Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2022/01402

 

 

 

....-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч М.Баясгалан, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 184/ШШ2022/01771 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч ....-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Н......- холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 1556 дугаар захирамжаар ....-аас 88,298,975 төгрөгийг гаргуулж Канно финансиал сервис ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, 220 мянгатын 28 дугаар байрны 27 тоот хаягт байршилтай Л.Отгон, Ц.Түмэндэлгэр нарын өмчлөлийн 40 м.кв талбайтай орон сууцыг хураасан. Төлбөр авагч нь тухайн үл хөдлөх хөрөнгийг үнэлэх боломжгүй гэх үндэслэлээр шинжээч томилуулах хүсэлт гаргасныг үндэслэн Сэлэнгэ-Эстимэйт ХХК-ийг томилсон байна. Сэлэнгэ-Эстимэйт ХХК нь төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг 170,076,920 төгрөг гэж үнэлсэн байна. Шинжээч тус хөрөнгийг үнэлэхдээ үнэлгээ хийх гурван аргаас өртгийн арга, жишиг үнийн гэх хоёр аргыг ашиглаж үнэлгээ хийсэн. Төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгө нь Улаанбаатар хотын А бүсэд байрлалтай, ашиглалтын байдал, тохижилт зэрэг нь бүгд сайн гэх үнэлгээтэй байна. Гэтэл тус хөрөнгийг 170,076,920 төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1-д Хөрөнгийн үнэлгээний суурийг тодорхойлохдоо тухай хөрөнгийн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлогт үндэслэсэн байх гэж заасныг зөрчсөн.

Харьцуулсан хөрөнгүүд нь хаяг нь Сүхбаатар дүүрэг гэж ерөнхий байгаа бөгөөд нарийвчилсан хаяг байршил тодорхойгүй хөрөнгүүдтэй харьцуулсан байна. Зөвхөн нэг дүүрэгт байрлах "unegui.mn" байрших хөрөнгүүдтэй харьцуулсан. Иймд үнэлгээг "Сэлэнгэ-Эстимэйт" ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгож өгнгө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 1556 дугаар захирамжаар ....-аас 88,298,975 төгрөг гаргуулж Канно Финансиал сервис ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Гүйцэтгэх баримт бичгийг 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, үүргийн гүйцэтгэл хангуулахаар шүүхийн шийдвэрт заасан Л.Отгон /ХА42012664/, Ц.Түмэндэлгэр /ХА66021573/ нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203003105 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, 220 мянгатын 28 дугаар байр, 27 тоот хаягт байрлах 40 м.кв талбайтай, орон сууцыг 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 20270705/128 дугаар тогтоолоор битүүмжилж, 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 20270705/128 дугаар хураах тогтоолоор хураасан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу хураагдсан хөрөнгийн үнэлгээг үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч нар харилцан тохиролцож тогтоох тухай мэдэгдэл гардуулахад талууд харилцан тохиролцоогүй тул шинжээч томилсон. Шинжээч тухайн үл хөдлөх эд хөрөнгийг 170,076,920 төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн үнээс доогуур тул үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар Н......- холбогдох үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн Сэлэнгэ-Эстимэйт ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 01/56 дугаартай Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, 220 мянгатын 28 дугаар байрны 27 тоот хагт байршилтай эрхийн улсын бүртгэлийн Ү-2203003105 дугаартай 40 м.кв талбайтай орон сууцыг 170,076,920 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай ....-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүх хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох үндэслэл хэрэгт авагдсан баримтын хүрээнд тогтоогдсонгүй гэж үзсэн. Гэтэл шинжээч тухайн хөрөнгийн үнэлгээг тогтоохдоо харьцуулан үнэлсэн эд хөрөнгүүдийн мэдээллийг үнэлгээний тайланд тусгаагүй нь үнэлгээ хийх ажиллагааны журмыг зөрчсөн байхад шүүх шинжээч үнэлгээ хийх журмыг зөрчсөн талаар болон харьцуулж буй хөрөнгүүдийн мэдээллийг ил тод байгаа талаар дүгнээгүй.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт битүүмжилжнээс хойш 1 сарын дотор үнэлгээг хийлгэнэ гэж заасан байхад тус хөрөнгийг 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр битүүмжилсэн атлаа 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр шинжээч томилсон нь төлбөр төлөгчийн хөрөнгийг битүүмжилснээс хойш 2 сар 9 хоног өнгөрсний дараа шинжээч томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөрчсөн.

Хөрөнгөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт Хөрөнгийн үнэлгээний тайлан нь хөрөнгийн үнэлгээний зүйлийн үнэ цэнэ, түүнийг тогтоосон үндэслэл, нотолгоог агуулсан үндсэн баримт бичиг байна гэж заасан. Гэтэл хөрөнгийн үнэлгээчин нь тус хуулийг зөрчиж хөрөнгийн үнэлгээг тогтоосон. Тодруулбал, хөрөнгийн үнэлгээний Сэлэнгэ эстимэйт ХХК нь тухайн хөрөнгийн үнэлгээний тайланд төлбөр төлөгчийн үнэлэгдэж буй хөрөнгийн чанар элэгдлийн байдлын талаарх мэдээллийг нэг бүрчлэн тусгасан байдаг. Гэтэл харьцуулсан хөрөнгүүдийн мэдээллийг тайланд тусгаагүй үнэлгээний тайланд тусгаагүй. Мөн төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгө нь Улаанбаатар хотын А бүсэд байрших хөрөнгө бөгөөд, шинжээчийн дүгнэлт дурдсанаар тус хөрөнгө нь ашиглалтын байдал, тохижилт зэрэг нь бүгд сайн гэх үнэлгээтэй байна. Гэтэл тус хөрөнгө шинж байдал, онцлог нь сайн байхад хэт доогуур үнэлгээ тогтоосон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагч тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаж, шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж, талуудын хооронд үүссэн маргаанд хамаарах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

1.    Хэргийн үйл баримт болон шүүхийн шийдвэрийн талаар.

 

1.а. Нэхэмжлэгч ....- нь хариуцагч Н......- холбогдуулан Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо, 220 мянгатын 28 дугаар байрны 27 тоот хаягт байрлах 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг 170,076,920 төгрөгөөр үнэлсэн Сэлэнгэ-Эстимэйт ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч байгууллагын төлөөлөгч эс зөвшөөрч ... шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан, нэхэмжлэгч шүүхэд гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн... гэж маргажээ.

 

1.б. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 184/ШШ2019/01556 дугаартай захирамжаар ....- нь 88,000,000 төгрөгийг 2021 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн дотор Канно финансиал сервис ББСБ ХХК-д төлөхийг зөвшөөрч, дээрх төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, 220 мянгатын 28 дугаар байр, 27 тоотод байрлах 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зохигчид эвлэрснийг баталж шийдвэрлэсэн ба уг захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэдэг. (хх-ийн 35-37)

 

1.в. Төлбөр төлөгч ....- нь дээрх захирамжийг сайн дураар биелүүлээгүйн улмаас төлбөр авагчийн гаргасан хүсэлтийг үндэслэн тус дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 1002 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудаст үндэслэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь дээрх захирамжийг албадан гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн байна. (хх-ийн 34)

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, 220 мянгатын 28 дугаар байр, 27 тоотод байрлах 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 20270705 дугаар тогтоолоор битүүмжлэн, 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 20270705 дугаар тогтоолоор хураасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна. (хх-ийн 46-50)

 

1.г. Хариуцагч байгууллага 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр төлбөр авагч Канно финансиал сервис ББСБ ХХК, төлбөр төлөгч ....-, өмчлөгч Л.Отгон, Ц.Түмэндэлгэр нарт төлбөр хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаанд оруулах үнийн санал ирүүлэх талаар мэдэгдэхэд төлбөр төлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тус үл хөдлөх эд хөрөнгийг 400,000,000 төгрөгөөр үнэлэх санал ирүүлсэн боловч төлбөр авагч шинжээч томилуулан үнэлгээ тогтоолгох хүсэлт гаргаснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар тохиролцоогүй байна. (хх-ийн 51-55)

 

Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх гүйцэтгэх газар 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 1/24 дугаар тогтоолоор Сэлэнгэ-Эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т нийцжээ. Энэ ажиллагааны талаар нэхэмжлэгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан журмын дагуу гомдол гаргаж байгаагүй тул 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилсэн атлаа 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр шинжээч томилсон гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

Шинжээч Сэлэнгэ-Эстимэйт ХХК нь Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, 220 мянгатын 28 дугаар байр, 27 тоотод байрлах 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зах зээлийн үнэлгээг 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар 170,076,920 төгрөгөөр тогтоосон байна. (хх-ийн 61-86)

 

1.д. Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт заасны дагуу Сэлэнгэ-Эстимэйт ХХК-ийн үнэлгээг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогчид 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр мэдэгдсэн бөгөөд нэхэмжлэгч ....- нь мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасны дагуу 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тус шүүхийн шүүгчийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 184/ШЗ2022/02732 дугаар захирамжаар хүлээн авахаас татгалзсан байхад анхан шатны шүүх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт хугацааг хэтрүүлсэн гэж дүгнэлт хийсэн нь буруу байна. (хх-ийн 4х)

 

1.е. Нэхэмжлэгч хуульд заасан хугацааны дотор нэхэмжлэл гаргасан нь тогтоогдож байх боловч энэ нь нэхэмжлэгчийн гомдлыг хангах, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэл болохгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.

 

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1-д Хөрөнгийн үнэлгээний олон улсын болон үндэсний стандартад нийцүүлэн энэ хуульд заасан журмын дагуу хөрөнгийн үнэлгээ хийх аргыг бие даан сонгох гэж заасны дагуу Сэлэнгэ-Эстимэйт ХХК нь үнэлгээг тогтоохдоо зах зээлийн хандлагын жишиг үнийн аргыг ашиглан үнэлж буй хөрөнгөтэй ижил буюу төсөөтэй үл хөдлөх хөрөнгөтэй харьцуулах замаар үнэлгээ хийсэн байх бөгөөд үнэлгээчин шүүх хуралдаанд оролцож өртгийн болон зах зээлийн хандлагын аргыг хослуулан хэрэглэсэн талаар тодорхой тайлбарлажээ (хх-ийн 82, 141)

 

Түүнчлэн, зах зээлийн хандлагын жишиг үнийн аргаар үнэ цэнийг тогтоохдоо хамгийн багадаа жиших обьектыг гурав байхыг зорьж ялгаатай байдалд шаардлагатай зохицуулалтыг хийж, нийт зохицуулалтын хувь хэмжээг 30 хувиас хэтрүүлэхгүй шалгуурыг баримталж, харьцуулсан хөрөнгийн мэдээллийг үнэлгээний тайландаа хавсаргасан байх тул хаяг байршил тодорхойгүй хөрөнгүүдтэй харьцуулсан, харьцуулан үнэлсэн эд хөрөнгүүдийн мэдээллийг үнэлгээний тайланд тусгаагүй гэсэн нэхэмжлэгчийн тайлбар гомдол үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 184/ШШ2022/01771 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

Н.БАТЗОРИГ