Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 183/ШШ2022/01712

 

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 05 сарын 30 өдөр Дугаар 183/ШШ2022/01712 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 0-р хороо, Сүхбаатарын гудамж, Б ХХК-ийн байранд байрлах, ГХХК /РД:0000000/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 0 дүгээр хороо, VELLG VISTA хотхон 000-0000 тоот хаягт оршин суух, Ш овогт Эын Ө /РД:000000000/-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 32 921 414,54 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, Д.Ө, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А, нарийн бичгийн дарга Б.С нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ....Э.Ө нь 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдөр Голомт банктай 00000000000 тоот зээлийн эрхтэй төгрөг, долларын хосолсон АМЕХ кредит карт ашиглах гэрээ байгуулж, 14 000 000 төгрөг, 10 000 ам долларын зээлийн эрхтэй картыг бэлэн гүйлгээний сарын хүү 3,5 хувь, бэлэн бус гүйлгээний сарын хүү 2 хувь, зээлийн эрх хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүү сарын 2 хувь, зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 1 хувь, 24 сарын хугацаатай ашиглах нөхцөлтэй авсан. Зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчин зээлийн төлбөрөө төлөхгүй кредит картын 31 сарын хугацааг хэтрүүлэн зээлийн үндсэн төлбөр 13 022 936,31 төгрөг, зээлийн хүү 12 560 390,72 төгрөг, зээлийн эрх хэтрүүлсний хүү 3 125 921,70 төгрөг, зээлийн хугацаа хэтрүүлсний хүү 4 086 998,12 төгрөг, нийт 31 795 586,85 төгрөг, долларын зээлийн хүү 1 цент, зээлийн хугацаа хэтрүүлсний хүү 44.07 доллар, нийт 44.08 доллар, 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Монгол банкны ханшаар 125 527,69 төгрөг нийт 32 921 414,54 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү. Хэдийгээр харилцагчийн хүсэлтээр гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж барьцаалсан хадгаламжийн данснаас төлөлтийг татахдаа банкны ажилтан тооцооллын алдаа гаргасан боловч шаардаж буй мөнгөн дүнг хариуцагч ашигласан тул гэрээгээр тохирсон хүүг тооцох үндэслэлтэй... гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...2018 оны 8 дугаар сарын 03-ны өдөр байгуулагдсан гэрээтэй маргахгүй. Э.Ө нь 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр картыг цуцлах хүсэлтийг тавьж, банк хүлээн зөвшөөрөөд картын үйлчилгээг цуцалснаа мэдэгдэж, барьцаалсан хадгаламжийн 0000000000 тоот данснаас суутгал хийн гэрээ цуцлагдсан. Банк зээлийн картыг хаасан гэж мэдэгдсэн. Үүнээс хойш хариуцагч нь уг картыг төлбөр тооцоо дууссан, хаагдсан гэж ойлгож байсан. Хэсэг хугацааны дараа банкнаас манай ажилтан алдаа гаргасан байна. Таны картын төлбөр үлдэгдэлтэй байгаа талаар хэлсэн. 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр картын гэрээ цуцлагдсан гэж үзэж байгаа. Түүнээс хойш хүү болон нэмэгдүүлсэн хүүг төлөх үндэслэлгүй. Банкны ажилтны алдаанаас шалтгаалан үүссэн зөрүү төлбөр 14 918 620 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байгаа. Нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчээс хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2018.08.03-ны өдрийн 00000000000 дугаар кредит картын гэрээ, кредит картын тооцооллын хүснэгт, 2022.02.15-ны өдрийн Голомт банкны валютын арилжааны ханш, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.06.30-ны 182/ШШ2021/00000 дугаар шийдвэр, Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн 2022.01.06-ны өдрийн хаяг олж тогтоож эрэн сурвалжлалтыг зогсоосон талаарх албан бичиг, 2016.05.25-ны өдрийн Голомт банкны кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ, бүтээгдэхүүний нөхцөл гэх эдгээр баримтуудыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Хариуцагчийн хүсэлтээр шүүх Э.Өын Гдахь 0000000000 тоот ам.долларын дансны хуулгыг нэхэмжлэгчээс нотлох баримтаар гаргуулсан болно.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ГХХК-ийн нэхэмжлэлээс 14 918 629,18 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, 18 002 786 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ...Э.Ө нь Голомт банктай 2018 оны 08 сарын 03-ны өдөр 00000000000 тоот зээлийн эрхтэй, төгрөг, доллар хосолсон кредит карт эзэмших зээлийн гэрээ байгуулан 14 000 000 төгрөг, 10 000 ам долларын зээлийн эрхтэй картыг бэлэн гүйлгээний сарын хүү 3,5 хувь, бэлэн бус гүйлгээний сарын хүү 2 хувь, зээлийн эрх хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүү сарын 2 хувь, зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 1 хувь, 24 сарын хугацаатай ашиглах нөхцөлтэй авсан. Зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчин зээлийн төлбөрөө төлөхгүй кредит картын 31 сарын хугацааг хэтрүүлэн зээлийн үндсэн төлбөр 13 022 936,31 төгрөг, зээлийн хүү 12 560 390,72 төгрөг, зээлийн эрх хэтрүүлсний хүү 3 125 921,70 төгрөг, зээлийн хугацаа хэтрүүлсний хүү 4 086 998,12 төгрөг, нийт 31 795 586,85 төгрөг, долларын зээлийн хүү 1 цент, зээлийн хугацаа хэтрүүлсний хүү 44.07 доллар, нийт 44.08 доллар, 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Монгол банкны ханшаар 125 527,69 төгрөг нийт 32 921 414,54 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардах эрхтэй гэж тодорхойлж байна.

 

3. Хариуцагч ...2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр картыг цуцлах хүсэлтийг тавьж, банк хүлээн зөвшөөрөөд картын үйлчилгээг цуцалснаа мэдэгдэж, барьцаалсан хадгаламжийн 0000000000 тоот данснаас суутгал хийн гэрээ цуцлагдсан. Банк зээлийн картыг хаасан гэж мэдэгдсэн. Хэсэг хугацааны дараа банкнаас манай ажилтан алдаа гаргасан байна. Таны картын төлбөр үлдэгдэлтэй байгаа талаар хэлсэн. Банкны ажилтны алдаанаас шалтгаалан үүссэн зөрүү төлбөр 14 918 620 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байгаа. Тухайн төлбөрт хүү, нэмэгдүүлсэн хүү тооцох үндэслэлгүй... нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч маргав.

 

4. Хэрэгт дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

ГХХК болон Э.Ө нарын хооронд 2018 оны 08 сарын 03-ны өдөр 00000000000 дугаар кредит картын гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр карт эзэмшигч Э.Өт 14 000 000 төгрөг, 10 000 ам долларын зээлийн эрхтэй картыг бэлэн гүйлгээний сарын хүү 3,5 хувь, бэлэн бус гүйлгээний сарын хүү 2 хувь, зээлийн эрх хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүү сарын 2 хувь, зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 1 хувь байхаар, 24 сарын хугацаатай ашиглах нөхцөлтэй олгохоор тохирсон байна.

 

Талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээ нь эрх зүйн харилцааны хувьд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс зээл олгох гэрээнд хамаарч байх бөгөөд хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ.

 

Гэрээний 5.2-т хариуцагчийн Голомт банкинд байрших хадгаламжийн 0000000000 тоот дансыг 18 500 ам.долларын дүнгээр барьцаалахаар тохирсон байх бөгөөд банк уг данснаас кредит картын эргэн төлөлтөд 2019 оны 05 сарын 20-ны өдөр 13 709,23 ам.доллар буюу 36 277 501,52 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр 7 404,24 ам.доллар буюу 20 096 069,91 төгрөгийн таталтыг тус тус хийсэн болох нь дансны хуулга зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгчээс нотлох баримтаар гаргаж өгсөн кредит картын тооцооллын хүснэгтээс үзэхэд хариуцагч Э.Ө нь 2019 оны 11 сарын 29-ны өдрөөс хойш бэлэн болон бэлэн бус гүйлгээ огт хийгээгүй тухайн картыг ашиглаагүй байна.

 

Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1, 221.2-т хүндэтгэн үзэх үндэслэл байвал урт хугацаатай гэрээг талууд гэрээ дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзаж болно. Талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүднээс гэрээний хугацааг үргэлжлүүлэх, сунгахыг шаардах боломжгүй нөхцөл байдлыг хүндэтгэн үзэх үндэслэл гэж үзнэ. гэж заажээ.

 

Дээрхээс дүгнэхэд харилцагчийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах саналыг банк хүлээн авч, барьцаалсан хадгаламжийн 0000000000 тоот данснаас кредит картын төлбөрийг суутган гэрээ цуцлагдсан гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй байна.

 

Талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 08 сарын 03-ны өдрийн 00000000000 дугаар кредит картын гэрээ хугацаанаас өмнө буюу 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр цуцлагдсан гэж үзэх үндэслэлтэй тул нэхэмжлэгч гэрээний үүрэгтэй холбоотой хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхгүй. Өөрөөр хэлбэл, гэрээ цуцлагдсанаар үүргийн харилцаа дуусгавар болох учир үүргийн харилцаанаас үүсэх шаардах эрх мөн дуусгавар болно.

 

Харин гэрээ цуцлагдах үед банкны ажилтан тооцооллын алдаа гаргаснаас хариуцагчийн карт ашигласан төлбөр 14 918 629,18 төгрөгийн зөрүү гарсан үйл баримтын талаар зохигчид маргаагүй тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-т бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэг этгээдэд хөрөнгө шилжүүлсэн эдгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө буцаан шаардах эрхтэй, 492.1.1-т хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд хөрөнгөө буцаан шаардах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч ГХХК нь хариуцагч Э.Өаас 14 918 629,18 төгрөгийг буцаан шаардах эрхтэй байна.

 

Иймд хариуцагч Э.Өаас 14 918 629,18 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ГХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 18 002 786 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

                                                ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 221 дүгээр зүйлийн 221.1, 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Э.Өаас 14 918 629,18 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ГХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 18 002 786 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 322 558 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 232 544 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ