Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2022/01693

 

 

 

 

 

 

 

2022 09 09 210/МА2022/01693

 

 

 

ххх ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 184/ШШ2022/02068 дугаар шийдвэртэй, ххх ХХК-ийн нэхэмжлэлтэй Б ХХК, Б Т ХХК-уудад холбогдох орон зээлийн гэрээний үүрэгт 17,601,023,081.38 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай үндсэн, гэрээний үүрэг зөрчсөнөөс учирсан хохирол 893,416,530 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхбат, түүний өмгөөлөгч П.Эрхэмбаяр, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Шагдаррагчаа, Ш.Үнэнбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Б ХХК нь ххх ХХК-тай 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр ЗГ-БРМ-З 2018-206 тоот Зээлийн гэрээ, 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр ЗГ-БРМ-З 2018-206/1 тоот зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээг тус тус байгуулж, 13,837,520,380 төгрөгийг, жилийн 10.62 хувийн хүүтэй, зээл олгосон өдрөөс хойш 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл хугацаатай, Б ХХК-ийн хэрэгжүүлж буй Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, Дэнжийн 1000 орчимд 468 айлын 4 блок Шинэчлэл хороолол орон сууцны барилгын төслийг санхүүжүүлэх зориулалтаар зээлсэн.

1.1. Дээрх зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр БГ-БРМ-ҮХХ 2018-207 тоот Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж, уг гэрээгээр Б ХХК-ийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, Москвагийн гудамж 41 тоотод байрлах 2,407.5 м.кв бүхий контор үйлчилгээний барилга, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Эрчим хүчний 24 хаягт байршилтай, 364 м.кв бүхий Үйлдвэрлэлийн зориулалттай барилгыг,

Б Т ХХК-ийн өмчлөлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Ажилчны гудамж 65/2 тоотод байрлах 288 м.кв бүхийй Үйлдвэрлэлийн зориулалттай барилга,

Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Ажилчны гудамж 65 тоотод байрлах 2,701 м.кв бүхий Үйлдвэрлэлийн зориулалттай барилга,

Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Ажилчны гудамж 65/1 тоотод байрлах 2,220 м.кв бүхий Үйлдвэрлэлийн зориулалттай барилга,

Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Ажилчны гудамж 63 тоотод байрлах 2,592 м.кв бүхий агуулахын зориулалттай барилгыг барьцаалсан.

2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр БГ-БРМ-ГЭ 2018-208 тоот Газар эзэмших эрх барьцаалах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр Б Т ХХК-ийн эзэмшлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хороонд байрлах, нэгж талбарын 168031/0046 18638309831691 дугаартай, 000317509 гэрчилгээтэй, контор, агуулах, аж ахуй үйлчилгээний зориулалттай эзэмших эрхтэй, 3,339 м.кв га газар, Баянгол дүүргийн 4 дүгээр хороонд байрлах, нэгж талбарын 168031/0028 дугаартай, 000315710 гэрчилгээтэй, контор, агуулах, аж ахуй, үйлчилгээний зориулалттай эзэмших эрхтэй, 9,024 м.кв га газар, Б ХХК-ийн эзэмшлийн Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо хороонд байрлах, нэгж талбарын 1823/0139 18635310440439 дугаартай, 000321986 гэрчилгээтэй, үйлчилгээний зориулалттай эзэмших эрхтэй, 800 м.кв га газар зэргийг тус тус барьцаалсан.

2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр БГ-БРМ-ГЭ 2018-208/1 тоот Газар эзэмших эрх барьцаалах гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээг байгуулж, уг гэрээгээр Б ХХК-ийн эзэмшлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлах, нэгж талбарын 168021/0202 дугаартай, 000300230 гэрчилгээтэй, Үйлдвэрлэлийн зориулалттай эзэмших эрхтэй, 1,120 м.кв газараар үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулсан.

1.2. Иймд 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдийн ЗГ-БРМ-З 2018-206 тоот Зээлийн гэрээг шүүхийн журмаар цуцалж, зээлийн үндсэн төлбөр 13,837,520,380 төгрөг, зээлийн хүү 3,579,244,141.41 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 184,255,559.97 төгрөг, нийт 17,601,023,081.38 төгрөгийг Б ХХК, Б Т ХХК-аас гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Манай компани нь дээрх зээлийн гэрээг байгуулахдаа нийт 40 тэрбум төгрөгийн зах зээлийн үнэлгээтэй 6 барилга, 4 газар эзэмших эрхийн гэрчилгээг барьцаалж 15 тэрбум төгрөгийн зээлээс 13,837,000,000 төгрөгийг гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороонд хэрэгжүүлж байгаа Шинэчлэл хорооллын 1-р ээлжийн 4 блок барилгад зориулалтын дагуу зарцуулсан. Зээлийн үндсэн төлбөрийн үүргийг гүйцэтгэнэ.

2.1 Өнгөрсөн хугацаанд бизнесийн байгууллагуудад үүссэн хүндрэлийг даван туулахад Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооны шийдвэрүүд гарсан. Иймд зээлийн хүүг 50 хувиар бууруулж, нэмэгдүүлсэн хүүгээс чөлөөлж өгнө үү.

Иргэдийн ипотекийн зээлийг хүүг он дуустал хойшлуулж байгаатай учраас хүнд нөхцөл байдал үүссэн. Үүнийг МҮХАТ-ын дэргэдэх Олон Улсын Арбитраас шалган тогтоож Fогсе mаjеuге /Форсе мажор/ гэрчилгээг олгож баталгаажуулсан. Энэ нөхцөл байдал тогтоогдоход нөгөө талдаа мэдэгдэх үүрэгтэй тул хариуцагч байгууллагаас олон удаа нэхэмжлэгч талд хүсэлт гаргаж байсан. Fогсе mаjеuге үед хариуцлагаас чөлөөлөх, хүү тооцохгүй байхаар Монгол Улсын хууль болон Олон улсын хуулинд заасан. Fогсе mаjеuге үүссэнээс хойш өнөөдрийг хүртэл энэ нөхцөл байдлын улбар шар түвшин цуцлагдаагүй үргэлжилж байна.

2.2. Гэрээг зохицуулах тооцоо, үндэслэл гаргаж тодорхой саналыг гаргаж байсан, баримтыг хэрэгт өгсөн. Засгийн газар дөрвөн удаагийн шийдвэр гаргаж 79 хоногийн хөл хорио тогтоосон. Зээлийн үүргийг зөрчөөгүй, харин байгалийн давагдашгүй хүчин зүйл нөлөөлсөн. Зээлийн төлбөр түр хугацаагаар хойшилсон банкнаас авсан зээлийн барьцааг маш бага мөнгөөр үнэлсэн.

Иймд Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.3, 205 дугаар зүйлийн 205.1, 282 дугаар зүйлийн 282.2, 222 дугаар зүйлийн 222.5-д тус тус заасныг баримтлан хүнд нөхцөл байдал үүссэн хугацаанд нэхэмжилсэн зээлийн хүүг 50 хувиар бууруулж, нэмэгдүүлсэн хүүгээс чөлөөлж өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Цар тахалтай холбоогүйгээр зээлийн гэрээний үүргээ зөрчсөнтэй холбоотой сөрөг нэхэмжлэл гаргасан. Барилгын ажил удаа дараа зогссоноос 26 айлын түрээсийн төлбөрт 27,000,000 төгрөгийн түрээс төлсөн. Нэхэмжлэгч ньнийтдээ 13,800.0 тэрбум төгрөгийн зээлийг хугацаа хэтрүүлэн олгосон, 1,162,420,000 төгрөгийг олгоогүй.

Бид санхүүжилтийн өөр эх үүсвэрийг олж Дабаль Бар ХХК-аас 1,400,000,000 төгрөгийг жилийн 19.2 хувийн хүүтэй зээлж барилгын ажлаа дуусгасан. Зээлийн гэрээний дагуу 742,933,333 төгрөгийн хүүгийн хохирол бидэнд учирсан.

Нэхэмжлэгч банк нь зээлийн графикийг 30-193 хоногоор хугацаа хэтрүүлж санхүүжилтийг хоцроосны улмаас 71,921,188.58 төгрөгийн хохирол учирсан. Иймд Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2, 224 дүгээр зүйлийн 224.1, 224.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч банкнаас 1,162,420,000 төгрөгийн зээл олгоогүйгээс болж "Б ХХК-д учирсан 814,854,521.56 төгрөгөөр бодит хохирлыг гаргуулна гэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан татгалзал, тайлбарын агуулга: Нэхэмжлэгч нь зээлийн зарцуулалтын тайланд үндэслэж зээл олголтыг хийдэг. Монгол Улсын Хөгжлийн банк, Б ХХК, Б Т ХХК нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк эрх бүхий хуулийн этгээдэд олгодог зээлийн гэрээний харилцаа үүссэн. Энэ зээлийн гэрээ нь шугамын зээлийн хэлбэртэй болохыг гэрээндээ тусгасан. Үндсэн дүнгээ 15 тэрбум төгрөг гэж талууд тооцсон боловч, гурван хугацаанд тохируулан зээлийг олгоно. Эхний зээл 7,5 тэрбум, хоёр дахь зээл 3 тэрбум, гурав дахь зээл 4,5 тэрбум гэж баталгаажих байсан.

4.1. Анх 2019 оны 01 дүгээр сарын 25-нд 7,4 тэрбум төгрөгийн зээлийг хариуцагчид олгосон. Тус зээлийн зарцуулалтыг харилцагчийн зүгээс 05 дугаар сарын 02-ны өдөр ирүүлсэн ба дараа нь 06 дугаар сарын 12-нд 3,1 тэрбум төгрөгийг олгосон.

Манай талаас 3.1 тэрбум төгрөгийн зарцуулалтыг ирүүлэх хүсэлтийг хариуцагчид удаа дараа тавихад баримтыг 11 дүгээр сарын 14-ний өдөр ирүүлсэн. Энэ явцад банкны зүгээс улирлын чанартай явцын болон газар дээрх хяналтыг хийсэн.

Гуравдах олголтыг зээлдэгчийн хүссэн анх баталсан графикаар биш гүйцэтгэлтэй нь уялдуулан хагас жилээр буюу зарцуулалт ирүүлсний дараагаар зээл олголтыг хийсэн тул зээл олголт хойшилсон байх магадлалтай.

Зээлийн гэрээний 5.1-т заасны дагуу хариуцагч талаас гэрээтэй холбоотой баримтуудыг ажлын үйл ажиллагааны тайлан, нэхэмжилж байгаа дүнг, холбогдох баримтуудыг банкинд хүргүүлснээр мөнгийг шилжүүлж авах байсан. Хариуцагч байгууллага үүргээ гүйцэтгэж амжаагүй, баримтуудаа хоцроож өгсөнтэй холбоотой банк гэрээнд заасны дагуу зээл олголтыг тодорхой хугацаанд хойшлуулж, материалыг бүрдүүлж өгсний дараа зээл олголтыг шилжүүлсэн.

4.2. МҮХАҮТ-аас Foгсе majeurе үүссэн гэх баримтуудыг үндэслэн сөрөг шаардлагаа нотолж байгаа тохиолдолд нэхэмжлэгч талд энэ талаар мэдэгдэж, Иргэний хуульд заасны дагуу дараагийн арга хэмжээ буюу гэрээнээс татгалзаж, шүүхэд хандах эрхтэй байсан.

Иргэд хоорондын, барьцаалан зээлдүүлэх газрын, банк эрх бүхий хуулийн этгээдийн гэсэн гурван төрлийн зээлийн гэрээг Иргэний хуульд тусгасан байдаг. Хариуцагч тал нь иргэд хоорондын зээлийн гэрээнд ашигладаг торгууль, алдангитай холбоотой зээлийн гэрээний хүүг 50 хувиар буруулж өгөөч гэх хариу тайлбар гаргаж байгаа нь үндэслэлгүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

5.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б ХХК, Б Т ХХК-уудаас 17,248,133,829.93 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ххх ХХК-д олгож, нэхэмжлэлийн үлдэх шаардлага 352,889,251 төгрөгийг болон 814,854,521.56 төгрөг гаргуулах тухай сөрөг шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б ХХК, Б Т ХХК нар нь 17,248,133,829.93 төгрөгийн төлбөрийн үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн БГ-БРМ-ҮХХ 2018-207 тоот үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, 2018 оны 12 сарын 11-ний өдрийн БГ-БРМ-ГЭ 2018-208, 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн нэмэлт, өөрчлөлт бүхий газар эзэмших эрх барьцаалах гэрээнд заасан дор дурдсан хариуцагч нарын хөрөнгөөр буюу

- Улсын бүртгэлийн Ү-2201019933 дугаарт бүртгэгдсэн, СХД 12-р хороо, Москвагийн гудамж 41, хаягт байршилтай, контор үйлчилгээний барилга,

- Улсын бүртгэлийн Ү-2205030744 /А2205000077/ дугаарт бүртгэгдсэн БГД 20-р хороо, Эрчим хүчний 24 хаягт байршилтай, үйлдвэрлэлийн зориулалттай барилга,

- Улсын бүртгэлийн Ү-2205018243 дугаарт бүртгэгдсэн, БГД 4-р хороо, Ажилчны гудамж 65 тоот хаягт байршилтай, үйлдвэрлэлийн зориулалттай барилга, - Улсын бүртгэлийн Ү-2205018238 дугаарт бүртгэгдсэн, БГД 4-р хороо, Ажилчны гудамж 65/1 тоот хаягт байршилтай, үйлдвэрлэлийн зориулалттай барилга,

- Улсын бүртгэлийн Ү-2205018137 дугаарт бүртгэгдсэн, БГД 4-р хороо, Ажилчны гудамж 65/2 тоот хаягт байршилтай, үйлдвэрлэлийн зориулалттай барилга,

- Улсын бүртгэлийн Ү-2205018136 дугаарт бүртгэгдсэн, БГД 4-р хороо, Ажилчны гудамж 63 тоот хаягт байршилтай, агуулахын зориулалттай барилгыг,

- СХД 12-р хороо хороонд байрлах, нэгж талбарын 1823/0139 18635310440439 дугаартай, 000321986 гэрчилгээтэй, үйлчилгээний зориулалттай эзэмших эрхтэй, 800 м.кв га газар,

- БГД 20-р хороонд байрлах, нэгж талбарын 168021/0202 дугаартай, 000300230 гэрчилгээтэй, Үйлдвэрлэлийн зориулалттай эзэмших эрхтэй, 1,120 м.кв газар,

- БГД 4-р хороонд байрлах, нэгж талбарын 168031/0046 18638309831691 дугаартай, 000317509 гэрчилгээтэй, контор, агуулах, аж ахуй үйлчилгээний зориулалттай эзэмших эрхтэй, 3,339 м.кв газар,

- БГД 4-р хороонд байрлах, нэгж талбарын 168031/0028 дугаартай, 000315710 гэрчилгээтэй, контор, агуулах, аж ахуй, үйлчилгээний зориулалттай эзэмших эрхтэй, 9,024 м.кв га газрыг тус тус албадан худалдаж, худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Б ХХК, Б Т ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 86,398,619 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. Шүүх 79 хоногийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хариуцагч нар хариуцах учиргүй гэж үзснийг зөвшөөрөхгүй. Учир нь Коронавируст халдвар цар талхаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.7 дахь хэсэгт заасны дагуу хөл хорио тогтоосон, үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон нь тус зээлийг ашиглаагүй гэх үндэслэл болохгүй, харин уг зээлийн гэрээг 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан бөгөөд сүүлийн олголтыг 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хийсэн.

Мөн талууд гэрээгээр зээл, зээлийн хүүгийн төлбөрийг хугацаанд нь төлөөгүй аливаа шалтгаан буюу хорио цээрийн дэглэм, гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал зэрэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэхгүй байх үндэслэл бологүй талаар тохиролцсон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбарын агуулга: Анхан шатны шүүх Ковид-19 цар тахлаас үүдсэн 79 хоногийн нэмэгдүүлсэн хүүг хасаж тооцон хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэжээ.

 

6. Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

6.1. Шүүх онцгой нөхцөл байдал тохиосон үед маргалдагч талуудад үүсэн хохирлыг адил тэнцүү хариуцах шударга ёсны зарчмыг баримтлан хэргийг шийдвэрлэх байсан. Учир нь онцгой нөхцөл байдлын үед хэрхэх талаар зээлийн гэрээнд тусгагдаагүй. Шүүх Иргэний хуулийн 220.2, 220.3 дахь хэсэгт заасныг хэрэглээгүй.

Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.7, 220, 221, 255 дугаар зүйлийн 255.1, 319 дүгээр зүйлийн 319.2, 321 дүгээр зүйлийн 321.3, 352 дугаар зүйлийн 352.5.3, 356, 374 дүгээр зүйлийн 374.3, 384 дүгээр зүйлийн 384.2, 393 дугаар зүйлийн 393.7, 419 дүгээр зүйлийн 419.2, 427 дугаар зүйлийн 427.2, 799 дүгээр зүйлийн 799.2, 500 дугаар зүйлийн 500.2 дахь хэсэгт гэнэтийн болон давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдлын улмаас үүсэх хариуцлага, үр дагаврын талаар тусгайлан зохицуулж, тухайн нөхцөл байдал үргэлжлэх хугацаанд биелэгдээгүй үүрэг, тэдгээрээс үүсэх аливаа хариуцлагаас чөлөөлөгдөх боломжтой байхаар зохицуулсныг баримтлан зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хөнгөж талуудад адил тэгш хариуцуулаагүй.

6.2. Сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг зөвшөөрөхгүй. Шүүх гэрээний эрх зөрчигдсөн эсэхийг хянаж байгаа тохиолдолд гэрээний талуудад үүрэг оногдуулсан байдалд адилхан дүгнэлт өгөх ёстой. Зээлийн гэрээг цуцалсан, хүчингүй болгосон, гэрээнээс татгалзсан тухай хуулийн ямар заалтыг удирдлага болгосон нь тодорхойгүй байна.

Банк компанийн нууцад хамаарах санхүүгийн дотоод баримтад шалгалт хийх, мөнгөн шилжүүлгийг хянах зэрэг хууль бус шаардлага тавьж 6 удаагийн шилжүүлгээр 8,419,169,111 төгрөгийг үндсэн зээлдэгчид олголгүй туслан гүйцэтгэгч ханган нийлүүлэгчийн дансанд шилжүүлснээр үндсэн зээлдэгчээс зээлийн менежментээ хийх, хяналт тавих боломжийг алдагдуулах зэргээр гэрээний үүргээ зөрчсөн.

6.3. Банк зээлийн графикаа удаа дараа зөрчсөн, мөн олгох ёстой байсан 1,162,420,000 төгрөгийн зээлийг олгоогүй. Үүнээс болж хариуцагч нарт 814,854,521.58 төгрөгийн шууд хохирол үүссэн ба хохирлын тооцоолол алдаатай байгаа нөхцөлд шүүх мэргэжлийн байгууллагыг шинжээчээр томилж дүгнэлт гаргуулах ажиллагааг хийгээгүй, бүх тооцооллыг зөвхөн банкны үнэлгээгээр нэхэмжлэгчид давуу байдал олгосон.

6.4. Хөгжлийн банкны нэхэмжлэлийг 2021 оны 01 дүгээр сарын 13-нд гаргаснаас хойш 4 удаагийн шүүх хурлыг өөрийн хүсэлтээр хойшлуулсан атлаа энэ хугацаанд нэхэмжлэлийн шаардлагаа дахин нэмэгдүүлж 615,527,249 төгрөгийн нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч санаатайгаар шүүх хуралдааныг хойшлуулж хугацаа сунган хүү, хохирлоо хариуцагчаар төлүүлэх гэсэн шударга бус, ойлгомжгүй байхад шүүх үндсэн нэхэмжлэлийг нэмэгдүүлэн тооцож хариуцагчаар төлүүлэхээр шийдвэрснийг зөвшөөрөхгүй.

Иймд хариуцагчид учирсан 814,854,521.58 төгрөг, нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлага 615,527,249 төгрөг ний 1,430,381,1770 төгрөгийг 17,248,133,829.93 төгрөгөөс хассан өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

7. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан.

Хариуцагчийн маргаж буй харилцагчийн дансанд мөнгийг шилжүүлсэн нь Банк эрх бүхий хуулийн этгээд мөнгөн хадгаламж төлбөр тооцоо мөнгөн хөрөнгийн шилжүүлгийн зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт заасантай нийцсэн. Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасан анзыг хэрэглэх үндэслэлгүй.

Банк эрх бүхий хуулийн этгээд мөнгөн хадгаламж төлбөр тооцоо мөнгөн хөрөнгийн шилжүүлгийн зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4 дэх хэсэг, зээлийн гэрээний 5.1, 5.2, 5.3-т заасан холбогдох ажиллагаа болон төлбөрийн нэхэмжлэлийг үндэслэж мөнгийн шилжүүлэхээр тохиролцсон. Хариуцагч байгууллага гэрээнд заасан хугацаанд холбогдох материалыг бүрдүүлж өгөөгүйн улмаас зээл олголт хойшилсон. Иймд хариуцагч талаас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч ххх ХХК нь хариуцагч Б ХХК, Б Т ХХК-уудад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 17,601,023,081.38 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч гэрээний үүрэг зөрчсөнөөс учирсан хохиролд 814,854, 521.56 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

3. Талууд 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр ЗГ-БРМ-3 2018-206 дугаартай зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч ххх ХХК нь 15,000,000,000 төгрөгийг, жилийн 10.62 хувийн хүүтэй, 5 жилийн хугацаатай, Шинэчлэл хороолол орон сууцны хороолол барих төслийн зориулалтаар хэсэгчлэн олгох, зээлдэгч Б ХХК, Б Т ХХК-ууд нь үндсэн зээлийг 2020 оны эхний улирлаас эхлэн улирал тутамд, зээлийн хүүг зээлийн эхний олголтоос хойш улирал тутам хуваарийн дагуу төлөхөөр харилцан тохиролцсон байна. /хэргийн 1 дүгээр хавтасны 9-16 дахь тал/

 

3.а. Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор талууд 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр БГ-БРМ-ҮХХ 2018-207 тоот үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж, уг гэрээгээр Б ХХК-ийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, Москвагийн гудамж 41 тоотод байрлах 2,407.5 м.кв бүхий контор үйлчилгээний барилга, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Эрчим хүчний 24 тоотод байрлах, 364 м.кв бүхий Үйлдвэрлэлийн зориулалттай барилгыг,

Б Т ХХК-ийн өмчлөлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Ажилчны гудамж 65/2 тоотод байрлах 288 м.кв, тус хорооны Ажилчны гудамж 65 тоотод байрлах 2,701 м.кв, Ажилчны гудамж 65/1 тоотод байрлах 2,220 м.кв бүхий Үйлдвэрлэлийн зориулалттай барилгуудыг, Ажилчны гудамж 63 тоотод байрлах 2,592 м.кв бүхий агуулахын зориулалттай барилгыг тус тус барьцаалсан.

 

3.б. Мөн өдөр талуудын хооронд БГ-БРМ-ГЭ 2018-208 тоот Газар эзэмших эрх барьцаалах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр Б Т ХХК-ийн эзэмшлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, нэгж талбарын 168031/0046 18638309831691 дугаартай, 000317509 гэрчилгээтэй, контор, агуулах, аж ахуй үйлчилгээний зориулалттай эзэмших эрхтэй, 3,339 м.кв газар, тус хороонд байрлах, нэгж талбарын 168031/0028 дугаартай, 000315710 гэрчилгээтэй, контор, агуулах, аж ахуй, үйлчилгээний зориулалттай эзэмших эрхтэй, 9,024 м.кв газар, Б ХХК-ийн эзэмшлийн Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороонд байрлах, нэгж талбарын 1823/0139 18635310440439 дугаартай, 000321986 гэрчилгээтэй, үйлчилгээний зориулалттай эзэмших эрхтэй, 800 м.кв газрыг тус тус барьцаалсан.

 

3.в. Талууд дээрх зээл болон барьцааны гэрээнүүдэд өөрчлөлт оруулж 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр ЗГ-БРМ-3 2018-206/1 тоот зээлийн гэрээнд нэмэлт оруулах гэрээ, БГ-БРМ-ГЭ 2018-208/1 тоот Газар эзэмших эрх барьцаалах гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээг тус тус байгуулж, уг гэрээгээр Б ХХК-ийн эзэмшлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлах, нэгж талбарын 168021/0202 дугаартай, 000300230 гэрчилгээтэй, Үйлдвэрлэлийн зориулалттай эзэмших эрхтэй, 1,120 м.кв газраар үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулжээ. /хэргийн 1 дүгээр хавтасны 18-19, 69-70 дахь тал/

 

4. Зохигчдын хооронд байгуулагдсан дээрх зээл болон барьцааны гэрээнүүд нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болж, хэн аль нь гарын үсэг зурсан, улсын бүртгэлд бүртгүүлсэн тул Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасны дагуу хүчин төгөлдөр байна.

 

4.а. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгосон зээл болон барьцааны гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэжээ.

 

5. Зээлийн гэрээний хавсралтаар зохигчид зээл олголт, эргэн төлөлтийн хувиараар 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 7,500,000,000 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 3,000,000,000 төгрөг, 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 4,500,000,000 төгрөг нийт 15,000,000,000 төгрөгийг хэсэгчилж зээлдүүлэхээр тохиролцсон байна.

 

5.а. ххх ХХК-аас Б ХХК-д 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 7,499,847,528 төгрөг, 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 3,139,220,280 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 3,198,452,572 төгрөг нийт 13,837,520,320 төгрөг шилжүүлсэн талаар талууд маргаагүй.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч нарыг зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор, бүрэн биелүүлээгүй гэх үндэслэлээр үндсэн зээл 13,837,520,380 төгрөг, хүү 3,579,244,141.41 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 184,255,559.97 төгрөг нийт 17,601,023,081.38 төгрөг шаардсанаас хариуцагч нар ковид-19 цар тахлын улмаас нөхцөл байдал өөрчлөгдсөн гэх үндэслэлээр үндсэн зээлийг зөвшөөрч, хүүг 50 хувиар бууруулж, нэмэгдүүлсэн хүүгээс чөлөөлүүлэхээр татгалзлаа тайлбарлажээ.

 

5.б. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 3.1.6, 3.1.7, 3.1.11-д тус тус зааснаар үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхөөр тохиролцсон байх ба хэрэгт авагдсан талуудын тайлбар, зээлийн дансны хуулга зэрэг баримтуудаар хариуцагч нар нь зээлийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх үүргээ зөрчсөн болох нь тогтоогдож байна. /хэргийн 1 дүгээр хавтасны 103-113 дахь тал/

 

Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч нараас үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

6. Хариуцагч нар нь ковид-19 цар тахлын улмаас гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй болсон тул хөл хорио тогтоосон 79 хоногийн зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Иймд давж заалдах шатны шүүхээс дээрх алдааг залруулж, шүүхийн шийдвэрт дараах үндэслэлээр өөрчлөлт оруулав.

 

6.а. Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх хуулийн 10 дугаар зүйлийн 10.7 дахь Төрөөс хэрэгжүүлж байгаа орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийн төлбөрийн үүргийн гүйцэтгэлийг зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийн үлдэгдэл хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр энэ хуулийн 10.8.1-д заасан хугацаа хүртэл хойшлуулах мөн хугацаагаар зээлийн гэрээний хугацааг сунгах асуудлыг Засгийн газартай хамтран хэрэгжүүлнэ гэж зохицуулжээ.

 

Уг хуулийн дээрх зохицуулалт нь орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй зээлд хамрагдсан иргэдэд хамааралтай байхад аж ахуйн нэгжид олгосон хөнгөлттэй зээлийн гэрээний харилцаанд хамааруулан хэрэглэж 79 хоногийн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иймд энэ талаарх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангав.

 

6.б. Нэхэмжлэгч нь 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, зээлийн гэрээг шүүхийн журмаар цуцалж үндсэн зээлийн үлдэгдэл 13,837,520,380 төгрөг, хүү 3,019,612,324.01 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 128,363,127.77 төгрөг нийт 16,985,495,831.78 төгрөг нэхэмжилснийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр зээлийн хүүд 3,579,244,141.41 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 184,255,559.97 төгрөгийг тус тус нэмэгдүүлж, нийт 17,601,023,081.38 төгрөг шаардсан байна. /хэргийн 2 дугаар хавтасны 51-52 дахь тал/

 

7. Хариуцагч нар гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн, нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй тул нэхэмжлэгчийн гэрээнээс татгалзаж шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасанд нийцжээ.

 

Нэхэмжлэгч шүүхэд хандаж гэрээний үүргийн зөрчилтэй холбоотой гэрээнээс татгалзах шаардлага гаргасан тул энэ үеэс гэрээг цуцлах хүртэлх гэрээний үйлчлэх хугацааны үр дагавар, үүрэг үүсэх тул энэ хугацаанаас хойшхи хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхгүй.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн хожим нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж гаргасныг үнэлж хэргийг шийдвэрлэсэн нь алдаатай болсныг давж заалдах шатны шүүхээс дараах байдлаар залруулна.

 

7.а. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч нь үндсэн зээлийн үлдэгдэл болон зээлийн хүүг шаардах эрхтэй. Учир нь гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан нөхцөлд нэмэгдүүлсэн хүү нь гэрээний дагуу үүсэх үндсэн үүргийг баталгаажуулах үр дагавартай тул гэрээг цуцалж үндсэн төлбөрийг нэхэмжилсэн тохиолдолд нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн хүүг шаардах эрх үгүйсгэгдэнэ. Энэ талаар гаргасан хариуцагч нарын төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй байна.

 

Иймд нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээлийн үлдэгдэл болон зээлийн хүү 16,857,132,704 төгрөгийг хангаж, нэмэгдүүлсэн хүү 128,363,127 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт шүүхийн шийдвэрт оруулж шийдвэрлэв.

 

8. Анхан шатны шүүх хариуцагч нарын барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар шийдвэрлэсэн нь зөв байна.

 

8.а. Хариуцагч нарын төлөөлөгчийн цар тахлын улмаас гэрээ байгуулагдах үеийн нөхцөл байдал өөрчлөгдсөн буюу байгалийн давагдашгүй хүчин зүйлийн шинжтэй нөхцөл байдал бий болсон тул зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хөнгөлөх ёстой гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

 

8.б. Гэрээ байгуулагдах үеийн нөхцөл байдал өөрчлөгдвөл талуудын хооронд үүссэн нөхцөл байдал, маргааныг хэрхэн шийдвэрлэхтэй холбоотой журмыг хуулиар тогтоосон. Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.1 дэх хэсэгт зааснаар нөхцөл байдал өөрчлөгдсөнөөс эрх ашиг нь зөрчигдөж байгаа тал нөгөө талдаа гэрээнд өөрчлөлт оруулах санал гаргах, талууд өөрчлөлт оруулах талаар арга хэмжээ авах үүрэгтэй. Энэ нь талууд харилцан хүсэл зоригоо илэрхийлж гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан, зохих ёсоор гэрээ хийгдсэн үед хэрэгжинэ.

 

8.в. Хариуцагч Б ХХК нь 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 68/20 тоот албан бичгээр зээлийн үлдэгдэл санхүүжилт олгох тухай, 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр 61/20, мөн оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 168/20 тоот тус тус албан бичгээр зээл төлөгдөх эцсийн хугацааг 2 жилээр сунгах, үндсэн төлбөр болон хүүгийн төлбөр төлөх хугацааг хойшлуулах тухай мэдэгдэж байжээ. /хэргийн 1 дүгээр хавтасны 89, 91 дэх тал/

 

Энэ хүсэлтүүдэд гэрээнээс татгалзах, гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд нийцүүлэх талаар дурдаагүй буюу Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.4 дэх хэсэгт заасан гэрээнээс татгалзах эрхээ хэрэгжүүлээгүй байна.

 

9. Сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр зөв байна.

 

9.а. Учир нь хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага, түүнийг нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй.

 

Сөрөг нэхэмжлэлд зааж буй хохирол учирсан гэх нөхцөл байдлууд нь нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагааны улмаас үүссэн гэх шалтгаант холбоо хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

 

9.б. Хариуцагчийн үйл ажиллагаатай холбоотой зардал гарсныг гэрээний нөгөө талаар төлүүлэх хохирол гэж үзэхгүй. Иймд анхан шатны шүүхийн сөрөг нэхэмжлэлийн талаар хийсэн дүгнэлт үндэслэлтэй тул хариуцагч нарын төлөөлөгчийн энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

10. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, зохигчдын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 184/ШШ2022/02068 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 17,248,133,829.93 гэснийг 16,857,132,704 гэж, 352,889,251 гэснийг 128,363,127 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч ххх ХХК нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч талын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 7,309,858.86 төгрөгийг буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ