Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2022/01415

 

 

 

 

....-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 184/ШШ2022/01876 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч ....-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч...-д холбогдох тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, үлдэгдэл төлбөр 59,250,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтүвшин, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мандуул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

....- нь 2018 оны 11 дүгээр сард Б.Буян-Өлзийгөөс 07-24 УБЯ улсын дугаартай автокраныг 75,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. Тухайн үед автокрантын төлбөрийг төлөх боломжгүй байсан тул н.Мөнхбаяраас 49,000,000 төгрөг зээлсэн. Зээлийн гэрээг бичгээр байгуулж хүү, алданги төлөхөөр тохиролцоогүй. ....- автокран авахын тулд тээврийн хэрэгсэл болон хашаа, байшингаа Хас банк ХХК-ийн барьцаанд тавьж зээлсэн авсан. ....- нь...-ийн данс руу хэд, хэдэн удаагийн үйлдлээр 115,000,000 төгрөгийг шилжүүлсэн. 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдөр...-ийн зүгээс зээлийн гэрээг бичгээр хийх санал тавьсан. Нотариатын зүгээс зээлийн гэрээг хийх боломжгүй гэсэн тул тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ байгуулсан. ....- аргагүй эрхэнд 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдөр төлбөр барагдуулах гэрээ байгуулсан. н.Мөнхбаяраас авсан мөнгөнөөсөө гадна 66,000,000 төгрөг...-д төлсөн. Үлдэгдэл 25,000,000 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй.

Б.Баярцэнгэлтэй хийсэн тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэж байна. Иймд тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

Б.Баярцэнгэл, ....- нар харилцан тохиролцож 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдөр тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээг байгуулсан. Уг гэрээгээр талууд 137,500,000 төгрөг төлөхөөс 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 72,500,000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 65,000,000 төгрөгийг 2020 он, 2021 онд төлөхөөр тохиролцсон. ....- дээрх гэрээний дагуу 72,500,000 төгрөгийг төлснөөс гадна 28,000,000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл төлбөрийг төлөхгүй гэж талуудын хооронд байгуулсан тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээг хууль зөрчсөн, дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж маргаж байгаа нь үндэслэлгүй.

Б.Баярцэнгэл болон түүний нөхөр н.Мөнхбаяр, ....- нар нь 07-24 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг хямд хүнээр худалдан авч, цааш үнэ нэмж худалдан борлуулахаар тохиролцсон. н.Мөнхбаяр 47,000,000 төгрөгийг өгч, Хас банк ХХК-аас 30,000,000 төгрөгийг зээлж 07-24 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг худалдан авсан. Тус краныг цаашид худалдан борлуулахаар тохиролцсон боловч ....- автокраныг 140,000,000 төгрөгөөр худалдаж авахаар болсон. Үүний дагуу тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээг байгуулсан. Хариуцагчийн зүгээс энэхүү гэрээг байгуулахдаа хуулиар тогтоосон шаардлагыг зөрчөөгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

....-той тохиролцож 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдөр тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ байгуулсан. Өмнө нь үүссэн зээлийн төлбөрт тооцоо нийлж нийт 137,500,000 төгрөгийн төлөхөөс 72,500,000 төгрөгийг 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр төлсөн, үлдэх 65,0000,000 төгрөгийг 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр төлсөн. Сөрөг нэхэмжлэлийн тухайд талууд тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ байгуулсан бөгөөд 39,500,000 төгрөгийн тооцоотой. Гэрээний 5.1-д заасны дагуу 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацааны алданги 19,750,000 төгрөг, нийт 59,250,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

4. Сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгчийн тайлбар, татгалзлын агуулга:

....- нь автокран худалдаж авсан болох нь гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байгаа. ....- нь Б.Буян-Өлзийгөөс автокраныг худалдаж авсан. ....- автокран худалдаж авахын тулд зээл авсан....- ирээдүйд 100,000,000 төгрөг дээр нэмж 60,000,000 төгрөгийг авна гэх байдлаар хандаж гэрээг байгуулсан нь дүр үзүүлэн хийсэн хэлцэл буюу хүчин төгөлдөр бус байх хэлцэл учир сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй. Б.Буян-Өлзий нь автокраныг ....-ид худалдсан гэж мэдүүлсэн. н.Мөнхбаярын зүгээс гэрчийн мэдүүлэг өгөхдөө ... би худалдаж авсан ... гэх боловч...-тэй автокраныг хамтран ашиглах, ашиг хонжоо олох асуудал байсан эсэхийг асуухад ойлгомжгүй мэдүүлэг өгсөн. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан ....-ийн нэхэмжлэлтэй,...-д холбогдох 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь, сөрөг шаардлагын алданги 19,750,000 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч ....-оос 39,500,000 төгрөг гаргуулан хариуцагч...-д олгож, нэхэмжлэгчээс шинжээчийн зардал 300,000 төгрөгийг гаргуулан хариуцагчид олгохоор, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчийн 845,450 төгрөг, хариуцагчийн 612,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 355,500 төгрөгийг гаргуулж хариуцагчид олгож шийдвэрлэжээ.

 

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. ... нэхэмжлэгчийн худалдан авсан автокранд хариуцагчаас 47,000,000 төгрөгөөр хөрөнгө оруулсан, хамтарч ашиг олохоор тохиролцсон, улмаар худалдан авснаас хойш талууд хэлэлцэн тохиролцож ....- нь...-ээс 140,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож явц тооцоо нийлж төлбөр барагдуулах гэрээг байгуулсан... гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Учир нь гэрч нарын мэдүүлгээр ....-,...- нар хамтран уг автокраныг худалдаж авсан гэх үйл баримтыг үгүйсгэсэн мэдүүлэг өгсөн, нөгөө талаар гэрч Б.Буян-Өлзий нь ... ....-ид автокраныг худалдсан... гэсэн мэдүүлэг өгсөн. Төлбөр барагдуулах гэрээг гэрчилсэн нотариатч ...талуудын хооронд зээлтэй холбоотой харилцаа байсан ... гэж мэдүүлсэн. Мөн нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд ямарваа нэгэн хамтран ажиллах болон автокран худалдах, худалдах гэрээний харилцаа үүсээгүй. Дээрх нөхцөл байдлаас авч үзэхэд ....- нь 0724 УБЯ улсын дугаартай автокраныг Б.Буян-Өлзийгөөс 75,000,000 төгрөгөөр худалдаж авахаар харилцан тохиролцсон. Тухайн үед мөнгөний боломж муу байсан учраас н.Мөнхбаяраас 49,000,000 төгрөг зээлэхдээ зээлийн гэрээг бичгээр байгууллаагүй. Тооцоо нийлж төлбөр барагдуулах гэрээний 1.1-д энэхүү гэрээний зорилго нь талуудын хооронд байгуулагдсан гэрээнээс үүссэн шаардлагыг тооцоо нийлэх замаар хааж, төлбөр төлөгч тал хэлэлцсэн тохиролцсон төлбөрийг төлбөр авагчид төлөхтэй холбоотой талуудын эдлэх эрх, хүлээх үүрэг, хариуцлагыг зохицуулахад оршино гэж заасан. Гэтэл анхан шатны шүүх дээрх үйл баримтыг буруу тодорхойлж Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

7. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй. Талуудын хооронд 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдөр тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээг байгуулсан. Талуудын хооронд 0724 дугаартай тээврийн хэрэгслийг худалдан авч, улмаар түүнийг цааш худалдан борлуулах байсан. ....-ид 140,000,000 төгрөгөөр...-ээс тухайн автокраныг худалдан борлуулсан. Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн. Гэрээнээс үүссэн төлбөр тооцоотой харилцааг маргаан бүхий 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээг байгуулсан. Гэтэл уг гэрээг нэхэмжлэгчийн зүгээс Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж маргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор хязгаарлалгүй бүхэлд нь хянаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй байна.

 

1. Нэхэмжлэгч ....- нь хариуцагч Б.Батцэнгэлд холбогдуулан 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээний үүрэгт үлдэгдэл төлбөр 39,500,000 төгрөг, алданги 19,750,000 төгрөг, нийт 59,250,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

 

2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ нь хууль зөрчиж хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тайлбарласан. Гэтэл анхан шатны шүүх хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгосоны үр дагаварт нэхэмжлэгч юу шаардаж байгаа нь тодорхой бус байхад хэргийг хянан шийдвэрлэсэн нь буруу байна гэж үзэв.

 

3.Түүнчлэн, талууд 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээг байгуулж төлбөр төлөх хугацаа болон хуваарийг тохиролцсон байна. Анхан шатны шүүх нэхэмжлэгч ....- нь дээрх гэрээг байгуулснаас хойш автокраны үнэд 2021 онд 8,000,000 төгрөг төлсөн гэж дүгнэсэн боловч хэрэгт авагдсан ХААН банк ХХК дахь ....-ийн эзэмшлийн депозит дансны хуулгаас үзэхэд хариуцагчийн болон түүний хамаарал бүхий этгээдийн дансанд 2021 онд удаа дараа төлөлт хийсэн байхад эдгээр төлбөр нь автокраны төлбөрт, эсхүл Хас банк ХХК-ийн зээлийн төлбөрт шилжүүлсэн эсэхийг тодруулаагүй хэргийг хянан шийдвэрлэсэн нь буруу байна.

 

Энэ талаар давж заалдах шатны шүүх хуралдаанд тодруулахад талуудын хэн аль нь зөрүүтэй тайлбарласан, анхан шатны шүүхэд хэлэлцэгдээгүй нотлох баримт, тогтоогдоогүй үйл баримтын талаар давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийж шийдвэрлэх боломжгүй байна.

 

Иймд хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал тодорхой бус байгаа тохиолдолд давж заалдах шатны шүүхээс эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 184/ШШ2022/01876 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 845,450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БЯМБАСҮРЭН

 

ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

Н.БАТЗОРИГ