Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 135/ШШ2022/00613

 

 

 

 

 

2022 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 135/ШШ2022/00613

Дархан-Уул аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2022/00250/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Шарын гол сум, ***** баг, Хоккейчид ** дугаар гудамж, ** тоотод оршин суух, утас: 9920****, ТЯ94****** регистрийн дугаартай, Ш овогт М.Жийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Шарын гол суманд байрлах, утас: 7037****, 8802****, 20***** регистрийн дугаартай, Ш............... ХК-нд холбогдох,

12,600,000 төгрөгийн нөхөн төлбөр гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч М.Ж,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Ө,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Э /цахимаар/,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баярсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.Ж нь нэхэмжлэлийнхээ шаардлагын үндэслэлийг дараах байдлаар тодорхойлж байна.

Миний ээж М.С нь 1989 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн *** тоот тушаалаар Шарын голын нүүрсний уурхайн төмөр замын хэсэгт замчнаар ажилд орж ажиллаж байгаад 2004 оны 6 дугаар сараас доод мөчний вений бүдүүрэл буюу мэргэжлээс шалтгаалах өвчнөөр өвдөж, Хөдөлмөрийн чадвар алдалт 75 хувиар тогтоогдон эмчлүүлж байгаад амьдралынхаа сүүлийн жилд элэгний хавдар өвчнөөр оношлогдож улмаар элэгний хавдрын 4 дүгээр үе, доод мөчний вений судасны бүдүүрэл хавсарсан өвчний улмаас 2021 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр нас барсан. Нас барах хүртлээ эмнэлгийн хяналтад байж, жил бүр хөдөлмөрийн чадвар алдалт, хугацааг тогтоолгож байсан.

Миний ээж М.С нь төрсөн эцэг Т.Мтай 1992 онд гэр бүл болж 4 хүүхэд төрүүлж өсгөсөн бөгөөд Ш........... уурхайд ажиллаж байгаад мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр нас барсан. Би одоо том ах М.Жа 30 настай, дүү М.Б 26 настай, М.А 16 настай нарын хамт амьдардаг. Талийгаач ээж М.Сын ар гэр, үр хүүхэд бид Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.2-т зааснаар 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг ээж М.Сын хамгийн сүүлд авч байсан цалин болох 350,000 төгрөгөөр тооцон үзэн 12,600,000 төгрөг болж байгааг Ш............... уурхайн захиргаанд өргөдөл гаргасан боловч манайх олгохоо больсон. Та нар шүүхэд ханд гээд хүлээж аваагүй. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.2-т заасны дагуу М.Сын ар гэр, үр хүүхэд бидэнд 12,600,000 төгрөгийн нөхөн олговор олгуулж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Э нь шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Тус шүүхэд М.Жийн Ш............... ХК-нд холбогдуулан нөхөн төлбөрт 12,600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй танилцаад дараах үндэслэлээр эс зөвшөөрч хариу тайлбар гаргаж байна.

1999 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл үйлчилсэн Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1 болон 97.1.2 дахь заалтуудын дагуу ажил олгогч ажилтны өмнө нөхөн төлбөр өгөх үүрэг хүлээсэн бөгөөд ажилтан ажиллаж байхдаа хөдөлмөрийн чадвар алдсан тохиолдолд хөдөлмөрийн чадвар алдалтын хэмжээнээс хамааран нөхөн төлбөр төлөх үүрэгтэй. Талийгаач М.С нь 2004 оны 6 дугаар сараас хөдөлмөрийн чадвар алдсантай нь холбоотойгоор ажил олгогч Ш............... ХК нь Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1 дэх хэсэгт заасан нөхөн төлбөрийг төлснөөр Ш............... ХК-ийн ажилтны өмнө хүлээсэн үүрэг дуусгавар болсон.

Талийгаач М.С нь 2004 оноос Ш............... ХК-ийн ажилтан биш болсон бөгөөд ажилтан биш болсноос хойш 17 жилийн дараа нас барсантай холбоотойгоор Ш............... ХК ар гэрт нь нөхөн төлбөр төлөх үүрэг байхгүй болно. Ажилтан байхдаа нас барсан тохиолдолд л Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.2-т зааснаар 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний нөхөн төлөх үүрэгтэй байдаг. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд М.Жа, М.Б, М.А нар нь шүүхэд гаргасан тайлбартаа:

Бидний бие нь М.Жийн Ш............... ХК-нд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг дэмжиж байна гэжээ.

Нэхэмжлэгч М.Ж нь нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан нотлох баримтаар улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хавтаст хэргийн 2 дахь тал/, иргэний үнэмлэхийн хуулбар, эх М.Сын нас барсны гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 3 дахь тал/, М.Сыг элэгний хавдар IV үе, доод мөчний вений судасны бүдүүрэл хавсарсан өвчний улмаас нас барсан тухай 24 дугаартай комиссын шийдвэр /хавтаст хэргийн 4 дэх тал/, 12 дугаартай нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээ /хавтаст хэргийн 5 дахь тал/, М.Сын 03**** дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хавтаст хэргийн 6-8 дахь тал/, М.Сын 31**** дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хавтаст хэргийн 9 дэх тал/, М.Сын хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон актууд /хавтаст хэргийн 10-26 дахь тал/, өвлөх эрхийн гэрчилгээ авах тухай **** дугаартай хүсэлт /хавтаст хэргийн 27 дахь тал/, Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Дархан багийн Засаг даргын тодорхойлолт /хавтаст хэргийн 28-29 дэх тал/, М.Сын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 30 дахь тал/, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000****** дугаартай гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 31-32 дахь тал/, Дархан-Уул аймгийн Шарын гол сумын засаг даргын 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн А/** дугаартай захирамжийн хуулбар /хавтаст хэргийн 33 дахь тал/, өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хавтаст хэргийн 34 дэх тал/ зэргийг шүүхэд ирүүлсэн байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талын хүсэлтээр М.Сын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа /хавтаст хэргийн 53-58 дахь тал/, нэхэмжлэгчийн талын хүсэлтээр М.Сын төрсөн хүүхдүүдийн лавлагаа /хавтаст хэргийн 66-70 дахь тал/, М.Сын Ш............... ХК-нд ажилд орсон, гарсан тушаал, цалингийн тодорхойлолт хавтаст хэргийн 89-99, 103-110 дахь тал/ зэргийг шүүх нотлох баримтаар бүрдүүллээ.

Шүүх хуралдаанаар зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч М.Ж нь хариуцагч Ш............... ХК-д холбогдуулан нөхөн төлбөр 12,600,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч байна.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийнхээ шаардлагын үндэслэлийг тодруулж гаргасан тайлбартаа ...Миний ээж М.С нь 1989 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 182 тоот тушаалаар Шарын голын нүүрсний уурхайн төмөр замын хэсэгт замчнаар ажилд орж ажиллаж байгаад 2004 оны 6 дугаар сараас доод мөчний вений бүдүүрэл буюу мэргэжлээс шалтгаалах өвчнөөр өвдөж, Хөдөлмөрийн чадвар алдалт 75 хувиар тогтоогдон эмчлүүлж байгаад амьдралынхаа сүүлийн жилд элэгний хавдар өвчнөөр оношлогдож улмаар элэгний хавдрын 4 дүгээр үе, доод мөчний вений судасны бүдүүрэл хавсарсан өвчний улмаас 2021 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр нас барсан. Нас барах хүртлээ эмнэлгийн хяналтад байж, жил бүр хөдөлмөрийн чадвар алдалт, хугацааг тогтоолгож байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.2-т зааснаар 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг ээж М.Сын хамгийн сүүлд авч байсан цалин болох 350,000 төгрөгөөр тооцон үзэн 12,600,000 төгрөг гаргуулахаар шаардсан гэжээ.

Хариуцагч нь татгалзлын үндэслэлийг ...1.Талийгаач С нь Ш............... ХК-д ажиллаж байхдаа хөдөлмөрийн чадвараа алдсан нь тогтоогдоогүй, 2. Доод мөчний венийн судасны бүдүүрэл оноштой олон жил явсан боловч энэ нь нас эрсдэх шалтгаан болсон нь тодорхойгүй байх ба элэгний хорт хавдрын 4-р үе оношоор нас барсан болох нь тогтоогдож байна, 3. Сарын дундаж цалинг сард авдаг тэтгэвэрийн хэмжээгээр тооцсон нь үндэслэлгүй, 17 жилийн дараа Ш............... ХК хариуцлага хүлээхгүй шаардах эрхийн хугацаа өнгөрсөн гэж маргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтээр шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр М.Сын төрүүлсэн хүүхдүүд болох М.Жа, М.Б, М.А нарыг татан оролцуулсан ба эдгээр нь нэхэмжлэгч М.Жийн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж оролцож байгаа талаар тайлбар гаргасан байна.

Талийгаач Ш овгийн М.С нь 1989 оны 5 сарын 27-ны өдрийн 182 дугаартай тушаалаар Ш............ уурхайд замчнаар орж ажиллаж байгаад Ш............... ХК-ны 2004 оны 5 сарын 26-ны өдрийн *** дугаартай тушаалаар хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан байна. /хавтаст хэргийн 110 дахь тал/

Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2004 оны 6 сарын 11-ний өдрийн Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоосон актаар доод мөчний хураагуурын гүргэлзэл, варикоз онош буюу мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 60 хувь алдсаныг тогтоож группт орж улмаар энэ хугацааг 2021 оны 8 сарын 15-ны өдөр хүртэл сунгасан буюу нас барах хүртэлээ хөдөлмөрийн чадвар алдалтаа тогтоолгож байсан болох нь хэрэгт авагдсан Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хугацаа тогтоосон актуудаар тогтоогдож байна. /хавтаст хэргийн 10-26 дахь тал/

Талийгаач М.Сыг нас барсан барсан тухай эмнэлэгийн гэрчилгээнд 2021 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр амьсгалын замын салстын хурц дутагдал, амьдралын чухал эрхтэнүүдийн хурц дутагдал, элэгний хавдрын 4-р үе өвчнөөр, Дархан-Уул аймгийн Шарын гол сумын эрүүл мэндийн төвийн 2022 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн комиссын шийдвэрээр элэгний хавдрын 4-р үе, хавсарсан онош доод мөчний венийн судасны бүдүүрэл өвчний улмаас нас барсныг тодорхойлжээ. /хавтаст хэргийн 5 дахь тал/

Нэхэмжлэгч М.Ж нь талийгаач М.Сын төрсөн хүү бөгөөд талийгаач М.Стай дүүгийн хамт нас барах хүртэл нь хамт амьдарч байсан, талийгаачийн өмчлөлийн хувийн сууцыг өвлөх эрхийн гэрчилгээний дагуу өвлөн авсан Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д заасан хууль ёсны өвлөгч, гэр бүлийн гишүүн мөн тул Хөдөлмөрийн тухай хуулинд заасан нөхөн төлбөрийг шаардах эрхтэй этгээд гэж үзэв. /хавтаст хэргийн 27 дахь тал/

Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1-д ...мэргэжлээс шалтгаалах өвчнөөр өвчилсөн, эсхүл нас барсан ажилтны үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалд даатгуулсан эсэхийг үл харгалзан ажил олгогч ажилтны нэг сарын дундаж цалин хөлсийг дараах хэмжээгээр нэмэгдүүлсэн нөхөн төлбөрийг ажилтан, эсхүл түүний ар гэр бүлд нэг удаа олгоно, 125.1.2-т ...мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас нас барсан бол 36 дахин гэжээ.

Хариуцагч нь талийгаач М.С Ш............... ХК-д ажиллаж байхдаа хөдөлмөрийн чадвар алдалт тогтоолгоогүй, сахилгын шийтгэлээр ажлаас чөлөөлөгдсөн гэж маргаж байгаа боловч Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр мэргэжлийн өвчний жагсаалтын 2-5-7В заалтаар хөдөлмөрийн чадвар алдсан болохыг тогтоосон буюу 1989-2004 он хүртэл 15 жилийн хугацаанд Ш............... ХК-д замчнаар ажиллаж байх хугацаандаа уг өвчнөөр өвдсөн гэж үзэх үндэслэлтэй тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.

Талийгаач М.С нь элэгний хавдрын 4-р үе мэргэжлээс шалтгаалах өвчин буюу доод мөчний венийн судасны бүдүүрэл хавсарсан өвчний улмаас нас барсан нь тогтоогдож байх тул хариуцагчаас нэг сарын дундаж цалин хөлсийг 36 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх нөхөн төлбөрийг гаргуулах нь зүйтэй.

Хэдийгээр М.С нь 2020-2021 оны 5 сар хүртэл хугацаанд 350,000 төгрөгийн тэтгэвэр авч байсан болох нь түүний тэтгэвэрийн дэвтрээр тогтоогдож байх боловч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/*** дугаар тушаалын хавсралтаар ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлох үндсэн баримтыг ажилтны цалин хөлсний цэс, нягтлан бодох бүртгэлийн болон бусад данс тооцоо байна гэж тодорхойлсон тул түүний ажиллаж байх хугацаандаа цалин орлогоос нийгмийн даатгал төлж байсан төлөлтийн талаарх лавлагааг үндэслэн дундаж цалин хөлсийг тодорхойлох үндэслэлтэй байна.

Иймд М.Сын 2004 оны сүүлийн 3 сарын ажлын хөлсний дундаж 104,715+104,715+72,616=282,046, 282,046:3 =94,015, 94,015х36 =3,384,540 төгрөгийн нөхөн төлбөрийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй, 154.2.2-т энэ хуулийн 154.2.1-д зааснаас бусад хөдөлмөрийн эрхийн маргаантай асуудлыг 90 хоногийн дотор хандах эрхтэй гэжээ.

Хариуцагч нь хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн талаар маргаж байгаа боловч нэхэмжлэгч М.Ж нь 2021 оны 7 сарын 15-нд Ш............... ХК-ийн хүний нөөцийн ажилтан Мт нөхөн төлбөр гаргуулах хүсэлтээ бичгээр өгөхөд 2021 оны 8 сарын сүүлээр хууль тогтоомжийн дагуу өгөх үндэслэлгүй, манайх нөхөн төлбөр олгохоо больсон гэсэн хариуг амаар өгсөн, мөн 2021 оны 10 сард Ш............... ХК-ийн 3 давхарт байрлах Үйлдвэрчний эвлэл гэдэг өрөөнд дуудаж 200,000 төгрөгийн дэмжлэг үзүүлсэн, өөр нөхөн төлбөр өгөх талаар боломжгүй гэсэн хариу өгсөн гэсэн тайлбарыг шүүх хуралд гаргасныг хариуцагч нь Мөнхчимэг гэдэг боловсон хүчин байгаа надад энэ талаар мэдэгдээгүй гэж, үйлдвэрчний эвлэл өөр чиг үүрэгтэй байгууллага тул Ш............... ХК-г төлөөлөхгүй гэж тайлбар гаргасан.

Гэвч нэхэмжлэгч нь талийгаач М.Сыг 2021 оны 4 сарын 24-нд нас барснаас хойш 90 хоногийн дотор бичгээр хүсэлтээ 2021 оны 7 сарын 15-нд Ш............... ХК-д гаргасан ба хариуг 8, болон 10 сард авсан зэргээс хөөн хэлэлцэх хугацаа тасалдаж, сүүлийн хариуг авснаас хойш 2022 оны 1 сарын 14-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасныг хуулийн хугацаанд нэхэмжлэл гаргасан гэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.5, 125 дугаар зүйлийн 125.1.2-т тус тус зааснаар хариуцагч Ш............... ХК-аас 3,384,540 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.Жт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 9,215,460 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 216,550 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 69,103 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА