Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 182/2021/00167/И

 

 

 

 

 

 

 

 

  2022      06         10                                              182/ШШ2022/01811

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.Н-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д.Э, М.М нарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Орон сууцны барилгыг захиалгаар барих гэрээнээс татгалзаж, орон сууцаа буцаан гаргуулах, олох байсан орлого 29,866,660 төгрөг гаргуулах тухай хэргийг, хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн хамт хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Ж,

Хариуцагч Д.Э, түүний төлөөлөгч, хариуцагч М.М,

Хариуцагч нарын өмгөөлөгч Б.С,

Гэрч О.И,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: М.Н нь 2015.12.31-ний өдөр Д.Э, М.М нартай орон сууцны барилгыг захиалгаар барих 67/15 тоот гэрээ байгуулж Баянгол дүүргийн  ** дүгээрхороо 44 дүгээр байрны 50 тоотод байрлах, 43,31 м.кв орон сууцыг нийтэд нь 80,123,500 төгрөгөөр худалдахаар, дээрх орон сууцны урьдчилгаа 30 хувь болох 24,037,050 төгрөгийг 2016.06.27-нд төлөх, үлдэгдэл 70 хувь болох 56,086,450 төгрөгийг ипотекийн зээлээр төлүүлэхээр гэрээ байгуулсан. Д.Э, М.М нар нь дээрх орон сууцны төлбөр 80,123,500 төгрөгнөөс банкны 8%-ийн ипотекийн зээлд хамрагдахад урьдчилгаа төлбөрийг төлсөн байдлаар харагдуулахын тулд 2016.06.28-ны өдөр 27,040,000 төгрөгийг Голомт банк дахь М.Нын 1805108209 тоот дансанд Д.Эы Голомт банк дахь 1609222880 тоот данснаас бэлэн бусаар шилжүүлэн өгч М.Н нь 2016.06.28-ны өдөр Хаан банк дахь М.Мийн 5270389908 тоот дансанд бэлэн бус шилжүүлгээр 27,040,000 төгрөгийг буцаан шилжүүлж өгсөн. Бидний хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн бөгөөд энэхүү гэрээ нь хүчин төгөлдөр байна.

Д.Э, М.М нар нь дээрх орон сууцны урьдчилгаа 30%-ийн төлбөр болох 24,037,050 төгрөгийг усны тоолуураар төлөхөөр 2015.12.31-ний өдрийн худалдах, худалдан авах 05 тоот гэрээ байгуулсан байсан тул М.Н нь Д.Э, М.М нарын дээрх 27,040,000 төгрөгийг буцаагаад шилжүүлээд өгөөч гэсэн гуйлтаар энэ төлбөрөө усны тоолуураар төлчих байх гэж итгэж 27,040,000 төгрөгийг буцаан шилжүүлэн өгсөн. Гэтэл Д.Э, М.М нар нь дээрх орон сууцны үлдэгдэл төлбөр 27,040,000 төгрөгийг М.Над буцааж төлөлгүй хохироож байна. Энэ төлбөр хийгдээгүй болохыг нэхэмжлэгч М.Н нь Итай 2019 оны 05 сард тооцоо хийж мэдсэн. Ингээд хариуцагч нараас мөнгөө шаардах гэхлээр хаяг нь олдохгүй, тэднийг эрэн сурвалжлуулж хаягийг нь олж тогтоосон байгаа. Иргэний хуулийн 75.2.2-т зааснаар хөөн хэлэлцэх хугацаа 6 жил байх тул нэхэмжлэлийг хөөн хэлэлцэх хугацаан дотроо гаргасан. Иймд М.Н нь 2015.12.31-ний өдрийн орон сууцны барилгыг захиалгаар барих гэрээнээс татгалзаж, Д.Э, М.М нарын өмчлөлд шилжүүлэн өгсөн Баянгол дүүргийн ** дүгээр хороо, ** дүгээр байрны ** тоотод байрлах, 80,123,500 төгрөгний үнэ бүхий орон сууцыг буцааж шилжүүлэн авахыг хүсэж байгаа.

Мөн Д.Э, М.М нар нь Баянгол дүүргийн ** дүгээр хороо, ** дүгээр байрны ** тоотод байрлах орон сууцыг М.Наас 2016.06.28-ны өдөр хүлээн авсанаас хойш 2021.08.24-ний өдрийг хүртэлх хугацаанд уг орон сууцыг бусдад түрээслүүлж ашиг олж байсан тул 2016.09.01-ний өдрөөс эхлэн 2021.08.20-ны өдрийг хүртлэх хугацаанд түрээсийн төлбөрийг 1 сарын 500,000 төгрөгөөр тооцож нийт 29,866,660 төгрөгийн түрээсийн ашгийг өөрт орох байсан орлого гэж үзэн хариуцагч нараас нэхэмжилж байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

 

2.Хариуцагч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 2016 онд орон сууц худалдан авах ямар ч бодолгүй байсан бөгөөд санхүүгийн хувьд ч боломжгүй байсан. Харин Д.Эы хамаатны эгч болох И.Э нь манай найз О.Ибартерт авсан байраа урьдчилгаагүйгээр зах зээлийн үнээс хямд зарна гэж байна, төрийн албан хаагч юм чинь 8%-ийн зээл хөөцөлдөөд тэр байрыг аваач гэсэн санал тавьсан. Ингээд бид саналыг хүлээн авч нагац талын хамаатан болох И.Э, түүний нөхөр Б нарын хамт И, М.Н нартай очиж уулзсан бөгөөд О.Инь би бартерт авсан байрнуудаа хямд зарж байгаа, өөрийн нэр дээр ордер нь гарсан байсан байраа би өөр хүнд өгчихлөө, дахиад нэг бартерт авсан ордер нь гараагүй байр байгаа, тэрийг урьдчилгаагүйгээр, 8%-ийн ипотекийн зээлийн хэмжээнд байрны үнийг тооцоод авчих гэсэн. Иг ингэж хэлэх үед М.Н хамт байсан, мэдэж байсан. О.И-нхэлснийг М.Н зөвшөөрч байсан. Тухайн үед ипотекийн зээл авахад урьдчилгаа 30% төлдөг, тэгээд 70%-ийг банкнаас авч байсан. Ингээд урьдчилгаа 30%-ийг төлсөн гэж банкинд харагдуулж, тэгээд үлдсэн банкнаас олгох 70%-ийн зээлийн үнийн дүн энэхүү орон сууцны үнэ болох байсан.

Бидний хувьд урьдчилгаа 30%-ийг төлөх боломжгүй байсан тул нэхэмжлэгч М.Нын санал болгосон 30%-ийн урьдчилгааг тоолуур нийлүүлэхээр тохиролцсон гэж тоолуур нийлүүлэх гэрээ гээч зүйлд гарын үсэг зуруулсан. Энэхүү гэрээг нь банкны зээлийн эдийн засагч дээр очиж үзүүлэхэд банк урьдчилгааг бэлэн мөнгөөр байршуулсан байхыг шаардана, ийм гэрээ байж болохгүй гэж хэлээд намайг буцаасан. Тэгээд би М.Н дээр буцаж очоод энэ тоолуурын гэрээ болохгүй байна, одоо яах вэ гэхэд тэгвэл наад гэрээгээ нааш өгчих гээд авсан. Би тухайн үед нь санаанд орохгүй М.Над гэрээг буцааж өгсөн, тэр үед л урж устгах байсан юм байна гэдгийг өнөөдөр л ойлгож сууна, ингэж бидний эсрэг ашиглана гэж огт бодоогүй. Нөхөр бид хоёр хямд байрыг, ямар нэгэн урьдчилгаа төлбөргүй, 8%-ийн зээлээр авах нь тухайн үедээ үнэхээр ашигтай байсан учир 80,123,500 төгрөгийн үнэтэй байр зарж байгаа байдлаар гэрээг хийж, урьдчилгаа 24,037,050 төгрөгийг М.Нын дансанд байршуулсан гэж харагдуулахын тулд мөнгө хүүлэгчээс өдрийн хүүтэй мөнгө авч М.Нын дансанд 27,040,000 төгрөгийг байршуулж, дараа нь буцаан авсан байдаг. Ингээд бид хоёрт банкнаас 53,000,000 төгрөгийн зээл гарсан, үүнийг нь М.Над өгсөн.

Өөрөөр хэлбэл, бидний шилжүүлсэн мөнгийг М.Н нь О.И-д өгч, О.Инь хямдхан тоолуур авч, буцаагаад компанид нь үнэтэй нийлүүлж, хоёулаа дундаас нь ашиг олох гэж байсан гэдгийг гэрч О.Идавхар хэлж байна. Түүнээс биш манай нөхөр төрийн албан хаагч, тоолуур нийлүүлэх ямар ч боломжгүй гэдгийг тухайн үед М.Н, О.Инар мэдэхийн дээдээр мэдэж байсан. Тиймээс бидний бодит тохиролцоо 80 сая төгрөг байгаагүй, банкинд өгөхийн тулд 80 саяын гэрээ хийгдсэн байгаа. Харин нөхөр бид хоёрт банкнаас олгосон зээлийн хэмжээ буюу 53 сая төгрөг байсан юм. Ингээд мөнгийг бүрэн төлснөөр нэхэмжлэгч М.Нын гаргаж өгсөн тодорхойлолт, баримтыг үндэслэн Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газраас өмчлөх эрхийн гэрчилгээгээ авсан. Бид байрыг захиалаагүй, бэлэн болсон байрыг худалдаж авсан байгаа. Энэ нь Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д заасан шаардлагыг бүрэн хангасан гэж үзэж байна. Тийм ч учраас бид өнөөдрийг хүртэл авсан зээлээ төлсөөр байгаа. Нэхэмжлэгч М.Н нь 2016 оноос хойш 2021 оныг хүртэл нэг ч удаа байрны мөнгөний үлдэгдэл тооцоо байгаа гэж биднээс шаардаж байгаагүй, гэнэт шүүхэд дуудсанаар энэ асуудлыг мэдсэн. Нэхэмжлэгч М.Над гэрээнээс татгалзах эрх үүсээгүй, бидний хувьд гэрээний үүргийг зөрчсөн ямар нэгэн үйлдэл байхгүй, харин ч гэрээний үүргийг 100%, бүрэн биелүүлсэн. Нэхэмжлэгч М.Н нь Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д зааснаар татгалзах журмыг хэрэгжүүлээгүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж бид үзэж байгаа. Мөн бид Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт заасны дагуу өөрийн өмчлөлийн орон сууцыг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхтэй. Бусдад түрээслээд ашиг олоод байсан зүйл байхгүй. Иймд нэхэмжлэгчид учирсан хохирол байхгүй, 29,866,660 төгрөгийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3.Хариуцагч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Бид 2015 оны 12 дугаар сард нагацын талын хамаатан болох Эгийн зуучилж өгснөөр О.Игэх хүний ТН ХХК-иас маргааны зүйл болсон 1 өрөө байрыг зах зээлийн ханшаас хямдаар буюу 53,000,000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцож тус компанийн захирал М.Нтай уулзуулж гэрээ байгуулсан. Ингээд 53 сая төгрөгийн зээл гаргуулахын тулд урьдчилгаа 30%-ийг 2015.12.31-ний өдрийн 05 тоот тоолуур худалдах, худалдан авах гэрээг хийж өгсөн. Үүнийг нь банкин дээр авч очиход зээлийн эдийн засагч ийм гэрээг урьдчилгаа хийсэн гэж үзэхгүй, урьдчилгааг мөнгөөр төлсөн байх ёстой гэсэн. Ингээд М.Н дээр буцаад очиход тэгвэл наад гэрээгээ өгчих гээд буцаагаад авсан, одоо энэ гэрээг гарган ирж бидний эсрэг ашиглана гэж бодоогүй, тухайн үед нь урж устгах байсан байна. Тийм учраас 80,123,500 төгрөгийн үнэтэй байр зарж байгаа байдлаар гэрээг хийж, урьдчилгаа 24,037,050 төгрөгийг М.Нын дансанд байршуулсан гэж харагдуулахын тулд мөнгө хүүлэгчээс өдрийн хүүтэй мөнгө авч М.Нын дансанд 24,037,050 төгрөгийг байршуулж, маргааш нь буцаан авсан байдаг. Ингээд бид хоёрт банкнаас 53,000,000 төгрөгийн зээл гарсан, үүнийг нь М.Над өгсөн. Тоолуур худалдах, худалдан авах 5 тоот гэрээг огт хэрэгжээгүй, дүр үзүүлсэн хэлцэл, манай нөхөр төрийн албан хаагч, тоолуур нийлүүлэх ямар ч боломжгүй. Иймд энэхүү хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бусд тооцож, сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.

 

4.Нэхэмжлэгч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа: Бидний хооронд байгуулагдсан 2015.12.31-ний өдрийн 67/15 тоот гэрээний 1.2 дахь заалтад “М.Нын бариулсан Баянгол дүүргийн ** дүгээр хороонд байрлах ** айлын орон сууцны ** тоот, 43,31м кв, 1 өрөө орон сууцыг 1м.кв-ийн үнэ 1,850,000 төгрөгөөр тохиролцож нийт үнэ 80,123,500 төгрөг болох”, 2.4 дэх заалтад “захиалагч нь энэ гэрээнд гарны үсэг зурснаар дараах хуваарийн дагуу төлбөрийг төлнө, төлбөрийн 30 хувь болох 24,037,050 төгрөгийг 2016 оны 06 сарын 27-нд төлөхөөр, үлдэгдэл 70 хувийг ипотекийн зээлээр төлнө”, 2.5-д “орон сууцны нийт төлбөрийн үлдэгдэл болох 56,086,450 төгрөгийг зээлээр төлнө” гэж тус тус тохиролцож гэрээнд гүйцэтгэгч тал болох М.Н, захиалагч тал болох Д.Э, М.М нар гарын үсэг зурж баталгаажуулсан байгаа. Иймээс орон сууцны төлбөрт авсан 53,000,000 төгрөг болон Голомт банкны зээлийн төлбөрт Д.Э, М.М нарын төлсөн 19,221,491 төгрөг нийт 72,221,491 төгрөгийг М.Н төлөх ямар ч үндэслэл байхгүй. Хариуцагч Д.Э, М.М нарт дээрх орон сууцыг 53,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцож байгаагүй. О.Игэх хүн ТКХХК-аас бартераар аваад өөрийн нэр дээр шилжүүлээгүй гэх 1 өрөө байрыг зах зээлийн ханшнаас хямдаар буюу 53,000,000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцож гэснийг би мэдэхгүй О.И-д дээрх 50 тоот орон сууцыг худалдаж байгаагүй болно. Би өөрийн орон сууцыг зах зээлийн ханшнаас хямдаар зарах ямар ч шаардлага байхгүй 80,123,500 төгрөгөөр зарсан мэт хуурамч гэрээ огт хийж байгаагүй.

Мөн ийнхүү харилцан тохиролцох үед надад бэлэн мөнгө байхгүй байсан гэж тайлбарлаж байгаа боловч ямар ч мөнгөгүй хүн урьдчилгаа мөнгө төлөлгүй орон сууц худалдан авна гэж байхгүй. Би орон сууцаа зах зээлд борлогдож байгаа ханшнаас хямдаар зарах шаардлага байхгүй. Харин урьдчилгаа төлбөр 27,040,000 төгрөгийг хүнээс зээлж төлөөд буцаагаад шилжүүлээд өгөөч гэж гуйсан тул урьдчилгаа төлбөрийг усны тоолуураар төлөхөөр тохиролцсоны дагуу 27,040,000 төгрөгийг буцаан шилжүүлсэн юм. Өөрөөр хэлбэл хариуцагч Д.Э, М.М нартай 2015.12.31-ний өдөр байгуулсан 05 дугаартай 24,037,050 төгрөгийн үнэ бүхий усны тоолуур нийлүүлж дээрх 50 тоот орон сууцыг 1м.кв-ийг 1,850,000 төгрөгөөр үнэлж урьдчилгаа 30%-д тооцно гэсэн гэрээ нь хүчин төгөлдөр гэрээ бөгөөд гэрээнд Д.Эгарын үсэг зурж баталгаажуулж гэрээ байгуулсан. Энэ тоолуураа Игаас авч нийлүүлнэ гэж тухайн үедээ тохирсон байдаг боловч энэ үүргээ хариуцагч нар биелүүлээгүй болно. Иймд М.Н болон Д.Энарын хооронд байгуулагдсан 2015.12.31-ний өдрийн 05 тоот гэрээ хүчин төгөлдөр тул сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй, хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

5.Нэхэмжлэгч тал, 2015.12.31-ний өдрийн 67/15 тоот орон сууцны барилгыг захиалгаар барих гэрээ, Голомт банк ХХК-ийн 2016.06.28-ны өдрийн мемориалын баримт, ХААН банк ХХК-ийн шилжүүлгийн баримт, өглөг, авлагын дэлгэрэнгүй тайлан, М.Нын иргэний үнэмлэхний хуулбар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.10.08-ны өдрийн 10207 дугаар хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.11.12-ны өдрийн 3410 дугаар шийдвэр, Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн албан бичиг, 2015.12.31-ний өдрийн 05 тоот худалдах, худалдан авах гэрээ, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.08.24-ний өдрийн 8222 дугаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж, М.Нын Голомт банк ХХК-ийн дансны хуулга, 2021.09.01-ний өдрийн Ерөнхий прокурорын газрын гомдолд хариу мэдэгдэх хуудас, М.Н, О.Инарын 2019.05.23-ны өдрийн тооцоо нийлсэн акт, Баянгол дүүргийн Прокурорын газрын 2021.05.31-ний өдрийн 1047 дугаар хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай прокурорын тогтоол, 2015.12.31-ний өдрийн 60/15 тоот, 65/15 тоот, 63/15 тоот орон сууцны барилгыг захиалгаар барих гэрээ, Баянгол дүүргийн Прокурорын газарт гаргасан 2020.04.05, 2021.06.10-ны өдрийн М.Нын гомдол, Нийслэлийн Прокурорын газарт гаргасан 2021.07.02-ны өдрийн гомдол, 2019.12.31-ний өдрийн тооцоо нийлсэн акт, 2020.10.12-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээ, баталгаа, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.11.25-ны өдрийн 16823 дугаар хэргийг нэгтгэх тухай шүүгчийн захирамж, Баянгол дүүргийн Прокурорын 2021.06.24-ний өдрийн хариу мэдэгдэх хуудас, Нийслэлийн Прокурорын газрын 2021.07.23-ны өдрийн хариу мэдэгдэх хуудас, Улсын ерөнхий прокурорт гаргасан 2021.08.12-ны өдрийн гомдол гэсэн баримтуудыг шүүхэд гарган өгсөн байна.

 

6.Хариуцагч тал, ХААН банк ХХК-ийн 2016.06.28-ны өдрийн дансны хуулга, 2016.06.28-ны өдрийн Голомт банк ХХК-ийн төлбөрийн баримт, Баянгол дүүргийн Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн хэлтсийн тодорхойлолт, 2021.06.21-ний өдрийн Цагдаагийн ерөнхий газрын Тээврийн цагдаагийн албаны тодорхойлолт, хариуцагч Д.Эы Голомт банкны зээлийн дансны хуулга, Дулаахан байр СӨХ-ны захирлын тушаал, СӨХ-ны төлбөр төлсөн баримт, 2021.10.19-ний өдрийн гэрлэсний бүртгэлийн лавлагаа, 2021.10.19-ний өдрийн төрсний бүртгэлийн лавлагаанууд гэсэн баримтууд шүүхэд гарган өгсөн.

 

7.Нэхэмжлэгч талын гаргасан хүсэлтээр, хариуцагч М.Мын ХААН банк ХХК-ийн дансны хуулга, Баянгол дүүргийн  ** дүгээрхороо, Дулаахан байр хотхоны 44 дүгээр байрны 50 тоот орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн түүхчилсэн лавлагаа, холбогдох баримтууд буюу хувийн хэргийн баримт, Голомт банк ХХК-ийн ШУТИС-ийн тооцооны төвийн салбарын зээлийн хорооны шийдвэр, орон сууцны зээлийн гэрээ, ипотекийн гэрээ, барьцаалбар зэрэг зээлийн хувийн хэргийн материал,

Хариуцагч талын гаргасан хүсэлтээр, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.05.19-ний өдрийн 6095 дугаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай шүүгчийн захирамж, 2020.10.09-ний өдрийн М.Нын О.И-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлүүд, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.10.16-ны өдрийн 14927, 14928 дугаар иргэний хэрэг үүсгэх тухай шүүгчийн захирамжууд гэсэн баримтуудыг шүүхийн журмаар бүрдүүлжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч М.Н нь хариуцагч Д.Э, М.М нарт холбогдуулж 2015.12.31-ний өдрийн 67/15 тоот орон сууцны барилгыг захиалгаар барих гэрээнээс татгалзаж, Баянгол дүүргийн ** дүгээр хороо, ****** хотхоны ** дүгээр байрны **тоотын 43,31 м.кв, 1 өрөө орон сууцыг буцаан гаргуулах, олох байсан орлого 29,866,660 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийг,

хариуцагч Д.Э, М.М нар нь нэхэмжлэгч М.Над холбогдуулж 2015.12.31-ний өдрийн 05 тоот худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ.

 

Шүүх хэрэгт авагдсан, тодорхойлох хэсэгт дурдагдсан зохигчдын гарган өгсөн, шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

2.Нэхэмжлэгч тал дээрх нэхэмжлэлийн үндэслэлээ М.Н нь 43,31 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцыг, 1 м.кв-ыг нь 1,850,000 төгрөгөөр тохирч нийт 80,123,500 төгрөгөөр хариуцагч нарт худалдсан боловч хариуцагч тал төлбөр төлөх үүргээ бүрэн биелүүлээгүй, тоолуур худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 27,040,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байгаа тул бид гэрээнээс татгалзаж, Баянгол дүүргийн ** дүгээр хороо, ****** хотхоны ** дүгээр байрны **тоотын 43,31 м.кв, 1 өрөө орон сууцыг буцаан авахаар шаардах эрхтэй, түүнчлэн хариуцагч нар нь өнгөрсөн хугацаанд орон сууцыг бусдад түрээслэх, хөлслөх замаар олж байсан орлогыг нэг сард 500,000 төгрөгөөр тооцон нийт 29,866,660 төгрөг нэхэмжилнэ, нэхэмжлэл хөөн хэлэлцэх хугацаан дотроо байгаа гэж тайлбарлав.

 

Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байх бөгөөд маргаан бүхий орон сууцыг бид нийтдээ 53,000,000 төгрөгөөр худалдаж авахаар амаар тохирсон, тухайн үед М.Н хамтран ажилладаг этгээддээ худалдаж байсан хөнгөлөлттэй үнээр бид авахаар тохирсон, бид төлбөрөө бүрэн төлсөн, тийм ч учраас өнгөрсөн хугацаанд биднээс нэг ч удаа зөрүү төлбөр нэхэмжилж байгаагүй, шүүх дээр гэнэт дуудагдах үед л энэ талаар анх сонсож мэдлээ, тоолуур худалдах, худалдан авах гэрээгээр бид нар ямар ч үүрэг хүлээгүй, тэр гэрээг урьдчилгаа төлбөр төлсөн болохыг харуулах гэж М.Нын хийж өгсөн дүр үзүүлсэн гэрээ, тэр гэрээг банкнаас болохгүй гэж буцаахад нь би М.Над буцааж өгснөөс өөр зүйлгүй, огт ашиглагдаагүй, бид гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлж, банкнаас бидэнд гарсан 53,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид бүрэн төлсөн, гэрээний үүргийг зөрчсөн зүйл байхгүй, тиймээс нэхэмжлэгчид гэрээнээс татгалзах эрх үүсээгүй, хуульд заасан урьдчилан мэдэгдэх журмыг хэрэгжүүлээгүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж мэтгэлцсэн.

 

3.Нэхэмжлэгч М.Н нь 2015 онд Баянгол дүүргийн  ** дүгээр хороонд байрлах, 77 айлын орон сууцны барилгыг захиалан бариулсан байх бөгөөд хариуцагч Д.Э, М.М нар нь 2015 оны 12 сард хамаатны эгч С.Эгаар дамжуулан гэрч Итай холбогдож, маргааны зүйл болсон Баянгол дүүргийн ** дүгээр хороо, ****** хотхоны ** дүгээр байрны **тоотын 43,31 м.кв, 1 өрөө орон сууцыг хямд үнээр, урьдчилгаа төлбөргүй, орон сууцны ипотекийн зээлд хамрагдаж, өөрсдөд нь гарсан зээлийн хэмжээ болох 53,000,000 төгрөгөөр худалдаж авахаар амаар тохиролцон нэхэмжлэгч М.Нтай уулзалдсан байна.

 

Улмаар нэхэмжлэгч М.Н, хариуцагч Д.Э, М.М нар нь 53,000,000 төгрөгийн ипотекийн зээлийг гаргуулах зорилгоор, Баянгол дүүргийн ** дүгээр хороо, ****** хотхоны ** дүгээр байрны **тоотод байрлах, 43,31 м.кв, 1 өрөө орон сууцыг 80,123,500 төгрөг байхаар тооцоолж, түүний 30%, урьдчилгаа төлбөр болох 24,037,050 төгрөгийг төлсөн гэж харагдуулах үүднээс нэхэмжлэгч М.Нын санаачилгаар хариуцагч Д.Этай 2015.12.31-ний өдрийн 05 тоот худалдах, худалдан авах гэрээг байгуулжээ.

 

 

4.Дээрх 05 тоот гэрээний агуулга нь нийлүүлэгчээс 24,037,050 төгрөгийн үнэ бүхий, Баянгол дүүргийн  ** дүгээрхороо, иргэн Д.Тогтохбаярын захиалгаар баригдаж буй үйлчилгээний орон сууцны барилгын халуун, хүйтэн усны тоолуурыг худалдах, худалдан авагч нь ТКХХК-ийн барьж ашиглалтад оруулсан, иргэн М.Нын 77 айлын орон сууцны барилгаас 1 өрөө байрыг сонгон 100% бартердана, 1 м.кв-ыг 1,850,000 төгрөгөөр үнэлэн урьдчилгаа 30%-д тооцох байдлаар тусгагдсан байх боловч зохигчид уг үүргээ ямар хугацаанд хэрхэн биелүүлэх нь тодорхойгүй, энэ нь зохигчдын бодит тохиролцоо, чин хүсэл зориг биш байсан нь хариуцагч талын гаргасан “...М.М би 05 тоот худалдах, худалдан авах гэрээг Голомт банкинд авч очсон боловч банк энэхүү гэрээг үндэслэн орон сууцны 30%-ийг төлсөн гэж үзэхгүй, урьдчилгаа төлбөрийг мөнгөөр төлсөн байх шаардлагатай гэж хэлээд намайг буцаасан...” гэсэн тайлбараар, мөн хариуцагч Д.Эы ажлын газрын тодорхойлолтоор давхар нотлогдож байна.

 

Хариуцагч Д.Э, М.М нар нь гэр бүл байх бөгөөд 05 тоот гэрээгээр тоолуур нийлүүлэх үүрэг хүлээсэн Д.Энь төрийн албан хаагч буюу 2002 оноос хойш Цагдаагийн ерөнхий газрын Тээврийн цагдаагийн албаны Захиргааны удирдлагын газрын Төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтэст ахлах мэргэжилтнээр ажилладаг, тэрээр тоолуурын талаар ямар нэгэн ойлголтгүй байх бөгөөд энэхүү 05 тоот гэрээ нь хариуцагч талын тайлбарласнаар урьдчилгаа төлбөрийг төлсөн гэж харагдуулах зорилготой, огт хэрэгжээгүй байх бөгөөд энэхүү гэрээг хариуцагч М.М нь нэхэмжлэгч М.Над тухайн үедээ буцаан өгчээ. Ингээд тэд дараагийн ямар арга зам байгааг зөвлөлдсөн байх бөгөөд хариуцагч тал бусдаас зээл авч, урьдчилгаа төлбөрт 24,037,050 төгрөгийг төлсөн гэж харагдуулах зорилгоор нэхэмжлэгч М.Нын Голомт банкны дансанд 2016.06.28-ны өдөр 27,040,000 төгрөгийг шилжүүлж, мөн өдрөө өөрийн дансанд буцаан авсан байна. Тиймээс нэхэмжлэгч талын гаргасан “...хариуцагч нар шилжүүлсэн 27,040,000 төгрөгөөр буцааж авья, Игаас тоолуур авч, тоолуур өгнө гэж гуйсан учраас буцаагаад шилжүүлсэн...” гэх тайлбар үндэслэлгүй болно.

 

5.Дээрх үйл баримтууд нь шүүх хуралдаанд гэрчээр оролцсон О.И-нгаргасан “...М.Н бид хоёр 2015 оноос хамтарч ажилласан, би баригдаж байгаа барилгад том, жижиг хэмжээтэй тоолуур нийлүүлдэг, тухайн үед М.Н нь Дулаахан байранд 5 байр зарчихбал сууц өмчлөгчдийн холбоо байгуулах гээд байна, хямд байр байна гэдгийг надад хэлсэн, тийм учраас би хүү Ү-д 66 тоотыг, өөрийн нэр дээр 57 тоотыг, дүү Б-т 12 тоотыг хямд үнээр, тоолуур нийлүүлэх байдлаар бартер хийж авч өгсөн, тухайн үед орон сууцны ханш 50-60 сая төгрөг байсан, 1,800,000 төгрөг бол ашиг тооцсон үнэ, хариуцагч нарыг С.Эгаар дамжуулж М.Нтай холбож өгсөн, харин тэдний хооронд ямар тохиролцоо хийснийг би сайн мэдэхгүй...” гэсэн агуулга бүхий мэдүүлэг,

гэрчээр асуугдсан С.Эгийн гаргасан “...Би О.И-г таньдаг, О.Инад руу залгаад урьдчилгаагүй байр байна, М.Наас бартераар авсан, байр авах хүн байна уу гэж асуусан, тэгээд би дүү нартаа хэлээд байрыг үзье гэж О.И, М.Н нартай уулзсан, тэгээд таалагдсан учир байрыг авсан, энэ үед би хамт байсан, М.Н байр урьдчилгаагүй гэдгийг мэдэж байсан, манай дүү нарын мөнгийг миний дансанд байршуулчих, би буцаагаад өгчихнө гэж хэлж байсан, харин О.Ихэлэхдээ М.Н нь миний бизнесийн түнш, 27 сая төгрөгийн урьдчилгааг хийгээд байраа авчих, бусад нь М.Н бид хоёрын хоорондын асуудал, 1 м.кв нь 1,350,000 төгрөгөөр ярилцана гэж байсан, 8%-даа оруулаад мөнгийг гаргаад өгөх юм бол би М.Над тоолуур нийлүүлээд урьдчилгааг түүнд гаргаж өгнө гэж байсан, би тухайн үед тохиролцоог нь сайн ойлгоогүй...” гэх агуулга бүхий мэдүүлгээр давхар нотлогдож байна гэж үзлээ.

 

Ийнхүү хариуцагч Д.Э, М.М нар нь гэрч О.И-р дамжуулан нэхэмжлэгч М.Нтай холбогдсон байх бөгөөд тэд ипотекийн 8%-ийн зээлд хамрагдах болзол хангаж, 2015.12.31-ний өдрийн 67/15 тоот “орон сууцны барилгыг захиалгаар барих гэрээ” нэртэй гэрээг байгуулж, энэхүү гэрээгээр хариуцагч нар нь нэхэмжлэгч М.Наас маргааны зүйл болсон, ашиглалтад орсон, Баянгол дүүргийн  ** дүгээрхороо, 3 дугаар хороолол /16095/, 44 дүгээр байрны 50 тоотод байрлах, 43,31 м.кв, 1 өрөө орон сууцыг, 1 м.кв-ыг нь 1,850,000 төгрөг, нийт 80,123,500 төгрөгөөр худалдан авах, урьдчилгаа төлбөрийг 2016.06.27-ны өдөр 30% буюу 24,037,050 төгрөг, үлдэгдэл 70%-ийг нь ипотекийн зээлээр нэхэмжлэгч М.Над төлөхөөр тохиролцсон байна.

 

6.Улмаар хариуцагч Д.Э, М.М нар нь дээрх гэрээ болон холбогдох баримтуудыг Голомт банкны ШУТИС тооцооны төвд өгч, ипотекийн зээлийг судлуулсан байх ба, Голомт банкны ШУТИС тооцооны төв нь 67/15 тоот гэрээний дагуу хариуцагч Д.Э, М.М нарыг урьдчилгаа 30%-ийг төлсөн гэж үзэн, үлдэгдэл 70%-ийг 2016.06.30-ны өдрийн шийдвэрээр 53,000,000 төгрөг гэж тооцон хариуцагч нарт олгосон, хариуцагч нар нь 53,000,000 төгрөгийг нэхэмжлэгч М.Над шилжүүлсэн байна. Ингээд нэхэмжлэгч М.Н нь үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн газарт хариуцагч нарт зориулан тооцооны үлдэгдэлгүй болох тодорхойлолтыг гарган өгч, хариуцагч Д.Э, М.М нар нь холбогдох баримтууд, хүсэлтийг Баянгол дүүргийн Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн хэлтэст гаргаснаар Баянгол дүүргийн  ** дүгээрхороо, 3 дугаар хороолол /16095/, 44 дүгээр байрны 50 тоотод байрлах, 43,31 м.кв, 1 өрөө орон сууцны өмчлөгч болж, 2016.07.04-ний өдөр улсын бүртгэлийн гэрчилгээг авчээ.

 

Тиймээс хариуцагч Д.Э, М.М нар нь 2016.08.08-ны өдөр Голомт банк ХХК-тай орон сууцны зээлийн гэрээ байгуулж, 53,000,000 төгрөгийг 8%-ийн хүүтэй, 240 сарын хугацаатай, орон сууц худалдах, худалдан авах зориулалтаар зээлж авсан, мөн өдрийн ипотекийн гэрээгээр өөрсдийн өмчлөлийн Баянгол дүүргийн  ** дүгээрхороо, 3 дугаар хороолол /16095/, 44 дүгээр байрны 50 тоотод байрлах, 43,31 м.кв, 1 өрөө орон сууцыг барьцаалсан, хариуцагч нар зээлийг төлж байгаа болох нь тогтоогдсон.

 

7.Дээрх бүгдээс үзвэл, нэхэмжлэгч М.Н, гэрч О.Инар нь тоолуур хямд үнээр худалдах, худалдан авах талаар хамтран ажилладаг, бие биенээ таньдаг хүмүүс байх ба, Дулаахан хотхоны 44 дүгээр байранд хямд байр зарах талаарх мэдээллийг нэхэмжлэгч М.Н гэрч О.И-д хэлсэн, ийнхүү зохигчдыг гэрч И, С.Э нар танилцуулсан, гэрч О.Инь өөрийн нэр дээр гэрчилгээ гарсан 57 тоот орон сууцыг хариуцагч нарт зарах гэж байснаа больж, түүний доод талын адил зохион байгуулалттай, 50 тоотын 1 өрөө байрыг санал болгож нэхэмжлэгч М.Нтай холбосон, маргааны зүйл болсон, ашиглалтад орсон, Дулаахан хотхоны 44 дүгээр байрны 50 тоот орон сууцыг ямар нэгэн урьдчилгаа төлбөргүй, 53,000,000 төгрөг байхаар тохиролцсон, энэхүү 53,000,000 төгрөгийг ипотекийн зээлээр гаргуулах зорилгоор дээр дурдсан бүх үйлдлүүд хийгдсэн гэж дүгнэхээр байна.

 

Шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна гэж дүгнэсэн бөгөөд 2015.12.31-ний өдрийн 67/15 тоот орон сууцны барилгыг захиалгаар барих гэрээний үнэ нь бодит байдал дээр 80,123,500 төгрөг бус харин 53,000,000 төгрөг болох нь нэгэнт тогтоогдсон. Энэхүү гэрээний 1 дүгээр зүйлийн 1.2, 2 дугаар зүйлийн 2.1, 2.4, 2.5-д заасан 80,123,500 төгрөгийн үнэ, түүнийг төлөх тохиролцоо нь банкнаас зээл авахад зориулагдсан, талуудын бодит хүсэл зориг илэрхийлэгдээгүй, хүчин төгөлдөр бус байх боловч үлдсэн хэсэг нь Баянгол дүүргийн  ** дүгээрхороо, 3 дугаар хороолол /16095/, 44 дүгээр байрны 50 тоотод байрлах, 43,31 м.кв, 1 өрөө орон сууцыг худалдах, худалдан авах талаарх талуудын хүсэл зоригт нийцсэн, хэлцлийн зорилтыг хангасан байх тул Иргэний хуулийн 61 дгээр зүйлийн 61.1-д зааснаар хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ гэж үзлээ.

 

Иймд нэхэмжлэгч талын гаргасан “...хариуцагч нар 1 өрөө орон сууцыг 80,123,500 төгрөгөөр худалдан авсан, урьдчилгаа төлбөрийг тоолуур нийлүүлэх гэрээгээр, үлдэгдэл 53,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн боловч тоолуураа нийлүүлээгүй, гэрээний үүргийг зөрчсөн...” гэх агуулга бүхий тайлбар үгүйсгэгднэ.

 

8.Хариуцагч Д.Э, М.М нар нь 2015.12.31-ний өдрийн 67/15 тоот гэрээний дагуу Баянгол дүүргийн  ** дүгээрхороо, 3 дугаар хороолол /16095/, 44 дүгээр байрны 50 тоотод байрлах, 43,31 м.кв, 1 өрөө орон сууцны үнэ болох 53,000,000 төгрөгийг нэхэмжлэгч М.Над төлөх үүргээ Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1-д зааснаар шударгаар, зохих ёсоор, бүрэн биелүүлсэн байх бөгөөд тэд гэрээний үүргийг зөрчөөгүй байна.

 

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 204 дүгээр зүйлийн 204.1, 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар гэрээнээс татгалзах эрх нь гэрээний аль нэг тал хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй тохиолдолд нөгөө талдаа мэдэгдсэний үндсэн дээр хэрэгжих учиртай.

 

9.Гэрээнээс татгалзах нь нэг талын, субъектив шинжтэй эрх бөгөөд гэрээний харилцаа нэг талын хүсэл зоригоор хэдийд ч буцаагдаж болдог, татгалзах тухай нөгөө талдаа мэдэгдэхэд хэлбэрийн шаардлага тавигддаггүй онцлогтой боловч хуулийн дээрх зохицуулалтаар гэрээний нэг тал үүргээ зөрчсөн байх, үүнд нэмэлт хугацаа тогтоогоод үр дүн гараагүй байх, үүний үндсэн дээр гэрээнээс татгалзах тухайгаа нөгөө талдаа мэдэгдсэн байх гэсэн урьдчилсан нөхцлүүд бүрдсэн байж, гэрээнээс татгалзах эрх үүснэ.

 

Зохигчдын гэрээний зүйл нь үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой байх бөгөөд нэхэмжлэгч тал нь гэрээнээс татгалзах болон шаардах эрхийн аль алиныг Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т заасан хөөн хэлэлцэх 6 жилийн хугацааны дотор хэрэгжүүлэх учиртай. Нэхэмжлэгч тал Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.10.08-ны өдрийн 10207 дугаар хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.11.12-ны өдрийн 3410 дугаар шийдвэр, Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн албан бичиг, 2015.12.31-ний өдрийн 05 тоот худалдах, худалдан авах гэрээ, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.08.24-ний өдрийн 8222 дугаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамжуудыг үндэслэн “...хариуцагч нарын хаяг олдохгүй байсан, эрэн сурвалжлуулж хаяг тогтоосон, шаардах эрхтэй болохоо Итай 2019 оны 05 сард тооцоо хийж мэдсэн...” гэж тайлбарлаж байна.

Иймд нэхэмжлэгч М.Нын нэхэмжлэлийн шаардлага гаргах, татгалзах эрхээ хэрэгжүүлэх хөөн хэлэлцэх хугацааг зохигчдын гэрээ байгуулсан 2015.12.31-ний өдөр болон хариуцагч нар маргааны зүйл болсон орон сууцыг өмчлөх эрхтэй болсон 2016.07.04-ний өдрөөс тус тус тооцож үзвэл Иргэний хуулийн 75.2.2-т заасан хөөн хэлэлцэх 6 жилийн хугацаан дотроо байна гэж үзлээ. Тийм учраас хариуцагч талын гаргасан “...нэхэмжлэгч нь хөөн хэлэлцэх хугацаан дотроо шаардлагаа гаргаагүй, өмнө нь бидэнд огт шаардлага тавьж байгаагүй, хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан...” гэх агуулга бүхий тайлбар үгүйсгэгдэнэ.

 

10.Харин нэхэмжлэгч М.Над гэрээнээс татгалзах, хуульд заасан дээр дурдсан урьдчилсан нөхцөл бүрдээгүй байх бөгөөд хэрэв хариуцагч талыг гэрээний үүргийг зөрчсөн, 05 тоот гэрээний дагуу 27,040,000 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байсан гэж үзсэн бол тухайн үедээ 27,040,000 төгрөгөө хариуцагч нараас шаардах эрхтэй байхад эрхээ хэрэгжүүлээгүй, уг гэрээний үнийн дүн 24,037,050 төгрөг нь яаж 27,040,000 төгрөг гэж тооцогдсон нь тодорхойгүй. Харин нэхэмжлэгч М.Н нь эсрэгээрээ хариуцагч нарыг ямар нэгэн төлбөрийн тооцоогүй гэж Баянгол дүүргийн Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн хэлтэст тодорхойлолт гарган өгсөн байгаа нь хариуцагч нарыг гэрээний үүргээ биелүүлсэн гэдгийг нотолж байх бөгөөд хариуцагч нар маргааны зүйл болсон орон сууцны өмчлөгч болсон талаар дээр нэгэнт дүгнэсэн.

 

Иймд хариуцагч талын гаргасан “...тоолуур худалдах, худалдан авах гэрээг банкны зээлийн эдийн засагч дээр очиж үзүүлэхэд банк урьдчилгааг бэлэн мөнгөөр байршуулсан байхыг шаардана, ийм гэрээ байж болохгүй гэж хэлээд намайг буцаасан. Тэгээд би М.Н дээр буцаж очоод энэ тоолуурын гэрээ болохгүй байна, одоо яах вэ гэхэд тэгвэл наад гэрээгээ нааш өгчих гээд авсан. Би тухайн үед нь санаанд орохгүй М.Над гэрээг буцааж өгсөн, тэр үед л урж устгах байсан юм байна гэдгийг өнөөдөр л ойлгож сууна, ингэж бидний эсрэг ашиглана гэж огт бодоогүй, манай нөхөр төрийн албан хаагч байхад тоолуур худалдах гэрээ байгуулах ямар ч боломжгүй...” гэх тайлбар үндэслэл бүхий байх бөгөөд бодит үнэнд нийцэж байна гэж шүүх үзлээ.

 

11.Өөрөөр хэлбэл, зохигчдын хооронд байгуулагдсан 2015.12.31-ний өдрийн 67/15 тоот орон сууцны барилгыг захиалгаар барих гэрээ, 2015.12.31-ний өдрийн 05 тоот худалдах, худалдан авах гэрээ нь цаг хугацааны хувьд 1 өдөр байгуулагдсан байх бөгөөд 67/15 тоот гэрээ хэрэгжээд дууссан, харин тоолуур худалдах, худалдан авах гэрээ огт хэрэгжээгүй, байрны урьдчилгааг тоолуур нийлүүлэх байдлаар харагдуулах зорилгоор хийсэн, уг гэрээ нь урьдчилгаа төлбөрийг орлох боломжгүй байсны улмаас нэхэмжлэгчид буцаан өгсөн, талуудын хүсэл зориг илэрхийлэгдээгүй, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлсэн гэрээ болох нь тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцлийн талууд хуулиар эрх, үүрэг хүлээх хүсэл зориг, эрмэлзэл байдаггүй, хууль зүйн ямарваа нэг үр дагавар үүсгэхийг хүсдэггүй, энэ үйлдлээрээ гадна талдаа хэлцлийн дүр үзүүлэхийг урьтал болгодог, хийсэн үеэсээ эхлэн хүчин төгөлдөр бус байдаг онцлогтой.

 

Тодруулбал, хариуцагч нар тоолуурын болон барилгын материалыг нийлүүлэх, худалдах үйл ажиллагаа эрхэлдэггүй, энэ хэлцлийг бодитой хэрэгжүүлэх хүсэл зориггүй байсан, нэхэмжлэгч М.Н нь тус гэрээний хэрэгжилтийг хариуцагч нараас нэг ч удаа шаардаж байгаагүй, тус гэрээ байгуулсан этгээдийн хүсэл зоригийн дутагдал бүхий бодитой хэрэгжих шаардлага, хэрэгцээнд суурилаагүй хүчин төгөлдөр бус, дүр үзүүлсэн хэлцэл байсан гэх үндэстэй.

 

12.Тиймээс хариуцагч талын гаргасан сөрөг нэхэмжлэл хангагдах хууль зүйн үндэслэлтэй, харин нэхэмжлэгч талын гаргасан 2015.12.31-ний өдрийн 67/15 тоот “орон сууцны барилгыг захиалгаар барих гэрээ”-нээс татгалзаж, Баянгол дүүргийн  ** дүгээрхороо, 3 дугаар хороолол /16095/, 44 дүгээр байрны 50 тоотод байрлах, 43,31 м.кв, 1 өрөө орон сууцыг хариуцагч нараас буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй байх тул уг шаардлагаас урган гарсан олох байсан орлого 29,866,660 төгрөг гаргуулах тухай шаардлагыг мөн хууль зүйн үндэслэлгүй гэж үзнэ.

 

Хэдийгээр нэхэмжлэгч М.Н нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3-т зааснаар гэрээнээс татгалзсантай холбоотой учирсан хохирлыг хариуцагч Д.Э, М.М нараас шаардах эрхтэй боловч нэхэмжлэгч М.Над гэрээнээс татгалзах эрх үүсээгүй, 67/15 тоот гэрээ хуулийн дагуу хэрэгжээд дууссан, хариуцагч Д.Э, М.М нар гэрээний үүргийг ямар нэгэн байдлаар зөрчөөгүй, маргааны зүйл болсон өөрсдийн өмчлөлийн Баянгол дүүргийн  ** дүгээрхороо, 3 дугаар хороолол /16095/, 44 дүгээр байрны 50 тоотод байрлах, 43,31 м.кв, 1 өрөө орон сууцыг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх нь хариуцагч нарт хамааралтай байхад тэдний байраа бусдад түрээслүүлснээс олсон орлогыг нэхэмжлэгч М.Над учирсан хохирол гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй, хариуцагч нарын ямар гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчид 29,866,660 төгрөгийн хохирол учирсан болох нь тодорхойгүй, тооцоолол ойлгомжгүй, баримтгүй, эдгээрийн хооронд шалтгаант холбоо тогтоогдсонгүй.

 

13.Иймд нэхэмжлэгч М.Нын нэхэмжлэл хууль зүйн үндэслэлгүй байх тул Д.Э, М.М нарт холбогдох 2015.12.31-ний өдрийн 67/15 тоот орон сууцны барилгыг захиалгаар барих гэрээнээс татгалзаж, Баянгол дүүргийн ** дүгээр хороо, ****** хотхоны ** дүгээр байрны **тоотын 43,31 м.кв, 1 өрөө орон сууцыг буцаан авах, олох байсан орлого 29,866,660 төгрөг гаргуулах тухай М.Нын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

хариуцагч Д.Э, М.М нарын нэхэмжлэгч М.Над холбогдуулж гаргасан 2015.12.31-ний өдрийн 05 тоот худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч М.Нын үндсэн нэхэмжлэлийн тэмдэгтийн хураамжид төлсөн 1,001,058 /293,150+707,908/ төгрөг, хариуцагч Д.Э, М.М нарын сөрөг нэхэмжлэлийн тэмдэгтийн хураамжид төлсөн 797,196 /519,060+278,136/ төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, нэхэмжлэгч М.Наас 278,136 төгрөгийг гаргуулж хариуцагч Д.Э, М.М нарт олгох нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасантай нийцнэ.

 

14.2021.09.01-ний өдрийн Ерөнхий прокурорын газрын гомдолд хариу мэдэгдэх хуудас, М.Н, О.Инарын 2019.05.23-ны өдрийн тооцоо нийлсэн акт, Баянгол дүүргийн Прокурорын газрын 2021.05.31-ний өдрийн 1047 дугаар хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай прокурорын тогтоол, 2015.12.31-ний өдрийн 60/15 тоот, 65/15 тоот, 63/15 тоот орон сууцны барилгыг захиалгаар барих гэрээ, Баянгол дүүргийн Прокурорын газарт гаргасан 2020.04.05, 2021.06.10-ны өдрийн М.Нын гомдол, Нийслэлийн Прокурорын газарт гаргасан 2021.07.02-ны өдрийн гомдол, 2019.12.31-ний өдрийн тооцоо нийлсэн акт, 2020.10.12-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээ, баталгаа, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.11.25-ны өдрийн 16823 дугаар хэргийг нэгтгэх тухай шүүгчийн захирамж, Баянгол дүүргийн Прокурорын 2021.06.24-ний өдрийн хариу мэдэгдэх хуудас, Нийслэлийн Прокурорын газрын 2021.07.23-ны өдрийн хариу мэдэгдэх хуудас, Улсын ерөнхий прокурорт гаргасан 2021.08.12-ны өдрийн гомдол, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.05.19-ний өдрийн 6095 дугаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай шүүгчийн захирамж, 2020.10.09-ний өдрийн М.Нын О.И-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлүүд, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.10.16-ны өдрийн 14927, 14928 дугаар иргэний хэрэг үүсгэх тухай шүүгчийн захирамжууд гэсэн баримтууд нь энэхүү маргаанд хамааралгүй, харин М.Н, О.Инарын хоорондын байр, тоолуурын маргаанд хамааралтай, тусдаа асуудал байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүйг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.1, 115.2.3-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар хариуцагч Д.Э, М.М нарт холбогдох 2015.12.31-ний өдрийн 67/15 тоот орон сууцны барилгыг захиалгаар барих гэрээнээс татгалзаж, Баянгол дүүргийн ** дүгээр хороо, ****** хотхоны ** дүгээр байрны **тоотын 43,31 м.кв, 1 өрөө орон сууцыг буцаан гаргуулах, олох байсан орлого 29,866,660 төгрөг гаргуулах тухай М.Нын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар 2015.12.31-ний өдрийн 05 тоот тоолуур худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, нэхэмжлэгч М.Над холбогдох хариуцагч Д.Э, М.М нарын гаргасан сөрөг нэхэмжлэлийг хангасугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч М.Нын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,001,058 төгрөг, хариуцагч Д.Э, М.М нарын сөрөг нэхэмжлэлийн тэмдэгтийн хураамжид төлсөн 797,196 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, нэхэмжлэгч М.Наас 278,136 төгрөгийг гаргуулж хариуцагч Д.Э, М.М нарт олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 ** дүгээрзүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 ** дүгээрзүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр гарах ба, шүүх хуралдаанд оролцсон тал уг хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                               Т.ЭНХТУЯА