Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 183/ШШ2022/01716

 

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 05 сарын 30 өдөр Дугаар 183/ШШ2022/01716 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 00 дугаар хороо, Дүнжингарав хорооллын 0000 тоот хаягт оршин суух, Б овогт Сгийн Г /РД:000000000/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 00 дугаар хороо, Гутал оффисын байр, 000 тоот хаягт байрлах, М /РД:000000/-т холбогдох

 

Сахилгын шийтгэл оногдуулсан тушаалуудыг хүчингүйд тооцуулж, дутуу олгосон цалин хөлс олгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Г, түүний өмгөөлөгч Б.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т, нарийн бичгийн дарга Б.С нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ....Миний бие 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн М-т ахлах мэргэжилтнээр ажиллаж байгаа. Ажиллаж байх хугацаанд ажлын байрны тодорхойлолтын дагуу ажилладаг, хууль бус үйлдэл, ашиг сонирхлын зөрчил надад байхгүй. Уг байгууллагын удирдлагууд хувийн чанартай үйлдлүүд их хийдэг. Би тэр тал дээр дургүй байдаг. Энэ үндэслэлээр намайг хавчин дарамталж, эцэс сүүлд нь нийлж зодсон байдаг. Шүүхэд хандсан шалтгаан нь сахилгын шийтгэлийн арга хэмжээг мэдэгдэлгүйгээр удаа дараа цалингаас хассан. 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 11 цагаас М-ын орлогч дарга Д.Т, хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн Н.О, хууль хүний нөөц хариуцсан мэргэжилтэн Б.А нар байлцаж сахилгын шийтгэлтэй гэдгийг мэдсэн. Шударга бус зүйлийг хүлээн зөвшөөрөхгүй, гомдолтой байдаг. Миний тооцоогоор 1 024 147 төгрөгийг нэхэмжилж байгаа. Ажил тасалсан удаа байдаггүй, зохиомлоор ажил таслуулсан болгож, асар их дарамт шахалттай, хууль бус үйлдлүүд их хийдэгт гомдолтой бөгөөд нотлох баримтууд байгаа. Ажлын групп дээр тайлан хамгаалах талаар бичсэн байхаар нь ажил дээр очиход чи яах гэж ирсэн юм, ажлын зураг авалт хийж байна гэж хөөгөөд зодоон гаргасан. Урьд жил 100 жилийн ойгоор 520 бөх барилдаж байхад хагас, бүтэн сайнгүй ажиллаж, зочид үйлчилгээний ажлын албаныхантай хамт ажилласан. Гэтэл манай ажилчид 1 800 000 төгрөг өгч байхад надад цалин 250 000 төгрөг өгсөн. Ахлахаа та хэдэн төгрөг авсан бэ гэхэд би ичээд хэлж чадаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү... гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь шүүхэд гаргасан тайлбартаа: ...2020 оны 12 дугаар сард ахлах мэргэжилтний албан тушаалд томилогдсон. Өнөөдрийг хүртэл 1 жил 6 сар орчим ажиллаж байх хугацаанд нийт цалин, хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогоос нийт 4 удаа хасалт хийсэн байдаг. Үндсэн цалингаас 4 удаа, үр дүнгийн нэмэгдэл буюу урамшууллын цалингаас 2 удаа хасалт хийсэн байдаг. Маш цөөхөн сарын хугацаанд цалин хөлсөө бүтэн авсан, бусад тохиолдолд их, бага хэмжээгээр хасуулдаг байсан. Цалин хөлс гэдэг бол хүний амьдралын баталгааны нэг хэлбэр мөн. Миний үйлчлүүлэгчийн ажлын байр Улаанбаатараас 35 км-ийн зайтай байдаг бөгөөд очиж байршиж ажилладаг. Өглөө, оройд маш их цаг хугацаа зарцуулж амьдралынхаа ихэнх цаг хугацааг ажилдаа зориулж ажлаа хийгээд цалин хөлсөө бүтэн авч чадахгүй байгаа нь удирдлагуудтай үзэл бодол зөрчилдөх нэг шалтгаан болсон. Цалин хөлсийг удаа дараа хассан үндэслэлээс харахад эрх ашгаа зөрчүүлээд, хүлээн зөвшөөрөөд явах боломжгүй нөхцөл байдалд хүрсэн тул шүүхэд хандсан. Байгууллагын захиргаанд 2,3 удаа бичгээр өргөдөл өгөхөд хэзээ ч хариу хэлж байгаагүй, сүүлдээ төв байгууллага руугаа өргөдөл өгөхөд өргөдөлд дурдсан асуудлыг шийдвэрлээгүй, үндэслэлтэй сахилгын шийтгэл ногдуулсан гэсэн л хариу өгсөн байдаг. Цалин хөлсний задаргааг хэргийн материалаас харж дүн шинжилгээ хийж үзэхэд нэхэмжилж буй нийт үнийн дүн 1 024 147 төгрөгт багтаж байгаа. Үндсэн цалингаас 2021 оны 3 дугаар сард нэг өдрийн цалин хассан буюу 36 258 төгрөг, 2021 оны 6 дугаар сард мөн үндсэн цалингаас 159 355 төгрөгийг хассан, ур чадварын нэмэгдлээс 40 000 төгрөг, 2021 оны 8 дугаар сард үндсэн цалингаас 217 548 төгрөг, үр дүн 199 419 төгрөгийг огт өгөөгүй, 2021 оны 9 дүгээр сард үндсэн цалингаас 253 806 төгрөг, үр дүнгээс 64 000 төгрөг, хамгийн сүүлд 2021 оны 12 дугаар сард үр дүнгийн урамшуулал 159 535 төгрөгийг тус тус хассан байдаг. 8, 9 дүгээр сарын үр дүнгийн урамшуулал хассантай маргахгүй байгаа. Тухайн үед ковидын нөхцөл байдал үүссэнтэй холбоотой Нийслэлийн онцгой байдал, Улсын онцгой байдлын газраас гамшгийн бүрэн байдалд шилжих тухай тогтоолын дагуу зайнаас ажилласан байдаг учраас үр дүнгийн урамшуулал хассантай маргахгүй. 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдөр сахилгын шийтгэлийг Б20, 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Б78 тоот тушаалуудаар сахилгын шийтгэл ногдуулаад, сахилгын шийтгэл ногдуулсан хугацааны үр дүнг олгоогүй талаар хариуцагч хариу тайлбартаа өгсөн. Сахилгын шийтгэл ногдуулсан тушаалууд дээр С.Г гэх хүнийг яг ямар хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмаар хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс болж сахилгын шийтгэл ногдуулж байгаа талаар баримт хэрэгт авагдаагүй, ажил олгогчийн зүгээс ирүүлсэн хариу тайлбартай танилцахад өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлдэггүй гэх тайлбар өгдөг боловч эсрэгээрээ миний үйлчлүүлэгчийн зүгээс төлөвлөгөө, тайлан, зохих шаардлагаа тавиад явж байсан. Тайлангаа хийгээд өгөхөөр хүлээж авдаггүй, гарын үсэг зурдаггүй, автобусны жолооч нь хүртэл гүйгээд ирж явахад нь хүртэл зориудаар хөдлөөд явчихдаг. Удирдлагууд нь ялгаварлан гадуурхаж харьцахаар дор нь ажиллаж байгаа хүмүүс нь хүртэл давхар үгүйсгэж эхэлсэн. Хөдөлмөрийн хүнд харилцаанд байсаар байгаад зодооноор дууссан. Удирдлагын зүгээс ажилтантайгаа хэрхэн харьцаж байгаа нь бусад ажилтанд нөлөөлж, ажлаа хийх гээд очиход нь чамайг хэн дуудсан юм гээд нийлээд зодож цохисон асуудал үүссэн. Хөдөлмөрийн тухай хуулиар цалин хөлсийг хасах хууль зүйн зохицуулалтад нийцэхгүй, үндэслэлгүй сахилгын шийтгэл авагдаад, түүнийг хэрхэн, хэзээ авагдсанаа мэдэхгүй яваад байна, цалин хөлснөөс нь хасаад байгаа нөхцөл байдал үүсч байгаа учраас хэвийн хөдөлмөр эрхлэх ямар ч боломж, бололцоогүй болж байна. Иймд тушаалууд нь хууль зүйн үндэслэлгүй, сахилгын шийтгэл ногдуулж байгаа үндэслэлээ тодорхойлоогүй учраас хүлээн зөвшөөрөх боломжгүй. Тушаалуудыг хүчингүй болгож дутуу олгосон цалин хөлс 1 024 147 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү... гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Дотоод журмын дагуу 2 удаа сахилгын шийтгэлийг ногдуулсан ба холбогдох материалуудыг гаргаж өгсөн. Сахилгын шийтгэл авсан тушаалууд хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байгаа. Үндсэн цалинг сахилгын шийтгэлтэй холбогдуулж хасч байгаагүй, хасагдсан шалтгаан нь өвчтэй, тасалсан нь албан ёсоор бүртгэгдээд хасагдсан байгаа. Үр дүнгийн урамшуулал гэж андуурч яриад байх шиг байна, ур чадварын урамшууллыг сар бүр олгодог. Хүн бүрд зайлшгүй олгогддог урамшууллын мөнгө биш бөгөөд ажлын хэсэг дүгнээд удирдлагад танилцуулаад ур чадвартай ажилласан хүний урамшууллыг 10 хувь, 100 хувь олгодог талаар цалингийн дэлгэрэнгүй мэдээллийг хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн. Ковидын нөхцөл байдалд ажилласан үед цалин хасаагүй, ажлаагүй үед цалинг хассан үйл баримт байгаа. Түүнээс үндсэн цалингаас хасаагүй... гэв.

 

Нэхэмжлэгчээс М-ын даргын 2020.12.11-ний өдрийн Б/109 дугаар С.Гыг ажилд томилох тухай тушаал, иргэний үнэмлэхийн хуулбар, 2021.08.30-ны өдөр М-ын захиргаанд хаягласан өргөдөл, 2021.11.29-ний Б/00 дугаар С.Год сахилгын шийтгэл оногдуулах тухай тушаал, 2021.12.28-ны өдрийн М-ын захиргаанд хаягласан өргөдөл, 2022.01.11-ний өдрийн Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд хаягласан өргөдөл, М-ын 2022.02.14-ны өдрийн 6 тоот хариу хүргүүлэх тухай албан бичиг, 2022.02.18-ны өдрийн 000000 дугаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас М-ын дарга А.От хүргүүлсэн албан тоот, Нийслэлийн Хан-Уул дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн 2022.03.21-ны өдрийн 155 дугаар хариу тайлбар хүргүүлэх тухай албан бичиг, эдгээр баримтуудыг нэхэмжлэлдээ хавсарган шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн бөгөөд уг баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болоогүй болно. Ажиллагааны явцад эмнэлгийн магадлагаа, ажлын төлөвлөгөө, тайланг нотлох баримтаар гаргаж өгсөн.

Хариуцагчаас 2021.01.06-ны өдрийн А/01 тоот Хөдөлмөрийн дотоод журам шинэчлэн батлах тухай тушаал болон дотоод журам, 2021.01.29-ны Б/05 тоот С.Гыг ажилд жинхлэн томилох тухай даргын тушаал, 2020.12.11-ний өдрийн 22 дугаар хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, М-ын 2022.02.14-ны өдрийн 6 тоот хариу хүргүүлэх тухай албан бичиг, 2021.03.22-ны өдрийн Б/00 дугаар С.Год сахилгын шийтгэл оногдуулах тухай М-ын даргын тушаал, 2021.11.29-ний өдрийн Б/00 дугаар С.Год сахилгын шийтгэл оногдуулах тухай М-ын даргын тушаал, 2021.03.22-ны өдрийн 01 дугаар М-ын даргын шуурхай хурлын тэмдэглэл, 2021.11.29-ны 17 дугаар хурлын тэмдэглэл, эмнэлгийн магаллагаа, 2021.12.22-ны өдрийн 12 дугаар М-ын ур чадварын нэмэгдэл олгох ажлын хэсгийн хурлын тэмдэглэл, Ажилтан албан хаагчдын 03 дугаар сарын ур чадварын нэмэгдэл олгох жагсаалт, 2021.03.22-ны өдрийн 03 дугаар М-ын ур чадварын нэмэгдэл олгох ажлын хэсгийн хурлын тэмдэглэл, 2021.08.20-ны өдрийн 08 дугаар М-ын ур чадварын нэмэгдэл олгох ажлын хэсгийн хурлын тэмдэглэл, цалингийн хүснэгт, хөдөлмөрийн чадвар түр алдсаны эмнэлгийн хуудас, Ажилтан албан хаагчдад ур чадварын нэмэгдэл олгох журам, 2021 оны 08, 12 дугаар сарын ажлын гүйцэтгэлийн үнэлгээний хуудас, эдгээр баримтуудыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.

 

2. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ...ажил олгогч үндэслэлгүйгээр 2021.03.22-ны өдрийн Б/00 дугаар, 2021.11.29-ний өдрийн Б/00 дугаар тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсан. Уг тушаалыг надад танилцуулаагүй, цалин хөлс дутуу орсноор тухайн тушаалуудыг гарсан гэж мэдсэн. Тушаалыг хүчингүй болгож, цалин хөлснөөс үндэслэлгүй суутгасан 1 024 147 төгрөгийг нөхөн гаргуулна... гэж тайлбарлаж байна.

 

3. Хариуцагч ажилтан С.Год сахилгын шийтгэл оногдуулах тухай тушаал хууль зүйн үндэслэлтэй. Сахилгын шийтгэл оногдуулсан тушаалтай холбогдуулан үндсэн цалингаас хассан зүйл байхгүй. Өвчтэй, чөлөөтэй, тасалсан гэх мэт шалтгаанаас ажлаагүй өдрийн цалин бодогдоогүй. Ур чадварын нэмэгдэл нь заавал олгох ёстой цалин биш ажлын үр дүнг харгалзан олгодог нэмэгдэл хөлс гэж нэхэмжлэлийг үгүйсгэв.

 

4. Хэрэгт дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

Нэхэмжлэгч С.Г нь М-тай 2020 оны 12 сарын 11-ны өдрийн хугацаагүй хөдөлмөрийн гэрээний дагуу Тохижилт үйлчилгээний албаны ахлах мэргэжилтнээр ажилладаг болох нь тогтоогдсон.

 

Ажил олгогч М-ын даргын 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн Б/00 дугаар, 2021 оны 11 сарын 29-ны өдрийн Б/00 дугаар С.Год сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 258 дугаар тогтоол, М-ын дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.10.5, 4.106, Хөдөлмөрийн дотоод журмын 9 дүгээр зүйлийн 9.1.2, 9.2.1, 9.1.1, дахь заалтуудыг тус тус үндэслэн Тохижилт үйлчилгээний ахлах мэргэжилтэн С.Год сануулах сахилгын шийтгэл ногдуулжээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт ажил олгогч нь хууль тогтоомжид нийцүүлэн хөдөлмөрийн дотоод журам баталж мөрдүүлэх, ажилтнаас хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах, энэ хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэх эрхтэй. гэж заасан ба М-ын хөдөлмөрийн дотоод журмын 9.1.1-д ажилтны ажлын цаг ашиглалт хангалтгүй буюу сард 3 болон түүнээс дээш удаа хоцорсон, цагаасаа өмнө эрт тарсан, 9.1.2-т дээд шатны албан тушаалтнаас өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд сахилгын зөрчилд тооцон шийтгэл ногдуулахаар зохицуулсан байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 129.1, 129.3-т хөдөлмөрийн гэрээний талууд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс гурван сарын дотор маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй. Хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн тохиолдолд шүүх уг хугацааг сэргээн тогтоож хэргийг хянан шийдвэрлэж болно гэж заасан.

 

Ажил олгогч нь ямар хэлбэрийн шийтгэл ногдуулснаа ажилтанд мэдэгдэж, энэ тухай шийдвэр буюу тушаалаас түүнд өгснөөр ажилтан оногдуулсан шийтгэлийг хууль бус гэж үзсэн тохиолдолд шүүхэд гомдол гаргах эрхээ эдлэх нөхцөл бүрдэх юм. Хариуцагч нь С.Год сахилгын шийтгэл ногдуулсан хоёр удаагийн тушаалыг түүнд танилцуулсан, мэдэгдсэн талаарх баримт байхгүй тул нэхэмжлэгчийн цалин хөлс хасагдаж орсноор мэдсэн гэх тайлбар үндэслэлтэй. Өөрөө хэлбэл хуульд заасан хугацаанд нэхэмжлэгч шүүхэд гомдлоо гаргасан гэж дүгнэв.

 

Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд заасан сахилгын шийтгэлийг ажилтанд ногдуулахдаа ажилтны гэм буруу, сахилгын зөрчлийн шинж чанар, үр дагаварт тохирсон шийтгэлийн хэлбэрийг сонгох нь хуульд нийцэх ба тухайн ажилтанд сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сар өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй юм.

 

Өөрөөр хэлбэл, сахилгын шийтгэл ногдуулсан тушаалд ажилтны хэзээ гаргасан, ямар зөрчилд сахилгын шийтгэл ногдуулж байгаа үндэслэлээ тусгасан байх учиртай. Гэвч ажил олгогчийн 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн Б/00 дугаар, 2021 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн Б/00 дугаар тушаалд нэхэмжлэгч С.Гын хэзээ гаргасан ямар зөрчилд нь сануулах сахилгын шийтгэл ногдуулсан болох нь тодорхойгүй, тушаал хуульд нийцээгүй байна.

 

Хэдийгээр маргааны эрх зүйн баримт бичиг болох 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн Б/00 дугаар, 2021 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн Б/00 дугаар тушаалын үйлчлэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131.4-т сахилгын шийтгэл ногдуулснаас хойш нэг жил өнгөрвөл сахилгын шийтгэлгүйд тооцно гэж зааснаар дуусгавар болсон байна.

 

Нэгэнт тушаал хуульд нийцээгүй тул уг тушаалыг үндэслэн ур чадварын нэмэгдэл олгоогүй нь буруу юм.

 

Түүнчлэн, хариуцагчаас нотлох баримтаар гаргаж өгсөн цалингийн задаргаанаас үзэхэд 2021 оны 3 дугаар сард нэг өдрийн цалин хассан буюу 36 258 төгрөг, 2021 оны 6 дугаар сард мөн үндсэн цалингаас 159 355 төгрөг, 2021 оны 8 дугаар сард 217 548 төгрөг, 2021 оны 9 дүгээр сард 253 806 төгрөгийг тус тус хассан байх бөгөөд хариуцагч ажилтан С.Гын ажиллаагүй хугацааны цалин хөлсийг хассан гэж тайлбарлаж байх боловч цагийн бүртгэлтэй холбоотой баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар татгалзлын үндэслэлээ баримтаар нотлоогүй байна.

 

Дээрх үндэслэлээр ажил олгогчийн 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн Б/00 дугаар, 2021 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн Б/00 дугаар тушаалыг хүчингүй болгуулах шаардлагыг хангаж, дутуу олгосон цалин хөлс, ур чадварын нэмэгдэл нийт 1 024 147 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1-д заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7-д зааснаар 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн Б/00 дугаар, 2021 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн Б/00 дугаар сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг тус тус хүчингүй болгож, хариуцагч М-аас дутуу олгосон цалин, ур чадварын нэмэгдэл 1 024 147 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Год олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 103 566 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 29 130 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ