр 7 сарын хугацаанд хөлсөлсөн бөгөөд нийт орон сууц хөлслөх гэрээний төлбөрт нэхэмжлэгч нь 8 400 000 төгрөг төлж хохирол учирсан тул хариуцагч үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйгээс учирсан хохирлыг С ХХК төлөх үүрэгтэй. Иймд Хан-Уул дүүргийн 0 дүгээр хороо, Арцатын ам, Г хотхон, 1000 дугаар байрны 000 тоот хаягт байрлах 108.5 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг О.Бийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагч С ХХК-д даалгаж, захиалгын гэрээний үүргээ хугацаандаа гүйцэтгээгүйгээс үүссэн алданги 24.152.690 төгрөг болон захиалгын гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйгээс учирсан хохирол 8 400 000 төгрөг, нийт 32 552 690 төгрөгийг хариуцагч С ХХК-аас гаргуулж нэхэмжлэгч О.Бт олгож өгнө үү гэв.

 

Хариуцагч С ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Хариуцагч С ХХК-аас нэхэмжлэгч О.Бийн нэхэмжлэлийн шаардлагаас орон сууцыг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримтуудыг гаргаж өгөхийг даалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаас бусад шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Манайх 2019 оны 6 сар гэхэд уг барилгыг барьж гүйцэтгээд улсын комисс ажиллуулах хүсэлтээ гаргасан боловч ямар ч хариу өгөхгүй, улсын комисс бүрдэж ажиллаагүйн улмаас орон сууцыг талуудын хооронд 2018 оын 10 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан орон сууц захиалгын гэрээний 3.1 болон 4.10-д заасан сунаж болох хугацаанаас 115 хоногийн дараа буюу 2019 оны 12 дугаар сарын 18-нд улсын комисс ажиллуулан байнгын ашиглалтад оруулсан. Гүйцэтгэгчийн хувьд бидний зүгээс Г төслийн 0 дүгээр ээлжийн 284 айлын 12 блок орон сууцыг ашиглалтад оруулах гэрээнд заасан хугацаа болох 2019 оны 2 дугаар улирлаас хэтрүүлсэн нь дан ганц өөрийн буруугаас болоогүй, ийнхүү өөрийн буруугаас болоогүй хугацааны хэтрэлтийг хариуцахгүй. Учир нь 2019 оны 6 дугаар сард улсын комисс ажиллуулах хүсэлт гаргаснаас хойш улсын комисс бүрдэж ажиллахгүй байсаар 6 сар шахам хугацаа өнгөрсөнтэй холбоотой. Хэрэв улсын комисс ажилласан бол хугацаандаа ашиглалтад орох боломжтой байсан. Байнгын ашиглалтад ороогүй орон сууцанд хүн оруулах, амьдруулахыг хориглодог бөгөөд хэдийгээр баригдсан ч захиалагчийг орон сууцанд нь оруулах эрх бидэнд байхгүй болохыг анхаарна уу. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй гэж заасан. Бид Г төслийн 0 дүгээр ээлжийн 5 давхар, 12 блок, 228 автомашины дулаан зогсоолтой, 283 айлын орон сууцны барилгад улсын комисс ажиллуулж байнгын ашиглалтад оруулах хүсэлтээ Нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газарт 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 2019/37 тоот албан бичгээр, мөн уг газарт 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдөр 000000 тоот албан бичгээр, Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын Барилга байгууламжийн хяналтын хэлтэст 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 0000000 тоот албан бичгээр гаргасан бөгөөд улсын комиссыг албадан ажиллуулах эрхгүй болохыг мөн анхаарах шаардлагатай. Харамсалтай нь улсын комисс бүрдэхгүй байсаар, удаж сунжирсаар төслийн 0 дүгээр блокийн барилгуудыг 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр улсын комисс байнгын ашиглалтад хүлээн авсан болно. Тэр даруй бид захиалагчийг орон сууцанд нь оруулсан. Нэхэмжлэгчийн байр хүлээлгэн өгсөн гээд байгаа баримт нь домофон хүлээлгэн өгсөнтэй холбоотой баримт байна. Гэрээний 3.1, 4.10-т зааснаар тооцож үзвэл гүйцэтгэгчийн зүгээс орон сууцыг улсын комисс ажиллуулан байнгын ашиглалтад оруулсан байвал зохих хугацаа нь 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдөр байхаар байна. Гэтэл бидний улсын комисс ажиллуулахаар хүсэлт гаргасан хугацаа нь дээр дурдсан хугацаанаас өмнө байгаа нь гэрээний үүргээ хэвийн гүйцэтгэсэн болохыг илэрхийлж нотолж байгаа болно. Иймээс гэрээний хугацаа хэтэрсэн нөхцөл байдал нь бидний буруугаас бус харин барилгыг байнгын ашиглалтад хүлээн авах улсын комисс бүрдээгүй, ажиллаагүйгээс шалтгаалсан тул 24.152.690 төгрөгийн алданги тооцох тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Мөн гэрээнд хохирол барагдуулах тухай, захиалагч бусдын байр, сууц хөлслөх тухай, тэр хөлсийг нь бид хариуцах тухай ямарваа нэгэн үүрэг хүлээлгэсэн заалт байхгүй, бидэнтэй тийм хэлцэл тохироо хийгдээгүй тул байр хөлсөлсний хохирол 8.400.000 төгрөг гаргуулах тухай шаардлага бидэнд огт хамаагүй болно. Мөн 8.400.000 төгрөгийг өгсөн гэх анхан шатны санхүүгийн баримт байхгүй байна. Мөн байр хөлслөн амьдарч байсныг нотлох ашиглалтын зардал төлсөн баримтыг гаргаж өгөөгүй. Түрээслэгчид эд зүйл өгсөн эсэх нь эргэлзээтэй байна. Эд зүйлийн үнэлгээ тодорхойгүй байхад 5 сая төгрөгөөр тооцож гар утас, нөүтбүүкийг аваад байгаа нь эргэлзээтэй. Харин маргаан бүхий орон сууц нь тусгай хамгаалалттай газар нутгийн байршилд хамаарч байсан тул Авлигатай тэмцэх газраас тухайн байршилд байгаа бүх барилгад өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгөхийг хязгаарласан байсан учир эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгэх асуудал түр хугацаанд саатаж байгаад одоогоос бүртгэлийн асуудал хэвийн явагдаж эхэлсэн болно. Гэрээний 4.6-д зааснаар нэхэмжлэгч буюу захиалагч орон сууцаа эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх асуудал нээлттэй учир орон сууцыг улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой баримтуудаа манайхаас гаргуулах авах боломжтой гэв.

 

Шүүх зохигчдын гаргасан нэхэмжлэл, тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулан тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь нэг бүрчлэн судлан өөрийн дотоод итгэлээр үнэлэн ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч О.Бийн Хан-Уул дүүргийн 0 дүгээр хороо, Арцатын ам, Г хотхон, 1205 байр, 000 тоот хаягт байршилтай, 108.5 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг нэхэмжлэгч О.Бийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагчид даалгуулах тухай шаардлагыг хариуцагч С ХХК хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон, орон сууц захиалгын гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйгээс учирсан хохирол 8 400 000 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, алданги 24 152 690 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ...хариуцагч С ХХК нь орон сууц захиалгын гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүйгээс учирсан хохирол, гэрээнд заасан алдангийн хамт гаргуулна... гэж тайлбарлав.

 

3. Хариуцагч нэхэмжлэгчийн ...Хан-Уул дүүргийн 0 дүгээр хороо, Арцатын ам, Г хотхон, 1000 дугаар байрны 000 тоот хаягт байршилтай, 108.5 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг түүний нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг даалгуулах шаардлагыг хүлээн зөвшөөрч, харин үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн нь компанийн буруугаас болоогүй гэх үндэслэлээр алданги, хохирлын шаардлагыг эс зөвшөөрч маргав.

 

4. Хэрэгт дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

Талуудын хооронд 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулагдсан бөгөөд уг гэрээгээр С ХХК нь Хан-Уул дүүргийн 0 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Арцатын аманд байрлах Г цогцолбор хотхоны 1000 дугаар байрны 000 тоот хаягт байршилтай, 108.5 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг барьж гүйцэтгэн 2019 оны 2 дугаар улиралд багтаан хүлээлгэн өгөх, О.Б нь ажлын хөлс 294 545 000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцож ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг.

 

Нэхэмжлэгч О.Б нь орон сууц захиалгын гэрээний 2.3, 2.4-т зааснаар захиалсан орон сууцны үнэ болох 294 545 000 төгрөгийг хэсэгчлэн төлөх үүргээ бүрэн биелүүлсэн болох нь зохигчдын тайлбар, хариуцагч С ХХК-ийн 2018 оны 10 дүгээр сарын 02-ны өдрийн №2016 дугаартай тодорхойлолт, өглөг авлагын дэлгэрэнгүй тайлан, төлбөрт тооцож өгөх хөрөнгийн мэдээлэл, төлбөрийн баримт зэргээр тогтоогдож байгаа, талууд энэ талаар маргаагүй болно. / 1-р хх-ийн 9, 70, 109-114/

 

Талуудын хооронд байгуулагдсан орон сууц захиалгын гэрээний 3.1-т гүйцэтгэгч нь орон сууцыг батлагдсан зураг төслийн дагуу хууль тогтоомж, барилгын норм дүрэм, стандартад нийцүүлэн 2019 оны 2 дугаар улиралд барьж улсын комисс ажиллуулан ашиглалтад оруулах үүрэг хүлээнэ гэж заасан байх ба тухайн гэрээний зүйл болсон орон сууцыг барьж, ашиглалтад оруулах сүүлийн хугацааг 2019 оны 2 дугаар улирал буюу 2019 оны 6 дугаар сарын 30-ны өдөр гэж үзэхээр байна. Мөн гэрээний 4.10-т зааснаар энэхүү 3.1-т заасан хугацаа цаг агаарын нөхцөл байдал, барилгын магадалшгүй ажил, улсын комисс бүрдээгүй болон бусад шалтгааны улмаас 45 хоногоор хойшлогдож болохыг, мөн энэ хугацаанд гүйцэтгэгчид алданги тооцохгүй байхаар талууд тохиролцсон байна.

 

Гэрээний дээрх заалтуудаас үзэхэд гүйцэтгэгч буюу хариуцагч нь орон сууцыг 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс хэтрүүлэлгүйгээр захиалагчид хүлээлгэн өгөх үүрэгтэй байна.

 

Хэрэгт авагдсан барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2019/889 дүгээр дүгнэлтээр Хан-Уул дүүргийн 0 дүгээр хороо, Эх ногоон дэлхий ХХК-ийн Г хотхоны 1301.4 м.кв үйлчилгээний талбай, 243.6 м.кв туслах талбай, 228 автомашины дулаан зогсоолтой, 282 байр сууцны барилгыг барилгын ажил зохих зөвшөөрөл, зураг төслийн дагуу бүрэн хийж, хууль тогтоомжид заасан шаардлагыг хангасан гэж үзээд ашиглалтад оруулж, улмаар хариуцагч С ХХК-аас захиалагчид 2020 оны 00 дүгээр сарын 25-ны өдөр орон сууцыг хүлээлгэн өгсөн гэх нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэлтэй гэж үзэв. /1-р хх-ийн 42-50/

 

Учир нь хариуцагч С ХХК-аас орон сууц захиалгын гэрээний 3.3-т зааснаар орон сууц ашиглалтад орсны дараа захиалагчтай төлбөр, алданги, торгууль болон бусад төлбөрийн тооцоо дууссан тухай өөрийн санхүүгийн төлбөрийн тодорхойлолтын баримтыг үндэслэн орон сууцыг захиалагчид актаар хүлээлгэн өгөх үүргийн дагуу 2020 оны 00 дүгээр сарын 25-ны өдрийн Г 2 байр хүлээлцэх акт гэх баримтыг үйлдсэнийг нэхэмжлэгчээс гаргаж өгсөн боловч тухайн баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 44.2-т заасан нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул нотлох баримтаар үнэлэх боломжгүй, тухайн баримтын эх хувь С ХХК-д байхгүй гэдэг шалтгаанаар гаргаж өгөөгүй болно. Өөрөөр хэлбэл хариуцагч нэхэмжлэгчийн тайлбарыг баримтаар няцаагаагүй. Гэрээний зүйл болох орон сууцыг 2019 оны 12 сард хүлээлгэн өгсөн гэх тайлбараа баримтаар нотлоогүй.

 

Хариуцагч орон сууцыг барьж ашиглалтад оруулах хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдалд үүрэг гүйцэтгэгч буруугүй гэх тайлбар хэргийн үйл баримтаар тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэл, 2019 оны 6 дугаар сараас 2019 оны 12 дугаар сар хүртэл Барилга, байгууламжийг ашиглалтад оруулах комисс хуваарийн дагуу хэвийн ажиллаж байсан болох нь Хот байгуулалт, хөгжлийн газрын 2021 оны 10 дүгээр сарын 09-ний өдрийн 05/3627 дугаар албан бичгээр нотлогдож байх ба тухайн комисс нь улсын комисс ажиллуулж, барилга байгууламжийг ашиглалтад оруулах хүсэлт гаргасан даруй ажиллаагүй нь гүйцэтгэгчээс шалтгаалаагүй боловч маргаан бүхий Хан-Уул дүүргийн 0 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Арцатын аманд байрлах Г хотхоны орон сууцны барилгыг байнгын ашиглалтад оруулах комиссын хурлын 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн хурлын тэмдэглэл, Эх ногоон дэлхий ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2019/133 дугаар албан бичиг зэргээс үзэхэд тухайн орон сууцны барилгад дутуу хийгдсэн ажлуудыг гүйцээх тухай үүрэг даалгаврыг биелүүлэхгүйгээр барилга байгууламжийг ашиглалтад оруулах, улсын комиссын дүгнэлтийг баталгаажуулах боломжгүй байсан болох нь тогтоогдож байна. /1-р хх-ийн 148-153, 2-р хх-ийн 3, 96-110/

 

Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-т үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ, 222 дугаар зүйлийн 222.1-т үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ гэж заасан ба хариуцагч С ХХК нь хугацаа хэтрүүлж гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хуулийн 200 дүгээр зүйлийн 219.1-д үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасан.

 

Нэхэмжлэгч О.Б нь хариуцагч С ХХК-ийг орон сууцыг гэрээнд заасан хугацаанд захиалагчид хүлээлгэн өгөх үүргийг зохих ёсоор гүйцэтгээгүйгээс 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдөр орон сууц хөлслөх гэрээг иргэн Б.Зоригтой байгуулж, түүний өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 0 дүгээр хороо, Хос жүрж 00 дүгээр байрны 00 тоотхаягт байрлалтай, 3 өрөө орон сууцыг сарын 1 200 000 төгрөгөөр 2020 оны 00 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл хөлсөлсөн, 8 400 000 төгрөгийн зардал гаргасан болох нь түүний тайлбар, орон сууц хөлслөх гэрээ, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, гэрчийн мэдүүлэг зэрэг баримтаар тогтоогдож байна. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар нэхэмжлэгч дээрх зардлыг хохиролд тооцон шаардах эрхтэй болно.

 

Харин нэхэмжлэгч нь гэрээний 6.2-т ... гүйцэтгэгч нь орон сууцыг ашиглалтад оруулахаар гэрээнд заасан хугацаанаас 45 хоногоос дээш хугацаагаар хэтрүүлсэн тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй ажлын гүйцэтгэлийн үнийн дүнгийн 0,05 хувьтай тэнцэх алдангийг захиалагчид төлнө... гэх тохиролцоог үндэслэн орон сууцыг хүлээлгэн өгөх өдөр болох 2019 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс орон сууцыг хүлээлгэн өгсөн өдөр болох 2020 оны 00 дүгээр сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд алданги гаргуулахаар шаардсан боловч талууд гүйцэтгээгүй ажлын гүйцэтгэлийг үнийн дүнг хэрхэн тооцохоор тохирсон нь тодорхойгүй, алдангийн тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ. гэж заасантай нийцэхгүй байх тул нэхэмжлэгчийг алданги шаардах эрхгүй гэж шүүх дүгнэлээ.

 

Түүнчлэн хариуцагч С ХХК нь нэхэмжлэгчийн Хан-Уул дүүргийн 0 дүгээр хороо, Арцатын ам, Г хотхон, 1000 дугаар байрны 000 тоот хаягт байршилтай, 108.5 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг нэхэмжлэгч О.Бийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагчид даалгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, маргаагүй тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 200 дүгээр зүйлийн 219.1, 227 дугаар зүйлийн 227.3, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч С ХХК-аас 8 400 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч О.Бт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 24 152 690 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч О.Бийн Хан-Уул дүүргийн 0 дүгээр хороо, Арцатын ам, Г хотхон, 1000 дугаар байрны 000 тоот хаягт байршилтай, 108.5 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг нэхэмжлэгч О.Бийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагчид даалгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч С ХХК хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 390 314 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С ХХК-аас улсны тэмдэгтийн хураамжид 219 550 төгрөг гаргуулж нэхэмжлэгч О.Бт олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ