Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 183/ШШ2022/01639

 

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 05 сарын 24 өдөр Дугаар 183/ШШ2022/01639 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 00 дугаар хороо, Зүүн наран 00 гудамж, 00 тоот хаягт оршин суух, А овогт Нын Б /РД:000000000/-ийн нэхэмжлэлтэй,

 

 Хариуцагч: Хан-Уул дүүргийн 00 дугаар хороо үйлдвэр, 00а байр, 00 тоот хаягт оршин суух, Т овогт Аийн Д /РД:000000000/-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 24 800 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, хариуцагчийн өмгөөлөгч Г.Х, нарийн бичгийн дарга Б.С нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Н.Б нь хариуцагч А.Дтай 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 20 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай 8 хувийн хүүтэй зээлдүүлж, зээлдэгч нь зээлийн хүүг сар бүр төлөөд сүүлийн сар үндсэн төлбөрийг хүүгийн хамт эргэн төлөхөөр тохирсон. А.Ды хүсэлтээр эхний сарын хүүг зээлийн мөнгөн хөрөнгө болох 20 000 000 төгрөгөөс урьдчилан суутгаж, 2021 оны 10 сарын 06-ны өдөр 15 400 000 төгрөгийг, 2021 оны 10 сарын 07-ны өдөр 3 000 000 төгрөгийг, нийт 18 400 000 төгрөгийг түүний Хаан банк дахь 5498051765 тоот дансанд шилжүүлж гэрээний үүргээ биелүүлсэн. 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 2 дахь сарын хүү төлсөн байдаг. Түүнээс хойш 3,4 сарын хүүг төлөөгүй байдаг. Нэхэмжлэгчийн хувьд 1,2 сарын хүү 4 800 000 төгрөг, үндсэн зээл 20 000 000 төгрөг, нийт 24 800 000 төгрөгийг нэхэмжилж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулсанд маргадаггүй. Зээлдэгчийн өмчлөлд 18 400 000 төгрөгийн зээл авсан гэж үздэг. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасны дагуу зээлдүүлэгчид зээлийг шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцогдох зохицуулалттай байгаа. Нийт 3 200 000 төгрөгийн хүү төлсөн байдаг. Арилжааны банкны зээлийн жилийн хүү 15-18 хувьтай байдаг. Тэгэхээр 6 сарын хугацааны хүү дээд тал нь 9 хувь байгаа. Гэтэл 2 тал харилцан тохиролцоод зээлийн гэрээг бичгээр байгуулж зээлийн хүүг тохирсон гэж байгаа боловч харилцан тохиролцсон үйл баримт нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт зааснаар зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол илт хохиролтой тогтоогдсон гэж байгаа. Учир нь 6 сарын зээлийн гэрээний хүү 48 хувь байна. Хохиролтойгоор тогтоогдсон зээлийн гэрээний хүүг шүүх багасгаж болно гэж зохицуулалтын дагуу багасгаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчээс 2021 оны 10 сарын 06-ны өдрийн зээлийн гэрээ, Хаан банк дахь дансны хуулга, Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл гэх баримт, А.Ды зээл олгохыг хүссэн хүсэлт, зээл, зээлийн хүү төлөх хуваарь эдгээр баримтуудыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Хариуцагч шүүхэд бичгээр хариу тайлбар болон баримтыг гаргаж өгөөгүй байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагаас 24 032 000 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, 768 000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ...хариуцагч А.Д зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 20 000 000 төгрөг, 3 сарын хүү 4 800 000 төгрөг, нийт 24 800 000 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүй... гэж тайлбарлав.

 

3. Хариуцагчийн өмгөөлөгч ...гэрээний дагуу 20 000 000 төгрөг биш, 18 400 000 төгрөгийг хүлээн авсан байдаг тул хүлээн авсан үнийн дүнгээс хүү тооцох ёстой. Мөн гэрээгээр тохирсон хүү нь хэт өндөр зээлдэгчид илт хохиролтой тогтоосон тул хүүг багасаж шийдвэрлэх үндэслэлтэй... гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлаж байна.

 

4. Хэрэгт дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

Талуудын хооронд байгуулагдсан 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн зээлийн гэрээ нотлох баримтаар авагдсан ба уг гэрээгээр, зээлдүүлэгч Н.Б нь 20 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 8 хувийн хүүтэй, зээлдэгч А.Дд олгох, зээлдэгч нь зээлийн хүүг сар бүр төлөх, хугацааны эцэст үндсэн зээл, хүүгийн хамт төлж дуусгахаар, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувиар алданги тооцох нөхцөлөөр харилцан тохиролцжээ.

 

Талууд гэрээг бичгээр байгуулж, хүсэл зоригоо гарын үсэг зурж баталгаажуулсан тул Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 232 дугаар зүйлийн 232.3, 281 дүгээр зүйлийн 281.1-т заасантай нийцсэн, хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнэсэн ба талуудын хэн аль нь гэрээний үүрэг шаардах эрхтэй юм.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг.

 

Нэхэмжлэгч буюу зээлдүүлэгч Н.Б нь зээлийн гэрээ байгуулсан 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр гэрээний 2.3-д заасан Хаан банк дахь 0000000006 тоот дансанд 15 400 000 төгрөг, 10 дугаар сарын 07-ны өдөр 3 000 000 төгрөг нийт 18 400 000 төгрөг шилжүүлсэн болох нь зохигчдын тайлбар болон дансны хуулгаар тогтоогдож байна. /хх-5/

 

Хариуцагчийн өмгөөлөгчийн зээлийн гэрээний дагуу олгосон дүнгээс хүү тооцох учиртай гэх тайлбар үндэслэлтэй бөгөөд харин хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Өөрөөр хэлбэл талууд зээлийн хүүг сарын 8 хувиар тохиролцон тогтоосон нь Иргэний хуулийн 189 дугаар зүйлийн 189.1-д гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулж, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-т зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно. гэж тус тус заасантай нийцнэ.

 

Дээр дүгнэсэнчлэн, нэхэмжлэгчээс гэрээний дагуу шилжүүлсэн 18 400 000 төгрөгт тооцогдвол зохих хүү нь /1 сарын хүү 1 472 000 х 6 сар/ 8 832 000 төгрөг байх ба хариуцагч нь гэрээний хугацаанд зээлийн хүүд 3 200 000 төгрөг төлсөн үйл баримтын талаар маргаагүй тул хариуцагчийн гүйцэтгэвэл зохих үүрэг нь үндсэн зээл 18 400 000 төгрөг, зээлийн хүүд 5 632 000 төгрөг, нийт 24 032 000 төгрөг байна.

 

Иймд хариуцагч А.Даас зээлийн гэрээний үүрэгт 24 032 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Бт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 768 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

 

1.   Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч А.Даас 24 032 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Бт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 768 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.   Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 281 950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 278 110 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ