Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2022/01600

 

 

 

 

 

 

 

 

 

Н.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч С.Энхбаяр, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШШ2022/01639 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Н.Б-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.Д-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 24,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Н.Б- нь Б.Д-тай 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан зээлийн гэрээгээр 20,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 8 хувийн хүүтэй зээлдүүлэх, зээлдэгч нь зээлийн хүүг сар бүр төлөөд сүүлийн сар үндсэн төлбөрийг хүүгийн хамт эргэн төлөхөөр тохирсон. Б.Д-ы хүсэлтээр эхний сарын хүүг зээлийн мөнгөн хөрөнгө болох 20,000,000 төгрөгөөс урьдчилан суутгаж, нийт 18,400,000 төгрөгийг 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 15,400,000 төгрөг 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 3,000,000 төгрөгөөр тус тус хэсэгчлэн хариуцагчийн Хаан банк ХХК дахь 00000000 тоот дансанд шилжүүлсэн. Хариуцагч нь 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 2 дахь сарын хүү төлсөн, түүнээс хойш 3, 4 сарын хүүг төлөөгүй. Нэхэмжлэгчийн хувьд 1, 2 сарын хүү 4,800,000 төгрөг, үндсэн зээл 20,000,000 төгрөг, нийт 24,800,000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

2. Хариуцагч талын хариу тайлбарын агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулсанд маргадаггүй. Зээлдэгчийн өмчлөлд 18,400,000 төгрөгийн зээл авсан гэж үздэг. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасны дагуу зээлдүүлэгчид зээлийг шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцогдох зохицуулалттай. Нийт 3,200,000 төгрөгийн хүү төлсөн. Арилжааны банкны зээлийн жилийн хүү 15-18 хувьтай байдаг. Тэгэхээр 6 сарын хугацааны хүү дээд тал нь 9 хувь байгаа. Гэтэл 2 тал харилцан тохиролцоод зээлийн гэрээг бичгээр байгуулж зээлийн хүүг тохирсон гэж байгаа боловч харилцан тохиролцсон үйл баримт нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт зааснаар зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол илт хохиролтой тогтоогдсон гэж үзэж байна. Учир нь 6 сарын зээлийн гэрээний хүү 48 хувь байна. Хохиролтойгоор тогтоогдсон зээлийн гэрээний хүүг шүүх багасгаж болно гэж заасан тул зээлийн хүүг багасгаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Б.Д-аас 24,032,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Б-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 768,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 281 950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 278 110 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Арилжааны банкны зээлийн жилийн хүү 15-18 хувьтай байдаг. Тэгэхээр 6 сарын хугацааны хүү дээд тал нь 9 хувь байгаа. Гэтэл 2 тал харилцан тохиролцоод зээлийн гэрээг бичгээр байгуулж зээлийн хүүг тохирсон гэж байгаа боловч харилцан тохиролцсон үйл баримт нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт зааснаар зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол илт хохиролтой тогтоогдсон гэж үзэж байна. Учир нь 6 сарын зээлийн гэрээний хүү 48 хувь байна. Хохиролтойгоор тогтоогдсон зээлийн гэрээний хүүг шүүх багасгаж болно гэж заасан тул зээлийн хүүг багасгаж өгнө үү гэжээ.

 

Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Нэхэмжлэгч арилжааны банк биш иргэн юм. Арилжааны банкнуудын тавьдаг шаардлага, барьцаа хөрөнгийг хариуцагчаас шаардаагүй. Хариуцагч өөрөө хүсэлтээ гараараа бичиж өгсөн. Хариуцагч нь Саандэй худалдааны 1, 2 дугаар төвд гутлын бизнес эрхэлдэг мөнгөний боломжтой хүн юм.

Хариуцагч банкнаас цаг хугацаа их алдаж байна гэж өөрөө хүсэлтээ өгч, зээл авсан. Зээл авснаас хойш 10 сар болж байна. Тус хугацаанд 3,200,000 төгрөгийг төлсөн байдаг. Өнөөдрийг хүртэл ямар ч төлбөр мөнгө төлөөгүй. Өөрийнхөө бизнест зөндөө ашиглаж орлого олж өнөөдрийг хүртэл явсан. Тэгэхээр анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй тул хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулв.

2. Нэхэмжлэгч Н.Б- нь хариуцагч Б.Д-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн төлбөр 20,000,000 төгрөг, хүү 4,800,000 төгрөг, нийт 24,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч хүүгийн хэмжээг эс зөвшөөрч маргажээ.

3. Талууд 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн зээлийн гэрээгээр зээлдүүлэгч Н.Б- нь зээлдэгч Б.Д-д 20,000,000 төгрөгийг, сарын 8 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч нь зээл, хүүг гэрээгээр баталсан хуваарийн дагуу буцаан төлөх үүргийг тус тус хүлээсэн. Зээлийн гэрэний дагуу зээлдүүлэгчээс 18,400,000 шилжүүлсэн. Энэ үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоож, талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж зөв дүгнэсэн.

Гэрээний талууд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан эрхийн хүрээнд хүсэл зоригоо илэрхийлэн, харилцан тохиролцон хүү тогтоосон, гэрээг бичгээр байгуулсан нь хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 282.3 дахь хэсгийн заасантай нийцсэн байна. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хуулийн үндэслэлтэй. Хариуцагч Б.Д- нь зээлийн хүүд 3,200,000 төгрөг нэхэмжлэгч Н.Б-т төлсөн талаар тайлбарласан, нэхэмжлэгч үгүйсгэж маргаагүй тул зээлийн хүүгийн хэмжээг багасгах хуулийн зохицуулалтыг шүүх хэрэглээгүй гэх хариуцагчийн гомдол үндэслэлгүй.

Анхан шатны шүүх хариуцагчийн үндсэн зээлийн үүргийг 18,400,000 төгрөгөөр тооцсон нь зөв. Харин зээлийн хүүд 4,800,000 төгрөг гаргуулах нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас хальж, зээлийн хүү 5,632,000 төгрөг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын зарчимд нийцэхгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШШ2022/01639 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 24,032,000 гэснийг 23,200,000 гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтын 278,110 гэснийг 273,950 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч талаас урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

Ч.ЦЭНД