Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 209/МА2022/00056

 

*******ийн нэхэмжлэлтэй
 иргэний хэргийн тухай

                                                                             Хэргийн индекс: 135/2022/00250/и

         Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Байгалмаа даргалж, шүүгч Г.Давааренчин, Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

         Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны  04 дүгээр сарын 21-ний өдрийн 613 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Шарын гол” ХК-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: “Нөхөн олговор 12,000,000 төгрөг гаргуулах” тухай,

Иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Энхтайвангийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн, 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд цахимаар: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Энхтайван,

           Шүүх хуралдаанд танхимаар: Нэхэмжлэгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Нинжбадгар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага:

Миний ээж ******* нь 1989 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 182 тоот тушаалаар Шарын голын нүүрсний уурхайн төмөр замын хэсэгт замчнаар ажилд орж ажиллаж байгаад 2004 оны 6 дугаар сараас доод мөчний вений бүдүүрэл буюу мэргэжлээс шалтгаалах өвчнөөр өвдөж, Хөдөлмөрийн чадвар алдалт 75 хувиар тогтоогдон эмчлүүлж байгаад сүүлийн жилд элэгний хавдар өвчнөөр оношлогдож улмаар элэгний хавдрын 4 дүгээр үе, доод мөчний вений судасны бүдүүрэл хавсарсан өвчний улмаас 2021 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр нас барсан. Нас барах хүртлээ эмнэлгийн хяналтад байж, жил бүр хөдөлмөрийн чадвар алдалт, хугацааг тогтоолгож байсан.

Миний ээж ******* нь төрсөн эцэг *******тай 1992 онд гэр бүл болж 4 хүүхэд төрүүлж өсгөсөн. Би том ах ******* ******* настай, дүү ******* 26 настай,
******* 16 настай нарын хамт амьдардаг. Талийгаач ээж *******ын ар гэр, үр хүүхэд бид Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.2-т зааснаар 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг хамгийн сүүлд авч байсан цалин болох 350,000 төгрөгөөр тооцон 12,600,000 төгрөгийг “Шарын гол” ХК-аас гаргуулах өргөдөл гаргасан боловч өгөөгүй. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.2-т заасны дагуу *******ын ар гэр, үр хүүхэд бидэнд 12,600,000 төгрөгийн нөхөн олговор олгуулж өгнө үү гэжээ.

  1. Хариуцагчийн  татгалзал, тайлбарын агуулга:

Талийгаач ******* нь 2004 оны 6 дугаар сараас хөдөлмөрийн чадвар алдсантай нь холбоотойгоор ажил олгогч “Шарын гол” ХК нь Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1 дэх хэсэгт заасан нөхөн төлбөрийг төлснөөр “Шарын гол” ХК-ийн ажилтны өмнө хүлээсэн үүрэг дуусгавар болсон.

Талийгаач ******* нь 2004 оноос “Шарын гол” ХК-ийн ажилтан биш болсон бөгөөд ажилтан биш болсноос хойш 17 жилийн дараа нас барсантай холбоотойгоор “Шарын гол” ХК ар гэрт нь нөхөн төлбөр төлөх үүрэг байхгүй. Ажилтан байхдаа нас барсан тохиолдолд л Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.2-т зааснаар 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний нөхөн төлөх үүрэгтэй байдаг. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******, *******, ******* нар тайлбартаа:

Бид *******ийн “Шарын гол” ХК-нд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг дэмжиж байна гэжээ.

4. Анхан шатны шүүхийн  шийдвэрийн агуулга:

Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.5, 125 дугаар зүйлийн 125.1.2-т тус тус зааснаар хариуцагч “Шарын гол” ХК-аас 3,384,540 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 9,215,460 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 216,550 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 69,103 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Энхтайван давж заалдах гомдолдоо:

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй:

1. Талийгаач ******* нь 2004 оны 6-р сараас хөдөлмөрийн чадвар алдсантай нь холбоотойгоор ажил олгогч “Шарын гол” ХК нь 1999 оны 7-р сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1 дэх хэсэгт заасан нөхөн төлбөрийг төлснөөр “Шарын гол” ХК-ийн ажилтны өмнө буюу *******ын өмнө хүлээсэн үүрэг дуусгавар болсон. 2004 оны 6-р сараас “Шарын гол” ХК- ийн ажилтан биш ба хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсноос хойш 17 жилийн дараа нас барсан үйл явдалтай холбоотой үүрэг хүлээх үндэслэл байхгүй юм.

2. ******* нь мэргэжлээр шалтгаалах өвчнөөр бус элэгний хорт хавдрын улмаас нас барсан болох нь тодорхой байхад, мэргэжлээс шалтгаалах өвчнийхөө улмаас нас барсан гэж нотлох баримтыг үнэлэх зарчмыг ноцтой зөрчсөн.

3. Талийгаач ******* нь 2021 оны 4-р сарын 24-нд нас барсан тул 1999 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл үйлчилсэн Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг өнгөрсөн хойно нэхэмжлэл гаргасан.

Гэтэл шүүх шийдвэрийнхээ үндэслэх нь хэсэгт ...зэргээс хөөн хэлэлцэх хугацаа тасалдаж, сүүлийн хариуг авснаас хойш 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасныг хуулийн хугацаанд нэхэмжлэл гаргасан гэх үндэслэлтэй байна” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэдэг ямар ч баримт хэрэгт байдаггүй бөгөөд зөвхөн нэхэмжлэгч нь өөрөө тэгж тайлбарладаг ба хариуцагчийн төлөөлөгчийн зүгээс ******* гэдэг боловсон хүчин байдаг гэж хариулсан, тэрнээс *******т өргөдлөө өгч байсан, хариуг нь бас амаар хэлж байсан талаар юу ч хэлээгүй.

4. Шүүх Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасан “хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй” гэснийг зөрчиж, 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1.2 дах заалтыг хэрэглэж, нэхэмжлэгчид 3,384,540 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн.

Шаардах эрх үүсгэсэн гэх үйл явдал нь 2021 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр бий болсон бөгөөд 1999 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн Хөдөлмөрийн хууль үйлчлэх хугацаанд хамаарна. Нэхэмжлэгчийг хэдий шаардах эрхгүй гэж үзэж байгаа ч шүүх шаардах эрхтэй гэж үзэхдээ ч хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж, үндэслэлгүй шийдвэрлэсэн тул дээрх хууль буцаан хэрэглэсэн талаар дурдаж байгаа болно.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4- зааснаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлоор хэргийг хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж чадаагүй, хууль буруу тайлбарлан хэрэглэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

3. Болсон үйл баримтаас үзвэл нэхэмжлэгч *******ийн төрсөн ээж ******* нь 1989 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс 1994 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүртэлх хугацаанд “Шарын гол” ХК-ны Төмөр замын хэсэгт замчнаар ажиллаж байсан бөгөөд 2001 оны 06 сараас “доод мөчний венийн бүдүүрэл” оноштой мэргэжлээс шалтгаалах өвчнөөр өвдөж, хөдөлмөрийн чадвар алдалт 75 хувиар тогтоогдон эмчлүүлж байгаад 2021 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр нас баржээ.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч талийгаач *******ыг мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдан эмчлүүлж байсан тухайд маргаагүй байна.

Нэхэмжлэгч ******* миний ээж ******* мэргэжлээс шалтгаалах өвчин буюу “доод мөчний венийн судасны бүдүүрэл” хавсарсан оноштойгоор нас барсан тул талийгаач *******ын үр хүүхэд бидэнд Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.2-т заасны дагуу 12.600.000 төгрөгийн нөхөн олговор олгуулж өгнө үү нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлжээ.

4. Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгч *******ийн төрсөн ээж талийгаач *******ын  “Шарын гол” ХК-тай байгуулсан хөдөлмөрийн эрх зүйн харилцаа 1994 оны 05 дугаар сарын 26-ны өдөр дууссанаас хойш 17 жилийн дараа нас барсантай холбоотойгоор ар гэрт нь нөхөн төлбөр төлөх үүрэг байхгүй, мэргэжлээс шалтгаалах өвчнөөр биш өөр өвчнөөр нас барсан нь тодорхой тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

5. Хэрэгт авагдсан баримтаар талийгаач ******* нь Шарын гол нүүрсний уурхайн даргын 1989 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 182 дугаар тушаалаар Замын хэсэгт замчнаар томилогдож, Шарын гол ХК-ний гүйцэтгэх захирлын 1994 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 207 дугаар тушаалаар хөдөлмөрийн гэрээ цуцлагджээ.

 Дархан-Уул аймгийн Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2001 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүртэл “Доод мөчний венийн бүдүүрэл” буюу мэргэжлээс шалтгаалах өвчний учраас хөдөлмөрийн чадварын алдалт 60-65 хувиар тогтоогдож, эмчлүүлж байсан байна.

Талийгаач ******* нь улмаар 2021 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр “Элэгний хавдар 4 дүгээр үе” оноштойгоор амьсгал, зүрх судасны хурц дутагдлын улмаас нас барсан болох нь Хэргийн 5 дугаар талд авагдсан нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээгээр нотлогдоно.

6. Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотолж Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Эрүүл мэндийн төвийн комиссын  2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн шийдвэрийг ирүүлсэн бөгөөд энэхүү шийдвэр нь талийгаачийг нас барснаас хойш 7 сар гаруй хугацааны дараа гарсан шийдвэр байх бөгөөд үхэлд хүргэсэн хавсарсан онош нь “Доод мөчний венийн бүдүүрэл” гэж нас барсан тухай гэрчилгээг үндэслэн тодорхойлжээ.

Иймд хэргийн 4-5 дугаар талд авагдсан Шарын гол сумын Эрүүл мэндийн төвийн 2021 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн “Нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээ”, 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн “Комиссын шийдвэр” зэрэг бичгийн баримтаар талийгаач ******* нь ердийн өвчин буюу элэгний хавдар 4 дүгээр үе оноштойгоор нас барсан байх ба мэргэжлээс шалтгаалах өвчнөөр нас барсан болох нь тогтоогдохгүй байна.

7. Нэхэмжлэгч ******* 2021 оны 07-08 саруудад “Шарын гол” ХК-ний хүний нөөцийн ажилтанд нөхөн төлбөр гаргуулах тухай хүсэлтээ бичгээр өгч хариуг авсан гэж тайлбарладаг боловч энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй, 1999 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 01 хүртэлх хугацаанд үйлчилж байсан Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д “... эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх  ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор...” ... гомдлоо гаргах эрхтэй гэж заасныг зөрчсөн болохыг дурдаж байна.

Мөн анхан шатны шүүх 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Хөдөлмөрийн тухай хуулийг тухайн маргаанд хэрэглэж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж заасныг ноцтой зөрчсөн болохыг дурдаж байна.

8. Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Шарын гол” ХК нэхэмжлэгчийн өмнө үүрэг хүлээх үндэслэлгүй, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг хэрэгт хамааралтай талаас нь үнэн зөв үнэлж чадаагүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж хууль хэрэглээний алдаа гаргасан тул анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй гэсэн агуулга бүхий давж заалдсан гомдол үндэслэлтэй байх тул давж заалдсан гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зөв гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 613 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 69.103 төгрөгийг Төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар буцаан гаргуулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

4.  Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

                          

        

 

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Х.БАЙГАЛМАА

                                                      ШҮҮГЧИД                                     Г.ДАВААРЕНЧИН

                                                              Л.АМАРСАНАА