Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 184/ШШ2022/01771

 

 

 

 

 

     2022            05               25                                             184/ШШ2022/01771

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч В.Амартүвшин даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 00 дугаар хороо, 00 дүгээр гудамж, 00 тоот хаягт оршин суух Б овогт Д О /РД:0000000/

 Хариуцагч: ******* дүүрэг, 0 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж-0 өөрийн байр хаягт байрлах Н газар

Нэхэмжлэлийн шаардлага: Үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2022 оны 03–р сарын 09–ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.М, гэрч Г.,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Даваадулам,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.О нь Н газарт холбогдуулан үнэлгээ хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Үүнд: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 00000 дугаар шүүгчийн захирамжаар Д.О 88,298,975 төгрөгийг гаргуулж "К ББСБ" ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.

Шийдвэр гүйцэтгэгч нь Л.О, Ц.Т нарын өмчлөлийн ******* дүүргийн 0 дугаар хороо, 00 мянгатын 0 дугаар байрны 00 тоот хагт байршилтай эрхийн улсын бүртгэлийн Ү-000000 дугаартай 00 м.кв талбайтай орон сууцыг хураан авсан. Тус хэрэг дээр шийдвэр гүйцэтгэгч нь талуудаас үнийн санал авах ажиллагаа хийсэн боловч, төлбөр авагч нь тус хөрөнгийг хэдэн төгрөг гэдгийг манай зүгээс тогтоож хэлэх боломжгүй учраас үнэлгээний байгууллагаар үнэлүүлэх хүсэлт гаргасан.

Шийдвэр гүйцэтгэгч тус хөрөнгөнд үнэлгээ хийлгүүлэхээр "С" ХХК-ийг томилсон байна. "С" ХХК нь 2022 оны 2 дугаар сарын 07-ны өдөр тус хөрөнгийн үнэлгээг 170,076,920 төгрөг гэж үнэлсэн байна.

"С" ХХК нь тус хөрөнгийн үнэлгээг хийхдээ үнэлгээ хийх гурван аргаас Өртгийн арга, Жишиг үнийн гэх хоёр аргыг ашиглаж үнэлгээ хийж, тус хөрөнгийг үнэлгээг тогтоосон байна.

Л.О, Ц.Т нарын өмчлөлийн ******* дүүргийн 0 дугаар хороо, 00 мянгатын 00 дугаар байрны 00 тоот хаягт байршилтай эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000 дугаартай 00 м.кв талбайтай орон сууц нь Улаанбаатар хотын А бүсэд байрших хөрөнгө бөгөөд, шинжээчийн дүгнэлт дурдсанаар тус хөрөнгө нь ашиглалтын байдал, тохижилт зэрэг нь бүгд "сайн" гэх үнэлгээтэй байна. Гэтэл тус хөрөнгийг 170,076,920 төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн байна.

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9.2.1 дэх заалтад "Хөрөнгийн үнэлгээний суурийг тодорхойлохдоо тухай хөрөнгийн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлогт үндэслэсэн байх" гэсэн заалтыг зөрчсөн байна.

Манай хөрөнгийн үнэлгээг гаргахдаа харьцуулсан хөрөнгүүд нь хаяг нь ******* дүүрэгмгэж ерөнхий байгаа бөгөөд нарийвчилсан хаяг байршил тодорхойгүй хөрөнгүүдтэй харьцуулсан байна. Манай хөрөнгөтэй үнэлгээний шинж байдал, онцлогт тохирох хөрөнгүүдтэй харьцуулаагүй байна. Зөвхөн нэг дүүрэгт байрлах "unegui.mn" байрших хөрөнгүүдтэй харьцуулсан байна. Иймд үнэлгээг "Сэлэнгэ эстимэйт" ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгож өгнгө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 0000 дугаар захирамжаар Д.От 88,298,975 төгрөг гаргуулж “К” ББСБ, ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Гүйцэтгэх баримт бичгийг 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, үүргийн гүйцэтгэл хангуулахаар шүүхийн шийдвэрт заасан Л.О, Ц.Т нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000  дугаарт бүртгэлтэй ******* дүүргийн 0 дугаар хороо, 00 мянгатын 00 дугаар байр, 00 тоот хаягт байрлах 00 м.кв талбайтай, орон сууцыг 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 20270705/000 дугаар тогтоолоор битүүмжилж, 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 20270705/000 дугаар хураах тогтоолоор хураасан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу хураагдсан хөрөнгийн үнэлгээг үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч нар харилцан тохиролцож тогтоох тухай мэдэгдэл гардуулахад талууд харилцан тохиролцоогүй тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дугаар зүйлд заасны дагуу үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан хөрөнгөнд 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр шинжээч томилон зах зээлийн үнийг тогтоолгоход 2022 оны 02 дугаар сарын 07-н ыөдөр үнэлгээний тайванг хүлээн авч 170,076,920 төгрөгөөр үнэлэгдсэнийг талуудад 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр танилцуулан гарын үсэг зуруулсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан гомдол гаргах хуулийн хугацаа өнгөрсөн байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Гэрч Г.О шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Зах зээлийн үнэлгээг үнэлэхэд хоёр арга байдаг. Үүний дагуу үнэлгээний зорилго, тогтоолын хамрах хүрээнээс шалтгаалан нийтэд арилжих, жишигдүүлсэн аргаар хийсэн. Хүснэгт 10-т нийтэд арилжагдах жишигдүүлсэн аргаар тооцно гэж байдаг. 3 хөрөнгөтэй харьцуулсан байна. Өөрөөр хэлбэл Үнэлгээний тухай хуульд заасны дагуу ялгаатай зүйл гарч ирвэл ялгаатай зүйлийн итгэлцүүрээр гаргана. Итгэлцүүрийн хүрээнд үнэлгээчин зөвхөн ялгаатай талыг гаргана. Бусад талыг гаргаагүй бол ялгаатай гэж үзнэ. 25 нүдэнд ялгаатай зүйл гарсан. Хөрөнгийн үнэлгээчний мэдүүлж байгаа мэдээлэл эх сурвалжтай байх ёстой. Хөрөнгийн үнэлгээний тайланд хөрөнгийг ямар сайтад оруулсан тухай хуулбарласан оруулсан байгаа. Яагаад вэ гэхээр харьцуулж байгаа гурван хөрөнгийг хэдэн сарын хэдний өдөр зар тавигдсан, идэвхтэй байсан эсэх, үүнийг баталж байна. 02 сарын 04-ний өдрийн зарын дугаартай хамт байгаа. Үүний дагуу зар оруулснаар утсаар ярьж, үзэж мэдээллийг баталгаажуулдаг тул эх сурвалж нь юм.

1 дүгээр харьцуулсан хөрөнгө нь 3,200,000 төгрөг, 2 дугаар хөрөнгө 6,864,988 төгрөг, 3 дугаар хөрөнгө 5,178,308 төгрөг байна. Үнэлгээний стандартын дагуу итгэлцүүрийг гарган, тухайн харьцуулсан хөрөнгийн 1 м.кв-ийн үнэ гарч байдаг. 33 дугаар мөрд нийт зохицуулдаг хэмжээг харуулсан. Нийт зохицуулсан үнийн 30 хувиас хэтрэхгүй гэж үздэг. Тийм учраас 30 хувиас хэтрүүлээгүй.

34 дугаар мөрд харьцуулсан ач холбогдлыг нойлолсон. Өөрөөр хэлбэл 3,332,000 болон 5,847,000 төгрөгийг нэмээд гарсан дүнгээс 50 хувийг тооцож 1 м.кв нь 4,251,923 төгрөг болсон.

Н 2022 оны 01 сарын 26-ны 0000 тоот Шинжээч томилуулах тогтоолын дагуу Иргэний хуулийн 176 дугаар зүйлд заасны дагуу дуудлага худалдаа явуулахын тулд зах зээлийн үнийг тогтоож байгаа. Үүний дагуу Хөрөнгийн үнэлгээний тухай хууль болон Шүүх шинжилгээний тухай хуулийн дагуу ******* дүүргийн 0 дугаар хороо, 00 мянгатын 00 дугаар байрны 00 тоот хагт байршилтай эрхийн улсын бүртгэлийн Ү-00000000 дугаартай 00 м.кв талбайтай орон сууцыг 2022 оны 02 сарын 07-ны өдөр үнэлээд 170,076,920 төгрөг болохыг тогтоосон.

Үүнийг өртгийн хандлагаар тооцсон. Зах зээлийн хандлага дотроо олон аргуудтай боловч зах зээлийн үнэлгээний нийтэд арилжигдах, жишигдүүлсэн аргаар үнэлсэн. Орлогын хандлагаар мэдээж үнэлээгүй, тухайн орон сууцад амьдрах зориулалттай, орлого олох нөхцөлгүй учраас хориглодог. Байрны улсын бүртгэлтийн гэрчилгээгээр 40 м.кв дээр тооцоолол хийсэн байна. Хөрөнгийн үнэлгээний тайлан нь Монгол улсын хөрөнгийн үнэлгээний хууль, Олон улсын стандартад заасны дагуу тус тайлан үнэн зөв гарсан.

Зах зээлийн болон өртгийн хандлагаар үнэлж болно. Зах зээлийн хандлагаар 170,076,920 төгрөг болж байна, өртгийн хандлагаар үнэлбэл 35,831,390 төгрөг болж байна. Энэ хоёр хандлагаар үнэлж, зах зээлийн хандлагаар үнэлэх нь илүү бодитой гэж үзэн 170,076,920 төгрөгөөр гаргасан гэв.

 

Зохигчийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтууд: нэхэмжлэгчээс Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 00000/0000 тоот “мэдэгдэл” хавтаст хэргийн /4 дүгээр тал/,

Хариуцагчаас Шийдвэр гүйцэтгэлийн 00000000 тоот хувийн хэрэг /хавтаст хэргийн 32-104 дүгээр тал/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн, цуглуулсан.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй.

Нэхэмжлэгч Д.О нь хариуцагч Н газарт холбогдуулан "С" ХХК-ийн 2022 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн хөрөнгийг 170,076,920 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж байна. Үүнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д зааснаар хөрөнгө хурааснаас хойш 1 сарын дотор хийгээгүй, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9.2.1 дэх заалтад "Хөрөнгийн үнэлгээний суурийг тодорхойлохдоо тухай хөрөнгийн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлогт үндэслэсэн байх" гэсэн заалтыг зөрчсөн” гэсэн агуулгаар тодорхойлов.  

Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ... 55.1-г зөрчөөгүй, хурааснаас хойш 1 сарын дотор үнэлдэг, ...ажиллагаа хуулийн дагуу явагдсан, үнэлгээ хийхдээ хажуу талын ижил төстэй хөрөнгийг үндэслэсэн, шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй, огт биелүүлэх санал, хүсэлгүй, хугацаа хожих гэж шүүхийн шатаар явдаг, нэхэмжлэл үндэслэлгүй гэж тайлбарлаж, үгүйсгэв.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 184/ШШ2019/00000 тоот захирамжаар, 2020 ны 7 дугаар сарын 28-ны өдрийн 00000 тоот гүйцэтгэх хуудсаар  Д.О 88,000,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 298,975 төгрөгийн хамт гаргуулж “К ББСБ” ХХК-д олгохоор тус тус шийдвэрлэжээ. /хавтаст хэргийн 33, 34-36 дугаар тал/,

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 184/ШШ2019/00000 дугаар захирамж, мөн өдрийн 0000 дугаар гүйцэтгэх хуудаст үндэслэн “НШШГГ” нь 2020 оны 08-р сарын 13-ны өдөр 0000000 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулжээ.

Төлбөр төлөгчийн өмчлөлийн дээрх үл хөдлөх эд хөрөнгийг “НШШГГ”-ын 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 000000 дугаар тогтоолоор битүүмжилж, 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 000000 дугаар тогтоолоор хураасан байна. /хавтаст хэргийн 45-47, 48-49 дүгээр тал/ 

Хураагдсан эд хөрөнгөд төлбөр авагч нараас үнэлгээ тогтоолгох хүсэлт гаргасан, талууд хэн аль нь үнийн санал гаргаагүй, тогтоосон хугацаанд үнийн санал ирүүлээгүй тохиолдолд үнэлгээчнээр зах зээлийн үнэлгээг тогтоох талаар “НШШГГ” нь 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр мэдэгдэж, тэмдэглэл үйлдсэн болох нь хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбар зэргээр нотлогдов.

 

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.1, 55.2.2-т зааснаар хураагдсан үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг талууд тохиролцоогүй буюу үнийн санал гаргаагүй тул “НШШГГ” 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 1/24 дугаар “Шинжээч томилох тухай тогтоол”-оор хөрөнгөнд үнэлгээ хийлгэхээр шинжээчээр хөрөнгийн үнэлгээний “С” ХХК-ийг томилжээ. /хавтаст хэргийн 55 дугаар тал/

 

Шинжээчээр хөрөнгийн үнэлгээний “С” ХХК нь, маргаан бүхий орон сууцны үнэлгээг гаргахдаа “...зах зээлийн хандлагын арга /40 м.кв/-аар үнэлгээг 170,076,920 төгрөг, MNS 6058:2009 дугаартай стандартын дагуу ариун цэврийн өрөө, тагт, зэргийг сууцны ашиглалтын талбайд оруулж тооцжээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлахдаа “НШШГГ”-ын шинжээч томилж, үнэлгээ хийхтэй холбоотой ажиллагаа нь хууль зөрчсөн эсэх талаар маргаан байхгүй гэж тайлбарладаг бөгөөд нэхэмжлэгчийн маргаагүй, гомдоогүй үйл баримтын талаар шүүх дүгнэлт хийгээгүй болно.

 

Нэхэмжлэгч “...хөрөнгийн үнэлгээний суурийг тодорхойлохдоо тухайн хөрөнгийн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлогт үндэслэсэн байх гэсэн заалтыг зөрчсөн, зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн...” нь хууль зөрчсөн гэх тайлбар гаргадаг хэдий ч тухайн шаардлага үндэслэлээ нотлох баримтаар нотлоогүй, шинжээчийн дүгнэлтийг эргэлзээтэй, зах зээлийн үнэлгээнээс доогуур үнэлсэн гэж харьцуулан үзэх баримтыг ирүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ хэрэгжүүлээгүй тул хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох үндэслэл хэрэгт авагдсан баримтын хүрээнд тогтоогдсонгүй.

 

 Улсын бүртгэлд бүртгэгдсэн үл хөдлөх хөрөнгийн кв.метрийн хэмжээг дурын нэг үнэлгээний байгууллага сайн дураараа ихэсгэж багасган хэмжээг нь тооцох хууль зүйн үндэслэл байхгүй бөгөөд “С” ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 0 дугаартай үнэлгээгээр үл хөдлөх хөрөнгийг 170,076,920 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээ нь зах зээлийн үнэлгээнээс хэт бага үнэлсэн, хөрөнгийн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлогт үндэслээгүй, хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Хариуцагч “...төлбөр төлөгчид хөрөнгийн үнэлгээний талаарх мэдэгдлийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-д зааснаар шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор буюу 2022 оны 2 дугаар сарын 08-ны өдөр мэдэгдсэн, 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэл гаргасан, 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр үнэлгээг Д.Отгонбаярт өөрт нь болон байрны бусад өмчлөгч, гуравдагч этгээд Л.О, С.Т нарт мэдэгдсэн байна.

Нэхэмжлэгч Б.О нь 2022 оны 02 дугаар сарын 14-ны өдөр шүүхэд үнэлгээний талаар гомдол гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 0000 дугаар захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, улмаар нэхэмжлэгч Д.О итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Я нь 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр шүүхэд нэхэмжлэл, гомдол гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан хугацааг хэтрүүлсэн байна.

            Иймд нэхэмжлэгч Б.О гаргасан үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 160 дугаар зүйлийн 160.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн “С” ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 000 дугаартай “******* дүүргийн 0 дугаар хороо, 00 мянгатын 00 дугаар байрны 00 тоот хагт байршилтай эрхийн улсын бүртгэлийн Ү-000000 дугаартай 00 м.кв талбайтай орон сууцыг 170,076,920 төгрөгөөр үнэлсэн” үнэлгээг хүчингүй болгуулах тухай Д.О нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болох ба хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       В.АМАРТҮВШИН