Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 184/ШШ2022/01876

 

 

 

 

 

 

 

 

 

                               2022           06            02

                               184/ШШ2022/01876

              

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ТХ /РД:****/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б.Б /РД:*********/-д холбогдох

 

2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, үлдэгдэл төлбөр 59,250,000 төгрөг гаргуулах тухай сөрөг шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Түвшинбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Т.Х, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нараас шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа:

1.1. “...Миний бие 2018 оны 11 дүгээр сард Б.Б гэдэг хүнээс 07-24 УБЯ улсын дугаартай авто краныг 75,000,000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцсон. Тухайн үед надад мөнгөний боломж муу байсан учраас уг авто краныг худалдаж авахын тулд М гэдэг хүнээс 49,000,000 төгрөг зээлж авсан. Ингэхдээ зээлийн гэрээг бичгээр огт байгуулаагүй ба хүү, алданги төлөх талаар харилцан тохиролцоогүй. Авто кран авахтай холбоотойгоор Т.Хийн зүгээс өөрийн тээврийн хэрэгсэл болон хашаа, байшингаа Хны барьцаанд тавин, зээл авч, үлдэгдэл мөнгөө төлж, авто краныг өөрийн эзэмшил, өмчлөлд шилжүүлж авсан.

Т.Х нь Б.Бийн данс руу хэд, хэдэн удаагийн үйлдлээр 115,000,000 төгрөгийг шилжүүлсэн. 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Б.Бийн зүгээс зээлийн гэрээг бичгээр хийх санал тавьсан. Нотариатын зүгээс зээлийн гэрээг хийх боломжгүй гэх асуудал тавьсан бөгөөд тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ хийх боломжтой гэсэн. Ингээд миний бие аргагүй эрхэнд 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдөр төлбөр барагдуулах гэрээ байгуулсан.  Миний бие Бтэй ямар нэгэн зээлийн гэрээ байгуулаагүй ба Маас авсан 49,000,000 төгрөгийг 3 нугалж төлөх талаар огт тохиролцоогүй. Маас авсан мөнгөнөөсөө гадна 66,000,000 төгрөг Б.Бд төлсөн байдаг. Хүү, алданги тогтоогоогүй, ямар нэгэн байдлаар авто краныг худалдаж авсантай холбоотойгоор 3 дахин нугалж төлөх харилцан тохиролцоо огт хийгээгүй. Үлдэгдэл 25,000,000 төгрөгийг нэхэмжилж байна гэдэг нь шударга ёсны зарчимд нийцэхгүй байна. Б.Бтэй хийсэн тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэж байна. Иймд Б.Бтэй хийсэн 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэжээ.

 

1.2. Сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа “...Тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээгээр харилцан тохиролцсон учраас үлдэгдэл 39,500,000 төгрөгийг гаргуулна гэдэг байдлаар хариуцагч тал шаардаж байна. Гэтэл гэрч нарын мэдүүлгээр тээврийн хэрэгслийг хэн худалдаж авсан гэх асуудал тодорхой болсон. Өөрөөр хэлбэл Т.Х худалдан авч, өөрийн өмчлөлдөө шилжүүлж авсан. Энэ краныг Б.Б, н.М нар хамтарч худалдаж аваад, мөнгө нь дутуу болохоор өөрөөсөө гаргасан зүйл байхгүй. Т.Х нь Б.Б гэх хүнээс авто краныг худалдаж авсан. Т.Хийн зүгээс мөнгөний хэрэгцээ тухайн үед гараад авто кран худалдаж авах зорилгоор зээлж авсан, түүнээс биш ямар нэгэн байдлаар банк бус санхүүгийн байгууллага, банкнаас илүү хүү тогтоож, шаардаж байгаа нь хэтэрч байна, энэ утгаараа хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл гэж үзсэн. Нөгөө талаар дүр үзүүлэн хийсэн хэлцэл байна гэж үзсэн. Ирээдүйд 100 гаруй сая төгрөг дээр нэмээд, 60 гаруй сая төгрөгийг авчих юм байна гэдэг байдлаар хандаж Б.Бийн зүгээс энэ гэрээг хийчихсэн учраас тодорхой хэмжээний дүр үзүүлэн хийсэн хэлцэл буюу хүчин төгөлдөр бус байх хэлцэл учир сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл байхгүй. Авто краныг Б.Б нь Т.Хид худалдсан гэж мэдүүлсэн. н.Мын зүгээс гэрчийн мэдүүлэг өгөхдөө би худалдаж авсан гэх боловч Б.Бтэй авто краныг хамтран ашиглах, ашиг хонжоо олох асуудал байсан эсэхийг асуухад тийм асуудал байхгүй гэсэн ойлгомжгүй гэрчийн мэдүүлэг өгсөн. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Б.Б, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхэд гаргасан хариу тайлбар болон сөрөг шаардлагадаа:

2.1. “...Б.Б, Т.Х нар харилцан тохиролцож, 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдөр тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээг байгуулсан байдаг. Уг гэрээгээр талууд 137,500,000 төгрөгийн тооцоотойгоос 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 72,500,000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 65,000,000 төгрөгийг 2020 он, 2021 онд төлж дуусгахаар харилцан тохиролцсон. Т.Хийн зүгээс гэрээний дагуу 72,500,000 төгрөгийг төлснөөс гадна 28,000,000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл төлбөрийг төлөхгүй гэж талуудын хооронд байгуулсан тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээг хууль зөрчсөн, дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж маргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

Б.Б, Т.Х нар нь яагаад тооцоо нийлж, төлбөр тооцоо барагдуулах гэрээг байгуулсан талаар ярих ёстой. Тухайн үед Б.Б түүний нөхөр н.М, Т.Х нар нь 07-24 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг хямд хүнээр худалдан авч, цааш үнэ нэмж худалдан борлуулахаар тохирсон байдаг. н.Мын зүгээс 47,000,000 төгрөгийг өгч, Хнаас 30,000,000 төгрөгийн зээл авч, 07-24 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг худалдан авч, цааш ярилцсаны дагуу худалдан борлуулах гэсэн боловч Т.Хийн зүгээс энэ тээврийн хэрэгслийг өөрөө худалдаж авъя гэж харилцан тохиролцсоны үндсэн дээр уг тээврийн хэрэгслийг 140,000,000 төгрөгөөр Б.Б, н.М нараас худалдаж авсан. Үүний дагуу тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээг байгуулсан байдаг. Хэрэгт авагдсан нотлох баримтууд болон гэрчийн өгсөн мэдүүлгээр талууд маргаан бүхий авто краныг хамтран худалдаж авахаар харилцан тохиролцсон байдаг.

Иргэний хуульд зааснаар худалдах, худалдан авах гэрээг бичгээр хийхийг шаардахгүй. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасан. Үүний дагуу талууд харилцан тохиролцож авто краныг худалдаж авахаар болсон байдаг. Хариуцагчийн зүгээс энэхүү гэрээг хуулиар тогтоосон шаардлагыг зөрчөөгүй гэж үзэж байна, тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох саналтай байна” гэжээ.

 

2.2. Хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ “...Т.Хтой харилцан тохиролцож 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдөр тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээгээр талууд Иргэний хуулийн 189.1-т “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” мөн хуулийн 466 дугаар зүйлийн 466.1-т “Тооцоо нийлэх гэрээгээр талууд хоорондын ажил хэргийн харилцаанаас үүссэн шаардлагыг гэрээнд заасан хугацааны дотор харилцан тооцоо хийх замаар хаахаар тохиролцох...” гэж заасныг үндэслэн өмнө үүссэн зээлийн төлбөрт тооцоо нийлж нийт 137,500,000 төгрөгийн тооцоотойгоос 72,500,000 төгрөгийг 2019.11.30-нд төлсөн үлдэх 65,0000,000 төгрөгийг 2019.11.30-нд төлсөн. Сөрөг нэхэмжлэлийн тухайд талууд тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ байгуулсан бөгөөд 39,500,000 төгрөгийн тооцоотой байдаг, үүнийг манай зүгээс шаардаж байна. Мөн гэрээний 5.1-т заасны дагуу 2021.11.30-ны өдрөөс эхлэн 2022.05.25-ны өдрийг хүртэл Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасан тул алданги 19,750,000 төгрөгийг, нийт 59,250,000 төгрөгийг Т.Хоос гаргуулж өгнө үү гэв.

 

3. Хэрэгт авагдсан нотлох баримтууд

3.1. Нэхэмжлэгч талаас шүүхэд ирүүлсэн нотлох баримт - Улсын тэмдэгтийн хураамж 845,450 төгрөг, 256,700 төлсөн баримт, тооцоо нийлж төлбөр барагдуулах гэрээ, итгэмжлэл, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, Т.Хийн Хаан банкны депозит дансны хуулга, Х ХХК-ийн зээлийн гэрээ, барьцааны гэрээ, фидуцийн гэрээ, Хны дансны хуулга, тээврийн хэрэгслийн лавлагаа, иргэд хоорондын хэлцэл, шинжээчийн зардал төлсөн баримт.

 

3.2. Хариуцагч талаас шүүхэд ирүүлсэн нотлох баримт - Итгэмжлэл, сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамж 355,500 төгрөг төлсөн баримт, Д.Мын Хаан банкны дансны хуулга, Б.Бийн Хаан банкны депозит дансны хуулга.

 

3.3. Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт - Хөрөнгийн үнэлгээний төвийн шинжээчийн дүгнэлт, Б.Б, Б.С нарын Хаан банкны депозит дансны хуулга, тээврийн хэрэгслийн лавлагаа холбох баримтуудын хамт, Гаалийн ерөнхий газрын лавлагаа, холбогдох баримтуудын хамт, Т.Хийн Хаан банкны дансны хуулга, гэрчүүдийн мэдүүлэг.  

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3 дахь хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгч Т.Хийн хариуцагч Б.Бд холбогдуулан гаргасан 2020 оны 5 сарын 19-ний өдөр байгуулсан тооцоо нийлж, төлбөр барагдуулах тухай гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчаас нэхэмжлэгчид холбогдуулан гаргасан гэрээний үүрэгт 59,250,000 төгрөг гаргуулах сөрөг шаардлагаас алданги 19,750,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, үлдэх 39,500,000 төгрөгийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч тал “...авто кран худалдаж авахдаа зээлсэн зээлийн үүргийг гүйцэтгэж дууссан, хууль зөрчсөн, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл болох ямар гэрээний үүргийн төлбөр тооцоог барагдуулах нь тодорхой бус хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулна, хариуцагчтай худалдах-худалдан авах гэрээ байгуулаагүй” гэж, хариуцагч тал “...Авто кран худалдах-худалдан авах гэрээг нэхэмжлэгчийн хүсэлтээр амаар байгуулсан, үлдэгдэл төлбөр дээрээ төлбөр барагдуулах гэрээ байгуулсан, хүчин төгөлдөр гэрээ тул гэрээний үүргийг шаардаж байгаа” гэж тайлбар гарган харилцан мэтгэлцдэг.

 

3. Хэрэгт авагдсан баримтууд, талуудын тайлбараас үзэхэд 2018 оны 11 сарын 24-ний өдөр 0724 улсын дугаартай авто краныг худалдах худалдан авах гэрээ /хх 139/ Т.Х, Б.Б нарын хооронд байгуулагдсан байх ба тухайн краны үнэд Т.Хоос 70,000,000 төгрөгийг Б.Б рүү шилжүүлсэн, хариуцагчийн хамтран амьдрагч гэх Маас 47,000,000 төгрөг Т.Хийн данс руу шилжүүлсэн, Т.Х нь 2018 оны 11 сарын 19-ний өдөр Хтай үл хөдлөх эд хөрөнгө болон 0724 автомашиныг барьцаалж, зээлийн, барьцааны, фидуцийн гэрээ /хх 124-136/ байгуулан 30,000,000 төгрөг зээлсэн, дээрх мөнгөөр краныг авсан гэх үйл баримт тогтоогддог, энэ талаар маргадаггүй.

 

Харин тухайн краныг Х худалдаж авсан, М, Б нар худалдаж авсан гэж, худалдах худалдан авах гэрээний зүйлийн үнийг хэн төлсөн, хэрхэн төлсөн, эх үүсвэр нь юу байсан, худалдаж авахыг даалгасан, даалгаагүй гэж, төлбөр барагдуулах гэрээ хүчин төгөлдөр, хүчин төгөлдөр бус гэж харилцан маргадаг.

 

4. Талуудын шүүхэд гаргасан үндсэн болон сөрөг шаардлагын зүйл болох 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн “Тооцоо нийлж, төлбөр барагдуулах” гэрээнд “Төлбөр авагч Т.Х, төлбөр төлөгч Б.Б, гэрээний зүйлийн талаарх мэдээлэл 137,500,000 төгрөг, бусад Т.Хоос Б.Бд нийтдээ 137,500,000 төгрөг төлөхөөр амаар тохиролцсон бөгөөд 2019.11.30-нд 72,500,000 төгрөг төлсөн. Үлдэгдэл төлбөр болох 65,000,000 төгрөгийг төлж барагдуулахаар төлбөр авагчтай гэрээ байгуулав. Төлбөрийг 2020.05.01-ээс 2020.11.30-ны өдөр хүртэл 35,000,000 төгрөг төлөхөөр тохиролцов. Сар бүр төлбөл зохих 5,000,000 төгрөгийг сар бүрийн 30-ны өдрийн дотор төлнө. Үлдэгдэл 30,000,000 төгрөгийг 2021.05.01-2021.11.30-ны өдөр хүртэл хугацаанд төлж дуусгана, талууд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс үүссэн хохирлыг буруутай тал нь бүрэн хариуцна, 2021.11.30-ны өдрөөс хойш хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хоног тутамдаа гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлнө” гэж тодорхойлон харилцан тохиролцсон байна /хх 4/.

 

Хариуцагч талаас энэхүү төлбөр барагдуулах гэрээг үндэслэн сөрөг шаардлага гаргасан, нэхэмжлэгч тал уг гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийг гаргасан.

 

5. Нэхэмжлэгч болон хариуцагч талаас шаардлага, татгалзлаа нотлохоор шүүхэд гаргасан банкны хуулгуудыг судалбал,

 

Нэг. Т.Хийн 5087099525 данснаас Р.Сын 5084264539 тоот дансруу

2018.11.19-ны өдөр 36,500,000 төгрөг /кран авсан үнэ/

2018.11.22-ны өдөр 29,500,000 төгрөгийг /каран авсан үлдэгдэл мөнгө/

 

Б.Бгийн 5622076910 тоот дансруу

2019.04.16-ны өдөр 4,000,000 төгрөг /машины үлдэгдэл/ нийт 70,000,000 төгрөг шилжсэн байна.

 

 

Хоёр. Т.Хийн 5087099525 дансанд Д.Мын 5009466181 тоот данснаас

2018.11.01-ний өдөр 10,000,000 төгрөг

2018.11.12-ны өдөр 30,000,000 төгрөг

2018.11.19-ний өдөр 7,000,000 орсон.

 

2019.01.15-ны өдөр 1,400,000 төгрөг /зээл/

2019.02.15-ны өдөр 1,400,000 төгрөг /сэлбэг зээл/

2019.04.17-ны өдөр 1,500,000 төгрөг /зээл/

2019.07.15-ны өдөр 1,280,000 төгрөг /зээл/

2019.10.01-ны өдөр 1,000,000 төгрөг /сэлбэг/

2019.10.15-ны өдөр 1,300,000 төгрөг /зээл/

 

 

Т.Хийн 5087099525 тоот дансанд Б.Бийн 5040023309 данснаас

2019.05.15-ны өдөр 1,343,000 төгрөг /банкны/

2019.06.14-ны өдөр 1,380,000 төгрөг /банкны/

2019.11.19-ний өдөр 4,500,000 төгрөг /хас/

Нийт 62,103,000 төгрөг орсон байна.

 

Гурав. Т.Хийн 5087099525 данснаас Б.Бийн 5040023309 тоот дансруу

2019.05.01-ний өдөр 4,500,000 төгрөг машины зээл утгатай

2019.05.02-ны өдөр 350,000 төгрөг Баяраад утгатай

2019.05.02-ны өдөр 150,000 төгрөг 91338304

2019.05.31-ний өдөр 5,000,000 төгрөг кран мөнгө

2019.06.30-ны өдөр 9,250,000 төгрөг машин мөнгө

2019.07.15-ны өдөр 750,000 төгрөг машин төлбөр

2019.07.21-ний өдөр 7,000,000 төгрөг машин төл

2019.07.31-ний өдөр 3,000,000 төгрөг машин

2019.08.12-ны өдөр 3,000,000 төгрөг машины мөнгө

2019.08.25-ны өдөр 4,000,000 төгрөг машины мөнгө кран

2019.08.31-ний өдөр 3,000,000 төгрөг машины мөнгө

2019.09.21-ний өдөр 4,000,000 төгрөг машины мөнгө

2019.09.27-ны өдөр 3,000,000 төгрөг машины мөнгө

2019.10.01-ний өдөр 1,000,000 төгрөг машины мөнгө

2019.10.08-ны өдөр 700,000 төгрөг машины мөнгө 10 сая үлдэгдэл

2019.10.15-ны өдөр 5,000,000 төгрөг машины мөнгө

2019.10.24-ний өдөр 4,500,000 төгрөг машины мөнгө

2019.11.07-ны өдөр 500,000 төгрөг машины зээл, нийт 58,700,000 төгрөг

 

2020.06.04-ний өдөр 1,200,000 төгрөг машин зээлд

2020.06.11-ний өпөо 1,000,000 төгрөг машины үлдэгдэл

2020.06.25-ны өдөр 1,000,000 төгрөг машины үлдэгдэл

2020.06.29-ний өдөр 1,000,000 төгрөг машины үлдэгдэл

2020.07.02-ны өдөр 800,000 төгрөг машины үлдэгдэл

2020.07.09-ний өдөр 1,000,000 төгрөг машины үлдэгдэл

2020.07.23-ны өдөр 1,000,000 төгрөг машины үлдэгдэл

2020.07.29-ний өдөр 1,000,000 төгрөг машины үлдэгдэл

2020.08.03-ны өдөр 1,000,000 төгрөг машины үлдэгдэл

2020.08.10-ны өдөр 1,000,000 төгрөг машины үлдэгдэл

2020.08.29-ний өдөр 2,000,000 төгрөг том машины үлдэгдэл

2020.09.10-ны өдөр 2,000,000 төгрөг том машины үлдэгдэл

2020.09.18-ны өдөр 1,000,000 төгрөг машины үлдэгдэл

2020.09.23-ны өдөр 1,000,000 төгрөг машины үлдэгдэл

2020.10.05-ны өдөр 2,000,000 төгрөг машины үлдэгдэл

2020.10.15-ны өдөр 2,000,000 төгрөг машины үлдэгдэл, нийт 20,000,000 төгрөг

 

2021.06.22-ны өдөр 3,000,000 төгрөг машин зээл мөнгө

2021.07.20-ний өдөр 5,000,000 төгрөг 91338304 машин мөнгө, нийт 8,000,000 төгрөг тус тус шилжүүлсэн байна.

 

Дээрх шилжүүлгүүд, шилжүүлгийн утга, тайлбараас үзэхэд Т.Х нь Б.Бтэй автокран худалдах худалдан авах гэрээг бичгээр байгуулсан, өөрийн хөрөнгөөр худалдан авсан гэх хэдий ч хариуцагч талын татгалзлыг үгүйсгэсэн тайлбар болох Д.М, Б.Б нараас 47 сая төгрөг зээлсэн, талуудын хооронд зээлийн харилцаа үүссэн болохоо нотлоогүй, хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдоогүй байна.

 

6. Харин нэхэмжлэгчийн худалдан авсан автокранд хариуцагчаас 47 сая төгрөгөөр хөрөнгө оруулсан, хамтарч ашиг олохоор тохиролцсон, улмаар худалдан авснаас хойш талууд хэлэлцэн тохиролцож Т.Х нь Б.Бээс 140,000,000 төгрөгөөр худалдан авахаар амаар тохиролцож явц дундаа тооцоо нийлж “Төлбөр барагдуулах гэрээ”-г байгуулжээ.

 

Тодруулбал, гэрч Б.Бн “...Хид 75 сая төгрөгөөр худалдсан, 65 сая төгрөгийг бэлнээр авсан, 10 сая төгрөгийг дараа авахаар тохиролцсон, нэг хүнтэй хамтарч байгаа гэж ярьж байсан санагдаж байна” гэх мэдүүлэг, гэрч Э.Эрдэнээгийн “...М кран аваад зарна л гэж байсан, Х, М нартай ажил төрлийн холбоотой найзууд” гэх мэдүүлэг, гэрч Ц.Алимаагийн “...Талууд өөрсдийн хүсэлтээр байгуулсан, хуульд нийцсэн гэрээ” гэх мэдүүлэг, гэрч Б.Ганхөлөгийн “...7 буудлын тэндээс Х, М бид 3 очиж машиныг авсан, янзалж зарна л гэж ярьж байсан, Мыг худалдаж авч байна, Доржоо шалгаж авахад нь тусалж байна гэж ойлгосон” гэх мэдүүлэг, гэрч Д.Мын “...Х бид 2 анх кран хямд худалдаж аваад заръя гэж ярилцсан, сүүлд нь Х энэ краныг 140,000,000 төгрөгөөр авъя гэсэн. Манай эхнэр Бийн данс руу мөнгөө шилжүүлдэг байсан” гэх мэдүүлэг, банкны дансны хуулга, 2018 оны 11 сарын 20-ны өдрийн байдлаарх автокраны үнэ цэнэ 117,530,000 төгрөг болохыг тодорхойлов гэх шинжээчийн дүгнэлт зэргээс  үзэхэд нэхэмжлэгч Т.Х нь хариуцагч Б.Б, түүний нөхөр гэх Д.М нараас автокраныг 140 сая төгрөгөөр тохиролцон худалдаж авсан, төлбөрийн үлдэгдэлд тооцоо нийлж “Төлбөр барагдуулах гэрээ”-г байгуулсан байна. 

 

Энэ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж заасантай нийцэх бөгөөд талуудын хооронд Иргэний хуулийн 243.1-д “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн. Төлбөр барагдуулах гэрээ болон хуулийн дээрх зохицуулалтын хүрээнд гэрээний үүргийг хариуцагч нь нэхэмжлэгчээс шаардах эрхтэй болно.

 

7. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан “хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл” тул хүчин төгөлдөр бус байна гэх үндэслэл хэрэгт авагдсан баримт болон тайлбараар тогтоогдохгүй байна. Талуудын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах, төлбөр барагдуулах хэлцлүүд нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасан хэлбэрийн шаардлагыг хангасан, Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.2-т заасны дагуу хийгдсэн, хүсэл зоригоо бүрэн илэрхийлсэн хүчин төгөлдөр хэлцэл байна.

 

8. Иймээс дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч нь 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээг үндэслэн хариуцагч Б.Бд холбогдуулан гаргаж буй шаардлагыг үндэслэл бүхий болсон, хариуцагч талын татгалзсан тайлбар, сөрөг шаардлага бусад баримтаар тогтоогдсон тул шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Харин сөрөг шаардлагаас алданги 19,750,000 төгрөгийг нэхэмжлэгч Т.Х хариуцах нь хуульд үл нийцэх ба “Төлбөр барагдуулах” гэрээнд 2021 оны 11 сарын 30-аас хойш хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хоног тутам гүйцэтгээгүй үүргийн 0,5 хуваир алданги төлнө гэх  заалтаар, мөн Иргэний хуулийн 232 дүгээр 232.4-т “Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж заасны дагуу шаарддаг. Гэтэл нэхэмжлэгч тухайн гэрээг хүчин төгөлдөр бус тооцуулах нэхэмжлэлийг 2021 оны 9 сарын 9-нд гаргасан. Нэхэмжлэгч гэрээний үүрэг биелүүлэх хугацаа болоогүй байсан тул хариуцагч алданги шаардах эрхгүй болно.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                          

 

9. Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитой, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь харьцуулан үзэж нэхэмжлэгч Т.Хоос 39,500,000 төгрөгийг гаргуулан хариуцагч Б.Бд олгож, сөрөг шаардлагын алданги 19,750,000 төгрөгийг болон нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгчийн 845,450 төгрөгийг, хариуцагчийн 355,500, 256,700 төгрөгийг, улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 355,500 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

Хариуцагч талаас шинжээч зардалд 300,000 төгрөг төлсөн баримт хэрэгт авагдсан байх тул нэхэмжлэгчид тухайн зардлыг хариуцуулах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3 дахь зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан Т.Хийн нэхэмжлэлтэй, Б.Бд холбогдох 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь, сөрөг шаардлагын алданги 19,750,000 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Т.Хоос 39,500,000 төгрөг гаргуулан хариуцагч Б.Бд олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс шинжээчийн зардал 300,000 төгрөгийг гаргуулан хариуцагчид олгохоор, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчийн 845,450 төгрөг, хариуцагчийн 612,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 355,500 төгрөгийг гаргуулж хариуцагчид олгохоор тус тус тогтсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Э.АМИН-ЭРДЭНЭ