Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2022/01541

 

 

 

 

 

 

 

 

2022 08 19 210/МА2022/01541

 

 

 

С.Гын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхбаяр, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2022/01716 дугаар шийдвэртэй

С.Гын нэхэмжлэлтэй, ххх ОНӨТҮГ-т холбогдох

сахилгын шийтгэл оногдуулсан тушаалуудыг хүчингүйд тооцуулж, дутуу олгосон цалин хөлс гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Г, түүний өмгөөлөгч Б.Анхзаяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ариунзул, түүний өмгөөлөгч М.Ариунболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Миний бие 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн ххх ОНӨТҮГ-т ахлах мэргэжилтнээр ажлын байрны тодорхойлолтын дагуу ажиллаж, хууль бус үйлдэл, ашиг сонирхлын зөрчил гаргаж байгаагүй.

2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Б/20, 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Б/78 тоот тушаалуудаар сахилгын шийтгэл ногдуулж, сахилгын шийтгэл ногдуулсан хугацааны үр дүнг олгоогүй. Дээрх дурдсан тушаалуудын талаар 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 11.00 цагаас мэдсэн ба сахилгын шийтгэл ногдуулсан тушаалуудад С.Год ямар үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулж байгаа талаар дурдаагүй.

Ажил олгогчийн зүгээс өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлдэггүй гэх тайлбар өгсөн боловч С.Гыг тайлангаа хийгээд өгөхөөр хүлээж авдаггүй, гарын үсэг зурдаггүй байсан. Хөдөлмөрийн тухай хуульд заасан цалин хөлсийг хасах зохицуулалтад нийцэхгүй, үндэслэлгүй сахилгын шийтгэл авагдсан. С.Г нь байгууллагын захиргаанд 2, 3 удаа бичгээр өргөдөл өгөхөд хариу өгөөгүй тул төв байгууллагад өргөдөл гаргахад асуудлыг шийдвэрлээгүй, үндэслэлтэй сахилгын шийтгэл ногдуулсан гэх хариу өгсөн.

Ажиллах хугацаанд нийт цалин, хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогоос буюу үндсэн цалингаас 2021 оны 3 дугаар сард нэг өдрийн цалин хассан буюу 36 258 төгрөг, 2021 оны 6 дугаар сард мөн үндсэн цалингаас 159 355 төгрөгийг хассан, ур чадварын нэмэгдлээс 40 000 төгрөг, 2021 оны 8 дугаар сард үндсэн цалингаас 217 548 төгрөг, үр дүн 199 419 төгрөгийг огт өгөөгүй, 2021 оны 9 дүгээр сард үндсэн цалингаас 253 806 төгрөг, үр дүнгээс 64 000 төгрөг, хамгийн сүүлд 2021 оны 12 дугаар сард үр дүнгийн урамшуулал 159 535 төгрөг нийт 1,024,147 төгрөг хассан. 8, 9 дүгээр сарын үр дүнгийн урамшуулал хассантай маргахгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Хөдөлмөрийн дотоод журмын дагуу 2 удаа сахилгын шийтгэлийг ногдуулсан ба холбогдох материалуудыг гаргаж өгсөн. Сахилгын шийтгэл авсан тушаалууд хууль зүйн үндэслэлтэй ба үндсэн цалинг сахилгын шийтгэлтэй холбогдуулж хасаагүй. Харин өвчтэй, ажил тасалсан нь албан ёсоор бүртгэгдэж, цалинг хассан.

Сар бүр олгодог ур чадварын урамшууллыг хүн бүрд зайлшгүй олгодоггүй бөгөөд ажлын хэсэг дүгнээд удирдлагад танилцуулаад ур чадвартай ажилласан ажилтныг 10-100 хувь урамшуулал олгодог. Ковид-19 цар тахлын нөхцөл байдалд ажилласан үед цалин хасаагүй, ажлаагүй үед цалинг хассан гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7-д зааснаар 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Б/20 дугаар, 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Б/78 дугаар сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг тус тус хүчингүй болгож, хариуцагч ххх ОНӨТҮГ-аас дутуу олгосон цалин, ур чадварын нэмэгдэл 1,024,147 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Год олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 103,566 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 29,130 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: Шүүх нотлох баримтыг шинжлэн судлахдаа дутуу судалсан, баримтыг дутуу үнэлсний улмаас эрх зүйн буруу дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь үндэслэлгүй.

4.1. С.Г 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Б/20 тоот сахилгын шийтгэл оногдуулсан тушаалыг хурлын үеэр шийдвэр гаргаж мэдэгдсэн. Тэрээр эхний улирлын тайлан гаргаагүй, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй нь тайлангийн хурлаар тогтоогдоно. 2021 оны тайлангийн хуралд С.Г өөрийн биеэр оролцсон ба 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр тухайн жилийн ажлын тайлангаа ирүүлээгүй, тайлан тавиагүй, ажлаа тасалсан, ажлын цаг ашиглалт хангалгүй гэх үндэслэлээр сахилгын шийтгэлийг энэ хурлын үеэр ногдуулж, тушаалыг тухайн өдөр гаргаж, танилцуулаад гарын үсэг зуруулах гэсэн боловч зураагүй.

4.2. 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Хөдөлмөрийн тухай хуульд 128 дугаар зүйлийн 128.1.7 гэсэн заалт байхгүй байтал шүүх хэрэглэсэн гэжээ.

Иймд хнхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбар: Анхан шатны шүүх хуулийг зөв хэрэглэж, хэрэгт авагдсан баримтыг үнэлж хэргийг шийдвэрлэсэн тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хянаад гомдлыг хангах үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч С.Г нь хариуцагч ххх ОНӨТҮГ-т холбогдуулан 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Б/20, 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Б/78 дугаар тушаалуудыг хүчингүй болгож, цалин хөлснөөс үндэслэлгүй суутгасан 1,024,147 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

3.а. Нэхэмжлэгч С.Г нь ххх ОНӨТҮГ-тай 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж, уг гэрээгээр тус байгууллагын тохижилт үйлчилгээний албаны ахлах мэргэжилтнээр ажилладаг болох нь хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбараар тогтоогдож байна.

 

4.а. ххх ОНӨТҮГ-ын даргын 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Б/20, мөн оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Б/78 дугаар тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 258 дугаар тогтоол, ххх ОНӨТҮГ-ын дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.10.6, Хөдөлмөрийн дотоод журмын 9 дүгээр зүйлийн 9.1.1, 9.1.2, 9.2.1-д тус тус заасныг үндэслэл болгож, С.Год сануулах сахилгын шийтгэл оногдуулжээ. /хх10, 54/

 

5.а. Нэхэмжлэгч С.Г нь түүнд сахилгын шийтгэл оногдуулсан дээрх тушаалуудыг 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр мэдсэн гэх, хариуцагч ххх ОНӨТҮГ нь 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн тушаалыг утсаар холбогдож, мөн оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн тушаалыг хурлын үеэр танилцуулсан тул ажилтан энэ талаар тухайн үед мэдсэн гэх агуулгаар тус тус тайлбар гаргажээ.

 

5.б. Ажил олгогчоос ажилтанд сахилгын шийтгэл оногдуулсан тушаалыг албажуулах, түүнийгээ өөрт нь танилцуулах үүрэгтэй ба байгууллагын хурлын тэмдэглэлд танилцуулсан гэх тэмдэглэл үйлдсэн байгаагаас өөр баримтаар ажилтанд сахилгын шийтгэл оногдуулсан тушаалыг танилцуулсан гэх үйл баримтыг нотолж чадаагүй.

 

5.в. Энэ тушаалыг бичгээр гаргаж арга хэмжээ авсан нөхцөл байдлыг ажилтанд мэдэгдсэний үндсэн дээр Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт зааснаар уг тушаалыг гардуулах учиртай. Иймд энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэлтэй гэж үзнэ.

 

ххх ОНӨТҮГ-ын даргын 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Б/20, мөн оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Б/78 дугаар сахилгын шийтгэл оногдуулах тухай тушаалын талаар С.Г 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэл гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1, 129.3 дахь хэсэгт заасан хугацааг зөрчөөгүй.

 

6.а. Зохигчид дээрх тушаалын үндэслэл хуульд нийцсэн эсэх талаар маргасан байна. Хариуцагч байгууллага С.Гыг 2021 оны 1 дүгээр улирлын төлөвлөгөө, тайлан, 11 дүгээр сарын тайлан, 12 дугаар сарын төлөвлөгөө бэлтгэж ирүүлээгүй, удирдлагаас өгсөн үүрэг даалгавар удаа дараа биелүүлээгүй тул сахилгын шийтгэл оногдуулсан гэж тайлбарласныг нэхэмжлэгч эс зөвшөөрч маргаж байна.

 

6.б. Ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд заасан сахилгын шийтгэлийг ажилтанд ногдуулахдаа ажилтны гэм буруу, сахилгын зөрчлийн шинж чанар, үр дагаварт тохирсон шийтгэлийн хэлбэрийг сонгох ба тушаалд ажилтны хэзээ гаргасан, ямар зөрчилд сахилгын шийтгэл ногдуулж байгаа үндэслэлээ тусгах ёстой.

 

6.в. Анхан шатны шүүх С.Год сахилгын шийтгэл ногдуулсан тушаалуудад түүний хэзээ гаргасан, ямар зөрчилд сахилгын шийтгэл ногдуулсан нь тодорхойгүй Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт заасантай нийцээгүй тул тус тушаалуудыг хүчингүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй.

 

7.а. Нэхэмжлэгч С.Год сахилгын шийтгэл оногдуулсны улмаас түүнд олгох цалин хөлс, ур чадварын нэмэгдлийг хассан нь үндэслэлгүй юм.

 

7.б. Нэхэмжлэгч С.Г нь 2021 оны 3, 6, 8, 9, 12 дугаар саруудын үндсэн цалин болон ур чадварын нэмэгдэлд нийт 1,024,147 төгрөг хасаж олгосныг хариуцагч байгууллагаас гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч сахилгын шийтгэлтэй холбоотойгоор үндсэн цалингаас хасаагүй гэж маргажээ.

 

7.в. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11, 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар цалин хөлстэй холбоотой маргааныг 3 сарын дотор гомдол гаргах эрхтэй ба хариуцагч байгууллагад маргаан таслах комисс байгаа гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй тул нэхэмжлэгч энэ талаарх гомдлоо шүүхэд гаргасан нь зөв юм.

 

С.Г нь 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр ажил олгогчид хандаж цалин дутуу олгож буй талаар өргөдөл гаргасан боловч энэ асуудлыг шийдвэрлэлгүй цалинг хассан нь үргэлжилж байжээ. Иймд 2021 оны 8 дугаар сараас өмнөх 3 сар буюу 5, 6, 7 дугаар сарын хугацааны дутуу олгосон цалин хөлстэй холбоотой гомдол гаргах эрхтэй. Харин 2021 оны 3 дугаар сарын цалин хассан асуудлаар гомдол гаргах хуулиар тогтоосон дээрх хугацаа өнгөрсөн байна.

 

7.г. Анхан шатны шүүх ажил олгогчийн дутуу олгосон цалин хөлс, ур чадварын нэмэгдлийг 1,024,147 төгрөгөөр тооцсон байх ба 2021 оны 3 дугаар сарын дутуу олгосон цалинг оруулахгүйгээр тооцоолоход энэ үнийн дүнгээс илүү гарч байна. Нэхэмжлэгч дутуу олгосон цалин хөлс, ур чадварын нэмэгдлийг буруу тооцсон гэх гомдол гаргаагүй тул талуудын зарчмын дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийн энэ хэсэгт өөрчлөлт оруулалгүй орхив.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2022/01716 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 29,150 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ