Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2022/01392

 

 

 

 

 

2022 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2022/01392

 

Г ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Ч.Цэнд, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2022/01712 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Г ХХК

Хариуцагч: Э.Өт холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 32,921,414 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхтулга, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Аззаяа шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Э.Ө нь 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Гтай ЗГ/270080311 дугаар зээлийн эрхтэй төгрөг, долларын хосолсон АМЕХ кредит карт ашиглах гэрээ байгуулж, 14,000,000 төгрөг, 10,000 ам.долларын зээлийн эрхтэй картыг бэлэн гүйлгээний сарын хүү 3,5 хувь, бэлэн бус гүйлгээний сарын хүү 2 хувь, зээлийн эрх хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүү сарын 2 хувь, зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 1 хувь, 24 сарын хугацаатай ашиглах нөхцөлтэй авсан. Зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчин зээлийн төлбөрөө төлөхгүй кредит картын 31 сарын хугацааг хэтрүүлэн зээлийн үндсэн төлбөр 13,022,936.31 төгрөг, зээлийн хүү 12,560,390.72 төгрөг, зээлийн эрх хэтрүүлсний хүү 3,125,921.70 төгрөг, зээлийн хугацаа хэтрүүлсний хүү 4,086,998.12 төгрөг, нийт 31,795,586.85 төгрөг, долларын зээлийн хүү 1 цент, зээлийн хугацаа хэтрүүлсний хүү 44.07 доллар, нийт 44.08 доллар, 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Монгол банкны ханшаар 125,527.69 төгрөг, нийт 32,921,414.54 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү. Хэдийгээр харилцагчийн хүсэлтээр гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж барьцаалсан хадгаламжийн данснаас төлөлтийг татахдаа банкны ажилтан тооцооллын алдаа гаргасан боловч шаардаж буй мөнгөн дүнг хариуцагч ашигласан тул гэрээгээр тохирсон хүүг тооцох үндэслэлтэй гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр байгуулагдсан эсэхэд маргахгүй. Э.Ө нь 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр картыг цуцлах хүсэлтийг тавьж, банк хүлээн зөвшөөрөөд картын үйлчилгээг цуцалснаа мэдэгдэж, барьцаалсан хадгаламжийн 2705106870 тоот данснаас суутгал хийн гэрээ цуцлагдсан. Банк зээлийн картыг хаасан гэж мэдэгдсэн. Үүнээс хойш хариуцагч нь уг картыг төлбөр тооцоо дууссан, хаагдсан гэж ойлгож байсан. Хэсэг хугацааны дараа банкнаас манай ажилтан алдаа гаргасан байна. Таны картын төлбөр үлдэгдэлтэй байгаа талаар хэлсэн. 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр картын гэрээ цуцлагдсан гэж үзэж байгаа. Түүнээс хойш хүү болон нэмэгдүүлсэн хүүг төлөх үндэслэлгүй. Банкны ажилтны алдаанаас шалтгаалан үүссэн зөрүү төлбөр 14,918,620 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байгаа. Нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 221 дүгээр зүйлийн 221.1, 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Э.Өаас 14,918,629.18 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Голомт банк ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 18,002,786 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 322,558 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 232,544 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: Э.Өын зүгээс хэдэн оны хэдэн сарын хэдний өдөр Г ХХК-д ЗГ/270080311 тоот зээлийн эрхтэй төгрөг, Атех кредит картын гэрээг цуцлаж карт хаалгах талаар хүсэлт өгсөн гэх боловч шүүхийн хэлэлцүүлгийн явцад болон нотлох баримтын хүрээнд тогтоогдоогүй байхад 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн ЗГ/270080311 дугаар кредит картын гэрээ хугацаанаас өмнө буюу 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр цуцлагдсан гэж үзэх үндэслэлтэй тул нэхэмжлэгч гэрээний үүрэгтэй холбоотой хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхгүй гэж үзэж байгаа нь үндэслэлгүй байна. Харилцагчийн 2705106870 тоот хадгаламжийн дансны хуулгаас харахад 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр картын ашигласан төлбөрөө төлүүлэх хүсэлтээ өгсөн. 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн ханшаар 36,277,501.52 төгрөгийн зарлага гаргаж кредит картын төлбөрөө төлсөн нь харагдаж байна. Уг төлбөрийг төлөх үед Э.Ө зөвхөн хуримтлагдсан өрөө төлсөн боловч кредит картын пластикаа биеэр авчирч өгөөгүй, цаашид өөрөө ашигласан зэргээс харахад кредит картын гэрээ цуцлах хүсэлт биш гэж үзэж байна. Тухайн өрөө төлсөнөөс хойш кредит картаа Э.Ө дахин ашигласаар байсан нь хуулгаас харагддаг бөгөөд эргэн төлөлт хийхгүй ашигласаар байгаад 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр ам долларын өрийг хадгаламжийн данснаас 7,404.24 ам.доллар, бэлнээр 883.54 ам.доллар буюу нийт 8,287.78 ам.доллар тушаасан. Уг төлбөрийг төлсөнөөр хосолсон валюттай картын долларын эрх нь өргүй болж төгрөгийн өр үлдсэн. Харин хадгаламжийн үлдэгдэл дууссан бөгөөд 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 29- ний өдөр хүртэлх ашигласан төгрөгийн эрхийн төлбөрөө төлж барагдуулалгүй үлдээсэн. Кредит картын гэрээний 6.2 дугаар зүйлийн 6.2.2 дахь хэсэгт зааснаар иЭнэхүү гэрээний 6.1.6 дахъ хэсэгт заасны дагуу Карт эзэшигчтэй банк яаралтай холбогдох шаардлага гардаг тул Карт эзэмшигч утасын дугаар, имэйл өөрчлөгдөх, өөр ажилд шилжих тухай бүр энэ талаар банкинд мэдээлэх үүрэгтэй гэж заасныг зөрчсөн талаар хавтас хэрэгт авагдсан Чингэлтэй дүүргийн Итгэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.06.30-ны өдрийн 182/ШШ2021/01421 дуаар шийдвэр, Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёр дугаар хэлтсийн 2022.01.06-ны өдрийн хаяг олж тогтоож эрэн сурвалжлалтыг зогсоосон талаарх албан бичиг зэргээр тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэгчид зээлийн гэрээнээс татгалзаж өөрийгөө эрсдэлээс хамгаалах эрх бүрэн үүссэн байхад түүнийг харгалзан үзэлгүй хэт нэг талыг баримталсан, тэгш эрхийн зарчмыг хангалгүй шийдвэр гаргасан гэж үзэж байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийн 18,002,786 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон хэсгийг хүчингүй болгож нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга: Хариуцагч Э.Өын зүгээс анхан шатны шүүх болон шүүх хуралдаанд үнэн зөв тайлбар гаргаж өгсөн. Тухайн кредит картыг цуцлах тухай хүсэлтийг Э.Өын зүгээс 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр банкны ажилтантай утсаар холбогдож хэлэхэд таны хүсэлтийг хүлээн авлаа карт цуцлагдсан гэсэн хариу мэдэгдсэн. Үүнээс хойш хэд хоногийн дараагаар банкнаас өөр ажилтан холбогдож банкны ажилтан алдаа гаргасан байна. Таны карт үлдэгдэл өртэй байсан байна гэж мэдэгдсэн. Бүх болсон зүйлийн тухай анхнаасаа хариу тайлбар өгсөн. Нэхэмжлэгч талаас тухайн банкны ажилтан алдаа гаргасан, гэрээ цуцлагдсан гэсэн үйл баримтад анхан шатны шүүхэд маргаагүй хүлээн зөвшөөрсөн. 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр талууд харилцан тохиролцон гэрээг цуцалсан учраас үүнээс хойш гарсан хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй буюу хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэдийгээр банкны ажилтан алдаа гаргасан боловч гарсан төлбөр байгаа болохоор гарсан төлбөрийг хүлээн зөвшөөрч төлнө. Анхан шатны шүүхийн шийдвэр хуульд заасан нотлох баримтыг үнэн зөв үнэлж, дүгнэсэн учир шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч Г ХХК нь хариуцагч Э.Өт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 32,921,414.54 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас 14,918,620 төгрөг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

3. Г ХХК нь 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Э.Өтай ЗГ/270080311 Кредит картын гэрээ байгуулж, 14,000,000 төгрөг, 10,000 ам.долларын зээлийн эрхийн хэмжээтэй, 24 сарын хугацаатай, картыг бэлэн гүйлгээний сарын хүү 3,5 хувь, бэлэн бус гүйлгээний сарын хүү 2 хувь, зээлийн эрх хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүү сарын 2 хувь, зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 1 хувь байхаар тохиролцсон үйл баримт тогтоогдсон байна. /хх 8-9/

4. Талуудын хооронд банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт нийцжээ.

5. Хариуцагчийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах саналыг нэхэмжлэгч хүлээн авч, барьцаалсан хадгаламжийн данснаас кредит картын төлбөрийг суутгаснаар гэрээ цуцлагдсан гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл муутай болсон байна.

5.1. Учир нь, талууд кредит картын гэрээг 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл 2 жилийн хугацаатай байгуулсан. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй бөгөөд мөн зүйлийн 225.2 дахь хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзнэ. Өөрөөр хэлбэл, талууд гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, гэрээнээс татгалзах тохиолдолд хууль болон гэрээнд заасан журмыг хэрэглэнэ.

5.2 Гэрээний 4.4.1-т карт эзэмшигчийн хүсэлтээр зээлийн зарцуулалт, хүү, нэмэгдүүлсэн хүү бүрэн төлөгдсөний дараа гэж, 4.4.2-т карт эзэмшигч зээлийн эрхээ 1 жилийн хугацаанд огт ашиглаагүй бол банкны санаачилгаар хаана гэж заасан байх бөгөөд энэ нь гэрээг цуцлахтай холбоотой зохицуулалт гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт зааснаар хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарах бөгөөд мөн зүйлийн 41.2 дахь хэсэгт зааснаар хүсэл зоригийн илэрхийллийн утга ойлгомжгүй бол хүсэл зоригоо илэрхийлэгчийн хэрэгцээ, шаардлага, үг болон үйлдэл, эс үйлдэхүй, бусад нөхцөл, байдалд дүн шинжилгээ хийх замаар тайлбарлах тул давж заалдах шатны шүүхээс гэрээний 4.4-т заасан зохицуулалтыг гэрээг цуцлах агуулгаар тайлбарлав.

5.3 Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хариуцагчийн данснаас кредит картын төлбөрийг суутган авсан нь, мөн хариуцагч нь 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс бэлэн болон бэлэн бус гүйлгээ хийгээгүй нь гэрээг цуцалсан гэж үзэх үндэслэл болохгүй байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь гэрээнд заасны дагуу гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах талаар нэхэмжлэгчид хүсэл зоригоо илэрхийлж байсан гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдохгүй байхад анхан шатны шүүх ...хариуцагч нь 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс бэлэн болон бэлэн бус гүйлгээ хийгээгүй, ... нэхэмжлэгч нь 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хариуцагчийн данснаас кредит картын төлбөрийг суутган гэрээ цуцлагдсан гэж дүгнэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна. Иймд нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын ...хариуцагч гэрээг цуцлах хүсэлт өгөөгүй гэх агуулга бүхий хэсгийг хангах үндэслэлтэй байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар 2022 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүртэлх хугацааны үндсэн зээлийн үлдэгдэл /бэлэн болон бэлэн бус/ нийт 13,022,936 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй.

5.4 Иргэний хуулийн 453 дүгээр зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй. Мөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай /2021 оны/ хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт зааснаар зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, гэрээний хугацаа дууссанаас үл хамаарч хариуцагч нь зээлийг бэлэн болон бэлэн бусаар ашигласан хугацааны үндсэн зээлийн үлдэгдэл төлбөрт ногдох хүү төлөх үүрэгтэй тул нэхэмжлэгч нь 2022 оны 02 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацааны хүүгийн төлбөрт 12,560,390 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй. Иймд хүүгийн төлбөр гаргуулах талаарх нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй байна.

6. Нэхэмжлэгч нь 3,125,921 төгрөг гаргуулах шаардлагын үндэслэлээ зээлийн эрх хэтрүүлсний хүү гэж, 4,086,338 төгрөг гаргуулах шаардлагын үндэслэлээ зээлийн хугацаа хэтрүүлсний хүү гэж тодорхойлсон. Түүнчлэн, гэрээний 2-т зээлийн эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 2 хувь, зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 1 хувь байхаар заасан байгаагаас үзвэл шаардлагын агуулга нь нэмэгдүүлсэн хүү шаардсан гэж үзэхээр байна.

6.1 Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт зааснаар зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болох бөгөөд мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол гэрээнд заасан нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй. Гэтэл гэрээний 2-т зээлийн эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 2 хувь, зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 1 хувь байхаар заасан нь хуулийн дээрх шаардлагыг хангаагүй байхаас гадна уг заалт нь хуульд заасан нэмэгдүүлсэн хүүгийн шинжийг агуулаагүй байх тул талуудыг гэрээгээр нэмэгдүүлсэн хүүгийн талаар тохиролцсон гэж үзэх боломжгүй байна. Иймд нэхэмжлэгч нь хариуцагчаас 7,212,259 төгрөгийг шаардах эрхгүй тул энэ талаарх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

7. Дээрх гэрээний дагуу ам.долларын зээлийн үлдэгдэл төлбөрт 0.01 ам.доллар, зээлийн хугацаа хэтрүүлсний хүүгийн төлбөрт 44.07 ам.доллар, нийт 44.08 ам.доллар буюу нийт 125,827 төгрөг гаргуулах шаардлагын тухайд хариуцагч нь ам.долларын бэлэн болон бэлэн бус гүйлгээний төлбөрийн үлдэгдэлгүй байхад нэхэмжлэгч нь хугацаа хэтрүүлсэн хүүгийн төлбөр шаардсан нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт нийцээгүй байна.

8. Анхан шатны шүүх гэрээг цуцлах талаар дүгнэлт хийхдээ маргаанд хамааралгүй Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1, 221.2 дахь хэсэгт заасан зохицуулалтыг хэрэглэсэн байхаас гадна шаардах эрхийн үндэслэлд хамааралгүй гэрээний бус үүрэг болох мөн хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг гэрээний үүргийн маргаантай хамт хэрэглэсэн нь хууль хэрэглээний хувьд оновчгүй болжээ.

9. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт холбогдох өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2022/01712 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э.Өаас 25,583,326 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7,338,080 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

2 дахь заалтын ...232,544 гэснийг ...285,867 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 247,964 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

М.БАЯСГАЛАН