Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 184/ШШ2022/02068

 

 

 

 

 

 

банкбанк

 

                 2022           06            16    

                                      184/ШШ2022/02068

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: **** байрлах “МУХБ” ХХК /*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ************** тоот хаягт байрлах, “Б” ХХК /РД:**********/,

 

Хариуцагч: ******** тоот хаягт байрлах, “БИ” ХХК /РД:*****/ нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 17,601,023,081.38 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, гэрээний үүрэг зөрчсөнөөс учирсан хохирол 893,416,530 төгрөгийг гаргуулах тухай сөрөг шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У, Б.М, өмгөөлөгч Б.Э, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.П, Л.Ш, Ш.Үнэнбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чанцалдулам нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Нэхэмжлэгч “МУХБ” ХХК, итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас нэхэмжлэл, тайлбартаа “...Б ХХК нь тус банктай 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр ЗГ-БРМ-З 2018-206 дугаартай “Зээлийн гэрээ”-г, 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр ЗГ-БРМ-З 2018-206/1 дугаартай зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ”-г байгуулан 13,837,520,380 төгрөгийг, жилийн 10.62%-ийн хүүтэй, зээл олгосон өдрөөс хойш 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл хугацаатай, “Б” ХХК-ийн хэрэгжүүлж буй Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд ЧД-ийн 10-р хорооны нутаг дэвсгэр, Дэнжийн 1000 орчимд 468 айлын 4 блок “Шинэчлэл хороолол” орон сууцны барилгын төслийг санхүүжүүлэх зориулалтаар зээлж авсан.

Дээрх зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор

2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр БГ-БРМ-ҮХХ 2018-207 дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ”-г,

2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр БГ-БРМ-ГЭ 2018-208 дугаартай “Газар эзэмших эрх барьцаалах гэрээ”-г,

2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр БГ-БРМ-ГЭ 2018-208/1 дугаартай “Газар эзэмших эрх барьцаалах гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээ”-г тус тус байгуулж үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулсан.

 

1.1. Барьцаа хөрөнгийг жагсаавал

- “Б” ХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2201019933 дугаарт бүртгэгдсэн, эд хөрөнгө өмчлөх эрхийн 000044632 тоот гэрчилгээтэй, СХД 12-р хороо, Москвагийн гудамж 41, хаягт байршилтай, 2,407.5 м.кв бүхий Контор үйлчилгээний барилга,

 

- Улсын бүртгэлийн Ү-А2205000077 дугаарт бүртгэгдсэн, эд хөрөнгө өмчлөх эрхийн 000228097 тоот гэрчилгээтэй, БГД 20-р хороо, Эрчим хүчний 24 хаягт байршилтай, 364 м.кв бүхий Үйлдвэрлэлийн зориулалттай барилга,

 

- СХД 12-р хороо хороонд байрлах, нэгж талбарын 1823/0139 18635310440439 дугаартай, 000321986 гэрчилгээтэй, үйлчилгээний зориулалттай эзэмших эрхтэй, 800 м.кв га газар,

 

- БГД 20-р хороонд байрлах, нэгж талбарын 168021/0202 дугаартай, 000300230 гэрчилгээтэй, Үйлдвэрлэлийн зориулалттай эзэмших эрхтэй, 1,120 м.кв газар,

 

- “БИ” ХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2205018137 дугаарт бүртгэгдсэн, эд хөрөнгө өмчлөх эрхийн 000464222 гэрчилгээтэй, БГД 4-р хороо, Ажилчны гудамж 65/2 тоот хаягт байршилтай, 288 м.кв бүхий үйлдвэрлэлийн зориулалттай барилга,

 

- Улсын бүртгэлийн Ү-2205018243 дугаарт бүртгэгдсэн, эд хөрөнгө өмчлөх эрхийн 000464220 тоот гэрчилгээтэй, БГД 4-р хороо, Ажилчны гудамж 65 тоот хаягт байршилтай, 2,701 м.кв бүхий үйлдвэрлэлийн зориулалттай барилга,

 

- Улсын бүртгэлийн Ү-2205018238 дугаарт бүртгэгдсэн, эд хөрөнгө өмчлөх эрхийн 000464219 тоот гэрчилгээтэй, БГД 4-р хороо, Ажилчны гудамж 65/1 тоот хаягт байршилтай, 2,220 м.кв бүхий үйлдвэрлэлийн зориулалттай барилга,

 

- Улсын бүртгэлийн Ү-2205018136 дугаарт бүртгэгдсэн, эд хөрөнгө өмчлөх эрхийн 000572194 тоот гэрчилгээтэй, БГД 4-р хороо, Ажилчны гудамж 63 тоот хаягт байршилтай, 2,592 м.кв бүхий агуулахын зориулалттай барилга,

 

- БГД 4-р хороонд байрлах, нэгж талбарын 168031/0046 18638309831691 дугаартай, 000317509 гэрчилгээтэй, контор, агуулах, аж ахуй үйлчилгээний зориулалттай эзэмших эрхтэй, 3,339 м.кв га газар,

 

- БГД 4-р хороонд байрлах, нэгж талбарын 168031/0028 дугаартай, 000315710 гэрчилгээтэй, контор, агуулах, аж ахуй, үйлчилгээний зориулалттай эзэмших эрхтэй, 9,024 м.кв га газар зэргийг тус тус барьцаалсан.

 

1.2. Иймд 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдийн ЗГ-БРМ-3 2018-206 дугаартай “Зээлийн гэрээ”-г шүүхийн журмаар цуцалж, зээлийн үндсэн төлбөрт 13,837,520,380 төгрөг, зээлийн үндсэн хүүгийн төлбөрт 3,579,244,141.41 төгрөг нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 184,255,559.97 төгрөг, нийт 17,601,023,081.38 төгрөгийг “Б” ХХК, “Б трейд” ХХК-аас гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү” гэжээ.

 

2. Хариуцагч болон хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас нэхэмжлэлийн хариу тайлбартаа “...Манай компани нь зээлийн гэрээ байгуулахдаа нийт 40 тэрбум төгрөгийн зах зээлийн үнэлгээтэй одоо ашиглаж байгаа 6 барилга, 4 газрын эрхийн гэрчилгээг Хөгжлийн банкинд барьцаанд тавьж 15 тэрбум төгрөгийн зээлээс 13,837,0 тэрбум төгрөгийг гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд ЧД-ийн 10 дугаар хороонд хэрэгжүүлж байгаа “Шинэчлэл” хорооллын нэгдүгээр зээлийн 4 блок барилгад зориулалтын дагуу зарцуулсан. 2019 онд зээл авсан. 804, 805, 806, 807 дугаар байруудыг барилгын ашиглалтын дагуу авч ашиглалтанд оруулсан. Зээлийн үндсэн төлбөр дээр яриа байхгүй бид үүргээ гүйцэтгэнэ.

Зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүтэй холбоотой асуудал байгаа. Энэ хугацаанд эдийн засаг болон бизнесийн байгууллагуудад үүсч байгаа хүндрэлийг даван туулахад Монгол банк, Санхүүгийн зохицуулах хорооны шийдвэрүүд гарсан. Зээлийн хүүг 50 хувиар хөнгөлж, нэмэгдүүлсэн хүүнээс бүр мөсөн чөлөөлж өгнө үү гэх тайлбарыг гаргаж байна. Иргэдэд Ипотекийн зээлийг энэ оны дуустал хүүг нь хойшлуулж байгаа. Хүнд нөхцөл байдлыг юугаар нотлож байгаа вэ гэхээр МХАҮТ-ын дэргэдэх олон улсын арбитраас шалган тогтоож “Фарс мажор” гэрчилгээг олгож баталгаажуулсан байдаг. Засаг төрийн шийдвэр, Улсын онцгой газрын шийдвэрээр барилгын ажил зогссон. Хөгжлийн банкнаас нэхэмжилсэн үндсэн зээлийн төлбөрийг хүлээн зөвшөөрч байна. Хүү болон нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Учир нь Дэлхий дахинд өмнө нь тохиолдож байгаагүй Force majeure нөхцөл байдал үүссэн. Энэ байдал тохиолдож эхлэхэд талууд хоёр талдаа мэдэгдэж арга хэмжээ авах хуулийн заалттай байдаг. Үүний дагуу хариуцагч байгууллагаас олон удаа нэхэмжлэгч талд хүсэлт гаргаж байсан. Гэрээг зохицуулах тооцоо, үндэслэл гаргаж тодорхой саналыг гаргаж байсан, баримтыг хэрэгт өгсөн. Force majeure үед хариуцлагаас чөлөөлөх, хүү тооцохгүй байх заалт Монгол Улсын хууль болон Олон улсын хуулинд заасан байдаг. Force majeure үүссэнээс хойш өнөөдрийг хүртэл энэ нөхцөл байдлын улбар шар түвшин цуцлагдаагүй үргэлжилж байна.

Засгийн газар дөрвөн удаагийн шийдвэр гаргаж 79 хоногийн хөл хорио тогтоосон. Барилгын ажил удаа дараа зогссоноос 26 айлын түрээсийн төлбөрт 27 сая төгрөгийн түрээс төлсөн, хэрэгт холбогдолтой баримтаа хэрэгт өгсөн байгаа. Манай компанид 703 сая төгрөгийн хохирол үүсээд байгаа. Хөгжлийн банк өөрсдөө зээлийн гэрээгээ зөрчсөн.

Нийтдээ 13,800.0 тэрбум төгрөг хугацаа хэтрүүлэн олгосон. 1,7 тэрбум төгрөгийг одоо болтол олгоогүй. 2020 онд өөр эх үүсвэр олж барилгаа цааш үргэлжлүүлсэн. Зээлийн үүргийг зөрчөөгүй, харин байгалийн давагдашгүй хүчин зүйл нөлөөлсөн. Гагцхүү зээлийн төлбөр түр хугацаагаар хойшилсон банкнаас авсан зээлийн барьцааг маш бага мөнгөөр үнэлсэн. Аргагүй нөхцөл байдлын улсаас зээл авах гарцаагүй байдал үүссэн учир зээлийн нөхцөлийг харгалзаж үзээч гэж хөгжлийн банктай харилцаж байсан. Нэхэмжлэгч гэрээний үүргээ өөрөө ноцтой зөрчсөн. Зээлийн үндсэн төлбөрийг зөвшөөрч байна. Харин хүүгийн төлбөр нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг зөвшөөрөхгүй, Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.3, 205 дугаар зүйлийн 205.1, 282 дугаар зүйлийн 282.2, 222 дугаар зүйлийн 222.5-д тус тус заасныг баримтлан хүнд нөхцөл байдал үүссэн хугацаанд нэхэмжилсэн зээлийн хүүг 50 хувиар бууруулж, нэмэгдүүлсэн хүүнээс чөлөөлж өгнө үүгэжээ.

 

3. Хариуцагч “Б” ХХК-иас сөрөг нэхэмжлэлдээ “...Цар тахалтай холбоогүйгээр зээлийн гэрээний үүргээ зөрчсөнтэй холбоотой сөрөг нэхэмжлэл гаргасан. Хөгжлийн банкнаас олгох байсан 1,162,420,000 төгрөгийг бидэнд огт олгоогүй. Санхүүжилтийн өөр эх үүсвэрийг олж “Дабаль Бар” ХХК-иас 1,400,000,000 төгрөгийг жилийн 19.2% хүүтэй зээлж барилгын ажлаа дуусгасан баэнэ зээлийн гэрээний дагуу 742,933,333 төгрөгийн хүүгийн хохирол бидэнд учирсан. Мөн өмнө олгосон зээл буюу санхүүжилтийг хугацаа хоцорсноос болж учирсан хохирол 71,921,188.58 төгрөг болсон. Банк гэрээний үүргээ зөрчсөнөөс дээрх байдлаар шууд хохирол учирлаа. Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2 дахь хэсэг “Үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд үүрэг гүйцэтгүүлэгч ямар нэгэн үйлдэл хийх ёстой байсан боловч түүнийг гүйцэтгээгүйгээс хугацаа хэтэрсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ”, 224 дүгээр зүйлийн 224.1 дэх хэсэг “Энэ хуулийн 223 дугаар зүйлд зааснаар хугацаа хэтрүүлсэн гэм буруутай үүрэг гүйцэтгүүлэгч ийнхүү хугацаа хэтрүүлснээс үүрэг гүйцэтгэгчид учруулсан хохирлыг арилгах үүрэгтэй”, 224.2-т зааснаар хүүг тооцох шаардлага үүссэн.

Иймд Хөгжлийн банк нь зээлийн графикийг 30-193 хоногоор хугацаа хэтрүүлж зээл олгож санхүүжилтийг хоцроосноос болж, мөн 1,162,420,000 төгрөгийг огт олгоогүйгээс болж “Б” ХХК-д 814,854,521.56 төгрөгөөр бодит хохирол учраад байгаа тул энэ хохирлыг нэхэмжилж байна” гэжээ.

 

4. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа “...Хөгжлийн банкнаас зээлийн зарцуулалтын тайланд үндэслэж зээл олголтыг хийдэг. Анх 2019 оны 01 дүгээр сарын 25-нд 7,4 тэрбум төгрөгөөр зээл олгосон.

Зээл олгосны дараа бид зээлдэгчийн зээлийн зарцуулалтыг шалгаж тодруулснаар дараа дараагийн зээл олголтыг хийсэн. Эхний 7,4 тэрбум төгрөгийн зээлийн зарцуулалтыг харилцагчийн зүгээс 5 сарын 02-нд ирүүлсэн ба манай банк дараагийн олголтыг сарын дараа буюу 6 сарын 12-нд 3,1 тэрбум төгрөгийг олгосон.

Манай зүгээс 3.1 тэрбум төгрөгийн зарцуулалтыг ирүүлэх хүсэлтийг хариуцагчид удаа дараа тавьсан ба харилцагчийн зүгээс уг баримтыг 11 сарын 14-ний өдөр ирүүлсэн. Энэ явцад банкны зүгээс улирлын чанартай явцын болон газар дээрх хяналтыг хийсэн.

Гуравдах олголтыг зээлдэгчийн хүссэн анх баталсан графикаар биш гүйцэтгэлтэй нь уялдуулан хагас жилээр буюу зарцуулалт ирүүлсний дараагаар зээл олголтыг хийсэн тул зээл олголт хойшилсон байх магадлалтай.

МУХБ, Б ХХК, Б трейд ХХК нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т заасан банк эрх бүхий хуулийн этгээдэд олгодог зээлийн гэрээний харилцаа үүссэн. Энэ зээлийн гэрээ нь шугамын зээлийн хэлбэртэй, энэ талаар талууд гэрээндээ тусгасан. Үндсэн дүнгээ 15,000,000,000 төгрөг гэж талууд тооцсон боловч, гурван хугацаанд тохируулан зээлийг олгоно. Эхний зээл 7,5 тэрбум, хоёр дахь зээл 3 тэрбум, гурав дахь зээл 4,5 тэрбум гэж баталгаажих байсан. Уг зээлийн гэрээний 5.1-т заасны дагуу хариуцагч талаас энэ гэрээтэй холбоотой баримтуудыг ажлын үйл ажиллагааны тайлан, нэхэмжилж байгаа дүнг, холбогдох баримтуудыг банкинд хүргүүлснээр мөнгийг шилжүүлж авах байсан. Харамсалтай нь хариуцагч байгууллага үүргээ гүйцэтгэж амжаагүй, баримтуудаа хоцроож өгсөнтэй холбоотой банк гэрээнд заасны дагуу зээл олголтыг тодорхой хугацаанд хойшлуулж, материалыг бүрдүүлж өгсний дараа зээл олголтыг шилжүүлсэн. Энэ хугацаан дээр хариуцагч тал маргаж байна.

Хоёрдугаарт сөрөг нэхэмжлэлтэй холбоотой Force majeure буюу Худалдаа аж үйлдвэрийн танхимаас энэ баримтуудыг авч сөрөг шаардлагаа нотолж байгаа тохиолдолд нэхэмжлэгч талд мэдэгдэж, Иргэний хуульд заасны дагуу дараагийн арга хэмжээ буюу гэрээнээс татгалзаж, шүүх рүү хандах эрх нь нээлттэй байсан. Энэ эрхээ хэрэгжүүлээгүй байж нэхэмжлэлийн шаардлагаас багасгаж өгнө үү гэж болохгүй. Иргэд хоорондын, барьцаалан зээлдүүлэх газрын, банк эрх бүхий хуулийн этгээдийн гэсэн гурван төрлийн зээлийн гэрээг Иргэний хуульд тусгасан байдаг. Хариуцагч тал нь иргэд хоорондын зээлийн гэрээнд ашигладаг торгууль, алдангитай холбоотой зээлийн гэрээний хүүг 50 хувиар буруулж өгөөч гэх хариу тайлбар гаргаж байгаа нь үндэслэлгүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэв.

 

5. Хэрэгт авагдсан нотлох баримтууд

5.1. Нэхэмжлэгч талаас шүүхэд ирүүлсэн нотлох баримт:

Хуулийн этгээдийн гэрчилгээ, 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн ЗГ-БРМ-З 2018-206 дугаартай зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн ЗГ-БРМ-3 2018-206/1 дугаартай Зээлийн гэрээнд нэмэлт оруулах тухай гэрээ,  нэгж талбарын 1681500020 дугаартай 9019 м.кв эзэмших газрын гэрчилгээний хуулбар, иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, нэгж талбарын 1681500023 дугаартай, 3336 м.кв газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн дугаар БГ-БРМ-ҮХХ 2018-207 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, улсын бүртгэлийн Ү-2205018138 дугаартай гэрчилгээний хуулбар, Ү-2205018243 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар, улсын бүртгэлийн Ү-2205018137 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар, улсын бүртгэлийн Ү-2205018136 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар, улсын бүртгэлийн Ү-2201019933 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар, улсын бүртгэлийн Ү-А2205000077 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар, 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн дугаар БГ-БРМ-ГЭ 2018-208 дугаартай газар эзэмших эрх барьцаалах гэрээ,  нэгж талбарын 1863531040439 дугаартай, 800 м.кв газрын эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, гэрээ, нэгж талбарын 186031/0028 дугаартай, 9,024 м.кв газрын эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, гэрээ, нэгж талбарын 18638309831691 дугаартай, 3,339 м.кв газрын эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, гэрээ, 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн БГ-БРМ-ГЭ 2018-208/ дугаартай БН-БРМ-ГЭ 2018-208 дугаартай газар эзэмших эрх барьцаалах гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ, нэгж талбарын 1681600455 дугаартай, 1,120 м.кв газар эзэмших гэрчилгээний хуулбар, “Б” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол, улсын бүртгэлийн гэрчилгээ, “Б” ХХК-ийн дүрэм, “БИ” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, дүрэм, Хөгжлийн банк ХХК-ийн мэдэгдлүүд, албан тоотын хариу, Зээлийн нөхцөл өөрчлөх хүсэлтийн хариу, МУХБны төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол, хавсралт, “Б” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол, зээл, зээлийн хүүгийн тооцоолол,  МУХБны зээлийн удирдлагын хорооны дүгнэлт 2018/73, зээлдэгчийн дансны хуулгууд, харилцагчийн дансны хуулга, зээлийн дансны хуулга,

 

5.2. Хариуцагч талаас шүүхэд ирүүлсэн нотлох баримт:

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, тусгай зөвшөөрлийн хуулбар, батламж, төсөл хэрэгжүүлэгчийг батламжлах тухай Нийслэлийн засаг даргын захирамж, Шинэчлэл хороолол төслийн ерөнхий мэдээлэл, зээлийн гэрээ, гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ /Force majure/, Голомт банкны орлогын мэдүүлгүүд, зээлийн дансны хуулга, Б ХХК-ийн хүсэлтүүд,  Шинэчлэл хорооллын 804, 805, 806, 807-р байрны борлуулалтын мэдээ, орон сууц хөлслөх болзол биелүүлснээр орон сууцыг ирээдүйд худалдах, худалдан авах тухай гэрээ, тусгай нөхцөл, хавсралт, нийгмийн даатгал төлөлтийн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, оршин суугаа хаягийн тодорхойлолтууд, Б ХХК-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2020 оны 11 дүгээр сарын, 12 дугаар сарын, 2021 оны 02 дугаар сар, 4 дүгээр сар,  5 дугаар сарын тайлан, Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээ, Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээ, бэлэн мөнгөний зарлагын баримтууд.

 

5.3 Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримт:

2022.05.18-ны өдрийн 6/4357 дугаар улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн барьцаа хөрөнгийн талаарх лавлагаа, мэдээлэл, Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 02-08/2695 дугаар албан бичиг, кадастрын зураг, газар эзэмших эрхийн барьцааны бүртгэлийн тодорхойлолт.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч “МУХБ” ХХК-иас хариуцагч “Б” ХХК, “Б трейд” ХХК нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 17,601,023,081.38 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлээс 17,248,133,829.93 төгрөгийг хангаж, үлдэх хэсгийг болон “гэрээний үүрэг зөрчсөнөөс учирсан хохирол 814,854,521.56 төгрөг гаргуулах” тухай сөрөг шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргээ зээлдэгч биелүүлээгүй тул гэрээг цуцалж, үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт нэхэмжилснийг хариуцагч тал үндсэн зээлийг хүлээн зөвшөөрч, үндсэн хүүгийн 50 хувийг болон нэмэгдүүлсэн хүүг тус тус хэрэгсэхгүй болгуулах гэж шаардлагын зарим хэсгийг татгалзан, улмаар хариуцагч талын банк гэрээний үүргээ зөрчсөнөөс хохирол учруулсан үндэслэлээр гаргасан сөрөг шаардлагыг нэхэмжлэгч эс зөвшөөрч ...гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн гэх агуулгаар тайлбар гарган мэтгэлцдэг.

 

3. Талуудын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтаар хариуцагч “Б” ХХК, “БИ” ХХК нар нь “МУХБ” ХХК-тай

 

3.1. 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн ЗГ-БРМ-З 2018-206 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 15,000,000,000 төгрөг хүртэл зээлийг, жилийн 10.62 хувийн хүүтэй, зээлийн эхний олголтоос хойш 5 жилийн хугацаатай, “Шинэчлэл хороолол” орон сууцны хороолол барих төслийн ажлыг санхүүжүүлэх зориулалтаар авсан бөгөөд зээлийг бэлэн бус хэсэгчлэн олгох хэлбэрээр олгоно, хуваарийн дагуу зээл олгоно, эргэн төлнө, үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцүү нэмэгдүүлсэн хүү байна гэж зээлийн болон нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээг байгуулсан болох нь,

 

3.2. Зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол

- “Б” ХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2201019933 дугаарт бүртгэгдсэн, эд хөрөнгө өмчлөх эрхийн 000044632 тоот гэрчилгээтэй, СХД 12-р хороо, Москвагийн гудамж 41, хаягт байршилтай, 2,407.5 м.кв бүхий Контор үйлчилгээний барилга,

 

- Улсын бүртгэлийн Ү-А2205000077 дугаарт бүртгэгдсэн, эд хөрөнгө өмчлөх эрхийн 000228097 тоот гэрчилгээтэй, БГД 20-р хороо, Эрчим хүчний 24 хаягт байршилтай, 364 м.кв бүхий Үйлдвэрлэлийн зориулалттай барилга,

 

- СХД 12-р хороо хороонд байрлах, нэгж талбарын 1823/0139 18635310440439 дугаартай, 000321986 гэрчилгээтэй, үйлчилгээний зориулалттай эзэмших эрхтэй, 800 м.кв га газар,

 

- БГД 20-р хороонд байрлах, нэгж талбарын 168021/0202 дугаартай, 000300230 гэрчилгээтэй, Үйлдвэрлэлийн зориулалттай эзэмших эрхтэй, 1,120 м.кв газар,

 

- “БИ” ХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2205018137 дугаарт бүртгэгдсэн, эд хөрөнгө өмчлөх эрхийн 000464222 гэрчилгээтэй, БГД 4-р хороо, Ажилчны гудамж 65/2 тоот хаягт байршилтай, 288 м.кв бүхий үйлдвэрлэлийн зориулалттай барилга,

 

- Улсын бүртгэлийн Ү-2205018243 дугаарт бүртгэгдсэн, эд хөрөнгө өмчлөх эрхийн 000464220 тоот гэрчилгээтэй, БГД 4-р хороо, Ажилчны гудамж 65 тоот хаягт байршилтай, 2,701 м.кв бүхий үйлдвэрлэлийн зориулалттай барилга,

 

- Улсын бүртгэлийн Ү-2205018238 дугаарт бүртгэгдсэн, эд хөрөнгө өмчлөх эрхийн 000464219 тоот гэрчилгээтэй, БГД 4-р хороо, Ажилчны гудамж 65/1 тоот хаягт байршилтай, 2,220 м.кв бүхий үйлдвэрлэлийн зориулалттай барилга,

 

- Улсын бүртгэлийн Ү-2205018136 дугаарт бүртгэгдсэн, эд хөрөнгө өмчлөх эрхийн 000572194 тоот гэрчилгээтэй, БГД 4-р хороо, Ажилчны гудамж 63 тоот хаягт байршилтай, 2,592 м.кв бүхий агуулахын зориулалттай барилга,

 

- БГД 4-р хороонд байрлах, нэгж талбарын 168031/0046 18638309831691 дугаартай, 000317509 гэрчилгээтэй, контор, агуулах, аж ахуй үйлчилгээний зориулалттай эзэмших эрхтэй, 3,339 м.кв га газар,

 

- БГД 4-р хороонд байрлах, нэгж талбарын 168031/0028 дугаартай, 000315710 гэрчилгээтэй, контор, агуулах, аж ахуй, үйлчилгээний зориулалттай эзэмших эрхтэй, 9,024 м.кв га газар зэрэг барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангахаар барьцааны гэрээ байгуулсан болох нь тус тус нотлогддог ба эдгээр үйл баримтын талаар талууд маргадаггүй.

 

4. Гэрээний агуулга, нөхцөл, талуудын тайлбараас үзэхэд тэдний хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар үл хөдлөх эд хөрөнгүүд барьцаалсан байна. Талууд хүсэл зоригоо илэрхийлж тухайн гэрээнүүдийг Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.4-т заасан хэлбэрийн шаардлагыг ханган бичгээр байгуулсан, улсын бүртгэлд бүртгүүлэн, нотариатаар гэрчлүүлсэн байх бөгөөд хүчин төгөлдөр бус хэлцэл гэх агуулгаар маргаагүй, харин давагдашгүй хүчин зүйл нөлөөлсөн тул гэрээний үүргийн биелэлт хойшилсон, энэ байдал хэн алинд нь хамаарах тул хүүгийн 50 хувийг болон нэмэгдүүлсэн хүүгээс чөлөөлөгдөнө гэх тайлбарыг, гэрээний үүрэг зөрчсөнөөс учирсан хохирлыг гаргуулна гэх тайлбарыг нэхэмжлэгч, хариуцагч тал үгүйсгэн маргадаг.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийг шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар банк нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээхээр заасан.

 

Мөн Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй”, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т “Зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө” гэж тус тус заасан байна.

 

Дээрх хуулийн зүйл, заалт болон зээлийн гэрээний дагуу зээлдүүлэгч буюу “МУХБ” ХХК шаардах эрхтэй. Түүнчлэн зээлдүүлэгч болох банк зээлийн гэрээний хуваарийн дагуу зээлийг олгоогүй буюу гэрээний үүргээ зөрчсөн бол зээлдэгч мөн өөрт учирсан хохирлоо шаардах эрхтэй болно.

 

5. Үндсэн зээлдэгч болох хариуцагч “Б” ХХК нь зээлдүүлэгч банк гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, хуваарьт заасан хугацаа хэтрүүлэн зээл олгосоноос учирсан хохирол, олгох байсан зээлийг олгоогүйгээс учирсан хохирлыг шаарддаг.

Үндэслэлээ нэхэмжлэгч “МУХБ” ХХК нь зээлийн гэрээний салшгүй хэсэг болох хавсралтад дурдсан цаг хугацаанд зээлийг олгоогүй буюу 2018 оны 12 сарын 25-нд олгох зээлийг 2019 оны 01 сарын 25-нд олгож 30 хоног хоцроосон, 2019 оны 02 сарын 11-нд олгох зээлийг 2019 оны 06 сарын 12-нд олгож 120 хоног хоцроосон, 2020 оны 06 сарын 10-нд олгох зээлийг 2020 оны 12 сарын 23-нд олгож 193 хоног хоцроосон, дутуу олгосноос хариуцагч “Б” ХХК-д хохирол учирсан гэж тайлбарладаг.  

 

6. Талуудын хооронд байгуулагдсан ЗГ-БРМ-3 2018-206 дугаартай зээлийн гэрээний

3.1.1-д зээлийн хэмжээ 15,000,000,000 хүртэл төгрөг,

3.1.7-д зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь хавсралтад тодорхойлсон хуваарийн дагуу төлнө,

3.1.8-д зээл олгох хэлбэр, бэлэн бус, төгрөгөөр, хэсэгчлэн олгох

5.1-д зээлдэгч зээлийг хүлээн авах эрх дараах тохиолдолд үүсэхийг талууд харилцан тохиролцов

5.1.3-т Банкны бодлого, журмын дагуу шаардагдах бүх баримт бичгийг үнэн зөв, бүрэн бүрдүүлж өгсөн байх

5.2-т Зээлдэгч нь гэрээний 5.1-д заасан нөхцөл шаардлагыг бүрэн хангаснаар зээлийг хүлээн авах эрх үүсч ”Шинэчлэл хороолол” орон сууцны хороолол барих төслийн хүрээнд худалдан авах бараа, ажил, үйлчилгээний гэрээ, гэрээний дагуух гүйцэтгэгчийн ажлын тайлан, гүйцэтгэгчийн төлбөрийн нэхэмжлэх зэрэг баримт бичгийг бүрдүүлэн ирүүлснээр Банк эдгээр баримт бичиг, холбогдох бусад нөхцөл шаардлага бүрэн хангагдсан эсэхийг хянан шалгасны үндсэн дээр зээлийг хэсэгчлэн олгоно

6.1-д Банк дараах тохиолдолд Зээлдэгчид ажлын 5 хоногийн өмнө мэдэгдэл хүргүүлсний үндсэн дээр зээл олголт хийхийг бүрэн болон хэсэгчлэн зогсоож болно

6.1.3-т Гэрээний 5.6-д заасан баримт бичгийн бүрдлийг хангаагүй эсхүл бүрэн бус, өөр хоорондоо зөрчилтэй, дутуу, хоёрдмол утга бүхий тодорхой бус агуулгатай баримт бичиг бүрдүүлсэн ба эдгээр нь зээлийг бүр зогсоох үндэслэл болохгүй гэж Банк үзсэн бол эдгээр зөрчил, доголдлыг арилгах хүртэл

6.1.4-т Зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол биелүүлэх хүртэл хугацаанд зогсооно гэж заасан.

 

Зээлийн олголт, эргэн төлөлтийн хуваарьт “...2018 оны 12 сарын 25-нд 7,500,000,000 төгрөг, 2019 оны 2 сарын 11-нд 3,000,000,000 төгрөг, 2019 оны 6 сарын 10-нд 4,500,000,000 төгрөг, нийт 15,000,000,000 төгрөг олгохоор

Талууд харилцан тохиролцож зээл, зээлийн хүүгийн төлбөрийн хуваарийг хийв, гэрээний 5 дугаар зүйлд заасан нөхцөлийн дагуу зээл олголтыг хийх ба зээлийн бодит олголттой уялдуулан Банк зээл эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулах эрхтэй болохыг Зээлдэгч хүлээн зөвшөөрөв” /хх 16/ гээд,

Зээлийн олголт эргэн төлөлтийн хуваарь “...2019 оны 01 сарын 25-нд 7,499,847,528.00 төгрөг, 2019 оны 06 сарын 12-нд 3,139,220,280.00 төгрөг, 2019 оны 12 сарын 23-нд 3,198,452,572.00 төгрөгийн олгосон, нийт 13,837,520,380.00 төгрөг,

Талууд харилцан тохиролцож зээл, зээлийн хүүгийн төлбөрийн хуваарийг хийв, гэрээний 5 дугаар зүйлд заасан нөхцлийн дагуу зээл олголтыг хийх бөгөөд зээлийн олголт нь дээрх хуваариас өөрөөр хийгдэх нөхцөлд Банк зээлийн олголт, эргэн төлөлтийн хуваарийн олголтын хуваарь болон түүнтэй уялдуулан зээлийн эхлэх, дуусах огноог дангаар өөрчлөх эрхтэй болохыг Зээлдэгч хүлээн зөвшөөрөв” /хх 17/ гээд талууд гарын үсэг зурж, тамга тэмдгээ даран Зээлийн олголт, эргэн төлөлтийн хуваарийг баталгаажуулсан байна.

 

7. Энэхүү дурдсан зээлийн гэрээний заалт болон зээл олголт, эргэн төлөлтийн хавсралт баталгаажуулсан талуудын харилцан тохиролцсон байдлаас үзэхэд зээл олгохоос өмнөх зээлдэгчийн зээл хүссэн материалын бүрдүүлбэр, зээлдүүлэгчийн судалгаа, зөвшөөрлөөс хамаарч зээл олголт бэлэн бусаар хийгдэхээр байх тул зээл олголт, эргэн төлөлтийн эхний хавсралтаар урьдчилсан байдлаар талууд тохиролцсон байна. 2 дахь хавсралтаар зээлийн бодит олголт, эргэн төлөлтийг талууд харилцан тохиролцож тогтоосон, мөн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү буцаан төлөх үүргийн зөрчилтэй болох нь банкны удаа дараагийн мэдэгдэх хуудсаар тогтоогдож байх тул зээлийг хугацаа хэтрүүлж олгосон, дутуу олгосон гэх хариуцагч талын тайлбар үндэслэлгүй болно.

 

Энэ үндэслэлээр хариуцагч “Б” ХХК-ийн гэрээний үүргийн зөрчлөөс учирсан хохирол 814,854,521.56 төгрөг гаргуулах тухай сөрөг шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

8. Нэхэмжлэгч “МУХБ” ХХК болон хариуцагч “Б” ХХК, “БИ” ХХК нарын хооронд байгуулагдсан 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр ЗГ-БРМ-З 2018-206 дугаартай “Зээлийн гэрээ”, 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр ЗГ-БРМ-З 2018-206/1 дугаартай зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ”-ний дагуу зээлдэгч, хамтран зээлдэгч нар нь хавсралтад заасан хуваарийн дагуу үндсэн зээл 13,837,520,380 төгрөгийг, үндсэн хүүгийн хамт зээлдүүлэгчид буцаан төлөх, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.

 

Хариуцагч талаас Ковид-19 цар тахлын улмаас буюу давагдашгүй хүчин зүйлээс зээл, үндсэн хүү төлөх хуваарь алдагдсаныг хүлээн зөвшөөрдөг. Гэхдээ дээрх хүнд нөхцөл байдал үүссэн, аж ахуйн нэгжүүд, хувь хүмүүс үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах, орлого олох боломжгүй байсан нь нийтэд илэрхий үйл баримт бөгөөд Монгол Улсын Засгийн газраас 79 хоногийн хатуу хөл хорио тавьсан, Монгол улсын нэгдэн орсон олон улсын гэрээ конвенц, олон улсын худалдааны дүрэм, журмын дагуу Худалдаа аж үйлдвэрийн танхимаас гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл /force majeure/-ийн гэрчилгээ авсан, энэ талаар банкинд удаа дараа хүсэлт, тайлбар хүргүүлж гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах саналыг тавьж байсан гэх агуулгаар тайлбар өгдөг. Нэхэмжлэгч талаас хариуцагчийн хүсэлтийн банкны зүгээс хүлээн авч гэрээний үүргийн зөрчлөө арилгавал харилцан ярилцах боломжтой талаар хэлж байсан, мөн хариуцагч тал нь гэрээнд өөрчлөлт оруулах саналыг банк хүлээж авахгүй бол гэрээгээ цуцлах хүртэл асуудлаар шүүхэд хандах эрх нээлттэй байсан гэсэн агуулгаар тайлбарладаг.

 

Талууд гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл /force majeure/-ийн гэрчилгээ авсан, цар тахлын улмаас нийгэмд, хуулийн этгээдэд, хувь хүнд аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх боломжгүй байсан асуудалд маргаан үүсгээгүй ба нэхэмжлэгч талын зээлийн гэрээг цуцлах эрх зээлдэгчид байсан гэх тайлбар нь гэрээнээс татгалзах тухай Иргэний хуулийн 204, 205, 225 дугаар зүйл, заалтад нийцэх үндэслэл бүхий тайлбар байна.

 

Иймээс хариуцагч буюу зээлдэгч “Б” ХХК, “БИ” ХХК-иуд нь зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг зээлдүүлэгч буюу нэхэмжлэгчид буцаан төлөх үүргээ биелүүлээгүй байх тул зээлийн гэрээний үүргийг хариуцах учиртай бөгөөд нэхэмжлэгч талын зээлийн гэрээг цуцлах хүсэлтийг хариуцагч тал хүлээн зөвшөөрсөн тайлбарыг өгдөг.

 

9. Харин шүүхээс Монгол Улсын Засгийн газрын тогтоол, шийдвэрийн дагуу хатуу хөл хорио тогтоосон 79 хоногийн хугацаанд тооцогдох зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хариуцагч нар хариуцах учиргүй тул энэ хугацаанд тооцогдох зээлийн үүргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Тодруулбал, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Зээлийн хүүг зээлийг ашигласан хугацаагаар тооцно” гэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж тус тус заасан байна.

 

Засгийн газрын шийдвэрээр 2020 оны 11 сарын 12-ноос 19 хоног, 2020 оны 12 сарын 23-наас 19 хоног, 2021 оны 02 сарын 11-ээс 12 хоног, 2021 оны 04 сарын 10-аас 28 хоног, нийт 79 хоногийн хатуу хөл хорио тогтоосон нь нийтэд илэрхий үйл баримт бөгөөд хариуцагч нар үйл ажиллагаа явуулаагүй тул хэрэгт авагдсан нотлох баримтуудаар энэ хугацаанд зээлийг ашигласан, хэрэглэсэн гэж дүгнэх үндэслэл тогтоогдоогүй болно.

 

Иймээс ЗГ-БРМ-3 2018-206 дугаартай зээлийн гэрээний үүрэгт шаардсан зээл, хүүгийн тооцооллоос дүгнэхэд 2022 оны 6 сарын 01-ний өдрийн байдлаар 2019 оны 1 сарын 25-ны өдөр олгосон зээл 7,499,847,528.00 төгрөгийн үүрэг 9,539,641,917.14 төгрөгөөс /1 өдрийн хүү 2,182,147.42 төгрөг/ 79 хоногийн хүү 172,389,646.18 төгрөгийг, 2019 оны 6 сарын 12-ны өдөр олгосон зээл 3,139,220,280.00 төгрөгийн үүрэг 3,993,019,492.64 төгрөгөөс /1 өдрийн хүү 913,384.09 төгрөг/ 79 хоногийн хүү 72,157,343.11 төгрөгийг, 2019 оны 12 сарын 23-нд олгосон зээл 3,198,452,572.00 төгрөгийн үүрэг 4,068,361,671.61 төгрөгөөс /1 өдрийн хүү 930,618.26 төгрөг/ 79 хоногийн хүү 73,518,842.54 төгрөгийг, мөн хугацааны нэмэгдүүлсэн хүү /1 өдрийн хүү 400,802.78 төгрөг/ 34,823,419.62 төгрөгийг, нийт 352,889,251 төгрөгийг нэхэмжлэлийн үнийн дүн 17,601,023,081.38 төгрөгөөс хасаж зээлийн гэрээний үүрэгт 17,248,133,829.93 төгрөгийг хариуцагч “Б” ХХК болон “Б трейд” ХХК-д хариуцуулах нь зүйтэй.    

 

10. Нэхэмжлэгч “МУХБ” ХХК, хариуцагч “Б” ХХК, “Б трейд” ХХК нарын хооронд байгуулагдсан

- 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн БГ-БРМ-ҮХХ 2018-207 дугаар бүхий улсын бүртгэлийн Ү-2201019933, Ү-А2205000077, Ү-2205018137, Ү-2205018243, Ү-2205018138, Ү-2205018136 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ,

- 2018 оны 12 сарын 11-ний өдрийн БГ-БРМ-ГЭ 2018-208 дугаар бүхий 000317509, 000321986, 000315710 гэрчилгээний дугаартай газрын эзэмших эрх барьцаалах гэрээ,

- 2019 оны 6 сарын 05-ны өдрийн БГ-БРМ-ГЭ 2018-108 дугаар бүхий 000002225 гэрчилгээний дугаартай газрын эзэмших эрх барьцаалах гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээнд талуудын хүсэл зоригийг илэрхийлэгдсэн бөгөөд зээлийн үүргийг зээлдэгч нар биелүүлээгүй тохиолдолд өөрсдийн өмчлөлийн барьцаа хөрөнгөөр төлбөрийг барагдуулах үүрэг хүлээсэн гэж үзнэ.

Зээлийн гэрээний үүргийг хангах аргын талаар тохиролцсон барьцааны гэрээнүүд хүчин төгөлдөр, гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна.

 

11. Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитой, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь харьцуулан үзэж хариуцагч “Б” ХХК, “Б трейд” ХХК нараас зээлийн гэрээний үүрэгт 17,248,133,829.93 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “МУХБ” ХХК-д олгож, үүргийг гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгүүдээр үүргийг хангахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 352,889,251 төгрөгийг болон 814,854,521.56 төгрөг гаргуулах тухай сөрөг шаардлагыг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгож, хариуцагчаас урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод үлдээж, нэхэмжлэл хангагдсан хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 86,398,619 төгрөгийг хариуцагчаас гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.2, 115.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Б” ХХК, “Б трейд” ХХК нараас 17,248,133,829.93 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “МУХБ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн үлдэх шаардлага 352,889,251 төгрөгийг болон 814,854,521.56 төгрөг гаргуулах тухай сөрөг шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ““Б” ХХК, “Б трейд” ХХК нар нь 17,248,133,829.93 төгрөгийн төлбөрийн үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд 2018 оны 12 сарын 11-ний өдрийн БГ-БРМ-ҮХХ 2018-207 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, 2018 оны 12 сарын 11-ний өдрийн БГ-БРМ-ГЭ 2018-208, 2019 оны 6 сарын 05-ны өдрийн нэмэлт, өөрчлөлт бүхий газар эзэмших эрх барьцаалах гэрээнд заасан дор дурдсан хариуцагч нарын хөрөнгөөр буюу

 

  • Улсын бүртгэлийн Ү-2201019933 дугаарт бүртгэгдсэн, СХД 12-р хороо, Москвагийн гудамж 41, хаягт байршилтай, контор үйлчилгээний барилга,
  • Улсын бүртгэлийн Ү-2205030744 /А2205000077/ дугаарт бүртгэгдсэн БГД 20-р хороо, Эрчим хүчний 24 хаягт байршилтай, үйлдвэрлэлийн зориулалттай барилга,
  • Улсын бүртгэлийн Ү-2205018243 дугаарт бүртгэгдсэн, БГД 4-р хороо, Ажилчны гудамж 65 тоот хаягт байршилтай, үйлдвэрлэлийн зориулалттай барилга,
  • Улсын бүртгэлийн Ү-2205018238 дугаарт бүртгэгдсэн, БГД 4-р хороо, Ажилчны гудамж 65/1 тоот хаягт байршилтай, үйлдвэрлэлийн зориулалттай барилга,
  • Улсын бүртгэлийн Ү-2205018137 дугаарт бүртгэгдсэн, БГД 4-р хороо, Ажилчны гудамж 65/2 тоот хаягт байршилтай, үйлдвэрлэлийн зориулалттай барилга,
  • Улсын бүртгэлийн Ү-2205018136 дугаарт бүртгэгдсэн, БГД 4-р хороо, Ажилчны гудамж 63 тоот хаягт байршилтай, агуулахын зориулалттай барилгыг,

 

  • СХД 12-р хороо хороонд байрлах, нэгж талбарын 1823/0139 18635310440439 дугаартай, 000321986 гэрчилгээтэй, үйлчилгээний зориулалттай эзэмших эрхтэй, 800 м.кв га газар,
  • БГД 20-р хороонд байрлах, нэгж талбарын 168021/0202 дугаартай, 000300230 гэрчилгээтэй, Үйлдвэрлэлийн зориулалттай эзэмших эрхтэй, 1,120 м.кв газар,
  • БГД 4-р хороонд байрлах, нэгж талбарын 168031/0046 18638309831691 дугаартай, 000317509 гэрчилгээтэй, контор, агуулах, аж ахуй үйлчилгээний зориулалттай эзэмших эрхтэй, 3,339 м.кв газар,
  • БГД 4-р хороонд байрлах, нэгж талбарын 168031/0028 дугаартай, 000315710 гэрчилгээтэй, контор, агуулах, аж ахуй, үйлчилгээний зориулалттай эзэмших эрхтэй, 9,024 м.кв га газрыг тус тус

 

албадан худалдаж, худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “Б” ХХК, “Б трейд” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 86,398,619 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Э.АМИН-ЭРДЭНЭ