Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2022 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2022/00499

 

О.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2021/02924 дугаар шийдвэртэй,

нэхэмжлэгч О.Б-ийн нэхэмжлэлтэй хариуцагч “С” ХХК-д холбогдох

 108.5 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг О.Б-ийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагчид даалгуулах, алдангид 24,152,690 төгрөг, хохиролд 8,400,000 төгрөг, нийт 32,552,690 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.И, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.С, Д.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

          1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: О.Б нь 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр “С” ХХК-тай орон сууц захиалгын гэрээ байгуулсан. Уг гэрээгээр “С” ХХК нь  108.5 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг захиалгаар барьж гүйцэтгэн 2019 оны 02 дугаар улиралд багтаан барилга байгууламжийг хүлээн авах улсын комисс ажиллуулан ашиглалтад оруулан захиалагчид хүлээлгэн өгөх, О.Б нь гэрээний төлбөрт 294,545,000 төгрөгийг 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн дотор төлж барагдуулах үүрэг тус тус хүлээсэн.

         Нэхэмжлэгч нь төлбөр төлөх үүргээ бүрэн гүйцэтгэсэн боловч хариуцагч “С” ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөөгүйгээс нэхэмжлэгч нь орон сууцны өмчлөх эрхээ улсын бүртгэлд бүртгүүлж чадаагүй. Гэрээний 3.4, 4.4-д заасны дагуу уг орон сууцны өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг хариуцагч нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх үүрэгтэй байна.

         Мөн “С” ХХК нь орон сууцыг гэрээнд тохирсон 2019 оны 2 дугаар улирал буюу мөн оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор барилга байгууламжийг хүлээн авах улсын комисс ажиллуулан ашиглалтад оруулан захиалагчид хүлээлгэн өгөх үүргээ хугацаандаа гүйцэтгэлгүй нэхэмжлэгчид 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр орон сууцны түлхүүрийг хүлээлгэн өгсөн. Гэрээний 4.10, 6.2-д зааснаар 294,545,000 төгрөгийн 0.5 хувийн алданги болох 147,272.5 төгрөгийг ашиглалтад оруулж, хүлээлгэн өгөх байсан өдөр болох 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн уг орон сууцыг хүлээлгэж өгсөн өдөр болох 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл 209 хоног байх бөгөөд 45 хоногийг хасч 164 хоногоор тооцоход 24,152,690 төгрөгийг “С” ХХК төлөх үүрэгтэй.

         Мөн хариуцагч “С” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаандаа гүйцэтгээгүйгээс нэхэмжлэгч нь гэрээгээр тохиролцсон орон сууцыг ашиглалтад оруулах эцсийн хугацаа болох 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс орон сууцыг хүлээлгэн өгсөн өдөр болох 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл  3 өрөө орон сууцыг нэг сарын 1,200,000 төгрөгөөр 7 сарын хугацаанд хөлсөлсөн бөгөөд нийт орон сууц хөлслөх гэрээний төлбөрт нэхэмжлэгч нь 8,400,000 төгрөг төлж хохирол учирсан тул хариуцагч үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйгээс учирсан хохирлыг “С” ХХК төлөх үүрэгтэй.

         Иймд уг 4 өрөө орон сууцыг О.Б-ийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагч “С” ХХК-д даалгаж, алдангид 24,152,690 төгрөг, хохиролд 8,400,000 төгрөг, нийт 32,552,690 төгрөгийг хариуцагч “С” ХХК-аас гаргуулж нэхэмжлэгч О.Б олгож өгнө үү гэжээ.

 

          2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Хариуцагч “С” ХХК-аас нэхэмжлэгч О.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагаас орон сууцыг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримтуудыг гаргаж өгөхийг даалгах тухай хүссэн нэхэмжлэлийн шаардлагаас бусад шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.

                  228 автомашины дулаан зогсоолтой, 283 айлын орон сууцны барилгад улсын комисс ажиллуулж байнгын ашиглалтад оруулах хүсэлтээ Нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газарт 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 2019/37 тоот албан бичгээр, мөн уг газарт 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 2019/53 тоот албан бичгээр, Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын Барилга байгууламжийн хяналтын хэлтэст 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 2019/57 тоот албан бичгээр гаргасан боловч улсын комисс бүрдэхгүй байсаар төслийн 1 дүгээр блокийн барилгуудыг 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр улсын комисс байнгын ашиглалтад хүлээн авсан даруйд захиалагчийг орон сууцанд оруулсан.

         Нэхэмжлэгчийн орон сууц хүлээлгэн өгсөн гэх баримт нь домофон хүлээлгэн өгсөн баримт байна. Гэрээний 3.1, 4.10-т зааснаар тооцож үзвэл гүйцэтгэгчийн зүгээс орон сууцыг улсын комисс ажиллуулан байнгын ашиглалтад оруулсан байвал зохих хугацаа нь 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдөр байхаар байна. Бидний улсын комисс ажиллуулахаар хүсэлт гаргасан хугацаа нь дээр дурдсан хугацаанаас өмнө байгаа нь гэрээний үүргээ хэвийн гүйцэтгэсэнийг илэрхийлж байна.

          Иймээс гэрээний хугацаа хэтэрсэн нөхцөл байдал нь барилгыг байнгын ашиглалтад хүлээн авах улсын комисс бүрдээгүй, ажиллаагүйгээс шалтгаалсан тул 24,152,690 төгрөгийн алданги тооцох тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

         Мөн гэрээнд хохирол барагдуулах тухай, захиалагч бусдын байр, сууц хөлсөлж хөлсийг нь хариуцах ямар нэг үүрэг хүлээлгэсэн заалт байхгүй, тохиролцоо хийгдээгүй тул орон сууц хөлсөлсний хохирол 8,400,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг зөвшөөрөхгүй. 8,400,000 төгрөгийг төлсөн гэх анхан шатны санхүүгийн баримтгүй, орон сууц хөлслөн амьдарч байсныг нотлох ашиглалтын зардал төлсөн баримтыг гаргаж өгөөгүй, эд зүйл өгсөн эсэх нь эргэлзээтэй байна.

         Эд зүйлийн үнэлгээ тодорхойгүй байхад 5 сая төгрөгөөр тооцож гар утас, нөүтбүүкийг авсан нь эргэлзээтэй. Харин маргаан бүхий орон сууц нь тусгай хамгаалалттай газар нутгийн байршилд хамаарч байсан тул Авлигатай тэмцэх газраас тухайн байршилд байгаа бүх барилгад өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгөхийг хязгаарласан учир эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгэх асуудал түр хугацаанд саатсан, одоо бүртгэл хэвийн болсон. Захиалагч орон сууцаа эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой баримтуудаа манайхаас гаргуулах авах боломжтой гэжээ.

 

          3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “С” ХХК-аас 23,858,145 төгрөг гаргуулж нэхэмжлэгч О.Б олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8,694,545 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан 108.5 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг нэхэмжлэгч О.Б-ийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагчид даалгуулах тухай О.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч “С” ХХК хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож,

          Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 390,314 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С ХХК-аас улсны тэмдэгтийн хураамжид 347,440 төгрөг гаргуулж нэхэмжлэгч О.Б олгож шийдвэрлэжээ.

 

          4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: Орон сууцыг хүлээлгэн өгөх өдөр болох 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дараагийн өдөр буюу 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс орон сууцыг хүлээлгэн өгсөн өдрөөс өмнөх өдөр болох 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүртэлх хугацааны алдангийг тооцож үзэхэд нийт 208 хоног болж байна. Нийт 208 хоногоос орон сууц захиалгын гэрээний 4.10-д заасан хойшлогдож болох 45 хоногийг хасч нийт 163 хоногийн алданги 24,005,417.5 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, үлдэх 147,272.5 төгрөг байхаар байна. Түүнчлэн, шүүхийн шийдвэрт нэг хоногийн алдангийг 147,272.5 гэж зөв тооцоолсон боловч бичиглэлийн алдаа гарган 142,272.5 гэж бичигдэн техникийн алдаа гаргасан.

          Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт зааснаар энэхүү хуулийн зохицуулалт нь зөвхөн гүйцэтгэсэн ажилд ямар нэг доголдол гарсан тохиолдолд гомдол гаргах шаардах эрхийн талаарх зохицуулалт юм. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс гүйцэтгэсэн ажил буюу орон сууцны доголдлын талаар гомдол нэхэмжлэлдээ гаргаагүй буюу Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.3, 222.7 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчийн хугацаа хэтрүүлснээс учирсан хохирлыг арилгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байхад хэрэглэх ёсгүй хууль хэрэглэн, хууль хэрэглээний илэрхий алдаа гарган нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангахгүй орхисон нь үндэслэлгүй байна.

          Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа хариуцагчийн гэрээний үүргээ хугацаандаа гүйцэтгээгүйгээс учирсан хохирлыг шаардсан тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт заасны дагуу гурван жилийн хугацааны дотор шаардлага гаргахаар зохицуулсан. Нэхэмжлэгч нь орон сууцыг 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авснаас хойш 1 жил 3 сар гаруй хугацааны дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан тул хуульд заасан хугацааны дотор шаардлага гаргасан гэж үзэхээр байна.

          Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч “С” ХХК-иас 32,405,417.5 төгрөг гаргуулж нэхэмжлэгч О.Б олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 147,272.5 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

          5. Хариуцагч талаас давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүх хохирлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна. Учир нь нотлох баримт байхгүй. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэж шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсгийг зөв хэрэглэж шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлтэй. Нэхэмжлэгч талаас хариуцагч “С” ХХК нь гэрээний нөхцөлийг зөрчсөний улмаас орон сууцыг хөлсөлсөн гэж тайлбарладаг тул гэрээний нөхцөлийг зөрчсөн гэж үгийн шууд утгаар энэхүү заалтыг хэрэглэх нь хууль зүйн үндэслэлтэй. Анхан шатны шүүх хуулийн зүйл, заалтыг зөв хэрэглэсэн. Нотлох баримтаар тогтоогдохгүй байгаа тул 8,400,000 төгрөгийн хохирлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэжээ.

 

          6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх Иргэний хууль болон талуудын хооронд байгуулагдсан гэрээнд заагдсан алдангийн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн тул шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлгүй болжээ.

          Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, талуудын хооронд байгуулсан орон сууц захиалгын гэрээний 6.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс алдангийг тооцон бодохоор зохицуулсан боловч анхан шатны шүүхээс алдангийг тооцохдоо гэрээний нийт үнийн дүнгээр тооцож, хууль болон гэрээнд заагдсан заалтуудыг буруу тайлбарлан хэрэглэсэн.

          Анхан шатны шүүхээс хариуцагч “С” ХХК нь 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар барилгыг 98 хувьтай барьж гүйцэтгэсэн байсан боловч хариуцагч “С” ХХК-ийг огт барилга бариагүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй, барилгын суурь цутгаагүй, барилгын хана, таазыг угсраагүй мэтээр дүгнэж, гэрээний нийт үнийн дүнгээр алданги тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй байна.

          Мөн шүүхээс хариуцагч “С” ХХК-ийг тухайн барилгыг барьж, гүйцэтгэсэн хэсэгт огт үнэлэлт, дүгнэлт өгөөгүй, дан ганц улсын комисс хүлээн авсан эсэх дээр дүгнэлт өгч, огт барилга бариагүй гэж дүгнэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, талуудын хооронд байгуулагдсан гэрээнд барьж, ашиглалтад оруулан, тус барилгаа улсын комисст хүлээлгэн өгөхөөр заасан боловч шүүхээс дан ганц улсын комисст хүлээлгэн өгөх үүрэгтэй мэтээр тайлбарласан нь буруу.

          Түүнчлэн тус барилгыг хугацаанд нь ашиглалтад оруулах зорилгоор удаа дараа улсын комисст хандаж байсан боловч улсын комисс бүрдэлгүй, удаа дараа хариу өгөөгүй, төрийн байгууллагын хүнд суртлаас үүдэн тус барилгыг хугацаа хожимдуулж ашиглалтад оруулсан тул хариуцагч “С” ХХК-ийн буруутай үйлдэл биш юм.

          Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт заасны дагуу төрийн байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас хугацаандаа барьж гүйцэтгэсэн барилгаа ашиглалтад оруулж чадаагүй. Иймээс улсын комисс ажиллуулаахар удаа дараа хүсэлт өгч байсан боловч улсын комисс ажиллахгүй, эс үйлдэхүй гаргаж байснаас шалтгаалан тус барилгыг гэрээнд заасан хугацаанд ашиглалтад оруулаагүй тул улсын комисст хүлээлгэн өгөөгүй үеийн барилгын гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээр алданги тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байсан болно.

          “С” ХХК болон туслан гүйцэтгэгч компаниудын баталгаажуулсан барилгыг гүйцэтгэлийг дүгнэсэн актад маргаан бүхий орон сууцыг 98 хувийн гүйцэтгэлтэй барьж гүйцэтгэсэн гэж дүгнэсэн тул гэрээ болон хуульд заасны дагуу гүйцэтгээгүй үүрэг болох үлдэгдэл 2 хувь дээр алданги тооцох үндэслэлтэй бөгөөд гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 5,890,900 төгрөг болж буй боловч гэрээний 6.4 дэх хэсэгт заасны дагуу 1,178,180 төгрөгийн алдангийг төлөх үндэслэлтэй.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу шүүхээс хэрэгт авагдсан баримтуудыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх ёстой байсан боловч хариуцагч “С” ХХК-аас гаргаж өгсөн барилгын гүйцэтгэлийн хувь дүгнэсэн актууд, 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн барилга, байгууламжийг ашиглалтад оруулах техникийн ксмиссын дүгнэлт, Хот байгуулалт, хөгжлийн газарт хүргүүлсэн хүсэлтүүдийг тус тус хэрэгт ач холбогдолтой, эргэлзээгүй, үнэн зөв талаас нь үнэлээгүй.

          Иймд шүүхээс хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.3-т заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийн алданги тооцсон хэсгийг гэрээний гүйцэтгэлтэй харьцуулан өөрчилж өгнө үү гэжээ.

 

          7. Нэхэмжлэгч талаас давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга: Алдангийн талаарх анхан шатны шүүхийн шийдвэр зөв гарсан. Харин тооцооллын хувьд 1 өдрийн алдангийн буруу тооцсон, бичиглэлийн алдаа гаргасан. Хууль зүйн үндэслэлийн хувьд зөв гарсан, хариуцагчийн гомдол үндэслэлгүй гэж үзэж байна. Талууд гэрээний үүргээр орон сууцыг ашиглалтад оруулах хугацаанаас алданги тооцохоор тохиролцсон болохоос хувь хэмжээгээр тооцохоор тохиролцоогүй. Тиймээс орон сууц ашиглалтад орох хугацаанаас 45 хоногийг хасч нэхэмжилсэн нөхцөл байдлыг харгалзан үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

          1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд иргэний хэргийг зохигчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянасан болно.

 

          2. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

 

3. Нэхэмжлэгч О.Б нь хариуцагч “С” ХХК-д холбогдуулан 108.5 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг түүний нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг даалгуулах, алдангид 24,152,690 төгрөг, хохиролд 8,400,000 төгрөг, нийт 32,552,690 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3а.Талуудын хооронд 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулагдсан бөгөөд уг гэрээгээр “С” ХХК нь 202 тоот хаягт байршилтай, 108.5 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг барьж гүйцэтгэн 2019 оны 2 дугаар улиралд багтаан хүлээлгэн өгөх, О.Б нь ажлын хөлс 294,545,000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон, энэ үйл баримтын талаар талууд маргаангүй.

 

3б. “С” ХХК нь орон сууцыг гэрээнд заасан хугацаанд захиалагчид хүлээлгэн өгөх үүргийг зохих ёсоор гүйцэтгээгүйгээс учирсан хохиролд бусдын орон сууцыг хөлсөлж төлсөн төлбөр 8,400,000 төгрөгийг гаргуулах О.Б-ийн нэхэмжлэлийг анхан шатны шүүх Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт заасан гомдлын шаардлага гаргах хугацааг хэтрүүлсэн тул шаардах эрхгүй гэж дүгнэн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Ингэхдээ О.Б нь 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр орон сууц хөлслөх гэрээг иргэн Б.З-той байгуулж, түүний өмчлөлийн,  3 өрөө орон сууцыг сарын 1,200,000 төгрөгөөр 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл хөлсөлсөн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, гэрч Б.З-ийн мэдүүлэг, орон сууц хөлслөх гэрээ зэргээр тогтоогдсон гэж дүгнэхдээ анхан шатны шүүх алдаа гаргажээ. Орон сууц хөлслөх гэрээний зүйл нь үл хөдлөх эд хөрөнгө байх бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг зохигчийн тайлбар, гэрчийн мэдүүлгээр нотлохгүй юм. Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх улсын бүртгэлээр тодорхойлогдох тул хуульд заасан шаардлагыг хангасан нотлох баримтыг шүүх үнэлэх учиртай. Энэ нотлох баримт байхгүй тохиолдолд уг гэрээг байгуулсан эсэх, гэрээ хүчин төгөлдөр эсэх, гэрээний дагуу төлбөр төлсөн эсэх, энэ төлбөрийг хохиролд тооцож шаардах эрхтэй эсэх нь тодорхой болох юм.

 

          Дээрх алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7, 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэгт заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн                   167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2021/02924 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 151,707 төгрөг, хариуцагчаас төлсөн 278,000 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурьдсугай.

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Э.ЗОЛЗАЯА

 

                                                                       

                                     ШҮҮГЧИД                                          Г.ДАВААДОРЖ

 

 

                                                                                    Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ