Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 135/ШШ2022/00653

 

 

 

 

 

2022 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 135/ШШ2022/00653

Дархан-Уул аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2022/00596/И

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Ажилчдын гудамж, өөрийн байранд оршин байгаа, утас: 77238888, 9111****, 65***** регистрийн дугаартай, Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албаны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Хонгор сум, Салхит 3 дугаар баг, 10-12 тоотод оршин суух, утас: 9967****, ТК48****** регистрийн дугаартай, Б овогт Я.Д-д холбогдох,

3,750,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б /цахимаар/,

Хариуцагч Я.Д,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Балжинням нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б нь нэхэмжлэлийнхээ шаардлагын үндэслэлийг дараах байдлаар тодорхойлж байна.

Я.Д нь 2012 оны 8 дугаар 03-ны өдрийн Дугаар ** тоот гэрээгээр 5,000,000 төгрөгийн FT-200 маркийн хадлангийн иж бүрдэл 1 ширхийг урьдчилгаа 50 хувь болох 2,500,000 төгрөг төлөн үлдэгдэл 50 хувь болох 2,500,000 төгрөгийг 2017 оны 12 дугаар сарын 31-ний дотор төлөхөөр гэрээ байгуулсан. Гэвч өнөөг хүртэл зээлээ төлөөгүй байгаа бөгөөд 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар хугацаа хэтэрсэн өр 2,500,000 төгрөг байна. Дээрх гэрээний үүргийн гүйцэтгэл нь одоог хүртэл биелэгдэхгүй байгаа тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг баримтлан анз тооцоход Дугаар 32 тоот гэрээнд 1,250,000 төгрөг болж байна. Иймд нийт 3,750,000 төгрөгийг Я.Дгээс гаргуулж, Хөдөө аж ахуйг дэмжих санг хохиролгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч Я.Д нь шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Хөдөө аж ахуйг дэмжих сангаас 2012 онд урьдчилгаанд 2,500,000 төгрөг төлөөд трактор авсан. Үлдсэн 2,500,000 төгрөгийг Засгийн газраас хөнгөлөлт болгон төлнө гэж бидэнд ойлгуулсан. Ингээд тэр үеэс хойш 10 жилийн дотор хэн ч, хаанаас ч мөнгөө төл гэж хэлээгүй, шаардаагүй болохоор анх авахад хэлсэн ярьснаараа юм байна гээд мартах шахсан. Гэнэт үлдсэн мөнгөө нөхөн төлөх тухай сонсоод тэтгэврийн хөгшин, дээр нь даралт ихэсдэг, зүрхний шигдээс болж стенк тавиулж байнга эм тариа хэрэглэдэг, түүндээ ч заримдаа мөнгө хүрэлцдэггүй надад том цохилт боллоо. Бидэнд тэр үед төлнө гээд ойлгуулсан бол одоогоос 10 жилийн өмнө арай эрүүл байсан болохоор яаж ийгээд төлөх л байсан гэж тэр үеийн Засгийн газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны удирдлагуудад гомдож байна. Одоо бидэнд нөхөн төлөх мөнгө даанч алга. Тэгээд ч энэ хэргийн хөөн хэлэлцэх хугацаа хэдийн дууссан учир энэ бүгдийг шүүхийн байгууллага харгалзан үзэж, намайг энэ төлбөрөөс чөлөөлж өгнө үү. Миний хувьд уг мөнгийг төлөх чадвар байхгүй гэв.

Нэхэмжлэгч Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын алба нь нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан нотлох баримтаар итгэмжлэл /хавтаст хэргийн 3, 34 дэх тал/, Бага оврын тракторыг худалдан борлуулах санхүүгийн түрээс /лизинг/-ийн гэрээний хуулбар /хавтаст хэргийн 4-2/, Техник тоног төхөөрөмж олгох зөвшөөрлийн хуудас /хавтаст хэргийн 6 дахь тал/, Я.Дгийн тухайн гэрээ байгуулах үеийн иргэний үнэмлэхийн хуулбар /хавтаст хэргийн 7 дахь тал/,2012 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 2,500,000 төгрөг төлсөн тухай Төрийн банкны орлогын баримтын хуулбар /хавтаст хэргийн 7 дахь тал/, өвлөг, авлагын дэлгэрэнгүй журнал /хавтаст хэргийн 8 дахь тал/, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 9 дэх тал/, Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 16 дугаартай тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 10 дахь тал/, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн А-134 дугаартай тушаалын хуулбар /хавтаст хэргийн 11 дэх тал/ зэргийг шүүхэд ирүүлсэн байна.

Шүүх хуралдаанаар зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын алба нь хариуцагч Я.Дд холбогдуулан FT-250 маркийн трактор анжисны үлдэгдэл төлбөр 2,500,000 төгрөг, алданги 1,250,000 төгрөг, нийт 3,750,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч тухайн үед нь төлөх боломжтой байсан, гэтэл үлдэгдэл төлбөрийг Засгийн газраас төлнө гэж яригдаж, төлбөрөө нэхээгүй болохоор төлсөн гэж бодсон, 10 жилийн дараа шаардаж байгаа тул зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Хэрэгт нотлох баримтаар авагдсан Бага оврын тракторыг худалдан борлуулах зээлийн гэрээгээр 2012 оны 8 дугаар сарын 03-ны өдөр нэг талаас Тариалан эрхлэлтийг дэмжих сан, нөгөө талаас Я.Д нар харилцан тохиролцож FT-250 маркийн Бага оврын трактор, анжисны хамт 5,000,000 төгрөгөөр худалдан авахаар, төлбөрийг графикийн дагуу төлж барагдуулах, гэрээний 3.3-д 3.2-т заасан төлбөрийг төлөөгүй тохиолдолд төлөгдөөгүй үүргийн үнийн дүнгийн 0,05 хувиар тооцож алданги төлөхөөр тохирсон байна. /хавтаст хэргийн 4-5 дахь тал/

Талууд гэрээг бичгээр байгуулж, бэлэн мөнгөөр төлөх төлбөрийн хэмжээ, хэсэгчлэн төлөх төлбөрийн хэмжээ, зээлийн төлбөр төлөх хугацаа хэтрүүлсэн тохиолдолд алданги төлөх хэмжээ зэрэг гэрээний гол нөхцөлийн талаар тусгасан байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 16 дугаартай Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын алба байгуулах, орон тооны хязгаарыг батлах тухай тогтоолоор Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын алба байгуулж, орон тооны хязгаарыг 164 байхаар, Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албаны дүрэм, зохион байгуулалтын бүтцийг орон тооны хязгаар, батлагдсан төсөвт багтаан баталж, сангийн үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаанд даалгаж, Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн санхүүгийн тайланд бүртгэлтэй хөрөнгө өглөг, авлага болон Мал хамгаалах сангаас Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд шилжүүлсэн хөрөнгө, өглөг, авлагыг холбогдох хууль тогтоомжид заасан журмын дагуу Хөдөө аж ахуйг дэмжих санд шилжүүлэхийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаанд даалгажээ. /хавтаст хэргийн 10 дугаар тал/

Дээрх засгийн газрын тогтоолын дагуу Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн А-134 дугаартай Хөдөө аж ахуйг дэмжих санд хөрөнгө блансаас блансад шилжүүлэх тухай тушаалаар Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн 2019 оны жилийн эцсийн аудитын нэгтгэсэн санхүүгийн тайлангийн үлдэгдэл, тус тайланд нэгтгэгдсэн Японы Засгийн газрын төсөл хөтөлбөрийн хугацаа дууссан КР-1, КР-2, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хөнгөлөлттэй зээлийн БОТ-ын санхүүгийн тайлангийн үлдэгдлийг тус тус хааж хаалтын тайлан гарган, 1 дүгээр хавсралтын дагуу Хөдөө аж ахуйг дэмжих санд блансаас блансад шилжүүлсүгэй гэж, хөрөнгө, өр төлбөр, бараа материалыг Хөдөө аж ахуйг дэмжих санд блансаас блансад шилжүүлж, нягтлан бодох бүртгэлийн холбогдох хууль, журам, стандартын дагуу бүртгэлд тусгахыг Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албанд даалгасан байна. /хавтаст хэргийн 11 дүгээр тал/

Нэхэмжлэгч Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албанд 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ бичигдэж, гэрчилгээнд О овогтой Сг гүйцэтгэх захирлаар томилсныг гэрчилгээнд тусгасан байна. /хавтаст хэргийн 9 дүгээр тал/

Иймд Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын алба нь дээрх Засгийн газрын тогтоол, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын тушаалын дагуу шинээр байгуулагдаж, улмаар Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн санхүүгийн тайланд бүртгэлтэй хөрөнгө өглөг, авлагыг тус сандаа шилжүүлэн авснаар Тариалан эрхлэлтийг дэмжих сантай байгуулсан гэрээний үүргийг тус сангийн ажлын албыг төлөөлөн гүйцэтгэх захирал О.С шаардах эрхтэй этгээд гэж үзэв.

Талуудын хооронд байгуулсан гэрээний 3.2-т гэрээний үлдэгдэл төлбөрийг 2013 онд 500,000 төгрөг, 2014 онд 500,000 төгрөг, 2015 онд 500,000 төгрөг, 2016 онд 500,000, 2017 онд 500,000 төгрөг тус бүр төлж барагдуулахаар тохиролцсон боловч хариуцагч нь гэрээний үүргээ биелүүлээгүй байна. /хавтаст хэргийн 4-5 дугаар тал/

Дээрх гэрээний дагуу хариуцагч нь урьдчилгаа төлбөрт 2,500,000 төгрөг өгсөн талаар хэн аль нь тайлбар гаргасан болно.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж хуульчилсан боловч талууд гэрээний 6-д гэрээний хугацаа дуусгавар болох нөхцлийг, гэрээний 6.1.1-д гэрээнд үүрэг биелэгдэж, зээлдэгч хүлээсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлснээр гэрээ дуусгавар болохоор тохирчээ.

Иймд зээлийн төлбөрийг бүрэн төлж дууссанаар зээлийн гэрээ дуусгавар болохыг талууд гэрээгээр тохирсон байх тул хариуцагчийн зээлийн гэрээний үүргийг шаардах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэсэн татгалзал үндэслэлгүй байна.

Мөн хариуцагч нь биеийн эрүүл мэндийн улмаас төлбөрийг төлөх боломжгүй талаар тайлбар гаргаж байгаа боловч Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж заасан тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.

Талууд Бага оврын тракторыг худалдан борлуулах зээлийн гэрээний 3.3-д энэхүү гэрээний 3.2-т заасан хуваарьт төлбөрийг төлөөгүй тохиолдолд зээлийн үлдэгдэл төлбөрөөс хоног тутамд 0,05 хувийн алдангийг хоногт төлнө гэж тохирчээ.

Иймд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ, 232 дугаар зүйлийн 232.4-д Анзын нийт дүн нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж тус тус зааснаар зээлийн төлбөр төлөх хугацаа 1728 хоног хэтэрсэн байх тул дээрх хуульд зааснаар үндсэн төлбөрийн 50 хувиас хэтрүүлэхгүйгээр тооцоход 2,500,000х50%=1,250,000 төгрөгийн алданги дээр үндсэн төлбөр 2,500,000 төгрөгийг нэмж нийт 3,750,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй.

Нэхэмжлэгч, хариуцагч нар нь шүүхэд төлөөлөх эрхийг итгэмжлэлээр олгосны дагуу шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Д.Б, хариуцагч Я.Д нар оролцсон болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 262 дугаар дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус заасныг баримтлан хариуцагч Я.Дгээс 3,750,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албанд олгосугай.

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Я.Дгээс улсын тэмдэгтийн хураамжид 74,950 төгрөг гаргуулан Төрийн сангийн орлогод оруулсугай.

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА